Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/08-НД НИЙТЛЭГДСЭН

НҮБ-ын Хүүхдийн Сангаас Монгол Улсад суух Суурин төлөөлөгч шинээр томилогдлоо

С.Бадрал, iKon.mn
2017 оны 8 сарын 8
iKon.MN
 

НҮБ-ын Хүүхдийн Сангаас Монгол Улсад суух Суурин төлөөлөгчөөр томилогдсон Алекс Хайкенс Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилд итгэмжлэх захидлаа өргөн барилаа.

Ёслолын дараа  Гадаад харилцааны сайд, Суурин төлөөлөгч нар НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монголд хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцов. 

Монгол Улс хэзээд хүүхдийн асуудлыг тэргүүн эгнээнд тавьж ирсэн, одоогийн Засгийн газар ч мөн хүүхдийн сайн сайхан байдлыг хангахын төлөө хүчин чармайлт гарган ажиллаж байгаа гэдгийг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил онцлоод, Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-ын Хүүхдийн Сангийн хамтын ажиллагааны 2017-2021 оны Улс орны хөтөлбөрийн хэрэгжилтийг ханган, урт хугацааны, бодитой үр дүн гаргаж ажиллана гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.

“Өмнөх 2012-2016 оны Улс орны хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөл аймаг, Налайх дүүрэгт хэрэгжүүлсэн нийгмийн суурь үйлчилгээг хүүхэд бүрт тэгш хүргэх сайн туршлага, загварыг шинээр 3 аймаг, 2 дүүрэгт нэвтрүүлж, үндэсний хэмжээний бодлого, хөтөлбөрт тусгах чиглэлд Монгол Улсын Засгийн газрыг дэмжин ажиллах болно” гэж НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс тэмдэглэв.

 

НҮБ-ын Хүүхдийн Сангаас Монгол Улсад суух Суурин төлөөлөгч Алекс Хайкенс 2013 оноос хойш Нью-Йорк дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн төв оффист уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүч болон байгаль орчны тогтвортой байдал хариуцсан ахлах зөвлөхөөр ажиллаж, энэ асуудлаархи байгууллагын бодлогыг тодорхойлон, удирдаж байсан.

2003-2013 онд Ази дахь НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр зэрэг НҮБ-ын хэд хэдэн төрөлжсөн байгууллагад байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаархи бодлогын зөвлөхөөр ажиллаж, тус бүс нутгийн улс орон, тэдгээрийн Засгийн газарт уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах асуудлаар бодлогын дэмжлэг үзүүлж байсан. 

Алекс Хайкенс Индонези улсад бохирдсон ундны усны эх үүсвэрээс хүн амын эрүүл мэнд, хөдөө ах ахуйн үйлдвэрлэлд үзүүлэх нөлөөний талаар судалгаа хийж, байгалийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Голландын Утрехтийн Их сургуулийн биологийн ухааны магистр цолтой. Тэрээр Голланд улсын иргэн. 

 

Эх сурвалж: НҮБ-ын Хүүхдийн Сан