Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/05-НД НИЙТЛЭГДСЭН

“Алтан хальс индепендент кино наадам” болно

Б.Ану
2017 оны 6 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Монголд арт киног таниулах, монгол уран бүтээлчдэд гадаадын уран бүтээлчидтэй өрсөлдөж, хөгжих боломж олгон, кино урлагт шинэ уур амьсгал, шинэ давалгааг түүчээлэх зорилготойгоор “Алтан хальс” холбооноос тав дахь жилдээ зохион байгуулж байгаа кино наадам энэ жилээс эхлэн Алтан хальс индепендент кино наадам (Altan Khalis Independent Film Festival – AKIFF) болохоор болжээ. 

Индепендент кино гэдгийг тухайн улсын кино урлагийн түгээлтийн болон хийц маягийн зонхилох чиг хандлагаас эрс ялгарахуйц, цэвэр арилжааны зорилгоор бүтээгдээгүй, зохиогч, найруулагчийн хувийн бүтээлч дуу хоолой чухалчлан илэрсэн кино хэмээн тодорхойлж болох юм. Энэ удаагийн AKIFF кино наадам Хүүрнэлт кино, Хүүхэлдэйн кино, Баримтат кино, Эксперименталь кино гэсэн төрлөөр зохиогдох бөгөөд энэ жил 52 орны 268 бүтээл ирсэн билээ. Улмаар уралдаант хэсэгт өрсөлдөхөөр шалгарсан 25 бүтээлийг тодруулсан бөгөөд эндээс 10 нь Монгол кино байгаа юм. 

Кино наадам зургаадугаар сарын 9, 10, 11-нд “iCinema” кино театрт зохиогдох бөгөөд кино наадмын төгсгөлд шүүгчдийн багийн эцсийн шийдвэрийг олон нийтэд зарлан шагнал гардуулах ёслол болох бөгөөд наадмын дээд шагнал болох “Golden Reel Award - Алтан хальс шагнал” -ыг Монгол болон гадаадын ямар ч кино хүртэх боломжтой. Мөн дараах шагналыг олгоно. 

  • Шилдэг монгол хүүрнэлт кино (өргөмжлөл, мөнгөн шагнал)
  • Шилдэг монгол хүүхэлдэйн кино (өргөмжлөл, мөнгөн шагнал)
  • Шилдэг монгол баримтат кино (өргөмжлөл, мөнгөн шагнал)
  • Шилдэг монгол эскпериментал кино (өргөмжлөл, шагнал)
  • Шилдэг гадаад хүүрнэлт кино (өргөмжлөл, мөнгөн шагнал)
  • Шилдэг гадаад хүүхэлдэйн кино (өргөмжлөл, мөнгөн шагнал)
  • Шилдэг гадаад баримтат кино (өргөмжлөл, мөнгөн шагнал)
  • Шилдэг гадаад эскпериментал кино (өргөмжлөл, мөнгөн шагнал)

Түүнчлэн шагналт уран бүтээлчид Америкийн томоохон кино наадмуудын нэг Афины кино наадмын (Academy Award® Qualifying Festival) сонголтын хороонд бүтээлээ толилуулах эрхийг олгоно. Уг кино наадамд шалгарсан бүтээл Оскарт өрсөлдөх эрхтэй болдог. 

Юнител группын Номадиа пикчерс наадмын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа бөгөөд 2013-2016 оны Алтан хальс андерграунд кино наадмын шилдэг бүтээлүүдийг Юнивишний “0” сувгаар хүлээн авч үзэх боломжтой. 

Энэ удаагийн кино наадмын онцлох зүйл гэвээс Герман хэл, соёлын “Гёте” институттэй хамтран Германы нэрт найруулагч, Берлиний олон улсын кино наадмын дээд шагнал Алтан баавгай (2004 он, Хананы эсрэг), Каннын кино наадмын Шилдэг кино зохиолын эзэн (2007 он, Амьдралын ирмэгт), дөнгөж болж өнгөрсөн 70 дахь удаагийн Каннын наадамд “Бүдгэрэхүй” бүтээлээрээ жүжигчин Дайн Кругерт “Шилдэг эмэгтэй дүр”-ийн шагналыг олж өгсөн Фатих Акиныг хүндэт зочноор авч ирэн кино уран бүтээлчдэд зориулан мастер класс зохион байгуулна. Улмаар гол дүрд нь Б.Ананд гэх монгол хүү тоглосон “Чик” уран сайхны киноны Ази дахь нээлтийг хийхийн сацуу жүжигчин Б.Ананд, найруулагч Фатих Акин нартай киноны дараа уулзалт ярилцлага хийнэ.  

Шүүгчдийн бүрэлдэхүүн: 

  1. Берлиний олон улсын кино наадамд “Цахлай” киногоороо шалгаран оролцсон ОХУ-ын Халимаг гаралтай найруулагч Элла Манжеева – Наадмын ерөнхий шүүгч
  2. Нийтлэлч Б.Баабар 
  3. МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн профессор, доктор Ph.D Ч.Болдбаатар багш
  4. ЮНЕСКО-н Монголын Үндэсний Комиссын Соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн М.Цэцэнбилэг (“Шөнийн галт тэрэг” хамтлагийн дуучин)
  5. Юнител Группын Номадиа Пикчерсийн продюсер, эвлүүлэгч М.Төгөлдөр  

Элла Манжеева шүүгчээр ажиллахын сацуу кино уран бүтээлчдэд зориулж мастер класс зохион байгуулна. 


Дэлгэрэнгүй мэдээллийг 99111741, 99069635, 86190013 дугаараас авна уу.