Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Батбаатар: Анагаахын сургууль анхдагч болж Их сургуулийн хотхоныг хотоос гадна барина

Б.Өнөртогтох
2017 оны 9 сарын 6
Монголын мэдээ
Зураг зураг

Анагаах шинжлэх ухааны, үндэсний их сургуулийн захирал Г.Батбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Монголын их, дээд сургуулиудаас  АШУҮИС  анхдагч болж нийслэл хотын хүн амын төвлөрөл, ачааллыг бууруулах талаар санал гарган оюутны хотхоноо нүүлгэх, шинэ хотхон байгуулах асуудлыг  Засгийн газар ээлжит хуралдаанаараа авч хэлэлцэн дэмжихээр болсон.   Асуудал цаасан дээр  яригдаж  байна уу эсвэл?  

-Их сургуулийн эмнэлэг барих асуудлыг  АШУҮИС-ийн  үе үеийн удирдлагууд олон жил хөөцөлдсөний үр дүнд  2013 онд Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт  найман га газар шийдэж өгсөн юм. Эмнэлгээ ингэж барина гэх мэтээр ярилцаж байгаад ер нь Их сургуулийн хотхон маягаар барих нь зөв юм байна гэсэн шийдэлд хүрсэн. Тэгээд  хөрөнгө оруулагч нарынхаа дэмжлэг, туслалцаатайгаар зураг төслөө  хийлгэсэн. Зураг төслийг боловсруулах үед бид “Их сургуулийн багш, оюутнууд шаардлагагүй тохиолдолд хотхоноос  гадагшаа гарахгүй байх тийм  орчин бүхий  хотхон “ байх талаар санаа оноогоо тусгуулж, зургийг нь хийлгэсэн.

Хүний өдөр тутмын амьдралд шаардлагатай бүх зүйлийг  тэнд  цогцоор шийднэ гэсэн үг. Сургууль,  цэцэрлэг гэх мэтчилэн.  Энэ бүхнийг цогцоор шийдсэн байхад манайхан   хотын хөдөлгөөнд оролцож, ачаалал дээр ачаалал болохгүй шүү дээ. Мэдээж асар их хөрөнгө мөнгө шаардлагатай ч  бидний саналыг маш  олон хүн дэмжсэн. Зураг төсөл нь батлагдчихсан. Мөнгийг нь яаж босгох вэ гэсэн асуудал үүссэн. 200 гаруй тэрбум гэсэн урьдчилсан тооцоо бий. Япончууд 74 тэрбум төгрөгийг шийдэж өглөө.

Их сургууль өөрөө 10 тэрбумыг гаргаад сургалтын эхний хэсгийг барьчихлаа. Засгийн газрын ээлжит  хуралдаанаар  асуудлыг маш сайн дэмжиж, 14.3 тэрбум төгрөгийг 2018 оны төсөвт суулгахаар шийдвэр гаргалаа.   Ажил маань урагштай яваад сургуулийн хамт олон баяртай байгаа. Их сургуулийн цогцолбор баригдсаны  дараа оюутны байр, эмнэлэг, багш ажилчдын байр барих асуудлаа шийднэ.  Дөнгөж өчигдөр Их сургуулийн зөвлөлийн хурлаар оюутны байрыг  барих нь зүйтэй гэж үзлээ.

Нийслэлд 150 мянган оюутан  аж төрдөг гэсэн тооцоо бий. Хотын түгжрэл, замын хөдөлгөөнд  энэ 150 мянган оюутан  ачаалал дээр ачаалал болдог нь тодорхой. Намрын намарт сургууль, цэцэрлэгийн хичээлийн шинэ жил эхлэхээр ачаалал нэмэгддэг шүү дээ. Тэгэхээр 100 мянган оюутнаас ядахдаа 12 мянгыг  нь  Их сургуулийн хотхонд амьдруулчихвал ачаалал тэр хэрээр  багасаж таарна.  

Мөн 1,000 гаруй багш ажилчид хотхон дотроо байранд амьдраад өглөө ажилдаа унаагүйгээр очоод, хажуу талд нь цэцэрлэгт хүүхдээ өгчхөөд байвал мөн л тэр хэмжээгээр ачаалал багасна. Их сургуулийн хотхоны ач холбогдол ийм юм.  

Өчигдөрхөн Хотын захирагч Су.Батболд  дарга  их, дээд сургуулийг хотоос гаргах санаачилга гаргаснаа танилцуулж байна лээ. Бид эл санал санаачилгыг баяртайгаар хүлээж авсан.  Наймдугаар сарын 31-ний  Засгийн газрын хуралдааны үеэр Боловсролын сайдад мөн Ерөнхий сайд үүрэг чиглэл  өгсөн. Энэ мэтээр ажил хэрэг  маань урагштай явна.

-Хугацааг хэдийгээр гэж тооцож байна. Ойрын жилүүдэд ашиглалтад оруулж чадах уу?

