Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

"Шинжилгээнд хамрагдсан 447 хүнээс 99.3% нь хорт хүнд металлын хордлоготой гараад байна"

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 5 сарын 30
iKon.MN
 

Тод-Эйч Хүүхдийн өсөлтийн клиник эмнэлэг Монгол хүний үснээс дээж авч хорт хүнд металл, минералын оношилгоог хийдэг юм байна.

 Энэхүү оношилгоогоор хүний биед байж болохгүй хорт хүнд металын эрдэс минералын дутагдлыг илрүүлдэг аж. Тус эмнэлгийн оношлогоонд хамрагдсан хүмүүсийн 99.3 хувь нь хорт хүнд металлын хордлоготой гарлаа гэсэн мэдээлэл  анхаарал татаж бид энэ талаар болон хүүхдийн өсөлтөд нөлөөлдөг, эцэг эхчүүдийн мэдэх шаардлагатай зүйлсүүдийн тухай тус эмнэлэгийн Ерөнхий эмч А.Цэрэннямтай уулзаж ярилцлаа.

-Монгол хүүхдийн үсэнд минералын оношилгоо хийсэн гэсэн. Энэ оношилгооны талаар илүү тодорхой мэдээлэл өгөхгүй юу? Зорилго юу байв?

- Үсний эдийн хорт хүнд металл болон минералын шинжилгээгээр хүний бие дэх хорт хүнд металл ба эрдэс , шим тэжээлийн байдлыг мэдэж болдог. 10 төрлийн хорт хүнд металл болон 16 төрлийн хэрэгцээт эрдэсийг үздэг. Манай эмнэлэг байгуулагдсан цагаасаа эхлээд хоёр жил гаруйн хугацаанд үсний шинжилгээг хийж байгаа. Бүх хүүхдүүдийнхээ үсний шинжилгээг нэгтгэж үзсэн. Нэгтгээд үзэхэд нийтдээ 447 хүнд хийгдсэн байсан. Манай эмнэлэгт үзүүлэхээр ирсэн, хандсан хүмүүст энэхүү оношилгоог хийсэн байгаа. 

-Оношилгооны үр дүн их муу гарсан гэж байсан. Үр дүнг танилцуулахгүй юу? 

- Оношилгоонд хамрагдсан 447 хүнээс 99.3 хувь нь хорт хүнд металлын хордлоготой гарсан. Мөн 100 хувь эрдэс минералын дутагдал болон илүүдэлтэй гарсан байгаа. 

Тэгэхээр шинжилгээ өгсөн хүмүүс бүгд 100 хувь шинжилгээний өөрчлөлттэй гарсан гэсэн үг юм.

-Оношилгоонд нийт хэчнээн хүүхэд хамрагдсан бэ?

-Энэ оношилгоог бүх насныхан хийлгэдэг. Нийт 447 хүнээс 351 нь хүүхэд байсан. Үлдсэн 96 нь 18-аас дээш насныхан байсан. 

Нийт хүүхдүүдээ бид  насаар нь ангилж үзсэн. 0-3, 4-7, 8-12, 13-18 насны гэж 4 бүлэг болгож ангилсан.

Эдгээрээс 8-12 насны хүүхдүүд хамгийн их хандсан буюу 130 хүүхэд байсан. Харин 13-18 насны 96 хүүхэд байсан. Яагаад энэ насны хүүхдүүд хамгийн их ханддаг гэхээр бага насны хүүхдүүдийг эцэг эхчүүд нь өсөлтийн хоцрогдолтой байна гэж төдийлөн анзаардаггүй. Хүүхдийн өсвөр нас эхлээд өсөлт нь зогсох дөхөөд ирэхээр аав ээж хүүхэддээ их санаа зовж эхэлдэг. Нэг ёсондоо, оройтож санаа тавьж эхэлдэг гэсэн үг. 

-Монгол хүүхдүүдэд хар тугалга, хөнгөн цагаан, мөнгөн ус зэрэг хорт хүнд металлын хордлого өндөр гарсан байсан. Тус бүрийнх нь хор нөлөөг тайлбарлаж өгөхгүй юу? 

