Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Бямбажав: Угтаалцайдамыг хоёр дахь Заамар болгож замхруулахыг хэрхэвч зөвшөөрөхгүй

Ч.Үл-Олдох
2017 оны 8 сарын 18
Зууны мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төв аймгийн Угтаалцайдам сумын нутагт сүүлийн үед өрнөж буй үйл явдлын талаар тус нутгийн уугуул, сумын Засаг дарга асан, Монгол Улсын гавьяат багш Ж.Бямбажавтай ярилцлаа.

- Угтаалцайдам сумын унаган дагшин байгаль сүйдэх гэж байгаа мэдээллийг та хэзээ мэдэв?

- Би Угтаалцайдам сумын уугуул, Улаанбаатарын суугуул иргэн. Төрсөн нутагтаа ажиллаж, амьдарч байгаад сүүлд хотод суурьшсан. Гэсэн ч нутаг оронтойгоо холбоотой, чих тавьж байдаг хүний нэг. Энэ сарын эхнээс Угтаалцайдам сумын нутаг Бор-Өндөр гэдэг газар, Хар чулуут багийн малчид өвөлждөг бууц нинжа нарын гарт сүйдэх нь гэсэн мэдээлэл гарч, хүмүүс сошиалд бичиж, зураг оруулж бужигнаж эхэлсэн. Тэндээс эхний мэдээллийг авсан.

Удалгүй иргэдийн хөдөлгөөн идэвхжиж, фэйсбүүкт “Угтаалын дуу хоолой” нэртэй групп нээж, Угтаалцайдамын иргэдийн хөдөлгөөн ТББ байгуулсан байна. Тэнд идэвхтэй байдаг 2,000 гаруй хүн нэгдсэн. Бор-Өндөр бол манай Угтаалцайдам сумын баруун зах юм. Бор-Өндөр хайрхны баруун тал нь Цээл сумын нутагт хамаардаг. Зүүн тал нь Угтаалцайдамын нутагт ордог.

Гэтэл Сумын Засаг дарга Н. Гантулга эх нутгаа бодолгүй, эрх мэдлээ хэтрүүлэн бичил уурхай эрхлэх нөхөрлөлийг хууль бусаар байгуулчхаж. Түүнд нь гадны хүмүүс ч, мөн нутаг орноос ганц нэг хүн орсон бололтой. Ихэнх нь Засаг даргын тойрон хүрээллийнхэн гэж нутгийнхан хэлж байгаа.

Мөн хотоос ч хүмүүс очиж, олборлолт хийх техникээ байршуулж, 3.5 га газар бүхий талбайд гортиг татан 4-5 гэр бариад үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Тэд болор, цагаан чулуу олборлож авч байгаа гэсэн мэдээлэл байгаа. Нарийндаа бол тэр газарт алтны судалтай. Болор, цагаан чулуу гэдгийн цаана алт олборлож байх магадлалтай.

- Засаг дарга Угтаалцайдамын хүн биз дээ. Нутгаа хайрлах байтал сүйтгэдэг нь яаж байгаа юм бол?

- Уг нь манай нутгийн унаган хүүхэд л дээ. Яагаад гэдгийг гайхаж байна. Сүүлд Угтаалцайдамын асуудал олон нийтийн анхааралд өртөөд ирэнгүүт Засаг дарга Н.Гантулга захирамж гаргасныг үзэхэд нөхөрлөлийн үйл ажиллагааг зогсоох тухай байна лээ. Бас сумын нийт иргэдэд хаягласан “Ил захидал” бичсэнийг нь ч авч үзлээ. Түүндээ би сум нутгаа хөгжүүлж, бүтээн байгуулалт хийж, улам сайхан болгохын тулд уул уурхайн нөхөрлөл байгуулсан.

Сургууль, цэцэрлэгээ засаж, хар зам тавина гэхчлэн зөндөө юм бичсэн байна. Гэвч уул уурхай нь байгаль орчинд хохиролтой, нутгийн иргэдийн малын бэлчээр, өвөлжөө бууцыг сүйтгэх, цаашлаад нэгэнт уурхай эхэлчихвэл алт олборлогчдын дайралтыг зогсоож чадахгүй. Угтаалцайдам маань хоёр дахь Заамар болж замхрах аюул нүүрлэжээ. Тиймээс Угтаалцайдамын иргэдийн хөдөлгөөн ТББ-тай нэгдсэн, хэвлэлд мэдээлэлд хандаж байна.

- Засаг даргын шийдвэр ер нь ямар байдлаар гарсан юм бол?

- Сумын Засаг дарга нь ИТХ-ын даргатайгаа яриад үгсэн хуйвалдах маягаар бичил уурхайг эхлүүлсэн гэж нутгийн иргэд ярьсан. Ингэхдээ бичиг, баримтаасаа эхлээд хуудуутай байгааг ч хэлж байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн ИТХ-ын тогтоол гэж бичиг барьж гүйгээд байна гэсэн. Гэтэл тэр өдөр нь Иргэдийн тэргүүлэгчдийн хурал болоогүй, цаасан дээр бий болсон баримт юм билээ. Шийдвэр гээч тэр зүйлээ хэзээ хойно долоодугаар сарын 17-ны өдрийн хуралд танилцуулахдаа оруулсан гэсэн.

- Нэг сумынх нь Засаг дарга дур мэдэн хууль бус үйл ажиллагаа явуулж байхад аймгийн удирдлагууд нь яагаад чимээгүй байдаг юм бол?

