Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

Хэргийн эзэн хэнгэргийн дохиур нь сайд асан Н.Батцэрэг байжээ

Р.Саруул
2017 оны 5 сарын 25
MorninigNews.mn
Зураг зураг

-Байгаль орчин, аялал жуулчлалын яам Соёмботой уулын газрыг ухсан компанийн удирдлагуудтай уулзаж үйл ажиллагааг нь зогсоож, газрыг нөхөн сэргээх ажлыг хийх үүргийг өгчээ- 

Өнгөрсөн хоногт олон нийтийн сүлжээгээр Зайсанд байрлах Соёмботой уулын бэлд нэгэн аж ахуйн нэгж барилгын үйл ажиллагаа явуулж байгаа талаарх мэдээлэл тархсан. Тухайн үед дээрх аж ахуйн нэгж хэний эзэмшилд байдаг, хэн гэгч эрх мэдэлтэн газар ашиглах зөвшөөрөл олгов зэрэг олон асуулт гарч байв.

Тэгвэл зөвшөөрлийг нь хуучнаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд асан Н.Батцэрэг өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 14-ны өдөр иргэн Б.Төгсжаргалд Богд хан уулын дархан цаазат газарт аялал жуулчлалын зориулалтаар таван жилийн хугацаагаатай 1.5 га газрыг олгожээ. Үүгээр зогсохгүй сайд асан Н.Батцэрэг дээрх бүсэд газар ашиглах зөвшөөрөл хүссэн 63 иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмших зөвшөөрөл өгч ээ.

Хэдийгээр түүний олгосон зөвшөөрөл нь Улсын тусгай хамгаалалттай Богд хан уулын дархан цаазат газрын зөвшөөрөгдсөн бүсэд байгаа хэдий ч тухайн бүсэд өвөг дээдсийн минь шүтээн болсон Чингис хааны хөрөг заларч буй учраас олон нийт цахим сүлжээгээр бухимдлаа илэрхийлсэн байдаг. Үнэндээ Зайсан орчмын газрыг жирийн иргэн Дорж, Дулмаа нар авч чадахгүй нь тодорхой.

Хэдийнээсээ л эрх мэдэлтэй албан тушаалтнуудын гараар орж Аялал жуулчлалын нэрээр халхавчлан авсан тансаг зэрэглэлийн орон сууцууд аль хэдийнээ сүндэрлэсэн билээ. Тиймээс л Зайсангийн ойр орчим албан тушаалаа ашиглаж газар авсан эрх мэдэл бүхий албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллагад шалгуулах хүсэлтээ байгаа иргэдийн гомдол олонтоо гарч байсан ч энэ нь ажил хэрэг болж чадаагүй билээ. 

Д.Оюунхоролын сайдын нүдээ олсон шийдвэр 

Юутай ч энэ удаад Байгаль орчин, аялал жуулчлалын яам Соёмботой уулын газрыг ухсан компанийн удирдлагуудтай уулзаж үйл ажиллагааг нь зогсоож, газрыг нөхөн сэргээх ажлыг хийх үүргийг өгсний дагуу тус компани өчигдрөөс нөхөн сэргээлт хийж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл, дээрх газрыг авсан иргэн Б.Төгсжаргал нь зочид буудлын зориулалтаар дөрвөн давхар барилга барихаар ийнхүү газрыг ухуулж эхлээд байсан аж.

Түүнчлэн тэрбээр дээрх барилгынхаа зураг төслийг холбогдох шатны байгууллагуудаар шалгуулалгүй барилгын ажлаа эхлүүлжээ. Тиймээс Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас үйл ажиллагааг нь зогсоох шийдвэрийг гаргаад зогсохгүй салбарын сайд Д.Оюунхорол тушаал гаргаж, газар эзэмших эрхийг нь цуцалжээ. 

Энэ асуудлаар БОАЖЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн дарга Ч.Раднаабазар “2015 онд Зайсан орчмын уугуул, суугуул иргэд газраа өмчилж, эзэмшиж чадахгүй байна гэдэг асуудлыг тавьж байлаа. Үүний дагуу 2015 оны тавдугаар сард уугуул, суугуул иргэдэд газрыг нь эко, бичил аялал жуулчлалын зориулалтаар олгоё гэдэг тогтоол гаргасан юм. Ирэх лхагва гарагт уг ажлын тайланг Засгийн газарт тавина. Зарим иргэд газраа компаниудад шилжүүлсэн тохиолдол гарсан. Зарим нь авто угаалгын газар барьсан байсан. Өөрөөр хэлбэл, газраа зориулалтын дагуу ашиглаагүй зөрчил илэрсэн” гэв.