-0-7 насны хүүхдүүдэд нэгдүгээрт хөнгөн цагааны хордлого хамгийн өндөр гарсан. Хоёрдугаарт хар тугалга өндөр байсан. Харин 7 наснаас дээш болохоор нэгдүгээрт хөнгөн цагаан, хоёрдугаарт мөнгөн ус, гуравдугаарт хар тугалга өндөр гарсан.

Энэ гурав дээр нэмээд барий, кадмий, уран гэсэн нийтдээ 6 төрлийн хорт хүнд металлууд илэрдэг.  Хорт хүнд металлын хордлогыг бид цочмог бус архаг хордлого гэж ярьдаг. Цочмог хордлого гэдэг нь юунаас илэрсэн нь тодорхой, тухайн хүнд зовиур илэрч байгааг хэлж байгаа юм. Архаг хордлого гэдэг нь шалтгаан тодорхойгүй, олон жилийн хугацаанд өдөр бүр бага багаар хүнийг хордуулж буй хордлого юм. 

Тэгэхээр шинж тэмдэг нь ч бас өөр. Цочмог хордлого шиг гэнэт ухаан алдаж, гэнэт дотор муухайрч илэрдэггүй. Хамгийн нийтлэг илрэл нь архаг ядаргаанд орж, хоолны дуршил муудаж, бие махбодь нь идэвхгүй болж, булчингийн хүч муудаж, сэтгэл санааны тэнцвэргүй байдалдордог. 

Энэ нь бусад өвчний үед илэрдэг нийтлэг шинж тэмдэгтэй их адилхан байдаг. Тийм учраас, энэ яг хорт хүнд металлын хордлого мөн байна гэж бүрэн оношлогдохгүй яваад л байдаг. Хорт хүнд металлын хордлогод орсон тохиолдолд бусад  өвчнүүдийн үед хийгддэг эмчилгээг хийхээр эмчилгээний үр дүн муу байдаг. 

Мөн хорт хүнд металлын хордлого нь эхээс урагт дамждаг. Тийм учраас эх нь хордлоготой байсан бол дөнгөж төрсөн хүүхдэд хордлогын шинж тэмдгүүд илэрнэ. 

Тэгэхээр хорт хүнд металлын хордлого нь бүх өвчний зовиуртай адилхан шинж тэмдэгээр илэрдэг учраас ялгагдахын аргагүй байдаг. Гэхдээ энэ хордлого нь 15-20 жил гэх мэтээр удаан хугацаагаар үргэлжлээд байвал эдгээр хорт хүнд металл нь хорт хавдар гэх мэт эдгэшгүй хүнд өвчнүүдийг үүсгэж эхэлдэг. Энэ нь л хамгийн гол хор нөлөө аюул нь юм.

- Хүүхэд юунаас хордож байгааг судалсан уу? 

-Хордлогын эх үүсвэр маш олон зүйлсээс болдог. Хамгийн их тохиолдож байгаа хордлогуудын хувьд эх үүсвэр нь агаарын бохирдол, орчны бохирдол, хөрсний бохирдол, усны бохирдол зэрэг ордог. 

Агаарын бохирдол, тоос тоосонцороос  хар тугалга, хөнгөн цагааны хордлогод илүү өртдөг.   Харин мөнгөн ус, ураны хордлогууд нь хөрсний болон усны бохирдлоос илүү их үүсдэг. Мөнгөн усны хог хаягдал нь ихэвчлэн том, том үйлдвэрээс хаягдаж байдаг. Энэ хог хаягдал нь шингэн байдаг учраас далайд хаягддаг. Тэгээд далайн загас, ургамлууд нь мөнгөн усыг өөртөө шингээдэг гэсэн үг. Тэгэхээр далайн гаралтай бүтээгдэхүүн загас, ургамлууд их идээд л байвал хордоод л байна гэсэн үг байх нь. 

Хар тугалга бүх төрлийн будагч бодисонд байдаг. 0-7 насны хүүхдүүдэд  хар тугалганы хордлого их өндөр гарсан байгаа. Ямар учиртай гэхээр энэ насны хүүхдүүд тоглоом үмхэж тоглодог. Нэг ёсондоо тоглоомныхоо будгийг ам руугаа хийж байна гэсэн үг шүү дээ. 

