Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/28-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Өлзийсайхан: МАН Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлаж чадахгүй

Ч.Үл-Олдох
2017 оны 7 сарын 28
Зууны мэдээ
 

Улс төр судлаач Ч.Өлзийсайхантай ярилцлаа.

-Улс төр судлаачийн хувьд энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг хэр­хэн дүгнэж байна вэ. Сонгууль анх удаа хоёр шаттай боллоо. Эерэг сөрөг талууд, сурталчилгаа, үйл явц хийгээд бусад асуудлын талаар та ямар байр суурьтай байна?

-Ард түмэн нэгэнт сонголтоо хийсэн учраас Монгол Улсын иргэн хэн ч байсан үүнийг хүлээн зөвшөөрөх нь зүйд нийцэх байх. Энэ сонгууль аль ч шатандаа маш их хууль зөрчсөн. Сонгуулийн хоёр дахь шатанд хууль зөрчсөн их олон тохиолдлууд байсан ч ард түмэн энэ бүхнийг өөрсдийн байр суурь, итгэл үнэмшлээрээ давж гарсан.

Сонгуулийн эхний шатанд ялангуяа МАН-аас нэр дэвшигч хууль ёсыг их л завхрууллаа, төрийн байгууллагууд үүнд хамжин оролцлоо гэж бодож байна. Гэхдээ ардчилал гэж нэг зүйл арай нэг гал алдчихгүй сүүмэлзэх төдий ч гэсэн байгаа болохоороо МАН-ын нэр дэвшигчийг арай ч шууд ялуулчихсангүй  МАН, АН хоёулаа асар их мөнгөтэй учраас бие биеийгээ тодорхой хэмжээгээр хязгаарлаж чадсан.

Жирийн ард түмний төлөөлөл бол тэр их мөнгийг ялж гарах хэцүү, ард түмэн хэчнээн саналаа өгсөн ч зүгээр л нүдэн дээр луйвардуулах л юм байна гэж ойлгосон. Тухайлбал, Сонгуулийн Ерөнхий Хороо нь хуулиараа бүх хэсгийн хороо, сонгуультай холбоотой нэгж тус бүрийг хэдэн сарын өмнөөс  интернетэд холбох, бүх санхүүжилтийг төсвөөс гаргуулж бэлтгэл хангасан байх үүрэгтэй.

Гэтэл бараг л XIX зууны юм яриад, саналаа зөөж байгаа, уул давж байж мэдээгээ хүргэнэ гэх мэт эрхбиш цахим ертөнц, интернет гэдэг юмыг гадарладаг хүн бүр инээд нь хүрмээр сонин юм ярьсан. Энэ байдлаа сонгуулийн дүнг зориуд өөрчлөхөд ашигласан л гэмээр байна. Өөр учир шалтгаанаар Сонгуулийн тухай хуулинд заасан интернет, цахим техник тоног төхөөрөмжөөр хангах заалтыг биелүүлэхгүй орхих учир шалтгаан байхгүй.

Эхний шатанд СЕХ хуулийн заалтыг биелүүлэхгүй байснаараа сонгуулийг будлиантуулахад оролцсон. Хэрэв С.Ганбаатар, Х.Баттулга хоёр хоёрдугаар шатанд өрсөлдсөн бол үр дүн одоогийнх шиг байх байсан гэдэг батал­гаатай биш. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль өнөөгийн төрийн тогтолцооны сул талыг их тодорхой харуулсан сонгууль болсон гэж хувьдаа бодож байна. Сонгууль бүхэлдээ хууль зөрчиж явагдсан. Жинхэнэ ёсоор ардчилал, хууль ёс гэж байдаг бол сонгууль дахих ёстой.

Гэхдээ манайд энэ нь ерөөсөө ч байхгүй юм чинь бид хүлээн зөвшөөрөхгүй гээд яах вэ дээ. Гэхдээ нийгэмд МАН-ын нэр дэвшигч л биш бол хэн нь ч байсан яах вэ гэсэн сэтгэхүй илт давамгайлж байсан нь нэр дэвшигч Х.Баттулгад яалт ч үгүй давуу байдлыг бий болгосон. Х.Баттулгын мөнгө санхүүгийн хүчир­хэг байдал нь хоёрдугаар шатанд М.Энхболдын сонгуулийг илт будлиантуулах үйлдлийг үндсэнд нь хянаж зогсоож чадсан байх.

