Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/22-НД НИЙТЛЭГДСЭН

Саймон Холт: Сэтгүүлчид бизнесийн ШИНЭ ЗАГВАР хайх аялалд гарах цаг болсон

ikon.mn
2017 оны 6 сарын 22
iKon.MN

“Хуурамч мэдээг шинэ үзэгдэл шиг ойлгоод байна. Доналд Трампыг төрөхөөс ч өмнө байсан л зүйл шүү дээ”, “Сэтгүүл зүй мөхөж байна гэж ярьдаг сөрөг үзэлтнүүдэд итгэж болохгүй. Сэтгүүл зүй хэзээ ч мөхөхгүй тул залуу сэтгүүлчид хүсэл тэмүүллээ дагах ёстой” хэмээн Австралийн “Brisbane Times” сайтын ахлах редактор асан Саймон Холт ярьж байна. Түүнтэй мэдээллийн вэб сайтаа удирддаг арга барилаас нь эхлээд орчин үеийн сэтгүүл зүйн тулгамдсан асуудлууд хүртэл өргөн сэдвээр ярилцлаа.

30 жил сэтгүүл зүйн салбарт ажилласан Саймон Холт мэргэжлийн карьерийн хувьд арвин намтартай. Түүний боловсруулсан “Орчин үеийн сэтгүүл зүйн инноваци” хичээлийг Австралийн гурван их сургууль сэтгүүл зүйн хөтөлбөртөө оруулсан бол “Орчин үеийн мэдээний өрөөтэй холбогдох 101 арга” ном нь сэтгүүлчдийн дунд эрэлттэй бүтээл болжээ.

МЭДЭЭЛЛИЙН САЙТ УНШИГЧДАА ОЙЛГОХ НЬ ХАМГИЙН ЧУХАЛ
 
“Brisbane Times” сайтын ахлах редактор асан Саймон Холт Монголын сэтгүүлчидтэй уулзаж байна. “Brisbane Times”-ын мэдээний өрөө. Брисбен хот. Австрали. 2017.05.03. Зургийг сэтгүүлч С.Болд-Эрдэнэ.

-Австралийн хэвлэл мэдээллийн зах зээлийн хоёр гол тоглогчийн нэг нь танай сайтыг эзэмшдэг “Fairfax media” групп компани. “Brisbane Times” сайтыг өрсөлдөгч “News Corporation” группын “Courier-Mail” сонинтой өрсөлдүүлэхээр байгуулсан гэж сонссон. Зорилгоо биелүүлж чадсан уу?

-“Brisbane Times”-ыг Зүүн-Өмнөд Квийнсланд мужийн зах зээлд өрсөлдүүлэхээр байгуулсан. Манай сайт 10 жилийн өмнө зөвхөн дижитал мэдээ, нийтлэл дагнан бэлтгэхээр 14 сэтгүүлчтэй үйл ажиллагаагаа эхэлж байсан. Дижитал мэдээгээр дагнасан дэлхийн хоёр дахь мэдээллийн сайт юм. Бид муждаа төдийгүй улсдаа танигдсан сайт болж чадсан. Давхардаагүй тоогоор манай сайтад сард сая гаруй хүн зочилдог.

-Амжилттай яваа мэдээллийн сайт ямар зохион байгуулалттай ажилладаг нь уншигчдад маань сонин байх болов уу. Мэдээний редакцийнхаа үйл ажиллагааны талаар ярьж өгөөч?

