Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/12-НД НИЙТЛЭГДСЭН

“Удахгүй өөрийн нэрийн үнэртэй усаа гаргана”

Т.Батсайхан, Зууны мэдээ
2017 оны 5 сарын 12
Зууны мэдээ
 

Төрийн соёрхолт зураач Т.Цэгмидийн охин Ц.Цацрал өдгөө Герман улсын Берлин хотноо амьдран уран бүтээлээ хийж байна. Тэрбээр эх орондоо хааяа ирж, гэр бүлийнхэнтэйгээ уулзаад, Монголоо санасан сэтгэлээ тайтгаруулаад буцдаг. Энэ л жишгээр саяхан Монголдоо ирээд байхад нь уулзаж ярилцсан юм.

Герман улсад 20-иод жил уран бүтээл хийж байгаа тэрбээр “Эх орноо л их саналаа” гэсээр яриагаа эхлэв. “Онгоцны буудал дээр буухад яагаад ч юм бэ Монголын минь салхи эрх чөлөөтэй илбэх шиг санагдсан. Хүн ард маань яриа хөөрөөтэй, шуугиантай нэг л эгэлгүй, энэ минийх шүү гэмээр болж байлаа. Берлин саарал их уйтгартай хот шүү дээ” гэв.

ААВ БИД ХОЁРЫН УРАН БҮТЭЭЛИЙН ЕРТӨНЦ ӨӨР

Тэрбээр СУИС-д хувцас загварын мэргэжлээр суралцаж төгссөн. Тэгээд Берлинд үргэлжлүүлэн уран зургийн ангид суралцсан байдаг, Аавыгаа дагаад багаасаа л уран зурагт дуртай болж өсжээ. Удам угсаа, сэтгэл зүрхээ дагаад хувцас дизайны урлагаа орхиж уран зургийн уран бүтээлээ эхлүүлжээ. Үүнийгээ хамгийн зөв сонголт гэдэг юм билээ.

“Хүмүүс "Цэгмид гуай алдартай зураач учраас чамд зааж өгдөг үү. Зургийг тань юу гэдэг вэ” гэж асуудаг. Аав надад юу ч хэлээгүй. Өөрөө их эрх чөлөөтэй хүн учраас намайг ч гэсэн тийм байлгахыг хүсдэг. Миний уран бүтээлд хөндлөнгийн нөлөө орчих вий гэж болгоомжилдог байх. Аав бид хоёрын уран бүтээлийн ертөнц өөр” гэж байлаа. 

Тэрбээр Монголдоо ирээд аавынхаа урланд хэсэг саатжээ. Бийр будгийн дотно үнэр, аавтайгаа хүүрнэлдэх дотно үгс түүний амьдралд нэгээхэн тайтгарлыг өгдөг байна. Т.Цэгмид гуай ч их сонирхолтой хүн шүү, зургаа зураад л, бийр, будгаасаа холдож чаддаггүй нэгэн. Аав охин хоёр үеийн юм шиг ярилцана. Ц.Цацралт Аавын маань хэлсэн ярьсан бүр нь миний оюун ухааныг цэнэглэдэг юм шиг. Тэр нь миний уран бүтээлд тусгагддаг юм болов уу. Зургаа зураад шатаж суух үедээ аав минь ч гэсэн ингэж байсан байх гэж боддог. Өөрөө эрх чөлөөтэй хүн учраас намайг “Эх орондоо ир” гэх зэргээр хэзээ ч барьдаггүй. “Бүх л зүйл өөрийн тань хариуцлага, сонголт” гэж аав минь захидаг” гэж байв.

ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ЕРТӨНЦИЙГ ӨГҮҮЛЭХ ҮЗЭСГЭЛЭНГЭЭ НЭЭЖЭЭ

Зураач Ц.Цацрал хамгийн сүүлд Берлин хотноо эмэгтэй хүний ертөнцийг өгүүлэх уран бүтээлийн үзэсгэлэнгээ нээжээ.

Эмэгтэй хүний ертөнц гэгээхэн орон зай. Монголд эмэгтэй хүн тийм байх ёстой, айлын эхнэр хүн ийм гээд л хууль дүрэм шиг зүйл ярьдаг. Зураач бүтээлүүдээрээ үүнийг үгүйсгэсэн байна. Эмэгтэй хүн тэнгэрлэг, эрхэмсэг, гэгээн байх ёстой гэдгийг түүний хамгийн сүүлийн уран бүтээлүүдээс харж болно. Тэрбээр "Би жирэмсэн байхдаа үр хөврөл зурах ч юм уу. Хөдөө явахдаа байгаль зурдаг. 

Харин одоо арай өөр сэтгэлгээтэй болоод байна. "Хүмүүс яагаад шашин шүтдэг юм, яагаад ирээдүйгээ мэдэх гээд асуугаад байдаг юм" гэсэн бодлууд толгойд эргэлддэг. Ер нь энэ ертөнцийн хамаг нууцад нэвтэрч түүнийг уран бүтээлээрээ тайлбарлахыг оролдоно. Нууц, гүн утга учиртай бүхэн миний сонирхлыг татдаг. Мөн сүүлийн үед жендерийн асуудал надад их сонирхолтой санагдах боллоо. Ер нь цаг хугацаа өнгөрөх тусам зураачийн ертөнцийг үзэх үзэл өөрчлөгдөж байна. Түүнийгээ дагаад бүтээлүүд хувьсах юм” гэлээ. 

