1
2
3
4

Шинэ технологи Монголд

ikon.mn
2021 оны 4 сарын 26
Сурталчилгаа
Шинэ технологи Монголд
Зураг

Please read the English version (Click here please)

Мобиком Корпорацийн ТУЗ-ийн гишүүн, Гүйцэтгэх захирал Тацуяа Хамада өнгөрсөн Бямба гарагт Монгол HD телевизийн Шинэ технологи Монголд нэвтрүүлэгт оролцож, Мобиком Групп болон охин компаниудын үйл ажиллагаа, зах зээлд нэвтрүүлсэн шинэ технологи, үйлчилгээнүүдийнхээ талаар сонирхолтой яриаг өрнүүллээ.

Г.Бат-Эрдэнэ: Сайн байцгаана уу. Бид өнөөдрийн ярилцлагаараа Монголын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт маш олон өөрчлөлтийг зоригтойгоор эхлүүлж байгаа нэгэн компанийн захирлыг урьж оролцуулаад байна. Тэр бол Мобиком Группийн ТУЗ-ийн гишүүн, Гүйцэтгэх захирал ноён Тацуяа Хамада юм. Цар тахлын энэ цаг үед дэлхийн болон Монголын харилцаа холбооны салбарт ямар өөрчлөлтүүд гарч байна вэ? Та бүхэнд ямар сорилтууд тулгарч байна вэ? Танай компани энэ асуудалд хэрхэн яаж хандаж байгаа талаар өнөөдрийн ярилцлагаа эхлүүлье.

Тацуяа Хамада: Цар тахалтай хэцүү цаг үе ч гэлээ өнөөдрийн энэхүү ярилцлагад урьж оролцуулсанд баярлалаа. Ярилцлагаа эхлүүлэхэд их тохиромжтой асуулт байна. Дэлхий дахинд маш олон хүмүүс, байгууллагууд асар том сорилттой тулгарлаа. Энэхүү сорилт дэлхийн түүхэн сорилт болох болов уу гэж бодож байна. Зөвхөн Монгол төдийгүй, миний эх орон болох Япон улс, хөрш зэргэлдээ оршиж буй Хятад, Орос, түүнчлэн Америкийн Нэгдсэн Улс, Европын Холбоо, Азийн орнууд гээд дэлхий даяараа нийтлэг нэг бэрхшээлтэй тулгарлаа. Өнөө цагт, нийтлэг бэрхшээл үүсэх нь түүхэнд байгаагүй их ховор үзэгдэл гэж бодож байна. Учир нь хүн төрөлхтний хувьд урьд өмнө нь улс орон бүрийн онцлогоос хамаарсан асуудлууд гарч байснаас биш, ийм төрлийн нийтлэг бэрхшээлийг үзэж байгаагүй. Тийм ч учраас бид хувийн эрх ашгаа хойш нь тавин нэг нэгнээ дэмжиж, хамтран ажиллах хэрэгтэй. Энэ бол миний нэн тэргүүний бодол юм.

Байгууллага болон эдийн засгийн хувьд асар их хохирол учраад байна. Гэхдээ нөгөө талдаа Ковидын нөхцөл байдалд зарим салбарын өсөлтийг хурдасгаж чадсан. Эдгээрийн нэг нь Харилцаа холбоо, мэдээллийн  технологийн салбар. Амьдралын хэв маягийн өөрчлөлт, бизнес дэх дижитал хувьслаас шалтгаалан бизнес эрхлэгчдэд Ковидын нөхцөл байдал тодорхой түлхэц үзүүлсэн. Энэ талаар удахгүй тайлбарлая. Монгол улс болон дэлхий бусад улсад эдийн засаг, аж үйлдвэрлэлийн алдагдал, хүний амь насны эрсдэл урьд өмнө нь байгаагүй асар их хүрээг хамарч байна. Монгол Улсын хувьд нэн чухал ач холбогдолтой ресторан, кафе баар, супермаркет, их дэлгүүр, аялал жуулчлал зэрэг үйлчилгээний салбар үүнд өртсөн. Өнгөрсөн жил Ковид эхэлснээс хойш агаарын нислэг болон тээврийн ложистикийн бусад олон үйлчилгээ ихээхэн хохирол амссан.