- Аймгийн удирдлагуудад хуурамч бичиг баримтаа үндэслэн төөрөлдүүлсэн маягаар мэдээлэл өгсөн байх талтай. Зүй нь аймгийн ИТХ-ын хурлаараа энэ асуудлаа ярьж, үйл ажиллагаа эхлүүлэх ёстой байтал аль ч хуралдаанаар нь ороогүй гэсэн. Иймд “Угтаалцайдамын иргэдийн хөдөлгөөн” ТББ-аас ирэх даваа гаригт аймгийн удирдлагуудтай уулзах хүсэлт тавьж цаг авсан гэсэн.

Мөн аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан нь энэ сарын 28-нд болох юм байна лээ. Тэр хуралд ТББ-ынхан очиж мэдээлэл солилцох, саналаа хэлэх бодолтой байгаа юм байна. Аймгийн ИТХ-д Угтаалцайдам сумыг төлөөлж буй Ц.Энхболд гэж залуу бий. Тэр залуу ТББ-ынхныг хэвлэлийн хурал хийж, олон нийтэд мэдээлэл өгөхийн өмнө ирж уулзсан. Сумаас сонгогдон аймгийн ИТХ-д сууж буй төлөөллийн хувьд газар нутгийн бүрэн бүтэн байдлын асуудалд нутгийнхаа иргэд, малчидтай нэг байр суурьтай байгаа шүү гэдгээ хэлсэн.

Мөн иргэд, малчид, иргэдийн хөдөлгөөнөөс аймгийнхаа Мэргэжлийн хяналтын газарт мэдэгдэхэд зөрчилтэй байна гэж үйл ажиллагааг зогсоож арга хэмжээ авсан юм билээ. Онгон дагшин байгальд уурхай явуулах нь буруу, хүчин чадал багатай техник ашиглах байтал хэд дахин хүчтэй том оврын машин техник ашигласан гэж байгаль орчны байцаагчид үзсэн байна. Ингээд үйл ажиллагааг нь зогсоосон гэж буй ч кемп нь, техник нь байсаар. Нууцаар үйл ажиллагаа явуулж байна гэх мэдээллүүд гарсаар байна.

- Угтаалцайдамд өөр уурхай бий юу?

- Би 2004-2008 онд сумын Засаг даргаар ажиллаж байсан. Тухайн үед намайг ажил авахад алтны уурхай нээгдчихсэн байсан. Тэр нь үйл ажиллагаа нь тогтмол биш, бид нөхөн сэргээлтийн асуудал ярьж, хаах тухай ярьж байсан. Сүүл рүүгээ эзэд нь нас барж, гараас гар дамжин худалдагдаад явдаг шиг билээ. Гэтэл одоогийн Засаг дарга маань өөрийнхөө бусармаг үйлдлийг халхавчлах гэсэн үү, ийм жишигтэй гэж иргэдийн тархийг угаах гэсэн үү, өмнөх Засаг дарга нар уурхай нээж ажиллуулаад сум орон нутагт ашиг өгөөгүй.

Би сумаа хөгжүүлэхийн тулд уул уурхайг ашигтай ажиллуулах гэж байна гэж яриад явна гэсэн. Үүнийг би эрс эсэргүүцнэ. Малчид нутаг орноо ярьж, худаг усаа хамгаалж, бид түүнийг нь дэмжиж ажиллаж байсан. Эцэг өвгөдөөс өвлөж ирсэн газар нутгаа ухаад бид хэзээ ч ашиг олохгүй.

- Угтаалцайдам сум хөгжих өөр ямар зам, боломжууд байдаг вэ?

- Манай сум 2,000 гаруй хүн амтай. 154 ам метр нутаг дэвсгэртэй. Газар тариалангийн эдэлбэр газар нь 32 мянган га. 142 мянган малтай. Малын тоо бэлчээрийнхээ даацыг гурав дахин хэтрүүлчхээд байгаа. Ер нь бол газар тариалан, мал аж ахуйн гол бүс нутаг. Сүүлийн жилүүдэд газар тариалан гайгүй болж, аж ахуйн нэгжүүд хөл дээрээ зогссон. Малын тоо толгой ч өссөн.

Гэтэл өнөөдөр газар тариалангийн бүс эмзэг хөрстэй бүхий газарт уул уурхайн шавыг тавьж, олборлолт явуулах асуудал оруулж ирнэ гэдэг иргэдийн эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Нөгөө талаас, Төв аймгийн ИТХ-аас баримтлах гол бичиг баримтад газар тариалангийн бүс нутагт уул уурхай явуулахыг хорьсон шийдвэр бий, түүнийг бас зөрчиж байна. Төв аймгийн газар тариалангийн гол бүс нутагт цөлжилт аюулын харанга дэлдэж байна.

Өнөөдөр манай сумд ургац муу, тариалалт өсөлтгүй, хадлан авч чадаагүй, аж ахуй нэгжүүд хүнд байдалд, дээр нь уул уурхайн асуудал үүслээ. Үүнийг хаа хаанаа анхаараач, сэрээч. Угтаал нутгаа бид ухуулахгүй. Дээр нь хяналт, шалгалтын байгууллагууд үйл ажиллагааг зогсоогоод өнгөрөх бус тэндээс ямар хэмжээний олборлолт хийгээд аваад явчхав, ямар ашиг олсноо нуун дарагдуулав гэдгийг шалгаж тогтоож өгөөсэй гэж хүсэж байна.

Зураг