Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/04-НД НИЙТЛЭГДСЭН

Sony 20 дахин их мэдээллийн багтаамжтай соронзон хальс бүтээжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 8 сарын 4
IKON.MN
Зураг зураг

Японы Sony компани одоо байгаа боломжит багтаамжаас 20 дахин их багтаамжтай соронзон хальс шинээр зохион бүтээжээ.

Уг технологийг үүлэн тооцоолол (cloud computing), хиймэл оюуны зэрэг үлэмж хэмжээтэй мэдээлэл шаарддаг салбаруудад ашиглах ирээдүйтэй юм. Sony уг технологийг IBM компанийн Цюрих дэх судалгааны лабораторитой хамтран бүтээжээ. Шинэ хальс бүхий алганд багтах хуурцаг нь 330 терабайт мэдээлэл багтаадаг ба энэ нь 80,000 бүрэн хэмжээний кино багтаана гэсэн үг. Одоогийн ийм хуурцаг 15 терабайт багтаамжтай байдаг юм.

Sony энэ технологио удахгүй зах зээлд гаргах гэж байгаа гэнэ. Нэгэн үе соронзон хальс нь түгээмэл ашиглагддаг байснаа хэрэглээ нь буурсан бол сүүлийн жилүүдэд дахин сонирхол татах болоод байгаа. Учир нь түүний урт хугацаанд бага эрчим хүч, бага зардалтайгаар их мэдээлэл хадгалж чаддаг нь давуу тал болоод байна.

Sony-гийн шинэ хальс нь тусгай гулсамтгай тосон давхаргатай болсон тул илүү хурдан, саадгүйгээр уншигч/бичигч метал толгой дээр гүйдэг болсон аж. Энэ нь бас их мэдээлэл багтаах боломж олгож байна. Харин IBM компани уг хальсыг унших толгой болон сигнал боловсруулах алгоритмыг нь зохион бүтээжээ.

Эх сурвалж: Japan Times