Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын бизнесийн өрсөлдөх чадварыг Азийн бүс нутгийн боломж нэмэгдүүлнэ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 6 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Монголын Бизнесийн Зөвлөл (МБЗ)-ийн хоёрдугаар чуулга уулзалт “Азийн бүс нутгийн эдийн засгийн уялдаа холбоо” сэдвийн дор Их Тэнгэр цогцолборт зохион байгуулагдлаа. 

“Азийн бүс нутгийн эдийн засгийн уялдаа холбоо” чуулга уулзалтад 250 орчим олон улсын болон дотоодын төр засгийн төлөөлөгчид, хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид оролцож Азийн бүс нутгийн бизнесийн хөгжлийн харилцан үр ашигтай түншлэлтэй холбоотой дэд бүтэц, эрчим хүч, уул уурхайн төслүүдийг хэлэлцэхээс гадна бүс нутгийн уялдаа холбоог сайжруулснаар бий болох эдийн засгийн хөгжлийн боломжуудын талаар санал солилцлоо.

Монголын эдийн засаг, бизнесийн өрсөлдөх чадвар нь дэд бүтэц, зам тээвэр, эрчим хүчний салбарын хөгжлөөс шууд хамааралтай байдаг. Иймд МБЗ-ийн хоёрдугаар чуулга уулзалтын үеэр “Бүс нутгийн эдийн засгийн уялдаа холбоо: Эдийн засгийн шаардлагаас улс төрийн бодлого руу”, “Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ”, “Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх нь”, “Байгаль орчин дахь бүс нутгийн бизнесийн чиг хандлага” гэсэн дөрвөн гол сэдвийн хүрээнд салбар хуралдааныг зохион байгуулж, хэлэлцүүлгийг өрнүүлэв. 

Монголын Бизнесийн Зөвлөлийн ТУЗ-ийн дарга Б.Бямбасайхан “Монголын Бизнесийн Зөвлөл нь хөрөнгө оруулалт, худалдаа, бизнест таатай орчин бүрдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулж, Монгол Улсын эдийн засгийн хөгжилд өөрийн гэсэн бодит хувь нэмэр оруулахыг зорьж ажилладаг. Энэ ч утгаараа Монгол болон олон улсад зохион байгуулагддаг тэргүүлэх түвшний хөрөнгө оруулалтын чуулга уулзалтуудыг зохион байгуулж ирсэн.

Одоогоор дэлхийн 100 гаруй улс “Нэг бүс, нэг зам” санаачилгыг дэмжихээ илэрхийлж, үүнээс 40 гаруй улс хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, түншлэхээ мэдэгдсэн. Энэ санаачилгыг монголын компаниуд хэрхэн бизнесийн боломж болгох вэ, яаж бодит ажил болгон хэрэгжүүлэх вэ гэдэг талаар, түүнчлэн Азийн бүс нутагт ямар боломжууд байгаа, ирээдүйд ямар боломжууд бий болох талаар хэлэлцэж, мэдээлэл солилцохыг энэ удаагийн чуулган маань зорилоо.

Монголын компаниуд Азийн бүс нутагт уялдаа холбоогоо сайжруулна гэдэг ирээдүйд бизнес хийхэд илүү өрсөлдөх чадвартай болно гэсэн үг” гэдгийг онцолж байлаа. 

Мөн чуулга уулзалтын үеэр гурван илтгэл тавигдсан бөгөөд  “Бүс нутгийн эрчим хүчний зах зээлийг өргөжүүлэх нь” сэдвийн хүрээнд Япон Софт Банк Энержи Корпийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Шигэки Мива, “Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалт” Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Ахлах эдийн засагч Деклан Мэги, “Байгаль орчин, нийгэм, засаглал дахь бүс нутгийн бизнесийн чиг хандлага” сэдвийн хүрээнд Эрдэнэ Ресурсын тусгай зөвшөөрөл хариуцсан Дэд Ерөнхийлөгч Жон Лионз нар илтгэл тависан юм.