Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Мөнх-Оргил: 2018-2020 онд БНХАУ-аас хоёр тэрбум юанийн БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ авна

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 5 сарын 23
iKon.MN
 

Гадаад Харилцааны сайд Ц.Мөнх-Оргил өнөөдөр сар тутам зохион байгуулагддаг “Мэдээллийн цаг” хэвлэлийн бага хуралд оролцлоо.

Тэрбээр өнгөрсөн сарын хугацаанд гадаад харилцааны салбарт болсон үйл явдлуудын талаар танилцуулга хийв. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тавдугаар сарын 14-15-нд БНХАУ-д зохион байгуулагдсан “Бүс ба зам” олон улсын хуралд оролцжээ. Мөн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ли Көчяны урилгаар БНХАУ-д тавдугаар сарын 12-ны өдөр ажлын айчлал хийж, Ши Жинпинь ерөнхийлөгчид бараалхжээ.

Энэ талаар Ц.Мөнх-Оргил “Харилцааны хувьд ямар нэгэн үл ойлголцол, асуудал хоёр улсын хооронд алга. Одоо худалдаа, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх асуудал дээр санал нийлсэн. Энд юуны өмнө дэд бүтцийн бүтээн байгуулалт, эрчим хүч, уул уурхайн томоохон төслүүд байна.

Айлчлалын хүрээнд Засгийн газар, яам агентлагууд, ААН-үүд нийт 21 баримт бичигт гарын үсэг зурсан. Томоохон баримт бичгүүдээс гэвэл Монгол Улсын дэд бүтцийн хөгжлийн гол тулгуур болох “Хөгжлийн зам” хөтөлбөрийг БНХАУ-ын “Бүс ба зам” санаачлагатай уялдуулах, давхардал гаргахгүй хөгжүүлэхээр тохирлоо” гэсэн юм.

Сэтгүүлчид түүнээс цаг үеийн асуудлаар мэдээлэл авлаа.

-2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд гадаадад оршин сууж байгаа хэдэн иргэн саналаа өгөх вэ?

-Хилийн чанадад үйл ажиллагаа явуулж байгаа 45 дипломат төлөөлөгчийн газарт нийт 7,374 иргэн сонгуульд саналаа өгөхөөр бүртгүүлсэн байна. Энэ нь 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуультай харьцуулахад мянган иргэнээр нэмэгдсэн үзүүлэлт юм.

-Ойрын үед төрийн өндөр дээд хэмжээний айлчлал байгаа юу?

-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2017 оны зургаадугаар сарын 8-9-нд Казахстан улсын нийслэл Астана хотноо болох ШХАБ-ын төрийн тэргүүнүүдийн зөвлөлдөх уулзалтад оролцоно. Мөн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОХУ-ын Засгийн газрын урилгаар Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулазлтад оролцоно. Чуулга уулзалтаар олон улсын парламентын удирдлагууд болон бизнесийн төлөөлөлтэй уулзана.

"Хятад иргэд Монголд орж ирэхдээ ном журмын дагуу визээ авч орж ирнэ"
 

-БНХАУ-аас буцалтгүй тусламж үзүүлнэ гэсэн. Хэдийн хэмжээний мөнгийг, юунд зарцуулах вэ?

-2018 оноос 2020 он хүртэлх гурван жилийн хугацаанд БНХАУ-аас Монголд хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламж олгохоор болсон. Буцалтгүй тусламжийг ямар салбарт, ямар хэлбэрээр авахаа хэлээрэй гэсэн.

2017 онд бид авах ёстой 350 сая юанийн буцалтгүй тусламжийг Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтөд авч байгаа. 2016 онд авах ёстой байсан 300 сая гаруй юанийн тусламжаа боомтуудын тохижилтыг хийхэд зарцуулахаар шийдсэн байна.

Шинээр орж ирэх хоёр тэрбум юанийг юунд зарцуулах вэ гэдгээ Засгийн газар одоогоор эцэслэн шийдээгүй байгаа.

-ОУВС-гийн тэргүүнтэй та бүхэн уулзсан. Уулзалтаар манай улс хөтөлбөрт орох асуудлын талаар юу яригдсан бэ?

-ОУВС-гийн тэргүүнтэй бид уулзсан. Хоёр талаасаа байр сууриа илэрхийлж, санал бодлоо солилцсон. ОУВС-гийн хурал тавдугаар сарын 24-нд болно. Лагард хатагтай өөрөө хурлаа даргалж ажиллана, ОУВС Монголтой хамтран ажиллах сонирхолтой байна, Монголын эдийн засгийг тогтворжуулах, өрийн дарамтыг багасгах, макро эдийн засгийн тогтвортой орчин бүрдүүлэхэд тус нэмэр болно гэж итгэж байна, хамтран ажиллаад нааштай үр дүн гарна гэдэгт эргэлзэх зүйл байхгүй гэсэн.

Тавдугаар сарын 24-нд ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах байх гэж найдаж байна.

-Давхар харьяаллын асуудал ямар шатанд явж байгаа вэ. БНХАУ-ын иргэдийг давхар иргэншилтэй болгоно гэх мэт баталгаагүй мэдээлэл олон нийтийн сүлжээнд тавигдаж байнае

-Бид зөвхөн Монгол аав, ээжтэй хүүхдүүд гадаадад төрчихөөд Монголын харьяалал авч чадахгүй байгааг засах гэж байгаа юм. Жишээ нь АНУ-д Монгол аав, ээжээс төрсөн Монгол хүүхэд хуулиараа Америкийн иргэн болчихдог. Яагаад гэвэл тэр нутаг дэвсгэрт төрсөн гэдэг хөрсний зарчимтай. Монголын хуулиар тэр нь цусны зарчмаараа Монгол Улсын иргэн байх ёстой байвч бид давхар харьяалал зөвшөөрдөггүй учраас АНУ-ын иргэн болж үлдчихээд байна. Энэ маш олон тохиолдож байгаа зүйл. Өмнө нь ийм байгаагүй. Учир нь сүүлийн үед Монголчууд маш олноороо гадаадад ажиллаж, амьдарч байна.

Бусдаараа давхар харьяаллын асуудал хэнд ч гэсэн хаалттай. Хятадууд гэж айлгаад байгаа нь бусдын анхаарлыг өөр юманд сарниулах гэсэн оролдлого, улс төржилт.

Дээр нь сонгууль дөхөөд ч тэр юм уу хятад иргэдийг визгүй оруулах гэж байна гэдэг мэдээ олон нийтийн сүлжээнд гараад байна. Тийм юм байхгүй. Хятад иргэд Монголд орж ирэхдээ ном журмын дагуу визээ авч орж ирнэ. Өнөөдрийн байгаа энэ дэглэм өөрчлөгдөхгүй. 

 

Гэрэл зургийг MPA.mn