-2016, 2017 он дараалсан сонгуулийн жил байлаа. Үүний дараах одоо үүсэж буй улс төрийн нөхцөл байдлыг юу гэж үзэж байна?

-Сонгууль жил дараалан болсон нь улс төрийн нөхцөл байдлыг хурцатгах, эсвэл тайван болгох учир шалтгаан болохгүй. Өмнө нь ч дараалан болдог л байсан, нийгмийн амьдрал явдгаараа явж л байсан учраас ингэж хэлж байна л даа. Харин энэ удаагийн сонгуулиудын явцад улс төрийн маш ноцтой асуудлууд өрнөж байсан нь харин нөхцөл байдлыг их өөрчилнө.

Жишээ нь, 60 тэрбумын асуудал дотор яригдсан зүйлүүд МАН гэдэг улс төрийн хүчний доторх бүлэглэлүүдийн зөрчлийг илт гаргаж ирсэн. У.Хүрэлсүхийн бүлэг М.Энхболдын бүлэглэлийг өнөөгийн том алдаан дээр нь дарж авч чадахгүй бол өөрсдөө нам даруулах байх. Дайсагнаж, хэн ч биш болгох санаатай байгаа гэдгээ нэгэнт нууцын зэрэглэлээсээ алдсан учраас хэчнээн найрамдах гээд энэ бол эвинд орохоосоо өнгөрсөн.

У.Хүрэлсүх энэ боломжоо алдвал эрх мэдлийг хэт төвлөрүүлсэн бүлэглэл тэднийг салган бутаргах, худалдан авах, болохгүй бол замаасаа зайлуулах боломжит бүх аргыг л хэрэглэх байх. Энэ нь удаан сунжирвал хэнд нь илүү эрх мэдэл байна тэр бүлэглэл нь л ялж гарна. Улс төрийн элитүүдийн өрсөлдөөний талаар бичсэн ном зохиолууд, хүн төрөлхтний түүхэнд шинжилгээ хийсэн сонгодог том судлаачид тэгж л бичсэн байдаг юм билээ. Энэ чиглэлийн судалгаа хийдэг хүмүүст харин их сонирхолтой үйл явц болж өнгөрөх нь дамжиггүй.

Х.Баттулга ард түмэнд нэгэнт амласан тул 60 тэрбум, Оффшорын асуудлаа хөндөж гаргах нь гарцаагүй. Энэ нь их эрх мэдэлтэй хүмүүс, УИХ-ын гишүүдийн орших уу, эс орших уу гэдэг асуудлыг хөндөх учраас тэмцэл их өрнөлттэй байх нь гарцаагүй. Х.Баттулга Ерөнхийлөгч энэ зөрч­лийн үр дүнд нэг бол энэ сүлжээний нэг том төлөөлөгч нь болно, нэг бол төрийг эрүүлжүүлэх  асар хүнд ажлыг хийсэн үндэсний удирдагч болж магадгүй. Эрх биш улс орны хувь заяа орших, эс оршихын зааг дээр байгаа ийм үед төрийн тэргүүн болох хувь заяа оногдсон хүн арай эрүүл сонголтыг нь хийх байлгүй дээ.

-Парламентад суудалтай МАН, АН, МАХН-д улс төр яаж өрнөх бол?

-МАН өөр удирдлагад шилжинэ, үгүй бол татан буугдах хэмжээний гэмт үйлдлүүд хийсэн байгаа гэж л бодож байна. Хэрэв хууль ёс гэж байдаг бол. Олон жил эрх мэдлийг өөрсдөдөө ашигтайгаар ашиглаж ирсэн бүлэглэлд намд нь ч, нийгэмд ч сэтгэл дундуур хэсэг тэртэй тэргүй байгаа.

Тэд энэ бүлэглэлийг унагаах гэж гарцаагүй оролдоно. Тэдний оршин тогтнох эсэх нь эцсийн дүнд шүүх эрх мэдлээс хамаарна. Энэ нь Ерөнхийлөгчид оногдсон эрх мэдэл. Иймд дээрх бүлэглэлийн аврал нь хууль тогтоох институцэд байгаа давуу эрхээ ашиглан Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах замаар л өрнөнө.