-“Brisbane Times” 20 сэтгүүлчтэй. Манай сурвалжлах баг дижитал бүтээгдэхүүн гаргахдаа цаг хугацаа болон хэлбэр гэсэн хоёр зүйлд маш их анхаардаг. Тухайлбал, өмнө нь манай сэтгүүлчид оройн 5 цагт эсвэл үүнээс хойш томоохон нийтлэлүүдээ өгдөг байсан. Харин одоо хүлээн авагчдын оргил цаг нь өдрийн цайны цаг болсон тул сэтгүүлчид маань нийтлэлээ энэ үеэр гаргахыг эрмэлзэх болсон. Уншигчдын маань мэдээлэл хүлээн авах зуршил их өөрчлөгдөж байгаа. Өмнө нь өглөөний 7-9 цаг болон ажил тарахын өмнө хандалтын оргил үе байсан бол одоо өдрийн цайны цаг болон 19-20 цагт хамгийн их хандах болсон.

Сэтгүүлчдийн хувьд rounds буюу тойргийн системээр ажилладаг арга барилаас татгалзаж байгаа. Оронд нь улс төр, эдийн засаг, энтертаймент зэрэг тодорхой хэдэн чиглэлд мэргэшсэн сэтгүүлчдээ гаргаад бусад нь ерөнхий мэдээний сэтгүүлчээр ажиллах болсон. Ерөнхий мэдээний сэтгүүлчид бол тойргийн системээр ажиллана.

“Brisbane Times”-ийн өдрийн мэдээний 20-30 хувийг сэтгүүлчид бэлтгэдэг бол үлдсэнийг нь сүлжээ сайтуудаасаа авч нийтэлдэг. Нэг сэтгүүлч өдөрт 3-6 нийтлэл бэлтгэдэг.

-Мэдээллийн бодлогын хувьд сонирхол татаж байна. Тийм сэдвээр түлхүү нийтэлнэ эсвэл мэдээнд тийм шалгуур тавина гэсэн шаардлага байдаг уу?

-Бидний мэдээнд тавих шаардлага бусад сайтуудынхаас их ялгарахгүй. Аль мэдээ нийтлэл хамгийн олон хүнд илүү их нөлөөтэй вэ гэдгийг харгалзан үздэг. Хэдий тийм ч ганц ялгаа байгаа нь зарим мэдээллээ тодорхой бүлэг хүлээн авагчдад зориулан бэлтгэдэг. Жишээ нь, өдрийн цайны цагийн хүлээн авагчдад зориулж хүнсний дэлгүүрүүдийн ачаалал хэр их байгааг мэдээлэх нь маш олон хүнийг татдаг. Харин урт, дүн шинжилгээ бүхий нийтлэлийн сэдвийг сошиал медиагаар тандаж сонгоод оройн уншигчдад чиглүүлэхэд үр дүнтэй байдаг.

Юу бичих вэ гэдэг дээр 3E-гийн зарчмыг баримталдаг. Энэ нь emotion-хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөх, education- хүмүүст боловсрол олгох, evolution-хүмүүсийн амьдрал дээшилж буй хувьсал өөрчлөлтийн тухай мэдээлэл юм. Эдгээр нь уншигчдын сонирхлыг их татдаг.

 
“Brisbane Times” нь дижитал мэдээгээр дагнасан дэлхийн хоёр дахь мэдээллийн сайт юм. “Brisbane Times”-ын мэдээний өрөө. Брисбен хот. Австрали. 2017.05.03. Зургийг сэтгүүлч Г.Идэрхангай.

-Уншигчдаа хэрхэн хадгалж, хөгжүүлдэг вэ? Хэрэглэгчдийн талаар анализ хийдэг ямар программ ашиглаж байна?

-Бид хүлээн авагчдаа татахын тулд тэд юу уншиж байна вэ, ямар аргаар бичиж түгээсэн мэдээ илүү олон хүнд хүрч байна вэ гэдгийг судалж, суралцдаг. Манай хамт олон дүн шинжилгээ хийдэг олон төрлийн программ ашигладаг. Хүмүүс юу уншиж, юунд хариу үйлдэл үзүүлж, юуг хэнтэй хуваалцаж, дүн шинжилгээ бүхий урт нийтлэлтэй хэрхэн холбогдож байна вэ гэдгийг мэдэх нь маш чухал асуудал. Хэрэглэгчдийн судалгааг уншигчдаа илүү ойлгоход ашигладаг бөгөөд энэ нь мэдээ нийтлэлийн сэдвээ сонгоход нөлөөлдөг.

