Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Чинзориг: “Дэггүй Лиз” комеди гэдгээрээ онцлог

Р.Оюун
2017 оны 5 сарын 26
Зууны мэдээ
Зураг зураг

УДБЭТ-ын балетмейстр, хөтлөх найруулагч Ц.Чинзоригтой ярилцлаа.

-УДБЭТ-аар сонин юутай. Шинэ уран бүтээл хийгээд завгүй байх шиг байна. Тоглолтынхоо талаар танилцуулахгүй юу?

-2016-2017 оны улирлын хөтөлбөрүүд дарааллынхаа дагуу явж байна. Францын хөгжмийн зохиолч Ф.Херольдын “Дэггүй Лиз” хэмээх шинэ балетаа энэ амралтын өдрүүдээр тоглохоор бэлтгэлээ хийж байна. Энэ балет комеди гэдгээрээ онцлог. Монголын болон олон улсын театрт комеди балет ховор байдаг. Монголд анх удаа комеди балет тоглох гэж байгаагаараа онцлог.

-Энэ балетад юуны тухай өгүүлдэг юм бол?

-Үйл явдлын хувьд гэр бүлийн зөрчлийн талаар өгүүлэх юм. Өнөөгийн нийгэмд байгаа асуудал. Эцэг эхчүүд охин хүүхдээ гайгүй айлын хүүхэдтэй суулгахыг боддог. Балетын гол зангилаа энд байгаа.

Гэхдээ охин хайр сэтгэлээ тэргүүнд тавьдаг. Ээжийнхээ үгэнд орохгүй. Ээж нь банкны гэх эрхэмтэй ярилцаад “За хоёулаа хүүхдүүдээ суулгая” гэж тохироод хүүхдүүдээ танилцуулахад охинд таалагдаагүй. Учир нь нөгөө баян эрхмийн хүү нь ядмаг сэтгэлгээтэй, 20 настай ч сэтгэхүй нь хүүхдээрээ, тоглож наадах дуртай нь нэг комеди дүр болгож өгч байгаа юм. Одоо хөгжимтэйгөө нийлж байна. Тайз, гэрэл, хувцастай гэсэн сургуулилт орж ирнэ. Жүжигчдийн хувьд бүгд туршлагатай. УДБЭТ нь дуурь 50, балетын 50 гаруй уран бүтээлийн сантай. Энэ олон жүжигт долоо хоног бүр хувирч тоглодог. Тиймээс шинэ балетыг гаргахад ажиллагаа бага байна.

-Ихэнх нь залуу уран бүтээлч байна уу даа?

-Манай балет анги залуужиж байгаа. Балетыг залуу хүний урлаг гэдэг. Мэдээж ахмад жүжигчид бий. Залуу хүн настай хүний дүрд тоглоход зохимжгүй шүү дээ. Тиймээс тэтгэвэрт гарсан ахмад жүжигчдээ урилгаар тоглуулж байгаа. Тухайлбал, Соёлын тэргүүний ажилтан Х.Чойжилсүрэн гуай тасралтгүй олон жил театрт ажилласан. Тэтгэвэрт гарснаасаа хойш “Хунт нуур”, “Жизель”, “Шелкунчик” гэсэн жүжигт ирж тоглодог. Мөн энэ шинэ балетад тоглоно. Тайз, хувцас 80 хувьтай, эхнээсээ бэлэн болсон хувцсаа өмсөж үзэж байна. Засах шаардлагатай бол ерөнхий зураачтай ярилцаад дор нь янзлаад явж байгаа. Удахгүй хяналтад орно.  

-Тэгэхээр үзэгчдэд хүрэхийн өмнө шалгуулна гэсэн үг үү?

-Театрын уран сайхны зөвлөлөөр орж хянуулаад, баталгаажуулаад үзэгчдэдээ хүргэнэ дээ. Сая уран сайхны удирдагч, Ардын жүжигчин А.Дашпэлжээ гуай бидний тоглолт хэрхэн явагдаж байгаад хяналт тавьж харсан. Манай театр долоон ангитай, энэ ангийн удирдлагуудаас Уран сайхны зөвлөл бүрддэг. Сайн уран бүтээл гаргахын тулд театрын бүх хамт олон ажиллаж байна. Манай шинэ уран бүтээлд хамтран ажиллаж байгаа байгууллагууддаа баярлалаа.

