Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

Хуан Ин Гюү: Монгол залуучууд мэдээллийн технологийн салбарт оюуны хөдөлмөр эрхлэх боломжтой

Болорцэцэг, iKon.mn
2017 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Засаг Даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Залуучуудын Хөгжлийн Газар, "MKIT" сургалтын төв хамтран Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (KOICA), БНСУ-ын томоохон корпорациудын нэг болох "To be soft" Co.,Ltd, "Epal" Co.,ltd компаниудын санхүүжилтээр Монголын мэдээлэл технологийн мэргэжилтнүүдийн хөгжлийг дэлхийд хүргэн таниулах зорилготой оффиссын програмууд болон интернет орчинд ажиллуулж сургах сургалтуудыг иргэдэд үнэ төлбөргүй явуулж  байна.  

Нийслэлийн Залуучуудын Хөгжлийн Газрын Дарга С.Сүх-Очир  “Мэдээллийн технологийн салбарт дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай боловсон хүчнийг бэлтгэх зорилготойгоор өнгөрсөн гуравдугаар сараас сургалт зохион байгуулж ирлээ.

Дэлхийн өндөр хөгжилтэй оронд манай залуучууд өрсөлдөх боломжтой болж өнөөдрөөс эхлэн гадны мэдээллийн технологийн компанид дадлага хийж эхлэх гэж байгааг та бүхэнд мэдэгдэх гэж байгаадаа баяртай байна.

Энэ жилдээ багтаагаад 25 орчим залууг Солонгосын компанид дадлагажуулахаар төлөвлөөд байгаа” гэлээ.

2017 оны гуравдугаар сараас эхлэн мэргэжлийн анги болох жава, вэб хөгжүүлэгч, вэб дизайны ангид нийт 79 хүн хамрагдсанаас гурван сарын хугацаанд 32 хүн амжилттай суралцаж төгссөн байна. Эдгээрээс програмчлалын ангийг амжилттай төгсөгч Л. Бадрал,  Г.Бат, Д.Сайнзаяа, Н.Нямбаяр  нар гурван сарын хугацаанд маргааш БНСУ-ын мэдээлэл технологийн компанийг зорих гэж байгаа аж.
Дөрвөн залууг сонгоод Солонгос улсын “ХҮИЗ” холдинг компанид дадлагажуулахаар анх удаа явуулж байгаа

“MKIT” Сургалтын төвийн ерөнхий захирал Хуан Ин Гюү “2015 оноос төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн хугацаанд олон залуус суралцаж төгссөн. Энэ удаа дөрвөн залууг сонгоод Солонгос улсын “ХҮИЗ” холдинг компанид дадлагажуулахаар анх удаа явуулж байгаагаараа их онцлог юм.

Монгол залуучууд гадаадад очоод ихэвчлэн биеийн хүчний ажил хийдэг. Тэгвэл энэ сургалтад хамрагдсанаар мэдээллийн технологийн салбарт оюуны хөдөлмөр эрхлэх боломжтой болж байгаа юм.

Эхний ээлжид 25 гэж байгаа ч үйл ажиллагаа маань өргөжиж 100-150 залуусыг нарийн мэргэшүүлж гадаадад болон дотооддоо ажиллах боловсон хүчин болгоно гэж төлөвлөж байна” гэв.  

MKIT сургалтын төвийн менежер А.Амарсанаа “Сургалтын төв маань зөвхөн мэргэжлийн ангиас гадна бусад хэрэглээний програмын ангидаа оройн цагаар иргэдийг сургаж байгаа. Бүх сургалт үнэ төлбөргүй.

Харин мэргэжлийн ангиудад суралцах хүсэлтэй хүмүүсээ таван үе шаттайгаар шалгаруулж, тэнцсэн суралцагчдыг бүртгэн авч хичээллэдэг. Сургалт гурван сарын хугацаатай явагддаг. Тууштай, хичээлдээ 70%-аас дээш ирцтэй сууж чадна гэсэн хүмүүсийг бүртгэж авдаг.

Яагаад гэвэл ихэнх бүртгүүлж байгаа хүмүүс ирц хүрэхгүйн улмаас төгсөж чаддаггүй. Тиймээс суралцах хүсэлтэй хүмүүс маань хамгийн гол нь хичээлээ таслахгүй, идэвхтэй оролцох нь чухал гэдгийг хэлмээр байна” гэсэн юм.

Энэхүү төслийг 2019 он хүртэл санхүүжүүлэх бөгөөд дараах чиглэлээр сургалт явуулах юм. Үүнд:

  1. Үндсэн хэрэглээ
  2. Java хөгжүүлэгч (20 хүн*4 элсэлт=80 хүн)
  3. Веб хөгжүүлэгч (20 хүн*4 элсэлт=80 хүн)
  4. Вебийн Дизайн(15 хүн*4 элсэлт=80 хүн)
  5. Систем администратор (10 хүн*6 элсэлт=60 хүн)
  6. Өгөгдлийн сан (10 хүн*6 элсэлт=60 хүн)
  7. Солонгос хэл анхан шат (Сайн дурын анги)
  8. Бизнес инкубатор (Сонгон шалгаруулна)

Сургалтыг амжилттай төгссөн 10 сурагчид бизнес инкубатор орчинг бүрдүүлэн өгч өөрсдийн төсөлд хамруулан, солонгосын зах зээл дээрх аутсорсингийн ажилд зуучлах зорилготой ажиллана.

Сургалтад хэн хамрагдаж болох вэ?

  • 16 нас хүрсэн хүн бүр хамрагдах боломжтой
  • 1 хувь цээж зураг, иргэний үнэмлэхний хуулбар авчран бүртгүүлэх
  • Бүртгүүлэхдээ онлайнаар  http://goo.gl/pdoknh эсвэл сургалтын төв дээр очиж бүртгүүлж болно.
Мэргэжлийн ангид суралцахыг хүсэгчдийг таван үе шаттай шалгаруулж авна.
  • Анкет бөглөх http://goo.gl/pdoknh
  • Бүртгүүлсэн тохиолдолд шалгалт болох өдрийг утсаар мэдэгдэнэ
  • IQ болон англи хэлний мэдлэгийн шалгалт өгнө
  • Ярилцлага
  • Эцсийн дүн

Дээрх шалгаруулалтад тэнцсэн хүн ямар ч үнэ төлбөргүйгээр суралцах ба бүх тоног төхөөрөмж, сурах бичгээр хангагдах юм. Тус сургалтын төв Нийслэлийн Засаг Захиргааны 5 дугаар байрны Б блок, хоёр давхарт Нийслэлийн Залуучуудын Хөгжлийн Газарт байрлаж байна.