Гэхдээ энэ нь хууль эрх зүйн их саад бэрхшээлтэй бүтэхгүй зүйл. Хэрэв Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах гэвэл Үндсэн хууль болон бусад хуулиудыг зөрчих учраас МАН-ыг улам хүнд байдалд оруулна. Эрх мэдэл, бүлэглэлийн эрх мэдлээ хадгалах гэсэн оролдлого нь намынх нь нэр хүндэд улам л муугаар нөлөөлнө. Намыг нь татан буугдах хэмжээнд хүртэл савлаж мэдэх юм. Ийм тохиолдолд бусад намууд бүрмөсөн унаг л гэж бодох байлгүй дээ.

-Намууд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Ингэж байж мухардлаас гарна, хямралаас гарна гэж удаан ярилаа. Эрх баригч Ардын нам Үндсэн хуулийн өөрчлөлтийг нэлээд  шуурхайлж зөвлөлдөх санал асуул­га, ажлын хэсгийн хуралдааныг яаравчлан хийж байна. ҮХ-ийн өөрчлөлт ямар байх ёстой вэ?

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой юу гэвэл заавал оруулах ёстой гэж хэлэх байна. Харин ийм шаардлага байгаа дээр нь тоглолт хийж эрх мэдлийг өөрсдөдөө ашигтайгаар, хяналтаас гарах, өөрсдийгөө аврах, гэмт үйлдлээ нуух гэсэн оролдлого бай­гаа мэт сэтгэгдэл төрөөд байгаагаа нуухгүй хэлье.

Үндсэн хуулийг өөрчлөх ёстой гэдгийн нотол­гоо нь Үндсэн хууль батлагдсанаас хойших 25 жилийн хугацаанд засгийн эрх мэдэл ард түмний гарт огт очсонгүй, ард түмний баялаг ард түмнийх биш болж гадна дотнын хэсэг бүлгийн гарт орчихлоо, төр нь түүнийг хянаж чаддаггүй, арга хэмжээ авч чаддаггүй, хэн ч засгийн эрхэнд гарсан байсан хувь хүнийхээ сайн шинжийг ард түмний төлөө зориулахаасаа урьдаар төрийн эрх мэдэлд байгаа байдлаа ашиглан өөрсдийн сайн сайхан байдлыг л хангадаг болсон зэргээр харагддаг.

Үүнд эрх мэдэлд очсон бүхэн гаршиж байна. Энэ нь муу хүмүүс сонгоод байгаад биш тогтолцоо нь өөрөө ямар ч хариуцлага, хяналт тавих боломжгүй байдлаар бүтсэн учраас сайн хүмүүс ч байсан эвдэрч байна. Шударга бус хүмүүст бол бүр асар их хяналтгүй баялгийг ашиглах боломж бий болгож байна. Тогтолцоо нь ийм сул учраас эрх мэдэл бүхий албан тушаалд  шударга хүмүүсийг ажиллуулах биш харин хань хамсаатан, садан төрлөөрөө орж нийтийн баялгийг түвэг багатайгаар  шамшигдуулах боломжийг олгож байна.Иймд байдлыг өөрчилье гэвэл Үндсэн хуулийг шинэчлэхээс өөр аргагүй.

-Үндсэн хуулийн талаарх МАН-ын үзэл баримтлалын талаар та ямар бодолтой байна?

-Үндсэн хуулинд хуйвалдаж өөрчлөлт оруулах, оруулахыг завдах нь хориотой. Үндсэн хуулийг УИХ л өөрчлөх эрхтэй ганц субъект тул хуулийн энэ заалт бол  УИХ-д чиглэсэн заалт. Түүнээс биш хууль батлах боломжгүй, улс төрийн нам, бүлэг, иргэд үндсэн хуулийг ингэж өөрчилмөөр байна гэж санал хэлж хэлэлцүүлэх  нь хууль зөрчсөн үйлдэл биш. Харин хууль баталдаг институци нь хэрэв өөрчлөлт оруулах гэж байгаа бол хуулийг ягштал мөрдөх үүрэгтэй.

Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах гэж байгаа, УИХ-д үнэмлэхүй олонх болсон, дангаараа Үндсэн хууль өөрчлөх тооны гишүүдтэй байгаа нам ардчилсан ёс, шударга ёс, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны зарчмыг заавал мөрдөх ёстой. Түүнээс биш өөрсдөө дийлэнх олонхоороо суучихаад ганц нэг намын ганц нэг хүнийг суулгачихаад хэлэлцсэн болж өөрсдийн олонхоороо дэмжсэн болж өөрчлөлт оруулах гэж байгаа бол энэ ямар ч тэгш эрхийг хангаж чадахгүй, шударга ёсыг ч хангаж чадахгүй.

Үндэсний эв нэгдэлд ноцтой хохирол учруулна. Зүй нь дээд шүүхэд бүртгэлтэй нам тус бүрээс тэнцүү тооны төлөөлөл гаргаж асуудлыг урьдчилан хэлэлцэж төрийн тогтолцоо, үндсэн хуулийн юуг засах вэ гэдэгт нэгдсэн нэг санаатай болох нь зөв юм.

МАН үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэх­дээ судлаачдаас, ялан­гуяа энэ өөрчлөх гээд байгаагийн учир шалтгааныг тодорхой хэлж буй судлаачдаас зугтаж байгаа. Харин учир начрыг нь магадгүй нарийн тунгаахгүй, эсвэл өөрс­дийнх нь эрх ашигт илүү нийцсэн хүнийг л судлаач гэж оруулж байгаа нь нууц биш шүү дээ.

Дэмжсэн болон эсэргүүцсэн аль алиных нь дуу хоолой байж байж  л өөрчлөх эсэхээ шийдэх ёстой. Үндсэн хуулийг өөрчлөх гэж байгаа бол намын эрх ашгийг биш нийт үндэстний эрх ашгийг бодож илүү сайн гэсэн хувилбарыг л сонгох хэрэгтэй.

 “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хууль” хэрхэн яаж өөрчлөлт оруулахыг тодорхой заасан бөгөөд “энэ хуулиас гадуур Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг завдах, хуйвалдан оруулах аливаа үйлдлийг МУ-ын үндсэн хуульт байгуулалд халдсан хэрэг гэж үзнэ” гэж заасан.

Гэтэл МАН Монгол Улсын үндсэн хуульт байгуулалд халдсан үйлдлүүд хийгээд байх юм.  Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл нь заавал байж байж УИХ энэ асуудлыг хэлэлцэж, хоёрдугаар шатны хэлэлцүүлгийн дараа ард нийтийн санал асуулга явуулах ёстой.

Гэтэл төсөл байхгүй, хэлэлцэх эсэх нь тодорхойгүй ийм асуудлаар Зөвлөлдөх санал асуулга гэгч юм хийж улсын мөнгө үрж хямралтай хэцүү байхад баахан зардал гаргах юм. Иргэдээр төрийн тогтолцоо ямар байх вэ гэдгийг эхлээд хэлэлцүүлэх нь утгагүй.

Улс төр судлал, төрийн тогтолцоо гэдгийг 30 жил анхаарч судалж байгаа их сургуулийн багш миний бие энэ зөвлөлдөх ардчилал гээч зүйлд чинь орж чадахгүй, үгээ хэлэх ч боломжгүй байхад хөдөөнөөс ирээд урд шөнө нь үндсэн хуулиа дуустал нь уншчихсан хүн зөвлөлдөх ардчилалд саналаа хэлээд асуудлыг шийдээд явах юм.

Хуулийн төсөл боловсруулах гэж байгаа бол санамсаргүй хүмүүсийг сонгож авах биш харин санаатайгаар хүмүүсийг сонгож авах ёстой. Д.Чойжамц гуай, Н.Жанцанноров гуай нар үнэхээр мундаг. Бурхны сургаал, хөгжмийн нот гэвэл би тэдний өмнө  юу ч хэлж чадахгүй.

Харин төрийн институтуудийн эрх мэдэл ингэж илүүдэх нь ингэж хяналтаас гарах нь гэвэл ямар ч эксперт гэх хүн тайзан дээр гараад уран цэцэн яаж ч ярьсан үнэн хэлж байна уу, хуурч байна уу, үр дүн нь ямар байх вэ, сайн, муу ямар үр дүнд хүрэх вэ гэдгийг эрхбиш арай илүү гадарлаж магадгүй гэж бодож байна. Хуулийн төслөө эрхбиш гадарлах хүмүүс нь бэлэн болгоод дараа нь ард түмэндээ хандаж тайлбарлаж дараа нь саналыг нь авах нь л илүү ухаалаг хэрэг.

