Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Уламбаяр: Мэргэжилтэй ажилтан бэлтгэдэг тогтолцоо тасалдах аюул нүүрлэж байна

С.Уянга, Зууны мэдээ
2017 оны 8 сарын 14
Зууны мэдээ
Зураг зураг

БЛИЦ

Мэргэжил:

  • Эдийн засагч, нягтлан бодогч

Боловсрол:

  • ХААИС-ийг нягтлан бодогч, эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн
  • Либерти дээд сургууль, төрийн удирдлагын менежерээр магистрын зэрэг хамгаалсан

Ажлын туршлага:

  • 1993 оноос Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст байцаагч
  • 1998 оноос “Завханы мэдээ” сонины эрхлэгч
  • 1999 оноос Завхан аймгийн Залуучуудын холбооны тэргүүн
  • 2003 оноос Улаанбаатар хотод “Эм Ди Сиаутсорсинг” ХХК-ийн захирал
  • 2006 оноос Улс төр менежментийн академийн захирлаар ажиллаж байна.
  • 2013 оноос “Хамаг Монгол” МСҮТ-ийн ерөнхий захирал

Сонгуульт ажил:

  • Хувийн хэвшлийн политехник коллеж, МСҮТ-үүдийн холбооны гишүүн
  • “Эдийн засаг, бизнесийн салбарын эрдэмтэн судлаачдын холбоо”-ны гишүүн
  • “Бизнес инкубаторуудын үндэсний холбоо”-ны гишүүн
  • “Хувийн хөдөлмөрийн биржүүдийн нэгдсэн холбооны гишүүн

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор “Хамаг Монгол” МСҮТ-ийн захирал Д.Уламбаярыг урилаа.

ҮЙЛДВЭРЖИЛТИЙГ ХӨГЖҮҮЛЬЕ ГЭВЭЛ МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫГ ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ

- Хөдөлмөр, нийг­мийн хамгааллын яаманд бүртгэлтэй 90 гаруй Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв байгаагаас 40 гаруй нь улсынх, үлдсэн нь хувийн хэвшлийнх. Өнгөрсөн оны байдлаар энэ салбарт 42,000 хүүхэд сурч байсан. Гэхдээ Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд сурч байгаа хүүхдүүдийн тоо жил ирэх тусам буурах хандлагатай байна.

Их, дээд сургуульд 180 мянган хүүхэд сурч байна. Олон улсын жишгээр Мэргэжлийн боловсролын салбарт сурч байгаа хүүхдүүдийн тоо их, дээд сургуульд суралцагчдынхаас  илүү байдаг. Гэтэл манайд энэ харилцаа эсрэгээрээ буюу хүн болгон их, дээд сургуульд суралцах болсон.

Мэргэжлийн боловсролын салбар хэрэгтэй юу, үгүй юу гээд ярих юм бол манай улсад ямар нэг үйлдвэр, аж ахуйн байгууллагууд хэрэгтэй юу гэдгээс эхлэх хэрэгтэй байх. Сүүлийн 20 жилд сонгуульд ялсан намууд, үе үеийн засгийн газар аж үйлдвэржилт, жижиг дунд үйлдвэрийг дэмжих талаар олон хөтөлбөр зарласан. Их ч хөрөнгө зарцуулсан.

Бид мөнгө байвал үйлдвэр, тоног төхөөрөмжийг хаанаас ч худалдаж аваад суурилуулж болох юм байна гэдгийг ойлгосон.  Гэтэл  нөгөө талд нь энэ том үйлдвэрүүдэд ажиллах хүн олдохоо больсон. Барилга, арьс шир, ноол ноолуурын томоохон үйлдвэрүүд бүгд ажиллах хүчний дутагдалтай. Ажиллах хүн олдлоо гэхэд ачаалал даахгүй, чадваргүй, тогтвор суурьшил муутай. Ийм л дүр зураг харагдаж байна.

