Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/31-НД НИЙТЛЭГДСЭН

П.Анужин: Хүний үгэнд агшиж тэлэх цаг, сөхөө надад байхгүй

Ч.Болортуяа
2017 оны 5 сарын 31
iKon.MN
Зураг зураг

“Монгол Тулгатны 100 эрхэм” хэмээх нэвтрүүлэг гарсан цагаасаа л хэвлэл мэдээлэл, үзэгчдийн нэгэн сэдэв болсоор ирсэн билээ. 

Зочноор нь ийм, тийм хүнийг оруул, оруулсангүй, хөтлөгч нь сайн, муу, улстөрчийн санхүүжилттай, санхүүжилтгүй гэх мэт яриа, хөөрөө энэ нэвтрүүлгийн шинэ дугаар бүрийн араас уяатай байдаг сан. 

Ерөөс хэн ч тоохгүй зүйл сэн бол юунд ийм яриа, хэл ам гарах билээ. 

Тэгвэл Монголчуудыг телевизийн өмнө уях, бас араас нь ярих хөөрөх сэдвийг дахин нэгээр нэмэх нь. 

Энэ бол "МонГал Товчоон” портрэментари төсөл. 

“Монгол Тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн санаачлагч, хөтлөгч П.Анужингийн телевизийн хоёр дахь цуврал нэвтрүүлгийн төсөл юм. 

П.Анужин болоод түүний багийнхан өнгөрсөн Баасан гарагт IMAX кино театрт шинэ төслийнхөө нээлтийг хийж нэвтрүүлгийнхээ анхны дугаарыг үзүүлээд байна. 

"МонГал Товчоон”-  “Энэ цагийн 81 тэргүүн цадиг оршвой” төслийн нээлтийн үеэр нэвтрүүлгийн санаачлагч, хөтлөгч П.Анужинтай товч ярилцсанаа хүргэе. 

 

- Таны санаачлан, хөтөлж буй "МонГал Товчоон - Энэ цагийн 81 тэргүүн цадиг оршвой" нэвтрүүлгийн эхний дугаарыг үзлээ. Монголд дутагдаж буй баримтат, хөрөг нэвтрүүлгийн төрөл байлаа.  Шинэ төслийнхөө тухай уншигчдад танилцуулахгүй юу?
- Аливааг гоёчлолгүй, муучлалгүй оршин буй бодитоор үзүүлэх нь хэвлэл мэдээллийн хамгийн чухал үүрэг. Энэ нь үзэгч уншигчдад уг асуудалд өөрийнхөөрөө хандах боломжийг олгодог. Өөрийнхөө тархи оюуныг ажиллуулах эрх чөлөөг өгдөг гэсэн үг л дээ. Манайд мэдээллийн ийм төрөл дутмаг санагддаг. 

- Энэ нэвтрүүлэг таны санаачилсан "Монгол Тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийг бодвол илүү залуучуудыг онцолно гэж та хэллээ. Өмнөх нэвтрүүлгээсээ ялгарах бодлого уу. Эсвэл өөр агуулга бий юу?
- Ялгарал ондоошлийн талаар огт бодсонгүй ээ. Энэ төсөл бол Монгол Тулгатныг хийж байх үед толгойд орж ирсэн юм. Яг иртэй бяртай ид бүтээж буй үед нь ярилцвал ямар яриа гарах байсан бол гэж...

Нөгөө талаасаа амьддаа бие биенээ тэр дундаа бүтээгчдийг хүндэтгэх оюуны бяд монголчууд бидэнд хэрэгтэй байна. Хэдий болтол үеэ дарж, үедээ атаархаж, өнгөрч дууссан хойно нь хоосон магтахын бэ бид. Энэ төсөл маань ид бүтээж буй оюуны хийгээд эдийн баялаг бүтээгчдийн амаргүй агаад бахархалт түүхийг баримтат туурийн аргаар үзүүлнэ. Эх орноо хайрлахын, эх орондоо эзэн нь болж амьдрахуйн, энэ амьдралаа утга учиртай өнгөрөөхүйг бодуулах, Монголчуудын эв нэгдэл бие биенээ хайрлахуйг уриалсан төсөл юм.

