Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

А.Галбаатар: Э.Ганбат хууль бусаар Иргэдийн Нийтийн Хурлыг хуралдуулсан

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 8 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Сүхбаатар Дүүргийн 20 хороон дээр Иргэдийн Нийтийн Хурлыг хууль бусаар зарлах, хууль бусаар хуралдуулах, Засаг Дарга, ИНХ-ын сонгуулийг хууль бус аргаар болон луйврын шинж чанартайгаар авах, завдах үйл ажиллагаа өчигдөр буюу наймдугаар сарын 9-нд болж өнгөржээ. Энэ талаар өнөөдөр СБД-ийн ИТХ дахь МАН-ын бүлэг мэдээлэл хийлээ.

СБД-ийн ИТХ-ын төлөөлөгч А.Галбаатар "СБД-ийн ИТХ-ын дарга Э.Ганбат нь эрх зүйн чадамжгүй болсон хороодын ИНХ-уудаараа хурал зарлуулан хийлгэж түүнийг нь СБД-ийн Засаг Дарга Х.Болормаа нь дэмжин хүлээн авч байна.

Энэ нь төрийн эрх мэдлийг албан тушаалаа урвуулан ашиглан хууль бусаар авах гэсэн ноцтой зөрчил юм.

"Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн 23 дугаар зүйлийн 13-р хэсэгт “Ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 50 хоногийн дотор анхдугаар хуралдаан хуралдуулж Хурлын дарга сонгох, Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг шийдвэрлэж чадаагүй бол тухайн Хурлыг тарсанд тооцож дахин сонгууль явуулна” гэж заасны дагуу 2012 оны орон нутгийн ээлжит сонгуулийн үр дүнд бий болсон СБД-ийн хороодын Иргэдийн Нийтийн Хурал, Тэргүүлэгчдийн бүрэн эрхийн хугацаа дуусаж эрх зүйн чадамжгүй болсон.

НИТХ-ын даргаас болон СБД-ийн МАН-ын бүлгийн зүгээс энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэхийг удаа дараа шаардаж албан бичиг хүргүүлсэн. Гэтэл шийдвэрлэлгүй 9 сарын нүүрийг үзэж байна.

СБД-ийн ИТХ-ын дарга Э.Ганбат эрх зүйн чадамжгүй болсон хороодын гишүүдтэй өчигдөр өглөөний 06:00 цагаас эхлэн нууц байдлаар хуралдаж эхэлсэн.

Өглөөний хурлуудад иргэдийг оруулахгүй маш нууц байдлаар хийсэн. Хуулинд сонгуулийн насны бүх иргэд оролцох буюу хорооны нийт өрхийн 20-30 өрхийн төлөөлөл оролцсон тохиолдолд хурлын ирцийг хүчинтэй гэж заасан байдаг. Энэ нь тухайн хорооныхоо иргэдийг бүрэн оролцуулах гэсэн журам юм.

Хурлууд ажлын цагаас өмнө үүр шөнийн заагаар хийгдсэн нь маш будилаантай. Үүнээс гадна мөн хэд хэдэн асуудлууд ч бий.

Тухайлбал, хурал болох газраа нууцлан өөрчилж иргэдийг төөрөгдүүлсэн, Христийн сүмд хурал болсон, хурлыг тухайн хорооны нутаг дэвсгэрээс өөр газар хийсэн, өөрийн намын байранд хийсэн, өөрсдийн багцалсан саналаа алдаад ирмэгц хурлыг хаяж гарсан, хурал хүчингүй гэж дайрсан, зарим хорооны хурал гуравхан минутад болсон, иргэд хурал болж байгааг мэдээд очиход хурал хийж байгаа газраа өөрчлөн зугтаасан гэх зэрэг маш олон ноцтой асуудлууд гараад байна.

Мөн нөхөр нь эхнэрийгээ Засаг Даргаар сонгуульд ялж, хууль бусаар  хурал болох газрыг иргэдээс нууцлан хэдэн хүмүүстэй хурал болох газар хаалгаа дотроос нь түгжсэн байсан. Ингээд иргэд мэдмэгц хүч түрэн гарч зугтаасан.

 Хурлын дарга нь хурал удирдах чадваргүй согтуу байсан, ээж нь хурал удирдаж охиноо засаг даргаар сонгосон зэрэг олон олон зөрчлүүд гарсан юм.

Энэ асуудлаас үүдэн иргэд СБД-ийн ИТХ-ын дарга Э.Ганбатаас тайлбар авахаар очсон боловч борооноор иргэдээ гадаа байлгаж дүүргийн хаалгаар нэвтрүүлэхгүй хамгаалалт цагдаа нарыг зогсоож, өөрөө арын хаалгаараа гарч машинаа унаад зугтаасан явдал боллоо.

Тиймээс бид энэхүү хууль зөрчсөн хурлуудаа хүчингүйд тооцож, хуулийн дагуу хурлаа нээлттэй, ил тод, шударга хийхийг уриалж байна" гэв.