Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

Багш нарын цалин нэмэх асуудлыг Засгийн Газар, УИХ-аар шийдвэрлүүлнэ гэдгээ амлалаа

Болорцэцэг, iKon.mn
2017 оны 8 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Сургуулийн өмнөх боловсрол болон бага дунд боловсролын байгууллагад ажиллаж буй багш нарын цалин нэмэх асуудалтай холбоотой ажлын хэсэг байгуулсан талаар өчигдөр БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хорооныхныг хүлээн авч уулзлаа.

Бид багшийн суурь цалинг нэмэгдүүлэх ажлын хэсэг байгуулсан 
 
Гэрэл зургийг mpa.mn

БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар "Бид багшийн суурь цалинг нэмэгдүүлэх талаар БСШУСЯ, Сангийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас ажлын хэсэг томилж судалгаа хийж байна. Улс орны эдийн засгийн ерөнхий нөхцөл байдал, та бүгдийн тавьсан гурван үндсэн шаардлагын холбогдох статистик бүрд тооцоо судалгаа хийнэ.

Судалгаа шинжилгээ хийхэд тодорхой цаг хугацаа шаардах тул шууд 9-р сарын 1-нээс шууд 1,6 сая төгрөг болгох боломж хязгаарлагдмал байна. Ямартай ч та бүхний санал шаардлагыг Олон Улсын Валютийн Сантай тохирсон хөдөлмөрийн шаардлагын хүрээнд төсөв боловсруулж, засгийн газарт тусгуулах тооцоо судалгааг хийж байна. Тиймээс багш нар маань үүнд хүлээцтэй хандаасай гэж хүсэж байна" гэдгээ хэлсэн юм.

Бид 1.600.000 төгрөгийг олон улсын жишигтэй харьцуулан гаргасан 
 
Гэрэл зургийг mpa.mn

Багш нарын цалин нэмэх түр хорооны ерөнхий зохицуулагч н.Мөнхтуяа "1990 оноос хойш багш нарын цалин хангалттай өсөөгүй. Бид нарын цалин дунджаар 500,000 мянга л байгаа. Эхний 1-4 жилийн хугацаанд ажилласан багш нар гар дээрээ 480,000 төгрөг гар дээрээ авч байна.

Харин хамгийн дээд зэрэгтэй багш л бүх нэмэлтээ аваад 620,000 төгрөг гар дээрээ авч байна. Ийм учраас багш нарын цалин хөлс амьдралын наад захын хэрэгцээг хангаж чадахгүй байгаа юм.

Бид яагаад 1,600,000 төгрөг болгох шаардлага тавьсан бэ гэхлээр олон улсын жишиг цалингийн хаана нь ч Монгол багш нарын цалин хүрэхгүй байна. Тухайлбал Мексик улсын багш сард Монгол мөнгөөр 14,000,000 төгрөгийн цалин авч байна. Өвөр Монголын багш нар л гэхэд сард 1,200,000-2,000,000 төгрөгийн цалинтай байна.

2020 онд багшийн цалинг 3,500 доллар болгох тооцоог хийсэн 
 
Гэрэл зургийг mpa.mn

БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар "2020 онд 3,500 доллар болгох тооцоог хийж үзсэн. Багшийн хөгжлийг дэмжээд багш нартаа тавих хөрөнгө оруулалт, цалин нийгмийн хамгааллыг олон улсын жишигт дөхүүлэх талаар судалж байна.

Хичээлийн шинэ жил босгон дээр ирээд байна. Монголчууд бид энэ баярт гүн хүндэтгэлтэй ханддаг. Энэ өдөр багш сурагч маань баяр баясгалантай хийнэ гэж найдаж байна" гэсэн юм.