Ц.Цацралын уран зургийн бүтээлүүдийг харахад их энгийн атлаа цаанаа нэгийг ургуулсан байдаг. Ер нь Европын зураачдын уран зургууд их энгийн хэр нь сонгодог, Азийнх нарийн чамин байдаг хэмээн уран зураг сонирхогчид өгүүлдэг. Тэгвэл Германы Берлин хотноо 20-иод жил ажиллаж уран бүтээлээ туурвиж буй түүний бүтээлүүдэд Европ өнгө аяс давамгайлах болжээ.

“БИ УРАН ЗУРГААС АВЧ БОЛОХ БҮХИЙ Л САЙН САЙХНЫ ДЭЭДИЙГ МЭДЭРДЭГ”

Судлаачид Ц.Цацралын зургийг тодорхойлохдоо "Neo-Expressionism" урсгал давамгайлсан гэдэг. Үүнийг сэтгэлийн хөдлөлөөр ажилласан бүтээл гэж орчуулж болох юм. Гэхдээ зураач бүсгүй маань ямар нэгэн төрөлд баригдахыг хүсдэггүй. Тухайн үеийн мэдрэмж, харах өнцөг өөр учраас ямар ч зураг гарч болно гэсэн эрх чөлөөт уран бүтээлчийн зарчмаар ажиллана. 

Би уран зургаас авч болох бүхий л сайн сайхны дээдийг мэдэрдэг. Зураг зурах болгонд амарч байгаа юм шиг санагддаг хэмээн ярьж байлаа. Тэрбээр одоо гурван хүүхдийн ээж болжээ. Эмэгтэй хүн л хойно гэр бүлдээ анхаарал хандуулна, хүүхдээ харна. "Ер нь ямар үед зургаа зурдаг вэ” гэхэд “Би өдөр бараг л зурдаггүй. Шөнийн 00:00 цагаас үүр цайтал зурна. 03:00 цагийн үед урам бүтээлдээ нэлээд гүнзгий орсон байдаг, Хүн хажууд ирээд юм ярьсан ч сонсохооргүй тийм гүн гүнзгийгээр уран бүтээлдээ анхаардаг гэж байв.

Хүн өдөрт 6-8 цаг унтах ёстой гэж ярьдаг. Тэгвэл тэрбээр 4-5 цаг орчим унтаж амардаг байна. Энэ нь ч амьдралынх нь хэвшил болжээ. Ц.Цацрал “ Би нойр дутуу, ядрах болов уу гэж боддог ч үгүй. Ер нь хүн хэн нэгний хэв маягаар биш сэтгэлээрээ л амьдрах хэрэгтэй юм билээ. Миний толгойд шөнө орж ирсэн бодлууд их уянгалаг, зөөлөн, гүн байдаг" гэж байв.

“ҮНЭРТНИЙ НОТУУДЫГ ХОЛЬЖ ҮНЭРТЭЙ УС ГАРГАХААР ИДЭВХТЭЙ АЖИЛЛАЖ БАЙНА

Тэрбээр эх орондоо ирээд "Чио чио caн дуурь үзэж, номын дэлгүүр хэсэж, Гандангаар орох гээд л эрх чөлөөтэй хэдэн өдрийг өнгөрүүлжээ. Мөн зураач Ц.Цацрал “Үнэртэй усанд дурсагсдын клуб”-ын админаар ажиллаж байна. Үнэртэй ус бол түүний нэг хобби. Шөнө зургаа зурдаг байсан бол сүүлийн үед үнэртний нотуудыг холиод шинэ үнэртэн гаргах ажлыг идэвхтэйгээр хийдэг болсон гэнэ.

Мөн түүний тухай нэгэн нууцыг задлахад тэрбээр удахгүй өөрийн нэрийн үнэртэй усаа гаргахаар ажиллаж буй юм билээ. Эх орондоо ирээд клубынхантайгаа хамтран асрамжийн газар тодорхой хандивыг өргөжээ. “Түүнээс таны нэрийн үнэртэй ус ямар байх бол” гэхэд “ Би яагаад ч юм бэ. Хүжнийх шиг үнэрт их дуртай л даа. Гэхдээ хүмүүс хурц гээд байдаг. Тиймэрхүү үнэртэй байж магадгүй. Гэхдээ нууцыг үүнээс илүү дэлгэмээргүй байна.

Ирэх долдугаар сард эх орондоо ирээд танилцуулна” гэлээ. Mөн түүний дараагийн нэг сонирхол гэвэл ном. Монголд ирэх бүртээ 30 кг номтой буцдаг тухайгаа дурсан ярилаа. Түүний Монголоос “зөөсөн” номууд нэг ханыг нь битүү дүүргэсэн гэнэ. Энэ удаа ч тэрээр ачаа дүүрэн номтой буцаж байгаа аж. Ийнхүү зураач бүсгүй Германы Берлин хотноо хийж буй уран бүтээлээ танилцуулан, өөрийн нэрийн үнэртнээ гаргах зорилготой яваа гээл олон сонин сайхнаасаа хуваалцаад буцлаа. Одоо тэрбээр Берлин хотноо очсон, аль хэдийнээ их орноо санаад эхэлсэн суугаа.

Зураг