Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ болон Сингапур руу зорчих иргэдийн АНХААРАХ зүйлс

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 8 сарын 15
iKon.MN

Гадаад харилцааны Яамны Консулын газраас АНУ болон Сингапур улс руу зорчих иргэдэд зориулан зөвлөмж гаргажээ.

Аяллын зорилгоо үнэн зөв тайлбарлаж чадахгүй бол АНУ-ын хилээр нэвтрүүлэхгүй байх үндэслэл болдог
 

АНУ-ын визийг авснаар тус улсад саадгүй нэвтрэх бүрэн баталгаатай боллоо гэсэн үг биш юм. Учир нь АНУ-д зорчих визийг тус улсын Төрийн департамент олгодог бол тус улсын хилээр нэвтрүүлэх эсэхийг тус улсын Гааль, хилийн алба (Customs and Border Protection), түүний ажилтан шийдвэрлэдэг.

Тодруулбал, Гааль, хилийн албаны ажилтан тухайн иргэн АНУ-ын аюулгүй байдалд заналхийлж болзошгүй, эсхүл тухайн иргэнд олгосон визийн ангилалд дурдсанаас өөр зорилгоор ирж байна гэж сэжиглэсэн тохиолдолд АНУ-д нэвтрүүлэхгүй байх эрхтэй байдаг. Иймд Гааль, хилийн ажилтны болон бусдын анхаарлыг татахуйц хувцаслах, анхаарал татах эд зүйл /шашны эд зүйлс гэх мэт/ их хэмжээгээр авч явахгүй байхыг зөвлөж байна.

Мөн иргэн Та аяллын маршрутыг өөрчлөх (жишээлбэл, Калифорни мужийн Лос Анжелес хотод сурахаар F1 визтэй ирсэн боловч өөр муж, хотын боомтоор АНУ-д ирэх), аяллын зорилгоо үнэн зөв тайлбарлаж чадахгүй бол тус улсын хилээр нэвтрүүлэхгүй байх үндэслэл болдог.

АНУ-д байх хугацааны талаар анхаарах зүйлс:

Дээр дурдсанчлан АНУ-ын Хил, гаалийн албаны ажилтан нь тухайн иргэний АНУ-д байх хугацааг 14 хоногоос 6 хүртэл сараар зааж, паспорт дээр дарж өгдөг.

Монгол иргэд ихэвчлэн B1, B2 ангиллын визтэй тус улсад орж ирээд Гааль, хилийн ажилтны зөвшөөрсөн хугацаанд эсхүл 6 сар АНУ-д үлдэх, хөдөлмөр эрхлэх зэрэг тохиолдол гардаг нь АНУ-ын виз дахин авах үед виз олгохоос татгалзах үндэслэл болдог.

Зарим тохиолдолд 10 жилийн B1, B2 визтэй боловч ийнхүү 6 сар хүртэлх хугацаагаар АНУ-д үлдэж, ажиллах, улмаар хилээр гарч дахин АНУ-д орж ирэх замаар хугацаагаа дахин 6 сараар сунгуулах зорилгоор замын зардлаа хэмнэн АНУ-тай хил залгаа орнуудад зорчиж, улмаар буцаж ирэхэд нь АНУ-ын хилээр оруулахгүй байх тохиолдол гардаг. Бусдын бичиг баримтыг авч явахгүй байх. 

АНУ-ын хилээр бусдын паспортыг авч явах тохиолдолд тухайн паспортыг Гааль, хилийн албаны ажилтан хураан авдаг бөгөөд тухайн паспорт эзэмшигчийг паспортоо биечлэн ирж, хил, гаалийн ажилтнаас ирж авахыг шаарддаг. Зарим үед ийнхүү хураагдсан паспорт, бичиг баримт нь алга болох, үрэгдэх тохиолдол гардаг.

АНУ-ын хилээр нэвтрэх үед биедээ авч явахыг зөвшөөрсөн валютын хэмжээ АНУ-ын хилээр 10,000 ба түүнээс их хэмжээний ам.доллар биедээ авч яваа бол Гааль, хилийн албанд энэ талаар мэдэгдэж, FinCED 105 маягтыг бөглөх ёстой. Гэхдээ гэр бүлийн гишүүд нийлээд 10,000 ба түүнээс их хэмжээний ам.долларыг авч яваа тохиолдолд ч мөн дээрх маягтыг бөглөх шаардлагатай байдаг.