Багш нар цалин нэмэгдэх дорвитой шийд гартал энэ ажлаа үргэлжлүүлнэ

Багш нарын цалин нэмэх түр хорооны дэд зохицуулагч н.Санжмятав "Багш нарын гол нийгмийн баталгаа бол цалин гэдгийг бүх багш нар илэрхийлээд байна. СӨБ болон ЕБС-ийн 40,000 гаруй багш байгаа. Тэдний 80 гаруй хувь нь цалингаа нэмүүлэх асуудал дээр нэгдээд байна. Монголын хүүхдүүдийн суурь боловсролыг бэлдэж, ирээдүйн эмч, цагдаа төрийн түшээдэд боловсрол олгодог хүмүүс бол энэ хүмүүс яах аргагүй мөн. Гэтэл цалин хангамжаасаа болоод маш олон багш нар ажил хаяж байна. 

Үүнээс нь болоод хүүхдүүд боловсрол олигтой эзэмшиж чадахгүй байдалд хүрж байна. Наад зах нь Солонгос Улс-руу маш олон багш нар явж байна. Эргэж ирээд Монгол Улсдаа ажиллах нь ховор байна.

Тиймээс багш нарын мэргэжлийн үнэлэмж уначихаад байна. Иймд багшийн цалин нэмэх асуудлыг улс төржүүлэхгүйгээр зохицуулж өгөөч ээ гэж хүсэж байна. Бид цалин нэмэгдэх дорвитой шийд гартал энэ ажлаа үргэлжлүүлнэ. 

Та бүхэн бас энэхүү ажлын хэсгээрээ дамжуулж яаралтай энэ асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Учир нь нэгэнт шүүх хурлаар ипотекийн зээлтэй байгаа багшийн байрыг хурааж авах шийдвэр гарчихвал бид шүүх хурлыг хойшлуулж чадахгүй шүү дээ" гэдгийг хэлсэн юм.

Багш нарын цалин нэмэх түр хорооны гишүүн багш Л.Энхтуяа “ Бид СӨБ болон ЕБС-ийн сургуульд ажилладаг багш нар эрхзүйн чадамжгүй, насанд хүрээгүй хүүхдүүдтэй ажилладаг. Бид өглөөнөөс авахуулаад орой болтол цаг наргүй ажилладаг. Өдөржингөө хичээл заана. 

Үргэлжлүүлээд хичээлийн төлөвлөгөө боловсруулна. Дараа нь эцэг эхтэй нь ярилцана гээд гэрт ч дотор ч байнга л ажиллаж байдаг. Гэтэл бидний цалинг ажлын найман цагаар боддог. Тиймээс ажлын ангиллыг өөр ангилалд оруулж өгөөч ээ. Бидний тэсвэр үнэхээр тасарч байна. гэж хүссэн юм.

Бидний цалин хаанаа ч хүрдэггүй. Хичээлийн хэрэгсэл, анги засвар гээд л олон зүйл багш нарын хармаанаас гардаг. Эсвэл эцэг эхчүүдээс мөнгө татдаг . Тэгээд л эцэг эхчүүд нь үүнийг ойлгохгүй багш нар мөнгө татдаг гэсэн муу нэр зүүлгэчихдэг. Энэ асуудлыг улсаас шийдвэрлэчихдэг бол бас том тус болно” гэв. 

Асуудлыг хурцатгаж жагсаал цуглаан, ажил хаялт хийх гэж яарахгүй байхыг хүслээ
 
Гэрэл зургийг mpa.mn

БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар Багш нарын шаардлагыг хүлээн авч цалин нэмэх асуудал дээр санал нэгтэй байгаагаа хэлсэн бөгөөд асуудлыг аль болох хурдан шийдвэрлэж, цалин нэмэх бүх боломжийг Засгийн Газар, Их хурлаар шийдвэрлүүлэх ажлыг хийнэ гэсэн юм.

Харин багш нарт хандаж хэл яриагаар шийдвэрлэж болох энэ асуудлыг хурцатгаж, элдэв жагсаал цуглаан, ажил хаялт зэргийг хийх гэж яарахгүй байхыг хүслээ.