-Хэрэглэгчдээ ойлгох нь чухал гэж байна. Оролцуулах талаас хэр анхаардаг вэ? “Brisbane Times” сайт хэрэглэгчдийн бүтээсэн контент (user generated content) үйлдвэрлэдэг үү?

-Тийм ээ. Сэтгүүлчид маань мэдээнд хамааралтай буюу нөхцөл байдлыг мэдэрч байсан хэн нэгэн үүний тухай хэлэх нь илүү анхаарал татах ач холбогдолтойг хүлээн зөвшөөрдөг болсон. Бид саяхан алдартай тамирчин амиа хорлох гэж оролдсон тухай мэдээ нийтэлсэн. Ингэхдээ хэрэглэгчдийн бүтээсэн контентуудыг ашигласан юм. Амиа хорлох гэж оролдож байсан уншигчдын бичсэн өгүүллүүд бидний яагаад тамирчин амиа хорлох гэснийг ойлгох гэж хичээж байснаас хавьгүй хүчирхэг байсан.

Тэгвэл эсрэгээр нь newsbot-ыг (хиймэл оюун ухаанаар/ роботууд мэдээ нийтлэл бичих) хэр дэмждэг вэ? Зарим томоохон агентлагууд newsbot-ын бичсэн мэдээллүүдийг түгээх болсон.

Хэн нэгэн мэдээг бүтээх ёстой. Тэр нь хүн байгаасай гэж би хүсдэг. Мэдээний роботууд нь зарим хүмүүст зорилготойгоор үйлчилдэг. Гэвч миний хувьд мэдээг эрсдэлд оруулж байгаа хэрэг юм. Манай сайт newsbot ашигладаггүй.

ХЭРЭГЛЭГЧДИЙН БҮТЭЭСЭН КОНТЕНТ, ВИДЕО БОЛОН ВИУЗАЛЬ НИЙТЛЭЛҮҮДЭД АНХААРАХ ЁСТОЙ

-Мэдээ нийтлэлийн үр нөлөөг сайжруулдаг ямар шинэ технологи, нийтлэлийн арга хэлбэрийг нэвтрүүлж байгаа вэ?

-Шуурхай мэдээ бэлтгэх, шууд дамжуулалт зэрэг нь сайн ажилладагийг бид мэднэ. Уншигчид эдгээрээр тэжээгдэж байдаг. Тиймээс шууд, шуурхай дамжуулалтаа сайжруулахыг бидэнд байгаа нөөц боломжийнхоо хэрээр хичээж байна. Түүнчлэн бид хэрэглэгчдийн бүтээсэн контент, товч мэдээ, видео болон визуаль нийтлэлүүдийн олон хэлбэрийг туршиж байгаа. Хоёр өөр гарчиг өгөөд аль нь илүү анхаарал татаж буйг тандаж үздэг. Бидэнд мэдэхгүй, сурах ёстой олон зүйлүүд байна.

Бид тогтмол хувьсан өөрчлөгдөж байна. Нийтлэлээ ямар цагт хүргэх нь илүү чухал вэ, ямар төрлийн мэдээ нийтлэл бэлтгэх вэ, тэднийгээ хэнд хүргэх вэ гэдгийг туршиж, хором бүрт суралцаж л байна даа.

-Сошиал медиад чиглэсэн ямар нэгэн зүйл хийж байна уу?

-Мэдээж хийж байгаа. Уншигчдын маань 15-20% нь Facebook-ээр дамжин орж ирдэг. Манайх зарим видеонуудаа зөвхөн сошиал медиад зориулан бэлтгэдэг. Хэдийгээр тогтмол биш ч сошиал медиад зориулсан контент заавал үйлдвэрлэдэг. Тэрхүү контент нь төлөвлөгөөний дагуу гардаг бөгөөд вэб сайтдаа заавал байршуулдаг.

