Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/09-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол, БНХАУ, ОХУ хууль сахиулах салбарт хамтран ажиллана

ikon.mn
2017 оны 5 сарын 9
iKon.MN
Зураг зураг

ХЗДХ-ИЙН САЙД С.БЯМБАЦОГТ БНХАУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА

Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт БНХАУ-д ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яам хооронд 2017-2021 онд хамтран ажиллах үйл ажиллагааны хөтөлбөрт гарын үсэг зурсан юм. Мөн Монгол, Хятад, Орос гурван улсын хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлаар санал солилцсон байна.

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт БНХАУ-д хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд БНХАУ-ын Хятадын Коммунист Намын Төв хорооны гишүүн, Хууль зүйн хорооны нарийн бичгийн дарга Мэн Жианжүтэй уулзлаа.

Уулзалтын үеэр сайд С.Бямбацогт дипломат харилцааны 68 жилийн түүхтэй Монгол Хятад хоёр орны харилцаа улс төр, эдийн засаг төдийгүй хууль сахиулах салбарт эрчимтэй хөгжиж байгааг тэмдэглэсэн байна. Энэ үеэр талууд иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн хоёр талын хамтын ажиллагаанд хоёр орны хууль зүй, дотоод хэргийн салбар ихээхэн чухал үүрэгтэй болохыг онцлоод 6 жилийн дараа Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын хийж байгаа айлчлал өндөр үр дүнтэй болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

МОНГОЛ, ХЯТАД, ОРОС УЛСУУД ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ МЕХАНИЗМТАЙ  БОЛНО

Мөн өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт БНХАУ-ын Нийгмийг Аюулаас Хамгаалахын сайд Гуо Шэнкүнтэй уулзлаа. Уулзалтын үеэр сайд С.Бямбацогт ОХУ-ын Уфа хотноо зохион байгуулагдсан Монгол, Орос, Хятад гурван улсын төрийн тэргүүнүүдийн  хоёр дахь удаагийн дээд түвшний уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Си Жиньпин гурван улсын эдийн засгийн коридор байгуулах замаар гурван улсын хамтын ажиллагааг "Бүс ба Зам" санаачлагатай уялдуулах боломжтойг мэдэгдсэнийг тэмдэглээд, энэ нь Монгол, Хятад, Орос хууль сахиулах салбарт хамтран ажиллах механизм бий болгох, "Бүс ба Зам" төслийн аюулгүй байдлыг хангах таатай боломж бүрдүүлж байгааг онцоллоо.

Мөн өнгөрөгч долоо хоногт БНХАУ-ын Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамнаас 2 сая юаны үнэ бүхий цагдаагийн тусгай хэрэгслийг буцалтгүй тусламжаар олгосонд талархал илэрхийлэв.

2017-2021 ОНД ХАМТРАН АЖИЛЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Мөн өдөр  Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, БНХАУ-ын Нийгмийг Аюулаас Хамгаалахын сайд Гуо Шэнкүн нар  Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яам хооронд 2017-2021 онд хамтран ажиллах үйл ажиллагааны хөтөлбөрт гарын үсэг зурсан байна. Ингэснээр талууд хил дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх эрх зүйн шинэ боломж нээгдэж байгаа юм. 

Түүнчлэн хоёр улсын Засгийн газар хоорондын Хилийн дэглэмийн гэрээ, боомтын асуудлаарх хэлэлцээрийг хэрэгжүүлж, Монгол Улсын ХХЕГ, БНХАУ-ын Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны Хилийн Цэргийн Удирдах Газрын хооронд 1997 онд байгуулсан "Итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн харилцан ажиллах журмын тухай санамж бичиг"-ийг шинэчлэх, хил дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хамтын ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр хоёр тал санаачлагатай ажиллаж байгааг тэмдэглэсэн байна. 

Мөн энэ оны 3-р улиралд Монгол, Хятад, Орос гурван улсын хил хамгаалах байгууллагууд "Дархан хил-2017" хамтарсан сургууль зохион байгуулах болсонд баяртай байгаагаа илэрхийлэв. 

 

Эх сурвалж: ХЗДХЯ