Мөн “Дэггүй Лиз” миний анхны бүрэн хэмжээний уран бүтээл. Өмнө нь бүжгүүд болон нэг үзэгдэлт балетыг хийж байсан. Шинэ уран бүтээл хийх боломжийг олгосон Уран сайхны зөвлөл, захиргаа, итгэл хүлээлгэсэн нийт уран бүтээлч болон Маркетингийн алба, оркестр найрал хөгжим, балетын хамт олон, тайз, гэрлийнхэндээ баярлалаа гэж хэлмээр байна.  

-“Дэггүй Лиз”-ийг хэдэн насныхан үзэж болох вэ?

-Бидний зорилтот үзэгч гэвэл өсвөр насныхан. Энэ насны хүүхэдтэй эцэг эхчүүд, мөн ямар ч насныхан үзэх боломжтой. Театрын дүрэмд зургаагаас дээш насны хүүхдүүдийг театрт оруулж болно гэж заасан байдаг.

-Энэ олон хүнийг удирдаад уран бүтээл хийнэ гэдэг амаргүй байх? 

-Сургуульд байхаас эхлээд хүмүүстэй харилцах шаардлагатай болдог. Нэг бүжиг тавьсан ч бүжигчдэдээ заана, загнана, уурлана, заримдаа аргадна. Одоо тэр үеийг бодвол 200 хүнтэй ажиллаж байна. Тиймээс найруулагчийн хувьд нарийн төлөвлөгөө шаардлагатай. Бүгдийг нь шахаад шахуу график барьж ажиллахыг эрмэлздэг. Сайдаж, муудах зүйл гарна. Гэхдээ уран бүтээл цааш өрнөж, шат шатаар ахиж байна.

-Найруулагчаар хэдэн жил ажиллаж байна вэ?

-СУИС-ийг балетмейстрээр төгссөн. Мэргэжлийн багш маань Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Б.Жамъяндагва гуай. Балетын жүжигчнээр УДБЭТ-аа гурван жил гаруй ажиллаад Москвагийн театр, урлагийн сургуульд суралцаж ирээд найруулагч, балетмейстрээр хоёр жил ажиллаж байна. Цаашид шинэ уран бүтээл хийх сонирхол, хүсэл эрмэлзэл, зорилго, бодол бий. Тэр дундаа дэлхийн хэмжээний үндэсний балетыг хийх бодол байна. Судалгаа, шинжилгээ, хөгжмийн зохиол гээд нэлээд цаг хугацаа шаардана. Одоогоор нэн түрүүнд шаардлагатай гэсэн уран бүтээлүүдийг ээлж дараалаад хийх байх.

-Дараагийн уран бүтээлээ төлөвлөсөн үү?

-Уран сайхны зөвлөл, захиргаанаас баталж шийд­дэг болохоор одоохондоо шууд хэлж чадахгүй нь. Хувьдаа орчин үеийн нэг жүжиг хийх бодол байгаа. Эрэл хайгуулаа хийгээд явж байна. Хүүхдийн балет хийхээр зохиолоо бичсэн байгаа. Хөгжмийн зохиолчтойгоо ажиллаж байна. Хэзээ гэдэг нь тодорхойгүй байгаа. Хөгжим хэзээ гарна тэр үед албан ёсны болж тавигдана.

-Сонгодог урлагийн найруулагч хүн ямар байх ёстой вэ?

-Найруулагч гэж олон янзын томьёолол байдаг. Миний хувьд энэ жүжгээр яривал бүхнийг зангидаж нэг цэг рүү төвлөрүүлэх хүнийг найруулагч гэж хэлнэ. Хүмүүс харьцангуй гайгүй сайн хүлээж авч байгаа. Мэдсэн сурснаа гаргахгүй байвал ямар ч шаардлагагүй болчихно. Тиймээс сайн уран бүтээл хийх хэрэгтэй гэж захиргаанаас хэлээд том боломжийг олгож дэмжиж, тусалж байгаа. Хэрэгтэй гэсэн бүх зүйлийг өгч байна.

