2018/05/25
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,411.51₮
B30
УЛААНБААТАР
25°
|
13°
B30
УЛААНБААТАР
12°
|
B30
УЛААНБААТАР
13°
|
15:00
S28
23°
16:00
S26
22°
17:00
S26
20°
18:00
S28
19°
19:00
S28
17°
20:00
S44
15°
21:00
S44
12°
22:00
S44
11°
23:00
S44
10°
00:00
S44
01:00
S44
02:00
S32
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/05/17 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шүгэл үлээсэн хүүхдүүд хохироод үлдэх үү?

Т.Батсайхан
2017 оны 5 сарын 17
Зууны мэдээ
Гэрэл зургийг mpa.mn

50 жилийн түүхтэй 29 дүгээр сургуульд бугшсан ёс зүйгүй асуудлыг сурагчид нь зориг гарган нийгэмд хүргэлээ. Монголд анх удаа хичээл хаялт зарлан, өөрсдийн асуудлаа олон нийтийн анхаарлын төвд аваачиж чадсан. Сонсголгүй иргэдийн холбооны ерөнхийлөгч Т.Цэдэнбал “Би энэ сургуульд сурч байлаа. 50 жил энэ сургуульд бугшсан бузар булай асуудлууд энэ цаг үед тэсэрч байна. Сурагчдынхаа зоригийг үнэлж байна. Тэднээр бахархаж өрөвдөж суулаа. Энэ асуудлуудыг гаргаж чадаагүй л болохоос өмнө нь манай сургуульд байсан зүйл” хэмээж байв.

Гэхдээ 29 дүгээр сургуулийн сурагчдын зориглон хийсэн тэмцэл хэр үр дүнтэй зүйл байв. Тэдний иргэний зориг өнөөдөр хаана хүрч, хүүхдүүд хүссэн үр дүндээ хүрч чадсан уу. Энэ эргэлзээтэй л асуудал.

Тэд мэдэх, суралцах эрхийн төлөө тэмцсэнийхээ дүнд байцаалт өгөх хэмжээнд хүртлээ дарамтлуулсан, одоо ч хичээл хаялт зохион байгуулсан, оролцсон, мэдээлэл өгсөн хүүхдүүдийг хонхны баярт нь оролцуулахгүй гэх зэргээр дарамталж байгааг эх сурвалжууд хэлж байна. Тэгэхээр тэдний “тэмцэл” төдийлөн үр дүнд хүрсэнгүй гэж харагдаад байна. Нийгэмд нэг хэсэгтээ шуугиан болоод л намжиж байна. Өнгөрсөн хугацаанд 29 дүгээр сургуулийн хүүхдүүдийн тэмцэл хэрхэн өрнөснийг тоймлоё.

Гуравдугаар сарын 27. Сурагчид өглөөний 08:30 цагаас эхлэн багш нар, сургуулийн захиргаандаа эсэргүүцэл илэрхийлэн хичээл хаялт зарлалаа. Тэд бусдын адил чанартай боловсрол эзэмших, дохионы хэлийг чадварлаг эзэмшсэн багш нараар заалгах хүсэлтээ сургуулийнхаа захиргаандаа удаа дараа илэрхийлжээ. Гэсэн ч тэдний хүсэлтийг хүлээж аваагүй тул хичээлээ хаяхаар шийдсэн нь энэ юм.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай хуулийн 12.1-д сонсголгүй иргэдийн эх хэл нь дохионы хэл мөн гэж заажээ. Мөн сонсголгүй хүүхэд ямар нэг ялгаварлан гадуурхалгүйгээр, эх хэлээрээ боловсрол олж авах бүрэн эрхтэй гээд Боловсролын хуульд тусгасан байдаг. Тэд энэ л эрхийнхээ төлөө тэмцэж эхэлсэн байдаг.

Гуравдугаар сарын 29. Тус сургуулийн захирал асан Б.Батсайхан мэдэгдэл хийв. Тэрбээр “Багш нарын чадварын хувьд бүгд л их, дээд сургууль төгссөн. Тусгай сургуульд ажиллуулахын тулд давхар давтан сургалтад суулгадаг. Багш нарын чадвар харилцан адилгүй байх нь зөв. Гэхдээ мэргэжлийн дохионы хэлний орчуулагч шиг байх шаардлагагүй. Ямар ч байсан хүүхдүүдтэй ярилцаж, хичээлээ ойлгуулах чадвартай л байх ёстой. Тэр шаардлагыг бид тавьдаг” гэсэн байдаг.