МАН хэрэв үндсэн хуулийг ингэж хуурч мэхлэх, хууль зөрчих замаар өөрчлөх гэвэл энэ нь тэмцлийн хурц хэлбэр рүү түлхэж мэднэ. Эрх мэдэлтнүүд өөрсдийгөө хамгаалах янз бүрийн хууль их баталсан. Гэтэл дэлхийн олон улс орнуудад тэмцлийн хурц мөргөлдөөнд шилжсэн л бол тэр хуулиуд чинь үйлчлэхээ больчихдог гэдгийг заавал бодох ёстой.

1992 онд Үндсэн хуулийг баталж байсан үе, өнөөгийн үндсэн хуулийг өөрчлөх гэсэн оролдлого хоёр тэнгэр газар шиг өөр нөхцөлд болж байна. 1992 онд эх орноо гэсэн сэтгэл л байсан бол одоо  засгийн эрх мэдлийг ашиглаад сурчихсан бүлэглэл яаж өөрсдөө гэм зэмгүй мултрах вэ, яаж өөрсдийгөө хамгаалж мөнхөд ноёрхож байх вэ гэдгийгээ илүү бодсон, нөгөө талд нь ийм тогтол­цоог өөрчилж байж ард түмний нуруу тэнийнэ гэж баттай итгэсэн хэсэг хоёрын илт зөрчилдөөн, хяналтын дүнд энэ асуудал өрнөж байна.

-Зарим судлаач, хуульч Үндсэн хуулийн өөрчлөлтөөр ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийн эрхийг хязгаарлах гэж байна гэх боллоо. Ер нь төрийн тогтолцоо ямар байх ёстой вэ?

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5-р зүйлийн 4-т “төрийн эрх мэдлийг хуваарилсан зарчмыг үгүйсгэсэн” өөрчлөлт оруулахыг хориглосон. УИХ-ын гишүүн гүйцэтгэх болон шүүх эрх мэдлийн тодорхой бүрэн эрхийг олж авах гэсэн асуудлаар хууль санаачлах эрхгүй. Засгийн газар ч Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарласан хууль, шүүх эрх мэдлийг өөрчилсөн хууль санаачлах эрхгүй.

Өөрөөр хэлбэл, одоогийн МАН маш их эрх мэдлийг төвлөрүүлсэн байгаа ч Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хуулиараа хязгаарлаж чадахгүй, хэн нь ч ийм хууль санаачлах эрхгүй байгаа.  Мөн Ерөнхийлөгч Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийг тэр­гүүлэх Үндсэн хуулиар олгогдсон эрхтэй. Гэтэл үндэсний аюулгүй байдалтай холбоотой ийм чухал асуудлаар энэ зөвлөлөөс заавал санал авах хуультай. Ийм учраас Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах боломж МАН-д байхгүй.  

Гэхдээ өөрчлөх гэсэн хүсэл бол дэндүү их байгаа байх. “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай” хуулиар дур зоргын шинжтэй, бас аль нэг нам бүлэг, давхрааны ашиг сонирхлыг илэрхийлсэн өөрчлөлт оруулах нь хориотой. МАН дангаараа энэ хуулийг өөрчлөх гэж оролдвол ганц өөрийн намын эрх ашгийг хамгаалсан, хамгаалаагүй гэдгийг МАН биш өөр бусад улс төрийн намууд л үнэлж дүгнэж таарна.

Улс төрийн намуудын их хурал, гишүүд, дэмжигчид энэ өөрчлөлт нэг намын эрх ашгийг хамгаалсан гэсэн дүгнэлт гаргавал яах вэ гэсэн асуулт гарч таарна. Энэ тохиолдолд МАН байдлыг цааш үргэлжлүүлж өөрсдийн байр суурин дээр байвал, үндсэн хуулийн хямрал, нийгмийн хямрал  гээч нь л болох байх даа.  Бусад намууд их хурлаараа ийм хуулийн өөрчлөлтийг хуульд нийцээгүй гэж үзвэл ард нийтийн санал асуулгаар л энэ асуудлыг эцэслэн шийдэж таарах байх.

