Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/03-НД НИЙТЛЭГДСЭН

Төрийн тэргүүн ЭЛЧИН САЙДУУДЫГ хүлээн авч уулзлаа

Т.Саран, iKon.mn
2017 оны 8 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, Канад, Беларусь Улсын Элчин сайд нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Тэрбээр Их Британи Улсын элчин сайд Кэтрин Арнолдтай уулзах үеэрээ танай улс барууны орнуудаас хамгийн түрүүнд Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, 1963 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд ирэх жил уг харилцааны 55 жилийн ой тохиох талаар дурдсан юм. 

Элчин сайд Кэтрин Арнолд ИБУИНВУ-аас Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхол их байдаг талаар болон уул уурхайгаас гадна ХАА, аялал жуулчлалын салбарт Монгол Улстай хамтран ажиллах асар их боломж байгааг олон улсад сурталчлахад тус улс анхаарч ирснийг онцлон ярилаа. 

Мөн инноваци, ногоон хөгжлийн чиглэлээр анхаарч ажиллаж ирсэн тухайд дурдаж, Монгол Улсын Энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож буй оролцоог өндрөөр үнэлдэг талаараа дурдав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эрчим хүчний салбар, цөлжилтийн эсрэг, хөдөө аж ахуй гэх мэт салбаруудад тус улстай хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлэх сонирхолтой байгаа талаараа уулзалтын үеэр онцлон ярилаа. 

ВИДЕО:

Монгол, Канад Улс уул уурхайн салбарт түлхүү хамтарч ирсэн
 

 Түүнчлэн Ерөнхийлөгч Х.Баттулга Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эд Жэйгэрийг бүрэн эрхээ өндөрлүүлж эх орондоо бүрмөсөн буцах гэж байгаатай нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэхдээМонгол Улс, Канад Улс уул уурхайн салбарт түлхүү хамтран ажиллаж ирлээ.

Зөвхөн энэ салбарт бус хөдөө аж ахуй, спорт, ялангуяа өвлийн спортын салбарт хамтран ажиллах боломжтой.

Хоёр орон газар нутаг, уур амьсгалын хувьд ойролцоо учир хөдөө аж ахуйн дэвшилтэт технологи хөгжүүлэх чиглэлээр хамтарч ажиллах боломжтой юм.

Миний бие Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байхдаа Канадын мэргэжилтнүүдтэй хамтран гар бие оролцож Баянхонгор аймгийн хоёр суманд “Шинэ сум” төсөл хэрэгжүүлсэн.

Улаанбаатараас 800-1000 км алслагдсан хоёр сумын төвийг шинэчилж ашиглалтад оруулсан. Энэ бол бараг 100 жилийн дараа Монголын хөдөөд шинэчлэлт хийж хөгжлийн тэсрэлт болсон үйл явдал юм” хэмээлээ.

Мөн “Монгол орны нийт газар нутгийн дөнгөж найман хувь нь ой мод байдаг” гээд Канад Улсын ой мод ургуулж үржүүлдэг туршлагыг Монгол Улсад нэвтрүүлж хэрэгжүүлэх боломжид анхаарч өгөхийг Канадын талаас хүсч буйгаа хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ХАА, ой мод үржүүлэх салбарт хамтран ажиллах нь уул уурхайн салбарт хамтарч ажиллахтай дүйхүйц үйл ажиллагаа болохыг онцолж байсан юм.

Элчин сайд Эд Жэйгэр ХАА, банк, өвлийн спортын чиглэлээр Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх бүрэн боломжтойг онцлоод, ялангуяа мөсний хоккей Канад Улсад монголчуудын морь уралдуулж, бөх барилдуулдагтай ижил зан чанарт нь шингэсэн байдгийг сонирхуулж байсан юм.

ВИДЕО:

Беларусь Улс манайд уул уурхайн тоног төхөөрөмж нийлүүлэх сонирхолтой
 

Ерөнхийлөгч Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Чепурнойг мөн хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд тэрбээр Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Александр Григорьевич Лукашенкод чин сэтгэлийн баяр хүргэсэн захидал илгээсэнд нь талархсанаа илэрхийллээ.

Хоёр улсын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх, Монгол-Беларусь Улсын хооронд дипломат харилцаа тогтоогоод 25 жил болж байгааг уулзалтад оролцогчид дурдаж, улс хоорондын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны комиссын хурлыг хуралдуулах болон Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгчийг Монгол Улсад айлчлуулах талаар санал солилцов.  

Беларусь Улсын хувьд Монгол Улсад уул уурхайн хүнд машин механизм, тоног төхөөрөмж нийлүүлэх сонирхол их байдгийг Элчин сайд ярьсан юм.

Хоёр улсын хувьд ХАА-н салбарт хамтран ажиллах боломж бололцоо өргөн байгаа талаар Монгол Улсын Ерөнхийлөгч онцлон дурдав.

ВИДЕО:

 

Эх сурвалж: President.mn