Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

Хот үмхийрлээ

Г.Ганчимэг Монголын мэдээ
2017 оны 6 сарын 12
Монголын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Аз жаргалтай” тодотголтой Улаанбаатарын иргэд үнэндээ улсынхаа нийслэлд амьдраад байна уу, нийтийн жорлонд бүтэж үхэх гээд байна уу гэлтэй л аж төрж байна. Ялангуяа, 22-ын товчоо, Буянт-Ухаа, Нисэх, Яармагийн ойролцоо байнга, салхи баруунаас байх юм бол хотын төв рүү ч хааяа хааяа цэвэрлэх байгууламжийн үмхий үнэртдэг боллоо. Тэртээ 1964 онд 500 мянган хүн амтай хотод зориулж барьсан Төв цэвэрлэх байгууламж хүнээр бол хоногоо хүлээж байгаагаас ялгаагүй.

Эцсийн бүхий л нөөц хүчээ дайчилж, бүр давуулан ажиллаж байгаа гэдэг. Уг нь энэ асуудлыг нийслэлийн нэг агентлаг хариуцаад зохицуулчих ёстой гэж дарга сайд нар үздэг ч үнэндээ хүчрэхгүй байсаар өдийг хүрчээ. Бүр УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнгөрсөн хавар газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцсан.

Тэгээд “Төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын асуудал”-аар хэлэлцүүлэг зохион байгуулж байлаа. Үүний үр дүнд энэ дөрвөн жилд Төв цэвэрлэх байгууламжийг барьж дуусгах юм байна гэдэг мессежийг тухайн үед хэвлэлээр дамжуулан олон нийтэд хүргэсэн. Олны хэл амыг дарж, түр ч атугай “гал унтраах” энэ аргыг үе үеийн дарга нар хэрэглэсээр л.

Харин өнгөрсөн жил Ази Европын чуулга уулзалт Монголд болж, нийслэлийн иргэд Төв цэвэрлэх байгууламжийн үмхий үнэрийг ганц зун ч гэсэн мартаж билээ. Учир нь АСЕМ-д ирсэн дээд хэмжээний хүндтэй зочдыг Улаанбаатар хот үмхийрч, бохиртойгоо хутгалдсан байдалтайгаар угтахыг хүсээгүй юм.

Тэгээд төд удалгүй намрын сэрүү орж, өвлийн жаварт өнөөх үнэр танар түр мартагдсан хэрэг. Гэтэл одоо зун болдгоороо болж, цэвэрлэх байгууламжийн асуудал дахин сөхөгдөж байна. Өнгөрсөн зун үмхий үнэрийг үнэтэй бодисоор дарж байжээ. Энэ ажилд улсын төсвөөс 8.1 тэрбум төгрөгийг зарцуулсан юм байна. Харин энэ жил хэт зардал өндөртэй энэ аргаас татгалзсан бололтой. Бүхэл бүтэн улсын нийслэл бохироороо амьсгалж байна. Өөрөөр хэлбэл, хот үмхийрлээ. Эсвэл үмхийрч л байг юм уу. АСЕМ-гүй хотын ард иргэд зуны нарлаг сайхан өдрүүдэд бохироороо амьсгалах шийтгэл хүлээгээгүй л байлтай.

Тиймээс энэ дөрвөн жилдээ багтаан Төв цэвэрлэх байгууламжийг барьж дуусгана гээд “ам гарчихсан” юм чинь түр зууртаа буюу үлдсэн хоёрхон жилд АСЕМ-аар хэрэглэсэн аргаа ард түмнийхээ төлөө хэрэглэж болохгүй юу. Зардал мөнгө нь ч арай бага орох байлгүй дээ. Өмнө нь зарцуулсан 8.1 тэрбум төгрөгөөр Төв цэвэрлэх байгууламжаас гарах үнэрийг дарах технологийг сайжруулах 25 ажил хийсэн гэж танилцуулж байсан. Харин одоо технологи нь сайжирсан юм чинь зөвхөн бодисоо худалдаад авчихгүй юу.

Харин халаа сэлгээ хийж, мэргэжлийн хүмүүсийг ажлаас халахгүй байх тухай асуудлыг өнгөрсөн хавар хөндөж байсан. Энэ нь ч аргагүй биз. Бодлогын төвшинд дорвитойхон ажил хийсэн шиг хийлгүй түр зуур аргацааж, дарга нар хотынхоо бохирыг цэвэрлэх ажлыг бие бие рүүгээ шидэж өнгөрөөх гээд байдаг нь гэм биш зан. Тэгсэн атал мөрөөрөө ажлаа хийж яваа эгэл жирийн иргэн хүнтэй хатуу чанга хариуцлага тооцон сүрийг бадруулж, ажил амьдралаар нь хохироодог жишиг манайд тогтоод буй нь хэдийнээ ил тод болжээ.

Тэгээд ч зөвхөн үнэрээр нь амьсгалахад ийм хүнд байгаа юм чинь тухайн орчинд буюу яг голомт дээр нь ажиллахад ямар хэцүү байх вэ гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Тиймээс Төв цэвэрлэх байгууламжид ажилладаг хүмүүс 45 нас хүрээд тэтгэвэрт гарахаар болжээ. Мөн ажлын орчныг хүнд хортой гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Төв цэвэрлэх байгууламжид ажиллаж буй иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэж эхэлсэн нь сайшаалтай.

Одоо харин Төв цэвэрлэх байгууламжаа барих ажлаа түргэвчилмээр байна. Үгүй ядаж л 1.5 сая хүн хөлхөж буй бүхэл бүтэн улсын нийслэл байна даа, баригдаж дуусах хүртэл нь үнэр танараа дарах арга чарга авахгүй бол арай л биш ээ.

Зураг