Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/02-НД НИЙТЛЭГДСЭН

Майкрософтын үүсгэн байгуулагчдын нэг дэлхийн хамгийн том онгоцыг бүтээлээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 6 сарын 2
IKON.MN
Зураг зураг

Далавчны урт нь нийтдээ 117 метр хүрэх, дэлхийн хамгийн том онгоцыг Майкрософт компанийн үүсгэн байгуулагчдын нэг Пол Аллен санхүүжүүлж бүтээжээ.

Зургаан хөдөлгүүр, хос эх биетэй Stratolaunch нисэх онгоц нь хиймэл дагуулыг тойрог замд хүргэх зориулалттай. Нисэж байхдаа өөр дээрээсээ хиймэл дагуулыг пуужингаар хөөргөх чадвартай тул газраас хиймэл дагуул хөөргөхөөс бага түлш зарцуулах давуу талтай юм.

250,000 кг хүртэл жинтэй пуужин ба түүний ачааг тээвэрлэх чадалтай уг онгоцны бүтээх зардал $300 сая хүрсэн гэгддэг. Stratolaunch онгоцоор хүн тээвэрлэж, сансарт хүргэх төлөвлөгөө одоогоор байхгүй байна.

Харин Британий тэрбумтан Ричард Брэнсон үүнтэй ижил аргаар зорчигчдыг сансарт нисгэх Virgin Galactic компани байгуулан ажиллаж байгаа.

Майкрософтыг Билл Гэйтстэй хамтран байгуулж байсан Пол Аллений хувьд энэ нь түүний анхны сансрын бизнес биш. Түүний бизнесийн бүлэгт SpaceShipOne төслийг хэрэгжүүлэгч компани бас байдаг бөгөөд тэрбумтнуудыг сансарт аялуулах зорилготой юм.

Өчигдөр 28 дугуйтай Stratolaunch нисэх онгоцыг үйлдвэрээс нь анх удаа гадагш гаргажээ. Харин шат дараалалтай туршилтууд хийсний дараа 2019 оны эхээр анхны нислэгээ гүйцэтгэх гэнэ.

 

Эх сурвалж: The Guardian