0-7 насны хүүхдүүдэд  хар тугалганы хордлого их өндөр гарсан. 

Хөнгөн цагааны хордлогын бас нэг шалтгаан бол сав суулганы хэрэглээ. Бидний гэртээ хэрэглэдэг бүх сав суулганууд ашиглалтын хугацаатай байдаг. Энэ нь гадна талын хамгаалалтын бүрхүүлийн хугацаа юм. Жишээлбэл, тавагны гадна бүрхүүлийн хугацаа 5 жилийн хугацаатай бол 5 жилийн дараа ашиглах боломжгүй болно гэсэн үг. 5 жил өнгөрчихөөд байхад ашиглаад л байвал хоолоороо дамжуулаад хөнгөн цагаанд хордоод л байна гэсэн үг. 

Эсвэл зарим хүмүүс шинэ сав суулгаа төмрөөр үрж хусаж угаагаад байдаг. Энэ нь хорт хүнд металлын хордлогод хугацаанаас нь өмнө хордож байгаа юм. 
Мөн бүх төрлийн исгэгч, исдэг зүйлүүд хөнгөн цагаанаас хамаарч исдэг. Тэгэхээр багаасаа гурилан бүтээгдэхүүн мантуу, торт, бургер түргэн хоол их иддэг байсан хүүхдүүд хөнгөн цагааны хордлогод орох магадлал ихэсдэг.

Энэ мэтчилэн хордлогын эх үүсвэрийн маш олон шалтгаан байдаг. Хамгийн том шалтгаанууд нь бол сая миний дурдсан агаар, хөрс, усны бохирдол болон хоол хүнсний эх үүсвэрүүд байдаг.

-Та сая гэрт хэрэглэдэг сав суулгыг хугацаатай байдаг гэж ярилаа. Тэр хугацааг нь хэрхэн мэдэж болох вэ?

-Ихэвчлэн тухайн сав суулганы ёроолд тоо нь байж байдаг. Заримд нь дагалдаж ирдэг пассворд гэж байдаг. Тэнд нь байдаг.

-Та бүхний гаргасан энэхүү судалгаа цаашдаа үргэлжлэх үү?

-Тийм ээ. Бид эмнэлэгт хандаж буй хүүхдүүдээ судалгаанд хамруулж, үсний шинжилгээгээ цаашдаа хийсээр байх болно.

-Нэгэнт ийм хордлоготой хүүхдүүдэд ямар эмчилгээ хийдэг вэ?

- Юун түрүүнд хорт хүнд металлын хордлогыг үсний шинжилгээ өгч байж л оношилдог.

Шинжилгээнд хамрагдаад хордлоготой гарсан хүүхдүүд хордлого тайлах витаминыг уудаг. Хордлогын эсрэг үйлчилдэг уураг байдаг. Энэ уургийн нөлөөгөөр хордлогыг биеэс гадагшлуулах зориулалттайгаар хийгдсэн тусгай хордлого тайлдаг витамин байдаг. Үүнийг бид эмчилгээндээ ашиглаж хордлогыг гадагшлуулдаг юм.

Хорт хүнд металлын хордлогоос болж хүүхдүүд намхан болж байна

-Танай клиникт ихэвчлэн ямар хүүхдүүд ханддаг вэ? Тэдгээрийн өвчлөлийн шалтгаанд бас хорт хүнд металл нөлөөлдөг үү?

- Нэгдүгээрт мэдээж өсөлтийн асуудалтай хүүхдүүд ханддаг. Тэгэхээр хорт хүнд металлын хордлогоос болж хүүхдүүд намхан болж байна гэсэн үг. Судалгаа хийгдсэн 447 хүнээс  58.1 хувь нь өсөлтийн асуудалтай байсан. 

Тэгээд хоолны дуршил бага, жин бага, харшилтай, таргалалттай хүүхдүүд ханддаг. Мөн аутизм буюу нийгмээс тусгаарлах эмгэг нь 30-40 хувь нь хорт хүнд металлын нөлөөтэй байдаг.

- Хүүхдийг хорт хүнд металлаас яаж хамгаалах вэ?