2020 оны 3 дугаар сард Монгол Улсад анхны халдвар илэрсэн. Гэхдээ үнэнийг хэлэхэд, өнгөрсөн зун ноцтой нөхцөл байдал үүсээгүй ч үүний цаана халдвар тархаж байж болзошгүй нөхцөл байдал байсныг бид мэдээгүй. Гэтэл гэнэт арваннэгдүгээр сараас нөхцөл байдал хүндэрч эхэлсэн. Харилцаа холбооны салбарын хувьд өмнө нь дурдсанчлан амьдралын хэв маягийн өөрчлөлт, бизнес дэх дижитал хувьсалтай холбоотойгоор салбарын тодорхой хэсэгт хөгжил нь хурдассан хэдий ч үлдсэн хэсгүүд нь бусад салбарын адилаар хямралд өртсөн. Учир нь харилцаа холбооны салбар хэрэглэгчдэд ярианы үйлчилгээ голлон үзүүлдэг. Ярианы хэрэглээ 2020 оны 2 дугаар сараас хойш эрс буурсан. Үүний шалтгаан нь хүмүүс хөл хорионд орж, танхимын хичээл хаагдаж, сурагчид гэрээсээ онлайнаар хичээлдээ хамрагдаж байгаа тул эцэг эхтэйгээ утсаар ярих нь багассан.

Бизнесийн хувьд ч бизнес эрхлэгчид гадуур ажил хөөцөлдөх нь хязгаарлагдсанаар дуудлага хийх нь багассан. Мөн Олон улсын орох, гарах дуудлага эрс багассан нь Монгол дахь гадаадын иргэд болон жуулчдын тоо багассантай холбоотой юм. Энэ ч бас бизнесийн орлогод нөлөөлсөн.

Зураг

Байгууллагууд дижитал технологийг ашиглан бүтээмж болон үр өгөөжөө нэмэгдүүлэх арга замыг хайх болсон

-Цар тахлын энэхүү өөрчлөлт бид бүгдийн хувьд шинэ сорилт байлаа. Салбар бүрд шинэ сорил шинэ дадал бий болж байна. Тэгвэл 2021 онд үүсээд байгаа нөхцөл байдалд тохируулан юу хийж байна вэ?

-Сайхан асуулт байна. Өмнө нь хэлсэнчлэн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын бизнес цар тахалтай холбоотойгоор илүү их хөгжих боломжтой болсон. Учир нь харилцаа холбоо уламжлалт арга зүйгээс шинэ арга хэлбэрт шилжиж байна. Дижитал харилцаа холбоо буюу мессенжер, видео дуудлагыг түлхүү ашиглаж, бизнес уулзалтууд, улс төрийн хурлууд хүртэл видео дуудлага хэлбэрээр хийгдэж байна. Байгууллагууд дижитал технологийг ашиглан бүтээмж болон үр өгөөжөө нэмэгдүүлэх арга замыг хайх болсон. Бид үүнийг ерөнхийдөө Дижитал хувьсал, DX гэж нэрлэдэг. (DX бол зөвхөн техникийн хэрэгжилт биш, дижитал технологийн тусламжтайгаар бизнесийн үйл ажиллагааны явц, арга зүйг цогцоор нь сайжруулах явдал юм.) Энэ утгаараа Ковид нь аж үйлдвэрийн дижитал хувьслын хөгжлийг хурдасгаж байгаа юм. Зөвхөн бизнесийн хувьд ч биш, хувь хүний амьдралын хэв маяг хувьсан өөрчлөгдөж байна. Жишээ нь: Олон хүн нэг дор цугларахыг хориглосон учраас төрсөн өдрөөр мессенжер болон видео дуудлагаар мэндчилгээ хүргэж, баяраа тэмдэглэж байна. Хөдөө орон нутагт суудаг эцэг эхтэйгээ өдөр тутам харилцахдаа хүртэл видео дуудлага хийдэг болсон. Үүнээс гадна байгууллага дахь хүний гар ажиллагаа нь автоматжуулсан дижитал арга хэлбэр рүү шилжиж эхэллээ. Энэ мэтчилэн амьдралын шинэ хэв маяг аль хэдийнэ Монгол улсад бий болж эхлээд байна.

-Энэ нь Мобиком Корпорацийн үйл ажиллагаанд яаж нөлөөлж байгаа вэ?