Тухайн маягтыг бөглөж, энэ тухайгаа хил, гаалийн ажилтанд мэдэгдсэн тохиолдолд ямар нэгэн торгууль, шимтгэл төлөхгүй. АНУ-ын хуулиар тус улсын 10,000 ба түүнээс их хэмжээний 10,000 ам.долларын гүйлгээ хийх, биедээ авч явах тохиолдолд энэ тухай тус улсын Сангийн яамны холбогдох газарт заавал мэдэгддэг. Энэ нь терроризмыг санхүүжүүлэх, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаатай нь холбоотой юм. Харин мэдэгдээгүй тохиолдолд дээрх мөнгийг хураах, улмаар захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог. 

Монгол Улсын иргэн Сингапурт 30 хүртэл хоног визгүй зорчих эрхтэй
 
  • Сингапурт визгүй зорчих 30 хоногийн хугацааг хэтрүүлэхгүй байх Монгол Улсын иргэд Сингапурт 30 хүртэл хоног визгүй зорчих эрхтэй бөгөөд энэ хугацааг хэтрүүлэхгүй байх,
  • Сингапурын хилийн шалган нэвтрүүлэх боомтын мэдүүлгийн хуудас дээр өөрийн аялалын зорилго, байх хугацаа, зочид буудал болон байрлах хаяг зэргийг дэлгэрэнгүй бичиж, танд өгөх хувийг буцаж хилээр гарах хүртлээ үрэгдүүлж болохгүй,
  • Сингапурын хилээр нэвтрэх үед биедээ авч явахыг зөвшөөрсөн валютын хэмжээ Сингапурт аялахдаа доод тал нь 1,000 сингапур доллар биедээ бэлнээр авч явах, харин 20,000-аас дээш сингапур доллар эсхүл түүнтэй тэнцэх валют бэлнээр биедээ авч яваа бол энэ талаар гаалийн мэдүүлэгт заавал мэдүүлэх, хэрэв мэдүүлээгүй тохиолдолд мөнгийг хурааж авах журамтай болохыг анхаарах

Сингапурын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа бүтээгдэхүүний жагсаалт:

  • Сингапурын гааль, татварын газрын зөвшөөрөлгүйгээр эмчилгээний зориулалттайгаас бусад төрлийн бохь,
  • зажилдаг тамхи болон электрон тамхи,
  • гар бууны хэлбэртэй тамхины асаагуур,
  • сэтгэцэд нөлөөлдөг бэлдмэл болон мансууруулах бодис,
  • нэн ховордсон биологийн төрөл зүйл болон тэдгээрээс гаргаж авсан бүтээгдэхүүн, салют эсхүл тэсэрч дэлбэрэх бодис,
  • садар самуун бүхий сонин сэтгүүл, бичлэг, диск,
  • охиогчийн эрхийг зөрчиж хуулбарласан сонин сэтгүүл, бичлэг, тус улсын бодлого зарчмаас тэрсэлсэн болон өдөөн хатгасан материал, мэдээлэл,
  • эмчийн жоргүй эм, бэлдмэл, тан,
  • шүдэнз,
  • баллонтой шүршигч,
  • химийн бодис,
  • цэвэрлэгээний шингэн,
  • керосин, хий, будаг, түүнийг шингэрүүлэгч,
  • үнэт эдлэл, үслэг эдлэл, зоос маркны цуглуулга зэргийг хилээр авч орохыг хатуу хориглодог болохыг анхаарах хэрэгтэй.
Мансууруулах бодисыг хууль бусаар тээвэрлэх, худалдах, ашиглахыг хатуу хориглодог бөгөөд цаазаар авах хүртэлх ялыг оноодог тул та анхаарал болгоомжтой байж, бусдын ачаа тээш, эд зүйлс авч явахгүй байх, Сингапурт согтуурсан болон мансуурсан этгээд олон нийтийн газар биеэ зөв бус авч явах тохиолдолд 6 сар хүртэл хугацаатай ял эдлэх, 1,000 хүртэл сингапур долларын торгууль төлөх эсхүл хуулийн энэ 2 заалтыг зэрэг оногдуулдаг.

Хэрэв Сингапурт өмнө нь хэрэг зөрчил гаргаж цагдаад бүртгүүлж байсан бол http://www.ica.gov.sg/page.aspx?pageid=362 цахим хаягаар орж, тус улсад нэвтрэх зөвшөөрлийг урьдчилан авах шаардлагатай.

 

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яамны Консулын газар