-Бид 2019 оны сүүл, 2020 оны эхний улиралд ашиглалтад оруулна гэсэн төлөвлөгөө гаргаад явж байна. Хамгийн сүүлийн хугацаа нь 2020 оны гуравдугаар сарын 1 гэхэд Их сургуулийн хотхоныг ашиглалтад оруулна. Манай сургууль олон газар салбартай. Энэ бүх салбар нэг дор ирчихээр тэр хэмжээгээр ачаалал буурна. Төрд энэ өмчийг нь буцаагаад өгнө.  Ер нь асуудлаа сайн ойлгуулж чадвал дэмжих хүн олон байдгийг өнгөрсөн гурван жилийн хугацаанд маш сайн ойлголоо. Гадны хөрөнгийг зөв татаж, байршуулж болно гэдгийг ойлгосон. Хамгийн гол нь үүнийгээ нээлттэй, зөв зохион байгуулах л ажил байдаг юм билээ.

Ирэх жил бид 1,000 оюутны байраа барина. Тэр хөрөнгөө босгочихсон гэж ойлгож болно. Арслантай гүүрний цаана манай сургуулийн оюутны хоёр ч том байр бий.  Хичээлийн байр гэж их том газартай, дөрвөн давхар том  объект байна.Бид хэрвээ шинэ хотхоноо барьчихвал энэ  бүгдийг төрд  хүлээлгэж  өгнө. Дуудлага худалдаанд оруулна уу, эсвэл сургуулийн цэцэрлэгийн зориулалтаар ашиглана уу,  нураагаад шинэ юм барих нь уу гэдэг нь төрийн хэрэг.

Ямартай ч 2018 оны төгсгөлөөр хичээлийн шинэ байраа бүрэн ашиглалтад өгнө. Гуравдугаар эмнэлгийн ард байгаа  сувилахуйн сургуулийн  хичээлийн байр, Нүүр ам судлал, Эмзүйн сургалтын байр гэх мэтээр маш олон байрууд суларна. Мөн л төрд хүлээлгэж  өгнө. Төр эдгээрийг зориулалтынх нь дагуу ашиглах биз.  Тухайлбал, Улаанбаатар хотын шүдний төв өөрийн гэсэн байр байхгүй.

Тэр байгууллага тухайлбал манай сургуулийн нэг байранд орж болно. Эсвэл шинэ сургууль, цэцэрлэг оруулчихсан ч болно. Дахиад хэлэхэд, бид төрөөс дандаа тусламж гуйдаг байж болохгүй шүү дээ. Боломж нь байвал нэмэр болдог байх ёстой.  Төрийн дэмжлэгээр шинэ сургууль, хотхоноо барьчихвал бүх байраа төрд өгнө.

Бусад их, дээд сургуулиудад ч ийм боломж бий. Заавал хотын төвд сургуультай байна гэж улайрч яах юм. Өөрсдөө жаахан томхон сэтгэж, хөрөнгө оруулагчаа татаад, хаана  ямар зүйл дээр дэмжлэг авч болох вэ гээд зүтгэвэл болохгүй зүйл байдаггүй юм байна. Жишиг хотхон байгуулж болдог юм гэдгийг харуулахыг хүссэн юм. Засгийн газар бидний хүсэлтийг хүлээн авч, дэмжиж байгаад маш их баярлаж байгаа. Бид байгуулж чадна гэсэн урам зоригтойгоор ажиллаж байна даа.

-2017-2018 оны хичээлийн шинэ жил эхэллээ. Мэдээж өндөр ачаалалтай ажиллаж буй нь тодорхой. Их сургуулийн цогцолбор гэсэн том ажлын хажуугаар оюутан залуусынхаа сурах орчныг  бүрдүүлэх,  сурлагын чанарт анхаарах, шинэчлэл өөрчлөлт хийх гэх мэт олон ажлууд бий.

-Эрдмийн байгууллага гэдэг тухайн нийгмийнхээ хамгийн оюунлаг хэсэг. Тэр  утгаараа тогтвортой хөгжлийн бодлогоо тодорхойлж, тэрнийхээ дагуу л ажиллаж  байна. 2015-2024 онд Их сургуулийн хөгжүүлэх дунд хугацааны стратеги төлөвлөгөөг Удирдах зөвлөл  баталсан. Өнгөрсөн хичээлийн  жилд  Хүний их эмч бэлтгэх хөтөлбөртөө олон улсын магадлан итгэмжлэл хийлгэчихлээ. Харин энэ оны аравдугаар сард сувилагч бэлтгэх хөтөлбөрөө олон улсын магадлан итгэмжлэлд оруулна.

Мөн Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрийг урьдчилсан байдлаар олон улсын магадлан итгэмжлэлд оруулсан гэх мэтээр хөтөлбөрийн шинэчлэлийг яриад байвал олон зүйл бий. Энэ бүхэн АШУҮИС-ийн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрийг олон улс хүлээн зөвшөөрлөө гэсэн үг. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөрийг хэрэгжүүлэх бүх орчныг бид  өнгөрсөн хугацаанд бүрдүүлж чадсан.

