Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

Ажиа гэгээн: Америкт амьдарч байсан Монголчууд эмнэлгийн өргөтгөлд хандив өгсөн

Болорцэцэг, iKon.mn
2017 оны 8 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр "Энэрэл нигүүлсэл оюун билгийн төв" ТББ-ын тэргүүн Ажиа гэгээн Лувсантүвдэн санаачлан ЭХЭМҮТ-ийн хүүхдийн эмнэлгийн өргөтгөлд шаардлагатай 57.9 сая төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг өнөөдөр хүлээлгэн өглөө.

Хүүхдийн эрүүл мэндийн шинэ өргөтгөлд орчин үеийн шаардлагад нийцсэн тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгсэл, хүчилтөрөгчийн нэгдсэн систем багтсан төхөөрөмжүүдийг хандивлаж байгаа юм. 
өнөөдөр эрүүл мэндийн байгууллагын ажилчдын баярын өдөр
 
Гэрэл зургийг Mpa.mn

Тоног төхөөрөмж хүлээлгэн өгөхөөр ирсэн Ажиа гэгээнийг ЭМЯ-ны Төрийн Нарийн Бичгийн дарга Д.Очирбат хүлээн авч уулзахдаа "Эрүүл мэндийн байгууллагад ийм хүндтэй хөрөнгө оруулалт хийж, зон олныхоо эрүүл амьдралын төлөө санаа тавин, буяны үйлс хийдэг танд болон, таны "Энэрэл нигүүлсэл оюун билгийн төв" ТББ-ынханд өөрийн салбарынхны өмнөөс талархал илэрхийлье" гэсэн юм.

Мөн өнөөдөр эмч, эмнэлгийн ажилчдын баярын өдөр тохиож байгаатай холбогдуулан бүхий л эрүүл мэндийн байгууллагын ажилчдад ажлын амжилт хүсэн мэндчилгээ дэвшүүллээ.

ЭХЭМҮТ-ийн хүүхдийн эмнэлгийн өргөтгөлд шаардагдах орчин үеийн тоног төхөөрөмжийг Ажиа гэгээн батламжийн хамт төлөөлөн ирсэн хүмүүст гардуулсан юм.

"сайхан сэтгэлийн үзүүр олон хүүхдэд тус дэм болоосой"
 
Гэрэл зургийг Mpa.mn

Ажиа гэгээн Лувсантүвдэн "Эмнэлгийн өргөтгөлийн хандивд Америкт амьдарч байсан Монголчууд оролцсон. Энэ хандивт оролцсон хүмүүсийн сайхан сэтгэлийн үзүүр олон хүүхдэд тус дэм болоосой" гэсэн юм.

 
Гэрэл зургийг Mpa.mn

Энэ олон хүний тусламжаар баригдсан хүүхдийн эмнэлгийн өргөтгөл нь цахилгааны болон агааржуулалтын системтэй байхаар төлөвлөгдөн баригдаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх төрөлжсөн нарийн мэргэжлийн тасгууд байрлах зургаан давхар барилга болон бясалгалын төвийн гурван давхар барилгаас бүрдэж байна.

 
Гэрэл зургийг Mpa.mn

ЭХЭМҮТ-ийн чанарын албаны дарга А.Оюунчимэг "Ажиа гэгээний санаачилсан энэ ажил хүүхдийн тусламж үйлчилгээнд, ялангуяа цусны өвчтэй, хавдартай хүүхдүүдийн эрүүл мэндэд оруулж буй үнэтэй хувь нэмэр болж байна" гэв.

ургийн бага үеийн оношилгоог эх орондоо хийх бүрэн боломжтой

Энэ жил ЭХЭМҮТ эрчимт эмчилгээний бүх тасгууд, нярайн тасгийн бүх тоног төхөөрөмжийг шинэчилсэн байна. Ингэснээр өмнө нь эх орондоо эмчлэх, оношлох боломжгүй зарим асуудлууд шийдэгдсэн аж. Тухайлбал ургийн бага үеийн оношилгоог эх орондоо хийх бүрэн боломжтой болсон байна. Ураг ямар нэг гажигтай байгаа эсэхийг тодорхойлдог анагаахын удам зүйн лаборатори бүрэн тоног төхөөрөмжтэй болж үйл ажиллагаа нь жигдэрчээ.

Ажиа гэгээн 2011 онд "Энэрэл нигүүлсэл оюун билгийн төв" ТББ-ыг хүүхдийн цусны эмгэг, хавдар туссан хүүхдүүдэд туслах, өндөр настан, нийгмийн эмзэг бүлэгт дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилгоор нээж байжээ.

 

Гэрэл зургийг MPA.mn