 
Саймон Холтын боловсруулсан “Сэтгүүл зүйн инноваци” хичээлийн хөтөлбөрийг Австралийн 3 их сургууль хөтөлбөртөө оруулан зааж байна. “Brisbane Times”-ын мэдээний өрөө. Брисбен хот. Австрали. 2017.05.03. Зургийг сэтгүүлч С.Болд-Эрдэнэ.

-Ерөнхий редакторын ажил үүргийн талаар ярилцая. Та сэтгүүлчдийнхээ бүтээлийн үр дүнг хэрхэн хэмждэг вэ? Тэдний ажлыг дүгнэхдээ соёлын ялгаа, мэдрэмж, үр нөлөө, түгээгдэх байдал зэргийг харгалзан үздэг үү?

-Бид сэтгүүлчдийнхээ бүтээлүүдийг харьцуулан үнэлэх тодорхой үзүүлэлт бий болгосон. Бид соёлын ялгаа гаргадаггүй. Харин олон нийтийн мэдрэмжийг маш чухалд тооцдог. Учир нь хүлээн авагчид чинь юу бодож байгааг мэдэх нь чухал. Тогтмол сайн ажиллаж буй сэтгүүлчийн бүтээл дунджаар хэр их хандалт авах ёстойг баримжаалдаг. Гэхдээ хандалт зарим долоо хоногт бусдаасаа ялгаатай байх тохиолдол байдаг учраас багийнхныгаа тодорхой тоонд хүрэх ёстой гэж хүчилдэггүй.

Бид сэтгүүлч хүлээн авагчидтайгаа хэрхэн холбогдож байна вэ гэдгийг сайтар анзаардаг. Энэ нь хэрвээ тухайн сэтгүүлчийн хандалт байнга шалгуураас доогуур байвал яагаад вэ гэдэг асуултад хариулахад тусалдаг юм.

Ер нь сэтгүүлчийн ажил байнга гүйтцэтгэлдээ хүрэхгүй байх нь хоёр л шалтгаантай. Нэг бол тэд зөв мэдээ нийтлэлээ сонгохгүй байна, нөгөө бол нийтлэлээ буруу хэлбэрээр хүргэж байна гэсэн үг. Бид эдгээр асуудлуудыг хэлэлцэх нь сэтгүүл зүйн чанарыг сайжруулах эерэг арга зам гэж үздэг. Тиймээс хүмүүсийн хүртэхийг хүссэн хэлбэрээр мэдээгээ хүргэж байгаа эсэхээ байнга эргэж хардаг.

-Өнөөгийн онлайн сэтгүүлчдээс та ямар ур чадварыг шаарддаг вэ. Яагаад?

-Сэтгүүлчийг олон талын ур чадвартай байхыг хамгийн чухал үзүүлэлт гэж үздэг. Тэд хэрхэн хурдан бичих, зураг авах, бичлэг хийхийг мэддэг байх ёстойгоос гадна өөр өөр платформ бүрт тохирох хэлбэрээр мэдээ нийтлэл бэлтгэж чаддаг байх ёстой. Өглөө нь үйл явдлыг шуурхай мэдээлж байсан сэтгүүлчээс өдөр нь үүнийг сошиал медиагаар түгээхийг, орой нь дүн шинжилгээ бүхий нийтлэл бичихийг шаардаж болно. Мэдээ бол маш олон сорилтуудыг хүлээж буй, хурдацтай өөрчлөгдөж буй орчин нөхцөл юм.

-Ажил үүргийн хувьд болон дижитал нийтлэлээр дагнасан томоохон сайтын хувьд ямар сорилтууд хүлээж байна вэ?