Манайх олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлж чадна аа гэсэн баталгааг гаргаад өгөхөөр бусад улс орнууд ч манай их сургуулийн төгсөгчдийг эргэлзэх зүйлгүйгээр хүлээн зөвшөөрдөг юм байна.   Магадлан итгэмжлэл хийлгээгүй хөтөлбөрөөр хичээл орвол бусад улс орнууд манай Их эмч нарыг ямар хичээл заалгаад юу сураад ирснийг ойлгохгүй, хүлээн зөвшөөрөхгүй. Одоо бол  мэргэжлээрээ ажиллах, тухайн чиглэлээр дараа дараагийн сургуульд суралцах бүрэн боломжтой болсон. 

Бид шинэ юм туршаад, өөрсдөө сэдээд байгаа юм шиг. Их сургууль яаж хөгждөг вэ гэсэн бэлээхэн туршлагыг харж байгаад л тэдгээр сургуулиудын өмнө нь  туулсан бэрхшээлийг товчилж, илүү хурдан хугацаанд шинэ төвшинд хүрэхийг зорьж  буй хэрэг. Мөн оюутны сурах орчныг сайжруулах талаар нэлээдгүй ажил хийж байгаа. Тухайлбал, манай сургууль Японы “Токио Ариакэ” их сургуультай хамтран Уламжлалт анагаахын мэс засалч гэх мэргэжлээр боловсон хүчин бэлтгэхээр болж, тус сургуулийн удирдлагууд манай сургууль дээр ажиллаж байна.

Шинэ эмнэлэгт маань Спортын гэмтлийн тасаг шинээр байгуулж өгөхөөр болж эхний багаж тоног төхөөрөмжийг өнөөдөр бидэнд гардууллаа. 60 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмж эхний удаад ирлээ. Бид тэдэнд бодит байдлаа л танилцуулсан. Хамтарч ажиллах боломж, юунд зорьсноо ойлгуулчихад тусалж дэмжиж, хамтарч ажилладаг юм байна. Зүгээр царай алдаж гуйх өөр хэрэг. Боломж бололцоо, хамтын ажиллагааг яриад очих шал өөр шүү. Эрдэм шинжилгээний салбарт  ургац арвин гэж  дүгнэж  болно. 

Анагаахын шинжлэх ухааны, үндэсний их сургууль гэсэн хаягтайгаар анх удаа, түүхэндээ хоёр удаа дэлхийн бүх эрдэмтэн, судлаачдын мөрөөдөл болсон анагаах ухааны салбарын том сэтгүүлд хоёр эрдэм шинжилгээний нийтлэл хэвлүүлчихлээ. Энэ чинь дэлхийн том эрдэмтэн судлаачдын анхаарал манайхыг чиглэнэ гэсэн үг. Судлаач руу маань ч хандаад эхэлсэн.  Манай сэтгүүлд нийтлэлээ өгөөч, энэ сэдвээр нийтлэл бичээд өгөөч гэх мэтээр хандаж байна. Бид Японы” Рикэн” гэх судалгааны том байгууллагатай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, хөрөнгө санхүүгээ хамтран гаргаад судалгааны ажлаа хэрэгжүүлж байгаа.

Энэ бол манай судлаачдын бүтээл дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөж, дэлхий биднийг харах цаг ойрхон ирснийг харуулж буй юм. Цаашлаад БСШУС-ын яамны дэмжлэгээр багш нараа чадавхжуулах ажлыг ч эрчимтэй хийнэ.  Өөрөөр хэлбэл, Харвардын программаар манай сургууль болон эмч, эмнэлгийн ажилтныг  бэлтгэнэ. Мөн энэ онд  100 гаруй багшийг сургалтад хамруулахаар болсон.  Энэ оны аравдугаар сард сургалтаа эхлүүлнэ.

Хэрвээ амжилттай болбол Монголын их, дээд сургуулийн 100 эмч Харвардын их сургуулийн диплом, сертификаттай болох юм. Багш нар маань хичээх л үлдэж байна. Ер нь манай сургууль багш нараасаа чадвартай байхыг шаарддаг. Хэлний боловсролтой байхыг чухалчилдаг. Яагаад гэвэл манай сургуульд маш олон гадны төсөл хөтөлбөр хэрэгждэг. Багш нарынхаа  хөгжил, чадварын төлөө  хэдэн мянган ам.доллар үрж сургахыг хичээж буй учраас тэд маань  хариуцлагатай байж сурах зүйлээ сурч авах л ёстой гэсэн шаардлага тавьдаг. Би үүнийг багш нартаа хэлдэг. Голланд, Канад зэрэг олон улсын томоохон төсөл хөтөлбөр, сургалтууд манайд хэрэгжиж байгаа.

Зураг