- Нэвтрүүлэгт хамтран ажиллаж байгаа уран бүтээлчдийгээ болон санхүүжилтийн талаар танилцуулж болох уу?
- Энэ удаагийн төслийн гүйцэтгэгч буюу хамтран ажиллах байгууллагаар Монголын шинжлэх ухааны хялбаршуулсан баримтат кино бүтээгчдийн нийгэмлэгийг сонгосон. Бидний хэлдгээр кино дэлгэцийн луугарууд, мэргэжлийн сайн баг бий. Төсөл маань гурван найруулагчтай, ерөнхий найруулагчаар  туршлагатай, чадварлаг найруулагч н.Бадрал ажиллаж байгаа. Аливааг бүтээхэд мэргэжил их чухал ч хүн чанар, ёс зүй үүнээс ч чухал. Бид ёс зүй, хүнлэг чанар, бүтээлч сэтгэхүйгээр зангидагдан бүтээлээ туурвиж байна. 

Төслийг улс төр хийгээд элдэв агуулгатай хутгахгүйн тулд санхүүг эрүүл, бизнесийн салбарынхантай хамтран босгож байна.

Хүний үгэнд агшиж тэлэх цаг, сөхөө надад байхгүй.

 - "МонГал Товчоон"-ы анхы зочноор Н.Наранбаатар найруулагчийг сонгосон нь ямар учиртай вэ?
- Бидний он цаг, бидний үеэс маш цөөн хүнийг төр онцолж соёрхсон байдаг. Түүний нэг нь Н.Наранбаатар найруулагч. Нөгөө талаасаа урлаг бол нийгмийн оюун санааг чирэгч, гэрэлтүүлэгч нь юм. Энэхүү салбарын толгойд буй энэ хүний хүсэл зорилго, замнал надад сонин байсан. Эдийн хувьсгалаас илүү оюуны хувьсахуйг санаж ухаарсан цагт хувь хүн, нийгэм урагшилдаг. Бүтээлийн маань гол шалгуур бол оюуны болоод эдийн баялаг бүтээгч Хүн гэж бид онцолж байгаа. Үүнд л Н. Наранбаатар найруулагч яв цав тохирсон, үүнтэй ч үзэгч та санаа нийлнэ гэдэгт бүтээгчид бид итгэлтэй байна.

- Түрүүнд нь нэвтрүүлэг хийгээд бүтээл нь биш та өөрөө хэвлэлээр янз бүрээр л бичигдлээ. Одоо дахиад олонд "гараад ирлээ".  Нэвтрүүлэг биш өөрийнхөө тухай дахиад л бичүүлнэ гэдгээс эмээж байна уу?
- Хийж бүтээж, амьд амьдарч байгаагийн баталгаа бол энэ элдэв яриа байх. Ярьж бичихийг бодож бүтээлч сэтгэлээ, бусдын төлөө цохилох зүрх, хүн болсны оноолт үүргээсээ буцна гэж юу байхав дээ. Би залуу хүн, ид насандаа хийж бүтээх, дайчлахын их хүслээр өөрийгөө дүүргэсэн нэгэн болохоос хүний үгэнд агшиж тэлэх цаг, сөхөө надад байхгүй.

Юм бүтээх их хэцүү, энэ хэцүүг биеэр үзсэн хүн л бүтээгчдийг дайрч, доромжилж шүүх сэтгэлээ азнах тэнхээтэй болдог.

Товчдоо хийх хэцүү, хэлэх амархан гэдэг шүү дээ.

- "Монголн тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийг хөтөлж байх үеэс таны хөтлөлт нэг их тийм "хатуужсан" санагдсан. Анх телевизийн урлагт хөл тавьж байсан үеэс мэдээж хамаагүй илүү туршлагжсан байх. Хөтлөлтийн хувьд та шинэ арга барил туршиж байгаа юу?