-Бидний хамгийн том сорилт бол брэнд. Бидэнд уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэл, бид энд байгаа шүү гэдгийг хүмүүст сануулах сонин байхгүй. Энэ нь сул тал байж болох ч би үүнийг зөвхөн өөрийнхөө талбарт л анхаарах ёстой шүү гэдгийг сануулдаг сэрүүлэг гэж хардаг. Энэ нь бид зах зээлдээ хамгийн шилдэг онлайн сэтгүүлчид байх ёстой бөгөөд хүмүүс биднээс хүлээдэг тэрхүү өндөр стандартаар л мэдээллүүдээ хүргэх ёстой гэсэн үг.

Ажил үүргийн хувьд сошиал медиагийн тэсрэлтийн эхэн үе нь том сорилт болсон. Хэрвээ сошиал медиа хэрэглэгч алдаа гаргах л юм бол нийгмийн сүлжээ сайтуудаар маш хурдан тархана. Сэтгүүлчдийн хувьд хэн нэгний болон олон нийтийн анхаарлын төвд байх сорилт нь илүү хүчтэй үйлчилж байна. Энэ бол бид юу хийх ёстойд нөлөөлж буй шинэ элемент юм.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ ЯЛГАРАХ ОНЦЛОГТОЙ БАЙХ ЁСТОЙ
 
Саймон Холт Австралийн Ерөнхий сайд Жулиа Гиллардтай хамт. Зургийн эх сурвалж: www.smh.com.au

-Саймон Холт 30 орчим жил сэтгүүл зүйн салбарт ажиллажээ. Энэ салбарын 30 жилийн хөгжил дэвшлийн гэрч гэсэн үг. Тиймээс сэтгүүл зүйн тухай үзэл баримтлалууд нь их сонирхолтой байна. Та сэтгүүлчийн мэргэжлээ юу гэж тодорхойлох вэ? Юугаар нь их бахархдаг вэ?

-Сэтгүүлч бол туйлын ажил мэргэжил юм. Бид нийгмийн хамгийн муу муухай үр уршигтай нүүр тулдаг. Аллага, авлига, тамлал, байгалийн гамшиг. Бас хамгийн сайнтай нь ч учирдаг. Амьдрал бэлэглэх шинжлэх ухааны нээлт, амиа хайрлахгүй сайхан сэтгэлийн тухай түүх, спорт, урлагийн авьяас чадварууд. Маш сонирхолтой.

Сэтгүүл зүй нэвтрэх боломжийг бүрдүүлдэг ажил. Би дэлхийн хамгийн алслагдмал нутагт цагдаа нарын ажиллалааг сурвалжилж, рок одод, кино найруулагчид, ерөнхий сайдтай ч ярилцаж явлаа. Би мэтгэлцээнийг дамжуулж, уй гашууг ч хуваалцаж бас инээд хөөрийг ч бичиж явлаа.

Сэтгүүл зүй бол үүрэг хариуцлага. Энэ цаг үе бол яах аргагүй үйлдвэрлэлийн давалгааны үе юм. Хэдийгээр би өнөөдөр ажлаа сонголтоороо орхисон ч сэтгүүлчийн үүргээ орхихгүй байх боломжтойг мэдэрч байна. Бусад хүмүүст ийм тансаг сонголт олдохгүй шүү дээ.

Би шударга бус явдлуудыг илчлэх боломжтой, нэг хэсэг нь байгаадаа үргэлж талархаж явдаг. Сэтгүүлчийн хувьд би Зүүн-Өмнөд Ази дахь авлига, хөдөлмөрийн мөлжлөг, тэр дундаа хүүхдүүдийг хүчээр биеийг нь үнэлүүлж буй тухай илчлэх боломжтой байсан. Редакторын хувьд, бусдыг үүнтэй ижил зүйл хийхэд удирдах боломжтой. Би үргэлж өөрчлөлт авчрахыг хүсдэг бөгөөд үүнийг хийх боломж гарсан тухайд би юу хийсэн бэ гэхээсээ илүү мэргэжлээрээ бахархдаг.

