Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/01-НД НИЙТЛЭГДСЭН

Tesla Model 3-ын тухай сонирхолтой баримтууд

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 8 сарын 1
IKON.MN
Зураг зураг

Цахилгаан хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэгч Tesla өнгөрсөн долоо хоногт анхны масс зах зээлд зориулсан Model 3 загвараа үйлдвэрлэж эхэлсэн билээ. Үүнийг зарим мэргэжилтнүүд автомашины салбарын iPhone хэмээн нэрлэж, хувьсгал хийх бүтээгдэхүүн гэж онцолж байгаа.

Таван суудалтай, $35,000-ын үнэтэй уг машины тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

 

Model 3 нь түлхүүргүй

Уламжлалт түлхүүрний оронд түүнийг ухаалаг гар утаснаасаа нээж, асааж болно. Сүүлийн 3 жилд үйлдвэрлэгдсэн ихэнх ухаалаг гар утас нь Model 3-тай Bluetooth технологиор холбогдож ажилладаг.

Үүнээс гадна хэтэвчинд багтахуйц нимгэн NFC технологитой картыг ашиглаж болно. Түүнийг суудал хооронд байрлах цэгт ойртуулахад л машин асах юм.

 

Хоёр хувилбартай

 

Model 3 нь баттерейн багтаамжаас хамаарсан хоёр хувилбартай. $35,000-ын үнэтэй нь нэг цэнэглэлтээр 350 км зам туулах бол $44,000-ын үнэтэй нь 500 км зам туулна. Хямд хувилбарын Model 3-ыг 210 км туулах хэмжээнд цэнэглэхийн тулд зориулалтын цэнэглэгч станцад 30 минут зарцуулдаг.

Харин гэрийн 240 вольтын эх үүсвэрт залгавал 30 минут тутамд 50 км туулах хэмжээнд цэнэглэгдэнэ.

Үүнээс илүү үзүүлэлттэй Model 3 ирэх оны дундуур гарах сурагтай.

 

Хянах самбар огт байхгүй

 

Жолоочийн урдаас харсан ямар ч хянах самбар байхгүй, харин оронд нь 15 инчийн нэг дэлгэц байдаг. Энэ дэлгэцээс бүх хэрэглээг удирдаж болох аж.

 

Сайжруулсан автомат жолоодлого

Model 3 нь маш олон мэдрэгчүүдтэй. Урд талдаа радарын системтэй, тал тал руу харсан долоон камертай, 12 хэт авианы мэдрэгч, Nvidia Drive PX2 график процессортой юм.

Нэмэлт $5,000-ын багц авснаар Enhanced Autopilot горимыг идэвхжүүлж, хурдыг нийт замын урсгалын хурдтай ижил барих, эгнээний цагаан шугамыг дагах, зогсоолд байрлах, зогсоолоос гарах гэсэн автомат үйлдлүүдийг гүйцэтгэдэг болох ажээ.

 

Өөрөө өөрийгөө жолоодох

 

Бүрэн автомат жолоодлогын горим буюу жолоочгүй зорчих горимыг Tesla компани Model 3-т зориулан хөгжүүлж байгаа. Систем бэлэн болоогүй байгаагаас гадна, АНУ, Британи зэрэг гол зах зээлүүдийн эрх зүйн орчин бүрдээгүй байгаа юм. Хэрвээ дээрх асуудлууд шийдэгдвэл $3,000 нэмж төлөн програмыг нь шинэчилснээр бүрэн автомат жолоодлоготой машинтай болох боломжтой.

 

Хар өнгө стандарт

 

Model 3 загвар нь үндсэн үнээрээ хар өнгөтэй гардаг. Харин $1,000 нэмж төлөөд метал мөнгөлөг, хөх, саарал, цагаан, улаан өнгөнөөс сонгож болно. Мөн 18 инчийн хайлшан обудын стандарт сонголттой бол нэмж $1,500 төлөөд 19 инч болгох боломжтой гэнэ.

 

Дотор нь унтаж болно

 

Арын суудлыг нь эвхээд Model 3 дотроо ор засан унтах боломжтой. Хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар ингэж дэлгэсэн ор нь 206 см өндөртэй хүнийг ч багтаах чадвартай гэнэ.

 

Эх сурвалж: The Guardian