Хүн өөрийгөө дайчилж бас даруу байж чадвал ахидаг гэж боддог. Цаг хугацаа бол хамгийн үнэт зүйл бөгөөд энэ хором бүрийг хүн өөрийн гэрэлт хөгжлийн төлөө зориулах ёстой. Нэр хүнд хоёрыг зэрэг дааж яваа хүний хувьд хат, тэнхээ надад хангалттай сууж байна. Яриа үг гэдэг бол хүний туулсан ухаарсны л илрэл шүү дээ. Шинэ төсөл дээрээ би хүний үнэнийг илүүтэй хайж байгаагаа мэдэрсэн.

- Таны шинэ төслийн нээлт их өргөн болж байна. Намын нөхөд тань бас их харагдаж байна. Ерөнхийлөгчийн сонгууль, улстөрийн ажилд оролцож байгаа юу?
- Төслийн маань нээлтэнд оюунлаг, гэгээлэг, хүнлэг, бүтээгчид, төр нийгмийн зүтгэлтнүүд мөн миний ойр тойрны сайхан найз нөхөд, ах дүү, дэмжигчид маань хүрэлцэн ирсэн. Нийгмээ соён гэгээрүүлэхийн төлөө санаачлан хийж буй бүх төслүүдээ би улс орныхоо төлөө хийж буй бодит алхмууд гэж боддог. Хий улс төржиж, хийрхэж байхаар залуус бид дор бүрнээ хийж чадахаа тултал нь хийх чухал. Өөрсдийгөө хөгжүүлэх нь чухал.

- Энэ долоо хоногийн Бямба гарагт нэвтрүүлгийн анхны дугаар "Боловсрол" сувгаар цацагдах юм билээ.  Догдолж байна уу?
- Тийм ээ, энэ долоо хоногийн Бямба гарагт 20:10-аас "Боловсрол" суваг телевизээр цацагдана. Би телевизээр гарах дуртайдаа энэ том хэмжээний төслүүдийг хийгээд явдаг юм биш ээ. Бид хийхгүй бол хэн хийх вэ гэж л оюун санаагаа дайчилдаг. Эфирт өөрийгөө харах надад хэзээ ч таатай байдаггүй, дасахгүй л явна. Гэрт телевизээр би гарч байвал би зугтаачихдаг.

 

- Нэвтрүүлгийн тайзыг засахад маш их хөдөлмөр зарцуулсан тухай та нээлтийн үгэндээ дурдлаа. Үүнийгээ дахин тодруулахгүй юу?

- Энэ хэмжээний төсөл бүтэхэд санхүүгийн асуудал маш чухал ч, үүнээс чухал зүйл бол хийе бүтээе гэсэн сэтгэл. Төслийн маань бэлтгэл багагүй хугацаанд өрнөсөн. Төсөл маань өөрийн гэсэн хөгжмийн таван үндсэн зохиолтойгоороо маш онцлогтой. Төслийн хөгжмийг Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын симфони оркестр тоглож, залуу хөгжмийн зохиолч Ц.Байдраг бичсэн. Хэн нэгний дуу хөгжим, дүрс, санааг ямар ч оюуны өмчийн зөвшөөрөлгүй ашигладаг, дээрэмддэг бүдүүлэг жишгийг халах цаг болсон. Тэр дундаа контент үйлдвэрлэгчид. 

Төслийн тайзыг би онцолмоор байна, телевизийн урлагийн тайз чимэглэлийг хуурах урлаг гээд ойлгосон байдаг нь надад их таагүй санагддаг. Хүний нүд баясгах тэргүүн үүрэгтэй энэ урлагт эрс  өөр сэтгэхүйгээр хандах цаг болсон. Энэ мэт шинэчлэлийг хийхийн төлөө би контентийн салбарт хөл тавьсан цагаасаа хичээж байгаа. Энэ сэтгэл, зүтгэл маань шинэ төслийн тайзан дээр харагдана.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.