-Өөрийнхөө сайтаас гадна ямар хэвлэл унших дуртай вэ?

-Би аль нэг мэдээллийн хэрэгслийг миний дуртай гэж ялгадаггүй. Учир нь хэвлэл мэдээллийн ямар ч хэрэгсэл бусдаас ялгаатай байх нь чухал гэж итгэдэг. Би мэдээг бичсэн хэлбэр, хэрэглэсэн аргыг шүүмжлэхгүйгээр уншиж чаддаггүй бөгөөд сэтгүүлчид мэдээгээ илүү сайн болгохын тулд яаж болох байсан бэ гэж боддог. Магадгүй та намайг мэдээг хүртэх таашаалаа бусниулсан хэмээн буруутгаж болох юм. Гэвч би хүлээн авагчдын тухай, өөрөөр хэлбэл масс хүлээн авагчдыг юу, ямар аргаар заавал хариу үйлдэл үзүүлэхэд хүргэдэг вэ гэдэгт гайхширсаар байна. Миний хувьд мэдээ нийтлэл уншсан хүмүүсийн сэтгэл зүйг судлах нь сонирхол татаж байгаа.

 
Саймон Холтын бичсэн “Орчин үеийн мэдээний өрөөтэй холбогдох 101 арга” ном

-Би MuckRack.com гэдэг сэтгүүлчдэд зориулсан сошиал платформ ашигладаг юм. Тэр сүлжээнд цөөнгүй хэдэн сэтгүүлчид таны бичсэн “Орчин үеийн мэдээний өрөөтэй холбогдох 101 арга” (101 ways to connect with modern newsroom) номыг уншихыг санал болгосон байсан. Уншигчдад маань номныхоо талаар ярьж өгөөч?

-Би орчин үеийн сэтгүүл зүйн тухай, уламжлалт сэтгүүл зүйтэй хэрхэн харьцуулагдах тухай олон сургалт семинар зохион байгуулсан. Мэдээний редакциуд маш хурдан өөрчлөгдөж байгаа бөгөөд редакциас богино хугацаанд ч болов тусгаарлагдсан сэтгүүлч эргээд өнөөгийн нөхцлийг ойлгоход хэцүү байх болно гэдгийг мэдсэн. Тиймээс сэтгүүлч бэлтгэдэг багш нар, PR-ын мэргэжилтнүүд болон хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй эсвэл тэнд ажилладаг хэн нэгэнд хэрэгтэй гэдэг үүднээс ялгаатай хүчин зүйлүүдийг гэрчлэхийг хүссэн юм. Мөн тэдгээр ялгаануудын үр нөлөө сэтгүүлчид болон редакторуудын шийдвэр гаргах явцад хэрхэн нөлөөлж буйг тайлбарлахыг хүссэн. Хэрвээ хүмүүс эргэцүүлэх процессыг ойлгох юм бол харилцан ойлголцоход илүү амар байх болно. Хүмүүст орчин үеийн мэдээний өрөөнд харилцахад илүү амархан байх боломжийг олгож байгаагаараа үнэ цэнэтэй бүтээл болсон гэж боддог.

-Таныг сэтгүүл зүйн хичээлийн хөтөлбөр боловсруулсан нь 3 их сургуульд батлагдан ашиглагдаж байгаа гэж сонссон. Сэтгүүл зүйн инновацийн тухай хичээл гэсэн биз дээ?