-Мобиком нь мобайл үйлчилгээг голлон үзүүлдэг. Цар тахлын энэ үед хүмүүсийн амьдралын хэв маягт тохируулан дижитал хувьслыг хурдасгахын тулд мэдээж хэрэг мобайл датаны чанараа сайжруулах нь хамгийн чухал. Тийм ч учраас мобайл датаны асар их хэрэглээг хангахын тулд бид датаныхаа чанарыг сайжруулахаар тасралтгүй ажиллаж байна. Дашрамд хэлэхэд, өнгөрсөн жил, энэ жилийн хувьд ч үүнтэй холбоотойгоор их хэмжээний хөрөнгө оруулалт хийх шаардлага үүссэн. Түүнчлэн Мобинет ХХК болон Мобифинанс ХХК-ийн үйл ажиллагааг онцолмоор байна. Та бүхний ихэнх нь магадгүй эдгээр компаниудыг мэдэх байх. Энгийнээр тайлбарлавал, Мобинет нь өрхийн өргөн зурвасын үйлчилгээ болон байгууллагын хэрэглэгч, төрийн байгууллагуудад интернэт холболт хийдэг. Мөн VOO хэмээх OTT контент, ТВ, видео стрийминг үйлчилгээг үзүүлдэг.

Харин Мобифинанс ХХК нь MonPay апликейшнд суурилсан төлбөр тооцоо, дижитал санхүүгийн үйлчилгээг цахим мөнгөний албан ёсны зөвшөөрөлтэйгөөр үзүүлдэг. Эдгээр компаниудын аль аль нь дижитал хувьсалд төвлөрч байна. Өнөө цагт өрхийн өргөн зурвасын үйлчилгээ нь бид бүхнийг өдөр тутамдаа цахим харилцаа, цахим бизнесээ явуулахад чухал үүрэг гүйцэтгэж байна. Өнгөрсөн жилийн хувьд дэлхий дахины сүүлийн үеийн шинэ технологи болох OTT дээр суурилсан VOO үйлчилгээг шинээр нэвтрүүлсэн. Та бүхний мэдэж байгаачлан MonPay нь уламжлалт төлбөр төлөлтийг апликейшнаар шийдсэн, дижитал хувьслын нэг хэлбэр юм. Тиймээс группийн хэмжээнд бид эдгээр хоёр чиглэлд ихээхэн анхаарал хандуулж байна.

Зураг

Мобинет ХХК-иар дамжуулан нийгэмд юу хийдгээ танилцуулахдаа таатай байна

-Сая та Мобинет компанийн талаар ярилаа. Ер нь Мобинет ХХК-ийн цаашдын ирээдүйн талаар бидэнд сонирхуулаач. Мобинет бол интернэтийн зах зээлд хүчтэй өрсөлдөгч. Хөрөнгө оруулагчийн хувьд Мобинетийн бизнесийн ирээдүй, дүр зураглалыг яаж төсөөлж байгаа вэ?

-Мобинет ХХК-иар дамжуулан нийгэмд юу хийдгээ танилцуулахдаа таатай байна. Мобинет ХХК нь хэрэглэгч болон байгууллагуудад интернэтийн өргөн зурвасын үйлчилгээ үзүүлдгээрээ нэлээд танигдсан. Үүний хамгийн том давуу тал нь өндөр хурдны чанар, тасралтгүй холболт юм. Дижитал хувьслыг дагаад интернэт холболтын хэрэгцээ ихээр өсөж байна. Тиймээс бид нэгдүгээрт хурд, хоёрдугаарт чанар, харин үүний дараа тасралтгүй холболтыг чухалчилж байна. Мобинет нь зах зээлд хамгийн найдвартай түншүүдийн нэгд тооцогддог.

Монгол улсад IPTV үйлчилгээ эрхлэгчид, үүрэн холбооны операторууд зэрэг маш олон интернэт үйлчилгээ үзүүлэгч компаниуд байдаг. Мобинетийн хувьд Европ, Америкийн Нэгдсэн Улс, Хонконг, Япон улс руу олон улсын шууд гарцтай, бөөний урсгалын Мобиком Нэтворкс ХХК-иас олон улсын урсгалыг авч хэрэглэгчдэд өндөр хурдны найдвартай интернэт үйлчилгээ хүргэдгээрээ хүчтэй ялгарлыг бий болгосон. Энэ талаар бас ярих хэрэгтэй болов уу. Монгол дахь интернэтийн үйлчилгээний чанарыг дэлхийн дундажтай харьцуулбал ямар болохыг та мэдмээр байна уу? Албан ёсны эх сурвалжаас авсан статистик мэдээгээр Монгол Улсын интернэтийн дундаж хурд ойролцоогоор 40 Mbps байна. Энэ нь дэлхийн 98Mbps (бараг 100Mbps) дундаж хурдтай харьцуулбал чанар нь дэлхийн дунджаас хамаагүй бага байна. Үнэнийг хэлэхэд Монгол улсын энэ 40Mbps-ийн дундаж хурд манай гэрийнхээс хамаагүй дээр харагдаж байна. Миний бодлоор бодит хэрэглээний хурд хамаагүй бага гэж бодож байна. (Эх сурвалж: “Global index by Speedtest.net”).

Түүхийн хувьд Мобинет нь байгуулагдсан цагаасаа хойш интернэт үйлчилгээний салбарыг Монголд хөгжүүлэх олон ажлуудыг хийхийг зорьж байсан. Хэдийгээр бид олон жилийн турш маш хүнд нөхцөл байдалтай нүүр тулж, өндөр чанартай, өндөр хурдны интернэтийн үйлчилгээг хэрэглэгчдэдээ үзүүлж байгаа хэдий ч өнөөдрийн байдлаар  салбартаа тэргүүлэгч болж хараахан чадаагүй байна. Гол тоглогчидтой харьцуулбал жижиг тоглогч байсаар байна.

Мобинет яагаад хүссэн зүйлдээ хүрч чадаагүй шалтгааныг та мэдмээр байна уу? Шалтгаан нь тун энгийн.

Зах зээл, хэрэглэгчид бүгд “IPTV, өрхийн интернэт, IP утас’’ гэсэн гурвалсан үйлчилгээг хүсдэг. Гэвч бодит зах зээл дээр хэрэглэгчид эдгээр гурван үйлчилгээний нэгийг нь нэг оператороос, нөгөөг нь бусад оператороос сонгон авах эрх нь хязгаарлагдмал байна.

Хоёрдугаарт, Мобиком Группийн Мобинет нь олон жилийн турш IPTV-ийн үйлчилгээ үзүүлээгүйг хүн бүр мэдэх байх. Бидэнд айл өрхөд зориулсан IPTV-ийн үйлчилгээ байхгүй учраас Мобинет нь өрхийн интернэтийн бизнесээ тэлж, хөрөнгө оруулалт хийх боломж хязгаарлагдмал байсан. Зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан Мобинет нь өрхийн интернэт болон IP утасны үйлчилгээгээр хэрэглэгчдэдээ хамгийн чанартайг хүргэж, хэрэндээ тэмцэж байсан хэдий ч хэрэглэгчид маань  IPTV үйлчилгээг ашиглахын тулд тухайн компанийхаа интернэт үйлчилгээг сонгох шаардлагатай болсон.

Та бүхэн таамаглаж байгаа байх. Зах зээлд давамгайлагч операторуудтай Мобинет болон бусад  компаниуд жигд өрсөлдөх боломжгүй учраас өрсөлдөөний орчин сул болж тэр хэрээрээ Монгол дахь интернэтийн салбар дэлхийн стандарттай харьцуулбал чанар, хурдны ялгаа их хол зөрүүтэй байна.

Мобинет компани зөвхөн интернэт үйлчилгээ үзүүлээд зогсохгүй дижитал хувьслаар дамжуулан Монголын нийгэмд хувь нэмэр оруулахаар ажиллаж байна. Энэ утгаараа харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт системийн интеграцилал, сервер компьютер, мэдээллийн аюулгүй байдал (firewall), үүлэн технологи, компьютер тооцоолох зэрэг сүлжээ болон систем хангамжийн цогц ажлууд хийж байна. Тэдгээрийн нэг нь Microsoft O365 лицензийн хангамж болон үйлчилгээ юм. Энэ бизнес нь Мобинетийн чухал хэсэг болоод байна.

-Өнөөдрийн байдлаар Монголд үүрэн холбооны операторын үйл ажиллагаа явуулж байгаа 4 компани байдаг. Үүний хоёр нь буюу Скайтел групп, Юнител групп IPTV үйлчилгээтэй. Мобиком, Mобинет компанийн хувьд айл болгонд интернэт нь орчихсон сүлжээтэй мөртлөө яагаад өнөөдрийг хүртэл IPTV үйлчилгээний бизнесийн салбарт үйл ажиллагаагаа эхлүүлээгүй явж байгаа вэ?

-Энэ асуултыг асуусанд баярлалаа. Олон хүн миний хариултыг, мөн бодит түүхийг сонсохыг хүсэж байгаа болов уу. Үнэн хэрэгтээ Мобиком Групп нь олон жилийн өмнөөс IPTV үйлчилгээ эхлүүлэхийг хүссэн. 2009 онд одоогийн Харилцаа Холбоо Мэдээллийн Технологийн Газар буюу хуучнаар Мэдээллийн Технологи Шуудан Харилцаа Холбооны Газраас бодлогоор дөрвөн үйлчилгээ эрхлэгчдэд IPTV үйлчилгээ эрхлэх боломжийг олгосон. Өөрөөр хэлбэл, дөрвөн компанид IPTV үйлчилгээ эрхлэхийг зөвшөөрсөн нэг төрлийн бодлогын баримт бичиг байсан юм. Гэвч тухайн үед Мобиком Групп нь тусгай зөвшөөрөлтэй холбоотой тодорхой шалтгааны улмаас IPTV үйлчилгээг нэвтрүүлж чадаагүй ч Юнител, Скайтел Группууд нэвтрүүлж, Юнивишн ХХК, Скаймедиа ХХК-ийг үүсгэн байгуулсан. Харин Мобиком Групп нь 2011, 2012, 2013 онд ХХЗХ-нд IPTV үйлчилгээ нэвтрүүлэх хүсэлтээ тавьсан ч бидний хүсэлтийг шийдвэрлэж өгөөгүй. Өөрөөр хэлбэл, Мэдээллийн Технологи Шуудан Харилцаа Холбооны газрын бодлогын баримт бичигт дөрвөн оператор үйл ажиллагаа эрхэлж болно гэж заасан боловч эдгээр онуудад удаа дараа Мобикомын хүсэлтийг түдгэлзүүлсээр байсан. Харин 2014 онд бид дахин хүсэлт гаргасны эцэст ХХЗХ тендер зарлах шийдвэр гаргасан.

Бид бодлогын баримт бичиг болон тендерийн баримт бичигт заасанчлан бизнес загвар, төлөвлөгөө, хөрөнгийн хэмжээгээ нотолж үйлчилгээ эрхлэх байх гэж бодож байсан ч харамсалтай нь ХХЗХ-ны уг тендерт Мобиком Группийн Мобинет ХХК-ийг шаардлага хангаагүй гэж үзсэн. Харин өөр хоёр байгууллага тухайн тендерт шалгаран тусгай зөвшөөрлөө авсан. Тусгай зөвшөөрлийн нөхцөлийн дагуу, зөвшөөрөл авснаас хойш нэг жилийн дотор үйл ажиллагаагаа эхлүүлж зах зээлд үйлчилгээгээ нэвтрүүлээгүй учраас эдгээр хоёр тоглогчийн тусгай зөвшөөрлийг ХХЗХ буцаан хурааж авсан.

ХХЗХ-ны энэхүү үйлдэл нь шударга үйлдэл хэдий ч бидэнд болон бусад оролцогчид үүнээс хойш тусгай зөвшөөрөл олгоогүй. 2016 онд намайг Монголд ирсэн жил би ХХЗХ-той тусгай зөвшөөрөл авах хүсэлтэй байгаа талаар хэд хэдэн удаа уулзаж, эцэст нь бидний хүсэлтийг хүлээн авч, дахин тендер зарласан бөгөөд бид энэ удаад IPTV үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлөө авч чадсан. Бидэнд анх удаа зөвшөөрөл олгосон тул энэхүү шийдвэрт би хувьдаа маш их талархсан.

Гэвч үнэнийг хэлэхэд, харамсалтай нь зах зээлд үйлчилгээгээ нэвтрүүлэхэд бид аль хэдийнэ оройтсон байсан. Их хотын зах зээлийг Юнивишн, Скаймедиа хэмээх хоёр том тоглогч эзэлсэн байсан. Хэдийгээр бид тусгай зөвшөөрлөө олж авсан ч Мобинет нь IPTV үйлчилгээ зах зээлд нэвтрүүлэхээр ажиллаж байхад өмнөх 2 үйлчилгээ эрхлэгчид зах зээлийг бараг бүхэлд нь эзэлсэн байсан тул IPTV-ийн тусгайлсан сүлжээ байгуулахад хөрөнгө оруулалт өндөр, хэрэглэгч олж авах боломж хязгаарлагдмал зэрэг хүчин зүйлээс шалтгаалан уг төсөл маань бизнесийн  хувьд ашиггүй болж бид төслийг зогсоосон. Тийм ч учраас бид тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа нь дуусахаас өмнө ХХЗХ-нд бизнесийн ёс зүйг баримтлан, ХХЗХ дээр өөрийн биеэр явж очин, уучлал хүсэж, тусгай зөвшөөрлийг буцаан өгсөн. Харамсалтай нь зах зээл ийм байсан, ийм л юм болсон доо.

-Тэгэхээр одоо бол Мобинет компанийн хувьд телевиз болон контент үйлчилгээ үзүүлдэг VOO гээд шинэ үйлчилгээг нээж, зах зээлд нэвтрүүлээд байгаа. Мобиком компани бол контент үйлдвэрлэл болон энтертайнмент салбарт хөрөнгө оруулж эхэлж байна гэж ойлгож байна. Та бүхэн энэ салбарт ямар стратегийг баримталж, хөрөнгө оруулж энэ салбарт оролцож байгаа вэ?

-Юуны өмнө телевизийн суваг болон контент дамжуулах энэхүү VOO үйлчилгээ маань одоогоор ихэнх хүмүүсийн хэрэглэж байгаа IPTV үйлчилгээнээс тэс өөр гэдгийг онцлох нь зүйтэй болов уу.

Гол ялгаатай тал нь технологи юм. Бидний ашиглаж буй ОТТ буюу OVER THE TOP технологи нь нийтийн интернэт сүлжээгээр дамжин видео стрийминг болон телевизийн үйлчилгээг хүргэдгээрээ онцлогтой. Миний бодлоор дэлхийн чиг хандлага ОТТ буюу интернэтэд суурилсан телевиз, видео стрийминг үйлчилгээ рүү чиглэж байна. Учир нь IPTV-ийн хувьд тодорхой байршлыг заадаг, гэрээ байгуулсны дараагаар төхөөрөмж суурилуулж, олон төрлийн сувгууд, контентуудыг хүргэдэгч гэрээсээ бусад газарт тухайн эрхээрээ үзэх боломжгүй. Учир нь таны үйлчилгээний гэрээ тодорхой хаягийг заасан тул тухайн газар руу шугамаар холбогдон үйлчилгээг хүргэдэг. Харин ОТТ үйлчилгээний давуу тал нь танд интернэт сүлжээ байгаа л бол зөвхөн гэрээсээ гэлтгүй Монгол улс, тэр байтугай дэлхийн хаанаас ч телевизийн суваг, контентууд болон видео стрийминг үзэх боломжтой. Энэ утгаараа бид хэрэглэгчдэдээ уян хатан нөхцөлийг олгож байгаа.

Өмнө нь дурдсанчлан, Улаанбаатар хотын зах зээлийн ихэнх хувь нь хэдийнэ интернэт холболттой байгаа байх. Тиймээс эдгээр хэрэглэгчид одоо байгаа гэрээгээ өөрчлөхгүйгээр буюу ашиглаж байгаа интернэтээ ашиглан манай үйлчилгээг хэрэглэж болно. Бид тухайн интернэтийг ашиглан VOO үйлчилгээгээ хүргэх боломжтой учир гэрээгээ цуцлах зайлшгүй шаардлага танд байхгүй. Гэхдээ энэ тохиолдолд VOO-гийн контент болон видео стрийминг үйлчилгээ нь одоо авч буй үйлчилгээнээс нь ялгагдахгүй бол сонирхолгүй, тийм биз? Тиймээс бид контентын ялгарал дээр анхааран ажиллаж байна.

Манай контентын ихэнх нь буюу 80%-90% нь одоогийн зах зээлд үзүүлж буй үйлчилгээнээс ялгаатай. Энэ нь VOO үйлчилгээний онцлог юм. Мэдээжийн хэрэг хэрэглэгч интернэт холболтоо сайжруулж, телевизийн сувгууд болон бусад үйлчилгээг илүү боломжийн үнээр авахыг хүсвэл бидэнтэй нэгдэх нь нээлттэй. Бидний хувьд шаардлагагүй ТВ сувгийг цөөлж, хэрэглэгчийн халааснаас гарах мөнгийг багасгасан. Өөрөөр хэлбэл, үздэггүй 200 эсвэл 300 сувгийнхаа төлбөрийг төлөх хэрэггүй болж байгаа нь хэрэглэгчийн хувьд чухал юм.

-Монгол ТВ-ийн хувьд ч гэсэн Ori үйлчилгээтэй. Энэ салбарт шинээр гарч ирж байгаа тоглогч нар өмнө нь байсан видео стрийминг үйлчилгээнүүдтэй харьцуулахад бас сорилттой тулгарч байгаа. Шинээр энэ салбар руу орж ирж байгаа тоглогч нарт ямар зөвлөгөө өгөх вэ? Ямар стратеги баримталбал та зөв гэж бодож байна вэ?

-Энэ бол маш чухал асуулт гэж бодож байна. Бид IPTV үйлчилгээ үзүүлэгчидтэй өрсөлдөнө гэсэн зорилт тавихгүй байгаа. Учир нь тэд бол зах зээл дээрх том, нөлөө бүхий тоглогчид. Тиймээс эдгээр тоглогчдын эсрэг бид ижил үйлчилгээ, ижил арга зам, ижил үнээр өрсөлдөнө гэдэг нь сайнгүй хэрэг. Бид зүгээр л цаг хугацаа, мөнгөө алдах болно, энэ бол амжилттай бизнес биш. Ийм ч учраас бид ялгарал болон үнэ дээр анхаарлаа төвлөрүүлж байна.

Ялгарал гэх давуу талаас гадна OTT үйлчилгээний хамгийн гол онцлог бол ӨВӨРМӨЦ БАЙДАЛ юм. Өвөрмөц үнэ цэнийг бүтээж, өвөрмөц шинж чанарыг бий болгох нь маш чухал. Бид хэрхэн өвөрмөц байдлыг бий болгож чадах вэ? Гол түлхүүр нь мэдээж контент юм. Хүмүүс үндсэндээ контентод татагддаг. Хэрэв үнэхээр сайн, сайхан, сэтгэл хөдлөм, чин сэтгэлээсээ үйлчилдэг кино театр байвал хүмүүс кино үзэх гэж тийшээ л зорино. Үүнтэй адилаар бид гайхалтай, сонирхолтой, сэтгэл татам контентуудыг өгсөөр л байвал хэрэглэгчид татагдсаар байх болно. Одоо байгаа IPTV-тэйгээ хослуулаад ч хамаагүй хэрэглэнэ гэж бодож байна. Энэ бол маш чухал, анхаарууштай зүйл. Нэмж дурдахад зөвхөн контент төдийгүй олон төрлийн хөтөлбөр, багц зэрэг нь өвөрмөц шинж чанарыг цогцлооход чухал үүрэгтэй.

Зураг

Хэдэн долоо хоногийн өмнө манай VOO ОТТ үйлчилгээний эсрэг байр суурьтай нийтлэл гарсан байсан

-Сүүлийн үед зарим нэг цахим сувгаар VOO үйлчилгээ ямар нэгэн албан ёсны зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байна гэсэн нийтлэлүүд гарсан байсан. Би үнэн худал эсэхийг нь мэдэхгүй байна. Үзэгчид тэр талаар мэдэхийг хүсэж байгаа байх. Үнэхээр хууль эрхзүйн зөрчил байна уу. Та үүн дээр тайлбар хэлнэ үү!

-Би чадах чинээгээрээ тайлбарлахыг оролдъё. Учир нь зарим хэсэг нь тодорхой байгууллагуудын нууцлалд хамааралтай болов уу гэж бодож байна. Энэ нийтлэлийг хэн санаачилсныг би мэдэхгүй ч хэдэн долоо хоногийн өмнө манай VOO ОТТ үйлчилгээний эсрэг байр суурьтай нийтлэл гарсан байсан. