Төв талбайд өнөөдөр Гадаад Харилцааны Яамны “Нээлттэй хаалганы өдөр” болж байна. Уг өдөрлөгт Улаанбаатар хотноо суугаа 18 улсын Элчин сайдын яам, Олон улсын хоёр байгууллагын Суурин төлөөлөгчийн газар, Гадаад Харилцааны яамны газар, хэлтсүүд оролцож байгаа юм.
Өнөөдөр та тус яамнаас Монгол Улсын Консулын албаны тухай мэдээлэл, Консулын газрын чиг үүрэг, Консулын үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.
Мөн визгүй зорчдог улс орнууд, гадаад улсын визийг хэрхэн хаана мэдүүлэх, гадаадад зорчиход анхаарах зүйлсийн талаар яамны ажилтнууд иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгч байна.
Ингээд уг өдөрлөгт ирээд хийж болох ТАВАН СОНИРХОЛТОЙ зүйлийг нэрлэж байна.
Талбайн баруун талаас очиход хамгийн наад захад БНСУ-ын Элчин сайдын яамны асар байлаа. Уг асарт тус улсад сурах болон ажиллах виз авахыг сонирхож буй иргэд их цугласан байв.
Та өдөрлөгт ирснээр иргэд Австрали, АНУ, Их Британи, Вьетнам, Герман, Казахстан, Канад, Кувейт, Куба, Лаос, БНСУ, Турк, Франц, БНХАУ, Швед, Арабын Нэгдсэн Эмират, Энэтхэг зэрэг орнуудад зорчих болон сурах талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Дэлхийн өндөр хөгжилтэй оронд суралцах нь Монгол залуусын зорилго, мөрөөдөл болсон. Тиймээс Австрали, АНУ, Их Британи орнуудын Элчин сайдын яамд энэ талаар мэдээллийг иргэдэд илүү дэлгэрэнгүй өгч байна.
Мөн нэр хүндтэй тэтгэлэг, сургуулиудын танилцуулга, мэдээллийг очиж аваарай.
Бүсгүйчүүдийн сонирхлыг татаж байгаа өөр нэгэн зүйл бол Энэтхэг эдлэл, хувцасны дэлгүүр, Казах үндэсний хатгамалтай цүнх, хэтэвчний асар байлаа.
Энэтхэг барааны “Таж Импориум” дэлгүүрийн салбар өдөрлөгт зориулаад худалдаа явуулж байна. Эндээс энэтхэг даавуун ороолт, тамхи, сувинер, бэлэг дурсгалын зүйлс худалдаж авах боломжтой.
Харин Казахстаны Элчин сайдын яамны асрын хажууд уламжлалт хатгамал, хээгээр чимэглэсэн гар хийцийн цүнх, түрийвч зэргийг 8,000-40,000 төгрөгөөр худалдаж авч болох юм байна.
Аливаа орныг илэрхийлэх гол зүйл нь үндэсний хоол байдаг. Тэгвэл өнөөдөр Төв талбайд Герман, Казахстан, Турк, Энэтхэг, Хятад, Чех улсууд үндэсний хоолоо хямралтай үнээр худалдаалж байна.
Тухайлбал та жинхэнэ Турк тогоочийн хийсэн донер кебабыг 5,000 төгрөгөөр авч амтлах боломжтой.
Энд ирээд заавал орох газар бол Гадаад Харилцааны яамны Архивын асар юм. Энэ асарт 1911 оноос өнөөг хүртэлх 100 гаруй жилийн түүхийг харуулсан гэрэл зургуудаас үзэсгэлэн гаргажээ.
Мөн Монгол Улсын гадаад пасспортын түүхийг харуулсан баримтууд бий. Үүнээс гадна Төрийн өндөр дээд хэмжээний айлчлалын гэрэл зураг, баримтууд нүд баясгаж байлаа.
Гадаад Харилцааны яамны “Нээлттэй хаалганы өдөр” өнөөдөр 17:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Гэрэл зургийг Г.Өнөболд MPA.mn