Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

Астана-Улаанбаатарын шууд нислэгтэй болох саналтай байна гэв

ikon.mn
2017 оны 8 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Калыбек Ибрагимович Кобландиныг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Элчин сайд Калыбек Кобландин Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Н.Назарбаеваас Монгол Улсын Төрийн тэргүүнээр сонгогдсонд нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад баяр хүргэсэн талархлын захидлыг гардуулав. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Н.Назарбаевт хариу талархал илэрхийллээ.

Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой энэ 2017 онд тохиож байгаа бөгөөд Элчин сайд Калыбек Кобландин Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын хооронд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх өргөн хэтийн төлөв харагдаж буйг тэмдэглэв. Мөн ШХАБ-ын хүрээнд Монгол Улс ажиглагчийн статустай оролцдогийн хувьд хоёр тал идэвхтэй хамтран ажилладгийг дурдлаа.
 Баян-Өлгийгөөс ОХУ-ын нутгаар дамжин 60 км авто замаар Казахстанд хүрдэг байсан хуучин маршрутыг сэргээх санал илэрхийлэв

Бүгд Найрамдах Казахстан Улсын талаас төмөр зам, агаарын зам, авто зам, уул уурхай, ХАА-н салбарт хамртан ажиллах ажил хэрэгч саналуудыг уулзалтын үеэр илэрхийлэв. Казахстаны талаас мөн Астана-Улаанбаатарын хооронд шууд нислэг үйлдэх, Баян-Өлгийгөөс ОХУ-ын нутгаар дамжин 60 км авто замаар Казахстанд хүрдэг байсан хуучин маршрутыг сэргээх нь иргэд хооронд зорчих болон аялал, жуулчлалын салбар хөгжихөд дөхөмтэй гэсэн санал илэрхийлж байв.

Хоёр тал урлаг, спортын салбарт идэвхтэй хамтран ажилладаг. Монголоос жудо бөхийн хоёр дасгалжуулагч Казахстанд ажиллаж байгаа бөгөөд Риогийн олимпоор Монголын тамирчин Казахстаны нэрийн өмнөөс барилдаж хүрэл медаль хүртсэнд хоёр тал сэтгэл ханамжтай байдгийг харилцан тэмдэглэлээ.

Казахстан Улс нь ЗХУ-ын үеэс боксын спортыг амжилттай хөгжүүлж ирсэн. Энэ туршлагаасаа хуваалцаж Баян-Өлгий аймгийн залуусыг энэ спортоор хичээллэхэд нь дэмжлэг туслалцаа үзүүлж байхыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүслээ.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайдын ажилд амжилт хүсч, дараа дараагийн уулзалтуудаар ажил хэрэгч санал солилцоно хэмээлээ.

 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн алба