Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Ариунбаатар: Монголынхоо амжилтыг шинэчилсэндээ маш их баяртай байна

Б.Сумъяа, Монголын мэдээ
2017 оны 6 сарын 23
Монголын мэдээ
Зураг зураг

Их британи, Умард ирландын нэгдсэн вант улсын Уэлсийн нийслэл Кардиф хотноо зохион байгуулагдсан “BBC Cardiff Singer of the World-д тэргүүн байр эзэлж, дэлхийн шилдэг таван дуучны нэгээр тодорсон Чингис хаан одонт, МУГЖ Г.Ариунбаатар өчигдөр эх орондоо ирлээ.

Түүнийг гэр бүлийнхэн болон Төв аймгийн Нутгийн залуучуудын холбоо Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд 06.30 цагт угтан авч, хүндэтгэл үзүүлсэн юм. Энэ үеэр түүний сэтгэгдлийг сонслоо. 

-Юуны өмнө танд баяр хүргэе, дэлхийн дуучин болоод эх орондоо ирж байна, сэтгэгдлээсээ хуваалцаач? 

-Нар хур тэгширсэн, сайхан өдөр эх орондоо ирж байна, сайхан байна. “Cardiff singer of the world” тэмцээнд хоёр төрлөөр оролцож, хоёуланд нь финалд үлдэж, нэг төрөлд нь тэргүүн байр эзэлж, Монголынхоо амжилтыг шинэчилсэндээ маш их баяртай байна. Сэтгэл дүүрэн байна сайхан байна. 

-Дэлхийн том дуучид, үзэгчдийн өмнө “Монголын тал нутаг” хэмээх сайхан дуугаа дуулсан. Энэ нь Монголын үзэгчдэд төдийгүй дэлхий нийтэд маш их таалагдаж, сэтгэлд нь хүрсэн байх?

-Миний хувьд дэлхийн тайзан дээр энэ агуу хөгжмийн зохиолчдын бүтээлийг эгшиглүүлэх юмсан гэсэн мөрөөдөл байсан. Том зориг гаргаж, Монгол сонгодог бүтээлээр хаасан. Олон хүнд их таалагдсан нь мэдэгдэж байлаа. Гадаадад байгаа монголчууд төдийгүй маш олон хүн надад урмын үг хайрлаж, дэмжиж байлаа.

Сүүлийн хэдэн өдөр аз жаргалаар бялхсан сайхан өдрүүд байна. Дэлхийн сонгодог бол олон сая хүмүүсийг уйлуулдаг, уяраадаг гайхамшигтай бүтээл байдаг. Гэхдээ Монгол Улс бас сонгодог урлагтай, бид бас юм бүтээдэг хүмүүс шүү дээ гэдгийг харуулахыг хичээж, тэмцээндээ оролцлоо. Үзэгчид ч маш сайхан хүлээж авсан. 

-“Cardiff singer of the world”-ийн тайзан дээр тэргүүн байрын шагнал гардаж авах мөчид юу бодогдож байв?

-Мэдээж уралдаанд орж байгаа учраас унах, тэнцэхгүй байх эрсдэл бий. Гэхдээ энэ тэмцээнийг Оросын ард түмэн, маш олон дэлхийн мундаг уран бүтээлчид гээд маш олон хүмүүс харж байгаа учраас өөрийнхөө хүч хөдөлмөрийг шавхах маш том хариуцлага байсан.

Тэргүүн байр эзэлсэн мөч бол мэдээж маш сайхан байлгүй яах вэ. Дэлхийн энэ том тэмцээнд би өөрийгөө сорих, хүч хөдөлмөрөө харуулахаас гадна Монгол Улсынхаа нэрийг гаргаж байгаадаа сэтгэл хангалуун, сайхан байсан. 

-Таны ойрын төлөвлөгөө юу байна вэ? 

-Удахгүй болох баяр наадмынхаа концертод оролцоод, хэд хоног амарна даа. Тэгээд дараагийн ажилдаа орно. Сая Европын нэлээн томоохон агентуудтай гэрээ байгуулах, цаашдын хамтын ажиллагаа зэргээр ярилцсан. Есдүгээр сараас ажиллаж эхлэх байх. Үүний дараа тэрбээр СУИС-д очин багш нартаа хүндэтгэл үзүүлж уг тэмцээнд дуулсан Б.Шаравын ая, З.Түмэнжаргалын үг “Монголын тал нутаг” дуугаа дуулжээ.

Энэ үеэр уг дууны хөгжмийг зохиосон төрийн шагналт, хөгжмийн зохиолч Б.Шарав хөгжимдөж хүргэсэн байна. Өчигдөр дэлхийд Монголынхоо нэрийг дуурсгасан залуугийн тухайд шагналын хур буусан өдөр байлаа.

“Чингис хаан” одонт, Монгол Улсын гавьяат жүжигчин, цагдаагийн ахмад Г.Ариунбаатарт Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар цагдаагийн хошууч цол олгосон юм.

Түүнчлэн, СУИС-ийн магистр цол, Цагдаагийн "Сүлд" чуулгын уран сайхны удирдаач болжээ.

Зураг