Санал асуулга нийт сонгогчдын 50 хувиас дээш оролцож бас нийт оролцсон сонгогчдын 50 хувиас дээш санал авах ёстой. Энэ хувь хэмжээ нь үндсэн хуулиар баталгаажсан, бас өөрчилж болохооргүй хуульчлагдсан. Зөвлөлдөх ардчилал бол үндсэн хуулинд байхгүй, үндсэн хуулиар баталгаажсан ард нийтийн санал асуулгыг зөвлөлдөх санал асуулга гэгч гадаадынхны зааварчилгаагаар хийж байгаа 1570 орчим хүний санал орлох боломжгүй.

Хэрэв үнэхээр ийм байдлаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа бол энэ бол гаднынхны  заавраар хийж байгаа үйлдэл, туршилт, өөрсдийн хууль бус үйлдлээ нуух гэсэн, өөрсдөө зөвлөлдөх ардчилал гэсэн нэрээр халхавч хийж ялаас мултрах гэсэн, шүүх эрх мэдэлд өөрсдийн хяналтыг тавьж гэм үйлдлээ нуух гэсэн арга зам байх гэмээр л харагдаж байна.

-МАХН санаачлан хуульч, эрдэмтэн судлаачидтай хамтран шинэ Үндсэн хуулийн төсөл /БНМАУ-ын Дээд хууль/-ийг улс даяар хэлэлцүүлж, санал солилцох аяныг эхлүүлснээ үргэлжлүүлэхээ мэдэгдсэн байгаа. Энэ талаар та юу хэлэх вэ?

-МАХН-аас санал болгож байгаа Дээд хууль бол өнөөгийн төрийн тогтолцооны сул талуудыг бүгдийг хааж чадсан үнэхээр засгийн эрх ард түмэнд өгсөн, эрх мэдэлд байгаа хэн ч эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж чадахааргүй болгосон, ард түмний баялгийг хувь хүн өөрийн болгох бүх нүх сүвийг хаасан төсөл болсон.

Хоёр танхимтай парламент, ард түмнээс гарч ирсэн дээд танхим нь хяналт тавих, мэргэшсэн парламентчдаас бүрдсэн доод танхим нь хуулийн төслийг боловсруулах үндсэн зарчимтай. Бүх шатны шүүгчид, Сонгуулийн Ерөнхий Хороо гэх мэт хяналтын чухал байгууллагуудаа ард түмнээсээ шууд сонгодог байх гэсэн  ардчиллын зарчмуудыг жинхэнэ утгаар нь оруулж өгсөн заалтуудтай маш сайн төсөл байгаа.

Монгол Улсаа улс шиг улс болгоё гэж бодож байгаа хэн ч гэсэн энэ хуулийг уншиж ойлговол дэмжихээс өөр аргагүй тийм л төсөл. Гэхдээ хүн ямар нэг сайн үйл хийе гэвэл сайхан сэтгэл нь байх хэрэгтэй. Улс орноо гэсэн чин сэтгэл нь байхгүй бол үүнийг нэг намын л боловсруулсан баримт бичиг гэсэн өнцгөөс нь харах биз.

Гэтэл МАХН-аас санал болгож байгаа энэ баримт бичиг бол монгол үндэстний баялаг гэж үнэлэгдэхээр оюуны том бүтээл болсон л гэж хэлмээр байна

-Ер нь Үндсэн хуулийг өөрчлөх шаардлага, юуг нь яаж өөрчлөх вэ, ард түмний саналыг хэрхэн авч баталгаажуулах вэ гэхчлэн янз бүрийн байр сууриуд байдаг. Шийдэл, гарцыг та юу гэж харж байна?

-Шийдэл гарц МАХН-ын боловсруулж гаргасан Дээд хуулийн төсөлд бүхэлдээ байгаа. Би түүнээс илүүг үнэхээр санал болгож чадахгүй. Надад эрх мэдэл байхгүй, албан тушаал байхгүй. Харин Монголоо сайхан болгох гэсэн жирийн л нэг иргэн, жирийн л нэг судлаач хүн. Жирийн хүн ирээдүйдээ итгэлтэй байх бүх нөхцөл энэ хуу­лийн төслийг бодит зүйл бол­госон тохиолдолд бүрдэнэ гэж итгэж байгаа.

Зураг