-Нэгэнт хордчихсон тохиолдолд гадагшлуулах эмчилгээ хийхээс өөр аргагүй.  Мөн урьдчилан сэргийлэх үүднээс хоол хүнсээ зөв тохируулж хэрэглэх, сав суулгандаа анхаарах хэрэгтэй.

Тэгээд хамгийн гол нь агаар, хөрс, усны бохирдлыг багасгах хэрэгтэй. Тэгэхээр төр засгийн хийх ажил л үлдэж байна гэсэн үг.

Хүүхдийн өсөлтөд хамгийн их нөлөөлдөг зүйл нь амьдралын дадал зуршил 

- Өсөлтийн клиник дээр ирэх хэд хэдэн шалтгаан гэж байдаг байх. Ямар шалтгаанууд байдаг вэ?

-Аав ээж нар хүүхдийнхээ өсөлтийг хэвийн явагдаж байгаа эсэхийг тодорхойлох боломж байдаг. Тэр нь тэмдэглэл хөтлөх юм.  5 нас хүртэл хүүхдийн өсөлтийг өрхийн эмнэлэг дээр ягаан дэвтрээр тодорхойлчихдог. Харин тэрнээс хойш аав ээж нар сардаа нэг ч юм уу хүүхдийнхээ өндрийг үзээд тэмдэглээд хэвших хэрэгтэй. Тэр өндрийн тэмдэглэгээгээ эмчид үзүүлээд өсөлтийн муруйны  хамгийн бага шугамнаас доор байгаа тохиолдолд өсөлтийн клиникт ханддаг.

Эсвэл үеийнх нь хүүхдүүдтэй харьцуулахад тухайн хүүхдийн өндөр 10 см-аар илүү намхан байгаа тохиолдолд, аав ээж нь өөрсдөө намхан тохиолдолд, тухайн хүүхдийн өсөлт бага явагдаж байгаа тохиолдолд, бэлгийн бойжилт эрт эхлэх тохиолдолд тус тус өсөлтийн эмнэлэгт хандана.

- Хүүхдийн өсөлтөд эерэг, сөрөг нөлөөлдөг хамгийн чухал хүчин зүйлсийг та нэрлэхгүй  юу?

-Хүүхдийн өсөлтөд хамгийн их нөлөөлдөг зүйл нь хүүхдийн дааврын ялгаралт, амьдралын дадал зуршил юм.  Энэ нь эцэг эхийнх нь зүгээс ч хийх боломжтой зүйлүүд юм. 

Тухайлбал, нойрны асуудалтай, хоолоороо шим тэжээлээ авч чадахгүй байгаа, дасгал хөдөлгөөн бага хийдэг эсвэл хэт их дасгал хөдөлгөөн хийдэг , стресс  ихтэй, ямар нэгэн архаг өвчин, эмгэгтэй, хорт хүнд металлын дутагдалтай, эрдэс минералын дутагдалтай эсвэл илүүдэлтэй байх юм бол эдгээр нь хүүхдийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх юм.

-Өсөлтийн эмгэг гэж юу вэ?

-Өсөлтийн эмгэг гэдэг нь өсөлтийн хоцрогдол буюу намхан байхыг гэсэн үг. Энэ нь бусад өвчин эмгэгтэй адил хэдий чинээ эрт оношилно, төдий чинээ эмчлэгдэх нь хурдан байна. 

Ер нь бол өсөлтийн муруйны  гурван хувиас бага байвал өсөлтийн эмгэгтэй гэж үзнэ. 

-Хүүхэд тухайн насандаа дунджаар хэдэн см өндөртэй байх ёстой байдаг юм бэ? 

-Хүүхдийн өсөлтийн үеийг дөрвөн шатанд ангилдаг. 

Эхний үе нь 0-3 насны хүүхдүүд. Тэр дундаа нэг хүртэлх насны хүүхдүүд жилд дунджаар 24-25 см өсдөг. Энэ нь хүүхдийн хамгийн эрчимтэй өсөлтийн үе. Хүүхэд нэг наснаас хойш жилд дунджаар 8-10 см-аар өсдөг. 