Үнэхээр энэ улс оронд үйлдвэржилтийг далайцтай хөгжүүлье, олон тооны үйлдвэр байгуулж үйлдвэрлэгч ард түмэн болъё гэвэл мэргэжлийн боловсролын салбарыг дэмжихээс эхлэх  хэрэгтэй. Мэргэжилтэй ажилтны чадвар, тоог нэмэгдүүлж, энэ салбарт суралцах сонирхлыг төрүүлэх ёстой. Урд нь мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүд ТМС нэртэй байсан.

Муу сурдаг, сахилгагүй хүүхдүүд тэнд сурдаг зэргээр нэр хүнд нь жаахан муу байсны үлдэц одоогийн МСҮТ-үүдэд байна. Сүүлийн 5-6 жилийн дотор Мэргэжлийн боловсролын тухай хууль батлагдаж, Мянганы сорилтын сангаас 250 сая орчим ам.долларын хөрөнгө орууллаа. Нэг үеэ бодвол мэргэжил боловсролын сургалтын төвүүдийн материаллаг бааз, сургалтын орчин илүү сайжирсан.

Төр, засгаас анхаарч эхэлснээр энэ салбарын нэр хүнд аажмаар сэргэж, хүмүүс ч хүүхдээ сургах сонирхолтой болж эхэлж байсан. Үүнд МСҮТ-д  суралцагчдад өгч байсан 70 мянган төгрөгийн тэтгэлэг маш их нөлөө үзүүлсэн нь тодорхой.  МСҮТ-д суралцагчдын тодорхой хэсэг нь 70 мянган төгрөгийн тэтгэлгийг авахын  тулд орж байсан нь нууц биш.

Тэд хэдийгээр мөнгөнд татагдаж  МСҮТ-д элсэн орж байсан ч суралцах явцдаа ажил, мэргэжилдээ татагдаж, өөртөө итгэх итгэл нэмэгдэж, ажил хөдөлмөрийн амтыг мэдэрч хүн болж төлөвших хандлага их байсан юм.

90-ЭЭД МСҮТ-ИЙН ЭЛСЭЛТИЙН КВОТ 20-30 ХУВЬТАЙ БАЙНА

- Маш олон Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, политехник коллежуудын сургалтын орчин материаллаг бааз их, дээд сургуулиудынхаас илүү чанартай байгаа. Олон мэргэжлүүдийн  сургалтын чанар олон улсын түвшинд ойртож байна. Сүүлийн жилүүдэд дэлхийн ур чадварын уралдаанд оролцсон монгол хүүхдүүд тогтмол дээгүүр байр эзэлж байгаагаас харахад сургалтын чанар, орчин нөхцөлийн хувьд дэлхийн жишгээс хол хоцорчхоогүй гэж бодож байна.

Нөгөө талаас энэ салбарт төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого үнэхээр учир дутагдалтай. Мэргэжлийн Засгийн газар гарч ирээд бүх оюутанд өгдөг 70 мянган төгрөгийн тэтгэлгийг төсөв хүндэрсэн нэрийн дор хассан нь мэргэжлийн боловсролын салбарт сурч байгаа хүүхдүүдэд маш хүнд туссан.  

Их, дээд сургуулийн оюутнуудын тэтгэлэг хасагдсан ч сонгуулиар оюутнуудын саналыг алдахаасаа айгаад 100 тэрбум төгрөгийн дүрмийн сантай төрийн зээлийн сан байгуулсан. Энэ санг  жил бүр Засгийн газраас 100 тэрбум төгрөгөөр  нэмж санхүүжүүлнэ. Тэгэхээр сайн, муу сурсан, мөнгөтэй мөнгөгүй ямар ч хүн төрийн зээлийн сангаар суралцаж болно гэсэн хандлагатай болж байна. Энэ бүгд хүүхдүүдийг маш олноороо их дээд сургуулийг зорих, дипломтой худалдагчдын тоог нэмэгдүүлэх  шалтаг болж байгаа нь тодорхой.

