Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/09-НД НИЙТЛЭГДСЭН

С.Мөнхбаяр: Олон улсын динозаврын музей байгуулна

Т.Идэр
2017 оны 6 сарын 9
Зууны мэдээ
 

Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаяртай аялал жуулчлал, уул уурхайн асуудлаар ярилцлаа.

-Өмнөговь аймаг байгалийн үзэсгэлэнт газар олонтой. Жуулчдыг татах чиглэлээр ямар ажлууд хийж байна вэ?

-Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд төрийн бодлого дутагдаж байна. Мөн орон нутгийн бодлого хэрэгтэй. Манай аймгийн хувьд ирэх дөрвөн жилийн төлөвлөгөөндөө аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлыг тусгайлан авч үзсэн. Тухайлбал, зам дагуу жуулчдын амрах газар, эко ариун цэврийн газар байгуулна.

Ялангуяа манай аймагт жуулчдын хамгийн их үздэг Ёлын ам, Баян заг зэрэг газруудын орчныг сайжруулах, менежментийн төлөвлөгөөг шинэчлэх тал дээр анхаарна. Зам дагуу газруудыг тэмдэгжүүлэх ажил их чухал юм билээ. АНУ-ын палеонтологийн хүрээлэнгийн судалгааны ажилтнууд ирээд явсан. Боломж нь бүрдвэл олон улсын динозаврын музей байгуулах тал дээр холбогдох яамдаас зөвшөөрөл авч энэ ажлыг эхлүүлэхээр төслийн шатандаа явж байна.

-Урьд нь хийд, Хэрмэн цав зэрэг газрын ойр орчмыг тохижуулах талаар ярьж байсан. Ямар шатандаа яваа вэ?

-Одоохондоо хэрэгжиж эхлээгүй байгаа. Хил орчмын аялал жуулчлалын тал дээр ярилцаж байгаа. Энэ чиглэлээр Яаралтай асуудлуудыг шийдвэрлэхээр орон нутгийн зүгээс саналаа тавьж байна.

-Өмнөгөвь аймгийг бүсчлэн хөгжүүлэх асуудал ямар шатандаа байгаа вэ?

-Өмнөговь аймгийг бүсчлэн хөгжүүлэх хөтөлбөр батлагдаад олон жил яригдаж байна. Зүүн, баруун бүсийг уул уурхай давамгайлсан бүс болгон хөгжүүлэх, төвийн бүсийг аялал жуулчлал болон үйлдвэрлэлийн бүс гэж хуваасан. Энэ чиглэлийн бодлого барьж ажиллана. Үндсэндээ уул уурхайн бүтээгдэхүүн сэргэсэнтэй холбоотой бүх компаниуд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа.

Үүнийг дагаад ажлын байр нэмэгдэнэ. Мөн жижиг дунд үйлдвэрлэлүүд хөгжих суурь тавигдаж байна. Олон компани жижиг дунд үйлдвэрлэлийн төслүүд эхлүүлэхээр ярьж байна. Энэ чиглэлээр ажил урагштай явж байна.

Аялал жуулчлалын тал дээр ч бас хамгийн их үзэж сонирхдог газруудыг тохижуулах гээд олон ажлууд төлөвлөөд явж байгаа.

-Танай аймагт хамгийн их хөндөгддөг уул уурхайн асуудлаар ирэх дөрвөн жилд ямар бодлого баримтлах вэ?

-Манай аймагт тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа 11 компани байгаа. Мөн стратегийн томоохон ордууд дээр байрлах гурав, дөрвөн компани байдаг. Байгаль орчны уул уурхайн менежментийн төлөвлөгөөгөө жил болгон боловсруулдаг. Энэ менежментийн ажлуудыг холбогдох байгууллагууд нь батална. Хэрэгжилтийг аймаг орон нутгаас очиж шалгадаг. Энэ хүрээнд малчдын өвөлжөө хаваржааны асуудлыг зохицуулдаг. Мөн уул уурхай дээр байгаль орчинд нөлөөлөхөөс илүүтэй зам тээврийн осол болон жолооч нар, тээврийн компаниудын хариуцлагын асуудал яригдана. Үүн дээр бид анхаарч ажиллаж байгаа.

-Орон нутаг уул уурхайгаас хэр их ашиг олж татвар төвлөрүүлдэг вэ?

-Манай аймаг улсад хамгийн их орлого төвлөрүүлдэг аймгуудын нэг. Нэгдүгээрт өөрийгөө санхүүжүүлэх, хоёрдугаарт улсын төсөвт орлого төвлөрүүлж байна. Энэ нь уул уурхайн компаниудын ашиглалтын төлбөр, ашигт малтмалын нөөц ашиглалтын татвар хураамжуудаар орлого төвлөрч байгаа.

-Лиценз, зөвшөөрлийн асуудлуудаа яаж шийдэж байгаа вэ?

-Ашигт малтмалын хайгуулын лиценз авахын тулд тухайн сум, орон нутгийн иргэдийн хурлаас дэмжих бичиг авдаг. Тэгэхдээ энэ нь бас өрөөсгөл байдаг. Хуульд заасан үндэслэлээ татгалзахгүй бол иргэдэд лиценз олгогдох боломжтой. Зайлшгүй үндэслэл үүсээгүй тохиолдолд татгалзах үндэслэл болж чаддаггүй асуудал байдаг. Ер нь сүүлийн үед бид хайгуулын лиценз олгох тал дээр эсрэг байр суурьтай байгаа. Сүүлийн жилүүдэд лицензийн тоо харьцангуй цөөрсөн.

-Говийн усны нөөцийг хэрхэн зохицуулж байна?

-Улаан нуурт Онгийн гол цутгадаг. Энэ нуур сүүлийн жилүүдэд сэргэж байгаа. Гүний усны хэрэглээг цааш нь нэмэгдүүлэхгүй байх тал дээр аймаг ажиллаж байна. Xамгийн их хэрэглээтэй компани гэхэд хоногт 900 литр секунд ус хэрэглэдэг. Усны эргэх ашиглалт нь 85 хувьтай явдаг. Өөр их хэмжээгээр ус ашигладаг газар байхгүй. Цаашид бий болох зэс хайлуулах үйлдвэр ч юм уу нүүрс угаах чиглэлээр гарч байгаа зарим төслүүдийг зөвхөн гадаргын ус буюу Хэрлэн говь, Онги говь гэсэн төслүүдээр усныхаа хэрэгцээг ханга гэсэн бодлогыг барьж байна.

-Нутгийн иргэд гар аргаар чулуу түүдэг, олборлодог асуудал хэвээрээ юу?

-Хувь хүмүүс газар дээр ил байгаа хөнгөн чулууг түүдэг асуудал байсаар байна. Харин Гурвантэс суманд Улаан чулууны орд байдаг. Олон жил маргаан дагуулж байгаа ч шийдэгдээгүй байгаа. Гэхдээ ашиглалтынхаа лицензийг бол авсан.

Зураг