Түүнчлэн Богд хан уулыг тойроод 2,000 гаруй иргэн газар эзэмших, ашиглах зөвшөөрөл авсан байдаг. Уг нь Богд хан уул Дархан цаазат газар. Тэр ч утгаараа тухайн бүсэд иргэд, аж ахуйн нэгжүүд зөвхөн аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхтэй. Гэвч зарим иргэн, компани хууль зөрчин, барилга барих, баар цэнгээний газар ажиллуулах нь ихэссэн байна. Тиймээс эдгээр газартай хуулийн дагуу тэмцэж, газар ашиглах эрхийг нь эргэн харж, цуцлах хүртэл арга хэмжээг авна хэмээн тэрбээр хэлж байна. 

Зайсангийн ойр орчим олон сайд нарыг мөнгөлөг болгосон 

Яг үнэндээ жирийн иргэдэд Богд хан тусгай хамгаалалттай газар нутаг хаалттай байдаг ч сайд дарга нар хэзээнээсээ л Зайсан орчмын газар нутгаар хөлжиж ирсэн нь бодит түүх. Тухайлбал, тус орчимд Монголын томоохон аж ахуйн нэгжүүд хууль зөрчин газар авч үе үеийн Байгаль орчны сайд, дарга нар зөвшөөрөл олгож ирснээр өдгөө хотхон болтлоо хөгжсөн.

Өөрөөр хэлбэл, Богд хан уулын дархан цаазат бүсэд 2002 оноос эхлэн газар олгож ирсэн ч эдгээр олголтууд ч бүгд хууль зөрчиж олгогдсон гэдгийг бид бүхэн мэднэ. Угтаа бол аж ахуйн нэгж, иргэн анх газрын зөвшөөрөл авахдаа Аялал жуулчлалын зориулалтаар авчхаад дараа нь зориулалтыг нь өөрчилж орон сууц болгодог. Гэтэл ийнхүү зориулалтыг нь нүдэн дээр нь өөрчилж тансаг зэрэглэлийн орон сууцууд ар араасаа сүндэрлэсээр байхад үүнд арга хэмжээ авдаг нэг ч сайд, дарга нар байгаагүй билээ. 

Анх Байгаль орчны сайд асан И.Эрдэнэбаатар "Жинхэнэ уянга" ХХК-д Зайсан орчимд 2007 онд хоёр га газар олгохдоо Аялал жуулчлалын чиглэлээр олгосон ч барилга баригдах явцад энэ нь орон сууцын хотхон болж өчнөөн сая төгрөгийн ашиг олж байсан түүхтэй. Мэдээж дээрх сайд асны араас маш олон сайд нарын нэрс дурдагдах учраас нурших нь илүүц биз ээ.

Хамгийн хачирхалтай нь газрын зориулалт нь өөрчлөгдчихөөд байхад тэдний барьсан барилгыг нь Улсын комисс хүлээгээд авч байсан нь их мөнгөний үнэртэй холбоотой. Угтаа бол хөрөнгөтэй бэлтэй хүмүүс нь дуртай газраа томоос том хашаа хатгаж дуртай газраа авдаг бол бэл чадал муутай нэгэнд нь бол ганц хадаас ч хатгах сөөм газар ч олдохгүй нь өнөөдрийн Монголын нийгмийн нэгэн эмгэнэлт зураг. Тэр л жишгээр Дархан цаазат Богд хан ууланд жирийн иргэд хөлөө ч тавьж чадахгүй байхад томчууд бол дэлхий шиг том хашаа хатгачхаад хүн мал ойртуулахгүй төмөр төр татан эзэмшил газраа болгон тунхагладаг нь бодит үнэн. 

Тухайлбал, тус аманд нэг насаараа амьдарсан өвгөд хөгшидийг гэр орноос нь хөөж, хашаа хороог нь буулгаад цэрэг цагдаа болон айлгадаг ичээдэг атлаа хөрөнгө мөнгөтэй хүмүүст бол хэтэвчнийх нь хэмжээгээр газар өгч олон түмнийг тохуурхаж жирийн иргэдийг ойртуулдаггүй билээ. Ямартай ч энэ мэтээр эрх мэдэл албан тушаалаа ашиглан Зайсангийн амыг өнөөдөр тэр чигээр нь мөнгөтэй компаниуд хувааж өгөөд дууссан бодит үнэн.

Түүнчлэн урьд хожид үе үеийн сайд нар хэзээ ч нөхөн сэргээлтйин ажлыг хийдэггүй байсан бол энэ удаад Байгаль орчин, аялал жуучлалын сайд Д.Оюунхорол Соёмботой уулын газрыг ухсан компаниар нөхөн сэргээлт хийлгэхээр болж иргэн Б.Төгсжаргалын барилгыг зогсоох шийдвэр гаргасан нь сайшаалтай. Эцэст нь хэлэхэд дархан цаазат газрын маань экосистем алдагдаж дэлхийн анхны дархан цаазат уул маань бусад уул толгодоос ялгарахааргүй нийслэлийн нэг суурьшлын бүс болж хувирсан нь харамсалтай.

Зураг