Нэг үеэ бодоход муу сурдаг хүүхдүүд МСҮТ-рүү ирдэг гэсэн ойлголт өөрчлөгдсөн. Мэргэжлийн боловсролын салбарт суралцаж байгаа хүүхдүүдийн 60-70 хувь нь хагас, бүтэн өнчин, амьдралын хүнд нөхцөлд  амьдардаг. Есдүгээр  анги төгссөн 15-16 настай хүүхдүүд хурдан хугацаанд мэргэжилтэй болж ажил хийж амьдралаа залгуулъя гэх бодолтойгоор  мэргэжлийн боловсролын салбарыг зорьж ирдэг.

 Сүүлийн жилүүдэд сайн  сурдаг хүүхдүүд ирдэг болсноос улбаалан суралцагчдын чадвар сайжирч тэр хэрээр аж, ахуйн нэгжүүдэд мэдлэг, чадвартай боловсон хүчнийг нийлүүлэх сайн тал анзаарагдаж байлаа.  Харин тэтгэлэг өгөхөө больсноор мэргэжлийн боловсролын салбарт суралцагчдын тоо эрс багасаж байна. Жишээлбэл, Одоогийн байдлаар 90-ээд МСҮТ энэ жил элсүүлэх ёстой хүүхдийнхээ квотын 20-30 хувьтай байна.

Хэрэв энэ бодлого үргэлжлэх юм бол ойрын таван жилд маш цөөн мэргэжилтэй ажилтан бэлтгэнэ. Үйлдвэр хөгжихийн хэрээр тэнд  ажиллах хүн олдохоо болих, эрс багасах аюул нүүрлэж байна. Энэ нь улс орны эдийн засагт маш хүнд цохилт болж мэргэжилтэй ажилтан бэлтгэдэг тогтолцоо тасалдаж болзошгүй аюул нүүрлэж байна.

ХӨДӨЛМӨР ЗУУЧЛАЛД 300 ГАРУЙ ХҮН БҮРТГҮҮЛСНИЙ 280 НЬ ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ ТӨГСӨГЧИД

- Одоогийн нөхцөлд хэн ч хүүхдээ хар бор ажил хий гээд МСҮТ-рүү явуулахыг хүсэхгүй. Тэгэхээр мэргэжлийн боловсролын салбарт суралцахыг төрөөс бодлогоор урамшуулж дэмжихээс өөр аргагүй. Япон, Герман тэргүүтэй улс орнууд хамгийн эхлээд мэргэжлийн боловсролын салбараа дэмжиж мэргэжилтэй ажилтнууддаа хувцас, орчин нөхцөл, сургалтын тэтгэлэг зэрэг дэмжлэг үзүүлж байж хөгжүүлсэн.

Яг үнэндээ манай улсад мэргэжилтэй ажилтан нэмэгдүүлэх боломж нь 70 мянган төгрөгийн тэтгэлэг байсан. Социализмын үед ТМС-д сурч байсан хүүхдүүдэд хувцас, байр, унаа, хоолны мөнгө, цалинг олгодог байсан. Дээр нь суралцах хугацааг нь ажилласанд тооцож байж мэргэжилтэй ажилтнаа бэлтгэж авдаг байсан. Үнэхээр л улс орноо үйлдвэржүүлж, эдийн засгаа босгоё гэвэл иймэрхүү хэмжээний төрийн бодлогын дэмжлэг хэрэгтэй. Тэгэхгүйгээр цааш явахгүй.

Мэргэжлийн боловсролын сургуулиудын чанар янз бүр. Нийт дүнгээрээ багш нарын чадвар, сургалтын орчин эрс сайжирсан. Тэр хэрээр сайн хүүхдүүд төгсөж байна. МСҮТ төгсөгч­дийн 80-90 хувь сур­гууль төгссөн жилдээ ажилд орж чадаж байхад энэ үзүүлэлт их, дээд сургууль төгсөгчдийн дунд 30 орчим хувьтай байна. Энэ үндэсний статистикийн газраас гаргасан албан ёсны тоо юм.

