Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/26-НД НИЙТЛЭГДСЭН

Flash-ийг 2020 онд “тэтгэвэрт гаргахаар” боллоо

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 7 сарын 26
IKON.MN
Зураг зураг

Нэгэн үе онлайн орчны ихэнх контентыг тоглуулдаг байсан Флаш технологио 2020 оны төгсгөлөөр бүр мөсөн зогсоох болсноо Adobe Systems компани өчигдөр буюу Мягмар гарагт зарлалаа.

Ирэх гурван жилийн хугацаанд Флашийг алхам алхмаар устгаж, 2020 оноос хойш тус компани ямар нэг шинэчлэл хийхээ зогсоож, вэб броузерууд дэмжихээ болих гэнэ.

“Интернэтийн орчинд цөөхөн технологи Флаш шиг хүчтэй, эерэг нөлөө үзүүлсэн байх” хэмээн Adobe компанийн дэд ерөнхийлөгч Говинд Балакришнан мэдэгдэлдээ дурджээ.

20 гаруй жилийн өмнө үүссэн Флаш технологи нь онлайн тоглоом, видео тоглуулагч зэрэг олон броузер дээр зэрэг ажиллаж чаддаг програм хөгжүүлэх гол платформ болж байсан юм.

2005 онд тус технологийг хөгжүүлсэн Macromedia компанийг Adobe худалдан авч байсан ба тэр үед  интернэтэд холбоотой компьютеруудын 98-аас дээш хувьд Флаш ажилладаг байжээ.

Харин Apple компани Флашийг iPhone утсандаа суулгахаас татгалзсаны дараа түүний уналтын үе эхэлсэн юм. 2010 онд Стив Жобс нэгэн ил захидалдаа Apple яагаад Флаш технологийг нэвтрүүлэхгүй байгаагаа тайлбарласан юм. Тэр Флашийн найдвартай ажиллагаа, аюулгүй байдал, хүчин чадлын талаар шүүмжилж, оронд нь шинэ HTML5 технологийг дэмжихээ илэрхийлж байв.

Сүүлийн жилүүдэд хэд хэдэн вэб броузерууд Флаш технологийг идэвхжүүлэх эсэхийг хэрэглэгчээс нь заавал асуудаг болсон. Google-ийн Chrome броузер гэхэд 2014 онд 80 хувь нь ашигладаг байснаа өнөөдөр 17 хувь болж унасныг тус компани өчигдөр мэдээлжээ.

Үүний шалтгааныг Google “Сайтууд Флашаас илүү хурдтай, эрчим хүч бага зарцуулдаг нээлттэй вэб технологиуд руу шилжиж байгаагийн илрэл” гэсэн байна. Мөн шинэ технологиуд нь аюулгүй байдлын хувьд илүү найдвартай байгааг Google онцолжээ.

Adobe цаашдаа Флаш технологийг ашигласаар байгаа хөгжүүлэгчдийн контентыг шинэ платформууд руу шилжихэд нь туслахаар болсон байна. Adobe мөн Флашийн мөхөл өөрийнх нь бизнест муу нөлөө үзүүлэхгүй гэжээ. “Флашийн дараах ертөнцөд Adobe-ийн боломж илүү их байгаа гэж бид бодож байна” хэмээн Балакришнан мэдэгдэлдээ өгүүлсэн байна.

 

Эх сурвалж: Reuters