-Балетын жүжигчин, найруулагч хоёр юугаараа ялгаатай юм бэ?

-Мэдээж ялгаа байлгүй яах вэ. Балетын жүжигчнээр ажиллаж байхад тухайн долоо хоногт тоглох бүжгийн жүжгийн сургуулилт хийж дүрээ бүтээнэ. Хамт олонтойгоо нэгдэнэ. Тухайн жүжигт ямар дүрд тавина, тэр дүрийг яаж баяжуулах вэ гэдэг дээр илүү ажиллаж, анхаарал хандуулдаг байсан. Дээр нь техник, бүжиглэх уран чадварыг сайжруулна. Дараагийн долоо хоногт юу байгаа билээ, за энийг хийчихвэл болоо гэсэн уран бүтээлийн төлөвлөгөөтэй явна.

Гэтэл одоо бол эрс ялгаатай, илүү алсын хараатай 10, 100 жилээр бодож хийх ажлаа төлөвлөнө. Энэ балет гэхэд урт настай бүжгэн жүжиг гэж хэлж болно. XVIII зууны сүүлээр бий болсон. “Хунт нуур”, “Жизель”, “Шелкунчик”, “Дон Кихот”, “Спартак” гэсэн балетаас ах гэсэн үг. Үүгээрээ “Дэггүй Лиз” онцлогтой. Үүнтэй адилхан 100 жилийг өнгөрөөх бүтээл хийхээр бодож байна. Тухайлбал, миний хийсэн үндэсний хаадын тухай балетыг Оросын “Большой театр”, Английн “Royal” зэрэг гадаадын театрууд тоглодог, урт наслах бүжгэн жүжгийг хийнэ гэдэг алсын хараатай байна гэсэн үг.

-Тийм шүү. Та найруулагч болсондоо баяртай байдаг биз дээ?

-Тийм ээ. Багаасаа хүсэж сонгосон. I ангид байхдаа урлагийн үзлэгийн бүжгээ өөрөө дэглэдэг байсан гэж бага ангийн багш маань хэлж байсан. Тухайн үед бичлэг хийдэггүй байсан болохоор ямар бүжиг дэглэж байснаа сайн мэдэхгүй байна. Ямар ч гэсэн орчин үеийн бүжиг дэглэсэн байх. Ер нь хүнээр заалгахаас илүү өөрөө хийх нь илүү гоё мэдрэмжийг бага байхаасаа авсан. Аливаа зүйлийг найруулагч буюу эхний шатны ажиллагааны хүн байна, болно гэж мөрөөддөг байсан.

Гэхдээ балетын найруулагч болно гэж бодоогүй, кино юм уу драма руу орно гэж боддог байсан. Сургуулиа төгсөөд их сургууль сонгохдоо бүжгийг сонгоогүй. Кино урлагийн дээд сургуулийн кино найруулагчийн буюу менежер гэсэн ангид орж нэг жил сурсан. Тэр сургууль нь тухайн үед жаахан асуудалтай байсан. Тэгээд дараа жилээс нь СУИС-ийн бүжгийн ангид шалгалт өгөхдөө бүжгээ өөрөө дэглээд үзүүлтэл намайг багшийн ангид ор гэсэн. Харин есдүгээр сарын 1-нд иртэл чи ерөөсөө найруулагчийн ангид шалгалт өг гээд тэгээд тэнцээд орсон доо.

-УДБЭТ босго өндөртэй. Хүссэн хүн бүр орж чаддаггүй байх?

-УДБЭТ-тай холбогдох болсон шалтгаан нь манай мэргэжлийн багш Б.Жамъяндагва гуай холбож өгсөн. Багш маань “Чамаас юм харагдаж байна. Цаашид юм хийе гэвэл балетын жүжигчнээр ажиллах хэрэгтэй. Дараа нь найруулагч болбол чамд илүү тохирно” гэсэн. Төгсөх курст дадлагын ажил гэж ордог байхад театрт хоёр сарын дадлага хийсэн. Төгсөөд балетын жүжигчнээр орж гурван жил гаруй ажиллаад найруулагч болсон доо.

Зураг