Жишээлбэл, манай сургуулийн тогоочийн анги төгссөн хүүхэд  эхний жилээ 400-500 мянган төгрөгийн цалинтай ажилд орж байгаа юм. Жилийн дараа 600- 800 мянган төгрөгийн цалинтай тогоочийн ажил байна гээд дуудахаар “Уучлаарай, би тийм цалинтай ажил хийхгүй” гэх жишээний. Гэтэл их, дээд сургууль төгссөн оюутан арын хаалгадаж мөнгө төгрөг өгөн байж төрийн байгууллагад  400-500 мянган төгрөгийн цалинтай ажилд  булаацалдаад орж байна.

Тэд энэ цалинг дор хаяж 4-5 жил авч байж  шатлалаараа нэмэгдэнэ хэмээн найдаж ажилладаг  бол МСҮТ төгссөн хүүхэд  ажил мэргэжилдээ  дадлагажаад ирэхээрээ  хоёр жилийн дотор саяас илүү гарсан цалинтай болж байна. Аль нь амьдралд өгөөжтэй байна гэдэг өөр асуудал.  

Манай сургууль энэ зун үнэ төлбөргүй сургалтад хамруулж ажилд оруулж өгөх зорилготой “Сэтгэлтэй ажилтан” хөтөлбөр зарлахад 300 гаруй хүн бүртгүүлсний 280 нь их, дээд сургууль төгсөгчид, 20-30 нь мэргэжилгүй хүмүүс байна. Гэтэл компаниудаас ирж байгаа 500 гаруй ажлын байрны захиалгыг харахад   компаниудад хэрэгтэй байгаа сул  орон тооны 80-90 хувийг мэргэжилтэй ажилтан, хар бор ажил хийх хүн хэрэгтэй байна гэсэн хүсэлтүүд байна. 

Гэтэл нөгөө их дээд сургууль төгссөн залуус  үүнийг нэг нүдээрээ ч харахыг хүсэхгүй байх жишээтэй. 600-800 мянган төгрөгийн цалинтай үйлдвэрийн ажлаас 380 мянган төгрөгийн цалинтай ресейпшиний ажлыг илүүд үзэж байна. Дээд сургуулийн дипломтой мөртөө хар бор ажил хийхгүй зэргээр нэрээ боддог, бас мэдэх чадах юм муутай байж биеэ тоох их зангаар өвчлөх нь ч байдаг шиг.

Хүүхдүүдийг  мэргэжилтэй ажилтан болох сонголтыг хийдэг болгох хамгийн наад захын хөшүүрэг нь 70 мянган төгрөгийн тэтгэлгийг дахиж олгож эхлэх. Энэ халамж биш аж үйлдвэрийн салбараа, бизнес эрхлэгчдээ дэмжиж оруулж байгаа хөрөнгө оруулалт гэж ойлгож хандах хэрэгтэй. Боловсролын тухай хуульд Мэргэжлийн боловсролын салбарт суралцаж байгаа хүүхдүүдэд суралцах хугацаанд нь сар бүр тэтгэлэг олгоно гэсэн заалттай.

Харамсалтай нь төр, засаг мөнгө байхгүй гээд хуулиа биелүүлэхгүй байгаа. Яг үнэндээ мөнгө алга уу гэхээр үр ашиггүй өчнөөн зүйлд мөнгө урсаж байгааг олон нийт харж байна. Концесс, тендер гээд хэзээ үр ашгаа өгөх нь мэдэгдэхгүй зүйлд 200-300 тэрбумаар нь төсөвлөсөн. Гэтэл мэргэжлийн боловсролын салбарт 42,000 мянган хүүхэд суралцлаа гэж үзэхэд жилийн тэтгэлэгт 27-28 тэрбум  төгрөг зарцуулна.