-Тийм ээ. Би байгууллагынхаа 40 гаруй мэргэжилтэнтэй тэдний үүрэг хариуцлага, ашигладаг технологи болон ажил үүрэг нь хэрхэн өөрчлөгдсөн тухай ярилцсан. Бид маш олон ярилцлагыг камерт буулгасан нь оюутнуудад хэрэгтэй зүйл болсон юм. Зургаан долоо хоногийн турш өдөрт 14 цагийг зарцуулж байж оюутнуудад зориулсан 90 мянган үгтэй зөвлөгөөг бичсэн. Тэр бүтээл нь чи үүнийг ингэж хийх ёстой тухай биш энэ хэрхэн өөрчлөгдөж байна, үүнийг хийх шинэ арга зам олох ёстой тухай юм.

-Австралийн сэтгүүл зүйд инноваци хэрхэн илэрч байна?

-Инноваци олон хэлбэрээр гарч ирж байгаа учраас яг нэг зүйлийг онцлох хэцүү байна. Сэтгүүл зүйн инноваци нь дата цуглуулах, нийтлэлээ өөрөөр хэлбэрчлэх эсвэл шинэ платформ үүсгэхэд илүү их анхаарч байгаа. Технологийн том том өөрчлөлтүүд бий болж байгаа ч би инновацийг хувь хүний үүднээс хэрэгжүүлэхийг илүүд үздэг. Тухайлбал, сэтгүүлч хүний хувьд уншигчийнхаа амьдралыг сайжруулж болох жижиг өөрчлөлтүүд илүү чухал гэж үздэг. Магадгүй та нэг түүхийг өгүүлэхийн тулд 300 үгтэй нийтлэл бичжээ. Одоо харин та уншигчдад түүхийг зураг, бичлэгээр шууд дамжуулсан бол чухал байсныг ойлгох болно. Энэ нь таны ажлын урсгалыг, нөгөө талаас танай хүлээн авагчдын туршлагыг сайжруулж байдаг Энэ бол жижигхэн өөрчлөлт, гэвч инновацид тооцогддоггүй нь харамсалтай.

 

-Технологи сэтгүүл зүйг хурдтайгаар өөрчилж, олон боломж бас асуудал үүсгэж байна шүү дээ. Сэтгүүл зүйн ирээдүйн талаар ямар үзэл бодолтой байна?

-Дижитал технологи сэтгүүл зүйг асар их өөрчилсөн. Сайн талаас нь харвал манай хүлээн авагчдын тоо урьд өмнө байгаагүйгээр өсч байна. Муу талаас нь харвал энэ нь уламжлалт бизнесийн загварыг зэрэмдэглэж байна. Өөрөөр хэлбэл мэргэжлийн сэтгүүл зүй аюулд орж байна гэсэн үг. Энэ тухай номондоо дэлгэрэнгүй бичсэн. Гэхдээ сэтгүүл зүй мөхнө гэж байхгүй. Мэргэжлийн сэтгүүл зүй үхлийн орон дээрээ хэвтэж байна гэж ярьж буй нь үнэнээс хэтэрхий хол байна. Технологи мэдээг хүргэх, үйлдвэрлэх замыг өөрчилснөөр хүлээн авагчид үнэн бодит, баталгаажуулсан мэдээллийн өлсгөлөнд нэрвэгдэж байгаа нь үнэн. Шинэ төрлийн мэдээний редакциуд байгуулагдаж байна. Хоточ нохойн шинэ үүлдэр ч бий болж, IV засаглал ч орчин үеийн хувцас өмсөнө биз. Гэсэн хэдий ч нягтлах, тэнцвэрт байдлыг хадгалах гэсэн сэтгүүл зүйн зарчмууд үйлчилсээр л байх болно. Сэтгүүл зүйн үүрэг одоо ч өмнөх шигээ л байгаа.

Хуурамч мэдээг шинэ зүйл шиг битгий ойлгоорой. Энэ чинь Доналд Трампыг ч төрөхөөс өмнө байсан л зүйл шүү дээ. Энэ үргэлж л бидний мэргэжилд итгэх итгэлийг үгүйсгэн оршсоор л байсан.