Хоёрдугаар үе нь 4 наснаас бэлгийн бойжилт эхлэх үе хүртэл байдаг. Дөрвөн наснаас хойш хүүхдийн өсөлт маш удааширдаг. Жилд дунджаар 6 см өсдөг. 

Гуравдугаар үе нь бэлгийн бойжилт эхэлсний дараа 2-3 жил үргэлжлэх үе. Энэ үед охидуудын биеийн өсөлт жилд 8-10 см, хөвгүүдийн өсөлт 8-12 см нэмэгддэг.

Дөрөвдүгээр үе нь бэлгийн бойжилтын дараах үе. Энэ үед хүүхэд 1-2 см-аар өсдөг. Ингээд хүүхдийн өсөлт огцом буурдаг. Ер нь нийт томчуудын одоогийн байгаа өндөр нь бэлгийн бойжилтын үеийн өндөр л гэсэн үг юм.

Өсөлтийн даавар оройны 22 цагаас шөнийн 2 цагийн хооронд хамгийн өндөр хэмжээтэйгээр ялгардаг. Энэ үед хүүхэд гүн нойронд унтаж байх ёстой.

-Хүүхдийн өсөлтийг хэвийн байлгахад юу чухал үүрэгтэй вэ? Эцэг,  эхчүүд юун дээр анхаарах хэрэгтэй вэ?

-Эцэг, эхчүүдийн хувьд анхаарах ёстой чухал зүйл нь амьдралынхаа дадал зуршлыг өөрчлөх юм. 

Нэгдүгээрт, өсөлтийн насны хүүхдүүд 21 цагаас өмнө унтаж хэвших хэрэгтэй. Учир нь өсөлтийн даавар оройны 22 цагаас шөнийн 2 цагийн хооронд хамгийн өндөр хэмжээтэйгээр ялгардаг. Энэ үед хүүхэд гүн нойронд унтаж байх ёстой.

Хоёрдугаарт, шим тэжээллэг хоол хүнс хэрэглэж, хооллох хэрэгтэй. Хүүхдийн өсөлтөд чухал үүрэг гүйцэтгэдэг гол гол шим тэжээлүүд нь кальци, цайр, фосфор, селен, магний зэрэг юм. Эдгээр нь дангаараа хүүхдийн өндрийн өсөлтийг хариуцдаг. Мөн, бүлээн шингэн зүйл сайн уулгаж байх хэрэгтэй. Хүүхдийн оройн хоол хамгийн оройдоо 19:00 цаг орчим байхад болдог. 

Гуравдугаарт, дасгал хөдөлгөөн их чухал. Яс, булчин, шөрмөсний хөгжил хэвийн байх юм бол хүүхэд өндөр болдог. Багаасаа их хүнд хүчир ажил хийсэн, ачаалал их авсан тохиолдол булчин хэт их чангараад өсөлтөд сөргөөр нөлөөлдөг. Мөн, булчин бүр сулбагар байгаа тохиолдолд өсөлт удаашрах талтай. Тэгэхээр хүүхдэд тохирсон дасгал хөдөлгөөнийг нас, хүйсэнд нь тохируулж хийлгэх хэрэгтэй. 

Дөрөвдүгээрт, хүүхэд стрессгүй байх ёстой. Хүүхэд стресстэж байна гэж илэрхийлдэггүй, бие нь өөрөө дохио өгөөд эхэлдэг. Жишээ нь, нойрондоо муудах, орондоо шээх, хэт их дуу хураах зэргээр илэрч болно. Тиймээс хүүхдээ сайн ажигладаг байх хэрэгтэй. 

Тавдугаарт, өсөлтийн хоцрогдол үүсгэдэг архаг өвчин, эмгэгүүд байдаг. Тухайлбал, ээж нь жирэмсэн болсон цагаасаа хоол хүнсний дутагдалтай байсан, хүүхэд рахиттай бол энэ нь өсөлтөд муу нөлөөтэй. 

Эцэст нь,  бидний дээр ярьсан хорт хүнд металлын дутагдалтай бол хүүхдийн өсөлт удааширна. Тиймээс эцэг, эхчүүд энэ зүйлүүд дээр л сайн анхаарч чадвал хүүхдийн өсөлт хэвийн явагдах юм.