Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

Говийн бүсэд баригдах НАРНЫ анхны цахилгаан станцын барилгын ажил эхлэхэд бэлэн боллоо

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 6 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх хамгийн том буюу 15 МВт хүчин чадал бүхий нарны цахилгаан станцыг байгуулахаар болжээ.  Энэхүү төслийг "Эрчим Тээг" ХХК  Япон улсын "Шигемицү Шожи", "Шарп" корпорациудтай хамтран хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

Жил бүр дунджаар 25.5 сая кВтЦ цэвэр сэргээгдэх цахилгаан эрчим хүчийг төвийн эрчим хүчний системд нийлүүлнэ

Нарны цахилгаан станцын барилгын ажил энэ жилийн 3-р улиралд эхлэх бөгөөд 2018 оны 2-р улиралд бүрэн ашиглалтад орох төлөвлөгөөтэй байгаа аж.

Тус нарны цахилгаан станц нь Шарп брэндийн өндөр үзүүлэлттэй нарны дэлгэц, дэлхийд тэргүүлэх барууны тоног төхөөрөмжөөр тоноглогдох ба Шарп корпорацийн туршлага, ноу-хау-г ашиглах тул дэлхийн хэмжээний стандарт хангасан орчин үеийн байгууламж болох аж.

Мөн жил бүр дунджаар 25.5 сая кВтЦ цэвэр сэргээгдэх цахилгаан эрчим хүчийг төвийн эрчим хүчний системд нийлүүлэх аж. Ингэснээр тус нарны цахилгаан станц нь жил бүр хүлэмжийн хийн ялгарлыг ойролцоогоор 27 мянган тонноор, нүүрс шатаалтыг 18 мянган тонноор ба цэвэр усны хэрэглээг 257 мянган тонноор тус тус багасгах боломжийг бүрдүүлжээ.

Сайншанд-Замын-Үүдийн чиглэлд шинээр гарах төслүүдийг найдвартай эрчим хүчээр хангана

 
Гэрэл зургийг mpa.mn

Төслийн менежер Л.Ганзоригт "Энэхүү гэрээ нь Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэхэд ач холбогдолтой. Мөн Засгийн газрын баталсан сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд давуу тал болж өгнө.

Түүнчлэн, Замын-Үүдэд 15 МВт хүчин чадал бүхий нарны цахилгаан станцыг байгуулснаар Сайншанд-Замын-Үүдийн чиглэлд шинээр гарах төслүүдийг найдвартай эрчим хүчээр хангана гэж үзэж байгаа" гэв.

Уг арга хэмжээнд Эрчим Тээг ХХК-ний гүйцэтгэх захирал Г.Хишигбат, Шигемицү Шожи корпорацийн ерөнхийлөгч хатагтай Гэгэнтана болон Шарп корпорацийн эрчим хүч хариуцсан захирал Сато нар оролцон хамтран ажиллах гэрээг үзэглэснээр нарны эрчим хүчээрээ дэлхийд данстай говийн бүсэд баригдах нарны анхны цахилгаан станцын барилгын ажил албан ёсоор эхлэхэд бэлэн болж байгаа юм.

 
Гэрэл зургийг mpa.mn