Хэрэглэгчдийн тухай дүн шинжилгээ болон популизм сэтгүүлчдийг нийтлэлээ хүргэх аргаас илүүтэй хэлбэрт нь анхаарахад сургах вий гэж эмээдэг. Энэ нь чухал нийтлэл бичигдэхгүй орхигдох магадлалтай гэсэн үг.

Сэтгүүлчид бизнесийн бүтээлч загвар олох аялалд гарах ёстой. Хэдийгээр үүнийг ярихад их хугацаа шаардах ч үндсэн ойлголт нь маш энгийн. Нэг бол хүмүүс мөнгө төлөхүйц өрсөлдөөнтэй сэтгүүл зүйг бий болго, нөгөө бол хүлээн авагчдаа мөнгөний эргэлтэнд оруул.

-Өсч яваа сэтгүүлчдэд юу зөвлөх вэ?

Бидний үүрэг уулыг хөдөлгөх биш. Харин үнэнийг илчлэх, олон нийтийн санаа бодлыг бүрдүүлэхэд туслах, комминитигуудыг хамтран ажиллаж, бие биедээ туслахад зоригжуулах бас шударга бусыг засах явдал юм.

Сэтгүүл зүй мөхсөн, мөхөж байна гэж ярьдаг сөрөг үзэлтнүүдэд битгий итгээрэй. Тэмүүлэл, мөрөөдлөө дагаарай. Хэрвээ хэн нэгэн чамд чи үүнийг хийж чадахгүй гэж хэлэх юм бол эргэж хараад түүнийг нь заавал хийгээрэй. Тэр хүн буруу бодож байсныг нь нотол. Жижиг байсан ч хамаагүй дэлхийд өөрчлөлтийг бүтээ.


 

Саймон Холттой танилцах боломжийг Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ) олгосон юм. Тус байгууллагын хэрэгжүүлж буй “Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага” (IMRI) төслөөс “Эдийн засаг, уул уурхайн сэтгүүлчдийн онол, дадлагын сургалт”-ыг нэг жилийн хугацаанд 4 ээлжээр зохион байгуулсан. Сургалтанд Монголын сонин, сэтгүүл, телевиз, вэб сайтын хориод сэтгүүлч оролцож эдийн засаг, уул уурхай, интернет сэтгүүл зүй, сэтгүүлчийн ёс зүй сэдвээр Австралийн Квийнсландын Их Сургуулийн багш нараас сургалт авч; уул уурхайн салбарын төлөөллүүдтэй уулзаж, хэлэлцүүлэг өрнүүлж, мэдээ нийтлэл бэлтгэсэн юм. Дөрөв дэх ээлжийн сургалт Австрали Улсад болсон бөгөөд тус улсын уул уурхайн туршлагыг судалж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй нь танилцсан.

 
Саймон Холт: Сэтгүүлч хүнд өөрчлөх боломж байдаг. “Brisbane Times”-ын мэдээний өрөө. Брисбен хот. Австрали. 2017.05.03. Зургийг сэтгүүлч С.Болд-Эрдэнэ.

Аялалын үеэр зочилсон газруудын нэг нь “Brisbane Times” сайтын редакц бөгөөд биднийг угтсан Саймон Холтын яриа сонирхол татаж, түүнийг салбартаа туршлагатай, нөлөөтэй нэгэн болохыг баталж байсан юм. Тиймээс ноён Саймон Холттой дахин холбогдож орчин үеийн сэтгүүл зүйн асуудлууд, интернет сэтгүүл зүйн хөгжил болон мэдээллийн вэб сайтаа хэрхэн ажиллуулдаг тухай нь ярилцлаа. Тэрээр биднийг зочилсны маргааш шинэ албан тушаалд дэвшиж, өөр хот руу нүүсэн тул ажил ихтэй байж таараад товлосон ярилцлага маань хожуу хэвлэгдлээ.

Сэтгүүлч Д.Идэржаргал