Дөрөвдүгээр сарын 5. 29 дүгээр дунд сургуулийн хашаанд барилга барихаар хашаа татаж, барилгын ажил эхлүүлсэн нь эсэргүүцэлтэй тулгарсан. Хэрэв хүүхдүүд жагсаал зохион байгуулаагүй, олон нийтийн анхаарлыг өөрсдийн зүгт хандуулаагүй бол тэд газраа булаалгах байсныг үгүйсгэхгүй. Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр сургууль, Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар сургууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 186 дугаар цэцэрлэг болон хоёр сургуулийн дотуур байр байрладаг 756 ам.метр газрын гэрчилгээ 29 дүгээр сургуулийн нэр дээр байдаг. Гэвч Сүхбаатар дүүргийн Нийгмийн хамгааллын төвийг энд барих зөвшөөрлийг Нийслэлийн Засаг даргын 2015 оны захирамжаар шийдвэрлэжээ. Хүүхдүүдийн эсэргүүцлээс шалтгаалан Хотын дарга С.Батболд газрын зөвшөөрлийг тухайн өдөрт нь багтаан цуцалсан байдаг.

Дөрөвдүгээр сарын 25. Тэдний тэмцлийн хамгийн хүнд хэсэг гэж хэлж болно. 29 дүгээр сургуульд өрнөж буй ёс зүйгүй асуудлыг “Чимээгүй хашхираан” нэвтрүүлэг хөндөж олон нийтэд хүргэлээ. Нэвтрүүлгийн үеэр есөн сурагчаас ярилцлага авахад тэдний гурав нь бэлгийн дарамтад орж байснаа ярьсан. Энэ мэдээлэл олон нийтийг цочролд оруулсан. Нэвтрүүлгийн дараа тус сургуулийн захирал асан Б.Батсайхан “Хүүхдүүд бэлэг өгөхийг бэлгийн дарамт гэж ойлгодог” гэж хэлээд сууж байсан нь төр засгаас энэ сургуульд нэн тэргүүнд анхаарах хэрэгтэй гэдгийг нотолж байв.

Дөрөвдүгээр сарын 26. Тусгай сургуулийн асуудалтай холбогдох Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, тус сургуулийн захирал Н.Батсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Түүний хөдөлмөрийн гэрээг зөрчсөн хэмээн үзсэн юм. Сургуулийн захирал зүгээр дуугүй явахыг хүссэнгүй. Ажлаас үндэслэлгүй халагдсан хэмээн жагсаал зохион байгуулаад амжив.

Дөрөвдүгээр сарын 27. Тус сургуулийн захирлаар Н.Сарантуяаг томиллоо. Тэрбээр 29 дүгээр сургуульд дохионы хэлний багшаар ажилладаг байв.

Тавдугаар сарын 12. БСШУС-ын сайдын Тусгай сургууль, цэцэрлэгийн талаар тушаал гаргав. Үүнд 29 дүгээр тусгай сургуульд бэлтгэл бүлэг хичээллүүлэх асуудлыг судалж, зургаадугаар сард багтааж шийдвэрлэх, сургалтын хэрэглэгдэхүүн, ном, сурах бичгийн зардлыг сургуулийн төсөвт 2018 оноос эхлэн тусгаж, хууль, тогтоомжид нийцүүлэн өөрсдөө худалдан авах боломжийг бүрдүүлэх зэрэг тодорхой асуудлыг тусгасан байна.

Өнгөрсөн сар гаруйн хугацаанд тэдний тэмцэл ийн өрнөсөн байдаг. Сургуулийн захирлаа унагаж, боловсролын сал­барыг ч нэлээд өндөлзүүлээд авсан. Хэвлэл мэдээллийнхэн ч тэдний “хашхираан”-нд томоохон байр суурь эзэллээ. Гэвч хүүхдүүдийн чин хүсэл биелсэн болов уу.

Дарамтгүй, ялгаварлан гадуурхалтгүй байж мэдэх, сурах эрхээ тэд хамгаалж авч үлдэж чадсан эсэх нь эргэлзээтэйгээр энэ дуулиан намжиж байх шиг. Хамгийн сүүлд буюу энэ сарын 10-нд Сонсголгүй иргэдийн холбооноос мэдээлэл хийхдээ 29 дүгээр сургуулийн хичээл хаялт хийсэн, хэвлэл мэдээлэлд хандсан хүүхдүүдийг хонхны баярт нь оролцуулахгүй гэсэн талаар хэлж байв. Тэгэхээр тэдний тэмцэл үр дүнд хүрсэнгүй, тэнд очих дарамт шахалт үргэлжилсээр байгааг дуулгая.

x