Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/26-НД НИЙТЛЭГДСЭН

Хайгуулын зөвшөөрлийн бүртгэлийг ЦАХИМААР авч эхэллээ

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 7 сарын 26
iKon.MN
 
Гэрэл зургийг Mpa.mn

Ашигт Малтмал Газрын Тосны Газраас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Монгол улс нь 2017 оны Баялгийн засаглалын индекст авч болох 100-аас хангалттай буюу 64 оноо авснаар үнэлгээнд хамрагдсан 89 орноос 15 дугаар байрт, Евроазийн бүс нутгийн 9 орноос тэргүүн байрт жагсжээ.

Түүнчлэн газрын тосны хайгуулын үйл ажиллагаанд 50 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэх төлөвлөгөөтэй байгаа аж.

"Гадны хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор хийж байгаа гол ажил бол мэдээллийг ил тод байлгах"

 
Гэрэл зургийг Mpa.mn

АМГТГ-ын дарга Б.Баатарцогт “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаатай холбоотойгоор гадны хөрөнгө оруулагчид нэлээн сонирхож байгаа.

Гадны хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор хийж байгаа бидний гол ажил бол мэдээллийг ил тод байлгах, хөрөнгө оруулагч нарт хууль эрх зүй, геологийн суурь судалгааг ил болгох ажлуудыг түргэн шуурхай хийж байна.

Мөн олон улсын байгууллагуудаас гаргадаг анализуудад өөрсдийн үйл ажиллагаа, тайлангийн системээ тодорхой болгож, эрх зүйн орчинг цэгцтэй болгохоор ажиллаж байгаа.

Ингэснээр олон улсын судалгааны байгууллагуудаас гарч байгаа үнэлэлт дүгнэлт эерэг болж эхэлж байна” хэмээн тайлбарлалаа.

Газрын тосны эрлийн гэрээний дагуу хагас жилийн байдлаар 18 талбайд үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс газрын тосны 10, нүүрсний давхаргын метан хийн 5, шатдаг занарын гурван гэрээ хэрэгжиж байна.

Хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр олгох үйл ажиллагаа удаашралтай явагдаж ирсэн. Харин цахим хэлбэрээр зөвшөөрөл олгох ажил өнөөдрөөс эхэлж байгаа юм байна.

"Хайгуулын зөвшөөрлийг цахимаар авах бэлтгэл ажил бүрэн хангагдаж, өнөөдрөөс бүртгэл эхэлнэ"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Энэ талаар Кадастрын газрын дарга Д.Мөнхтамир “Засгийн газрын тогтоол гарснаар хайгуулын тусгай зөвшөөрлийг цахимаар олгох үйл ажиллагаа эхэлж байна. Бэлтгэл ажлыг АМГТГ-аас хангасан байгаа.

Хуучин өргөдлийг цаасан хэлбэрээр авдаг байсан. Харин одоо үүнийг цахим хэлбэрт шилжүүлж байгаа юм. Ингэхдээ дугаар авсан цагтаа ирж, манай системд өөрийн координатыг шивэх ёстой.

Шивснээр тухайн талбай давхцалтай, эсвэл хориглосон талбай болох нь тодорхойлогдох боломжтой.

Цаасан хэлбэрээр өргөдөл авдаг байхад зураг зүйн асуудлаас болж нийт өргөдлийн 20 орчим хувь нь татгалзсан хариу авдаг байсан бол цахим хэлбэрт шилжсэнээр энэ асуудал бүрэн шийдэгдэх юм.

Бэлтгэл ажил бүрэн хангагдаж, өнөөдрөөс бүртгэл эхлэх гэж байна” гэв.