Харамсалтай нь 2016-2017 онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрөх ёстой байсан мөнгөнөөс манай сайдын гэр бүлийн компани болох МАК  болон УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын төлөх ёстой 12 тэрбум төгрөгийг чөлөөлсөн. 42 мянган оюутны тэтгэлэгт хэрэгтэй байгаа мөнгөний 50 хувь нь байгаа биз дээ. 

МСҮТ-ҮҮДИЙГ  ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ ГЭЖ НЭРЛЭН БОДЛОГЫН БОЛОН БАГА ЗЭРЭГ НЭР ТОМЬЁОНЫ ӨӨРЧЛӨЛТ ХИЙХЭД ЭНЭ САЛБАР БОСООД ИРНЭ

- Мэргэжлийн боловсролын салбарын нэр хүндийг өсгөх талаар ажиллах хэрэгтэй. Дэлхий нийт мэргэжлийн боловсрол олгодог ахлах сургууль болон политехник коллеж гэж нэрлэдэг. Энэ жишгээр нэрлэх зэргээр бодлогын болон бага зэрэг нэр томьёоны өөрчлөлт хийхэд энэ салбар босоод ирнэ. Нөгөө талаар ихэнх  ерөнхий боловсролын сургуулиуд дөрвөн ээлжээр хичээллэж байгаа ч хувьсах зардлынхаа санхүүжилтийг бодоод  МСҮТ-д суралцах сонирхолтой есдүгээр анги төгсөгчдийнхөө бичиг баримтыг өгөхгүй байх явдал их гарч байна.

Мөн томоохон бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд мэргэжлийн боловсролын салбарыг технологи, сургалтын орчин, боловсон хүчний хувьд компанидаа дадлагажуулах хөтөлбөр зэргээр дэмжлэг үзүүлдэг тогтолцоо олон улсад тогтсон. Гэтэл манай бизнес эрхлэгчид ажилтан олдохгүй байна гэх мөртөө боловсон хүчнээ багаас нь бэлтгэхэд анхаарахгүй, хувь нэмрээ оруулах сонирхол бага байна.

Ийм сонирхол төрүүлэхийн тулд  компаниуд мэргэжил эзэмшиж буй хүүхдүүдийг дадлагажуулах, мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд зориулсан хөрөнгө оруулалтыг  татвараас хөнгөлөх тогтолцоог бий болгох зэргээр иж бүрнээр нь авч үзэж чаддаг бол  энэ салбар амархан хөгжинө. Мөн ажилчин ангийн нуруун дээр тогтдог Үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч эздийн холбоо, Худалдаа аж үйлдвэрийн танхим зэрэг байгууллагуудын дуу хоолой дутагдаж байна.  

Энэ салбарын хөгжилд улс төр гэдэг маш том саад бэрхшээл байна. Тухайлбал 2012 оноос хойш улсын 40-өөд МСҮТ-ийн захирал 4-5 удаа солигдсон байгаа юм. Сайд солигдоход захирал солигдож байдаг. Тэгэхээр тухайн сургуульд тогтвортой бодлого хэрэгжих боломж тааруу. Тиймээс  олон жилийн туршлага материаллаг баазтай улсын сургуулиудын менежментийг хувийн хэвшилд шилжүүлэхэд буруудах зүйл байхгүй.

Төрийн байгууллагуудын 300-400 удирдах ажилтны  зөвлөгөөнд хоёр удаа оролцохдоо хүүхэд нь МСҮТ-д сурдаг хүн байна уу гэхэд нэг л хүн таарч байсан. Тиймээс энэ салбарт нийтийг хамарсан соён гэгээрэл, суртал ухуулгын маш том ажлыг бодлогоор хэрэгжүүлэх шаардлагатай.

Зураг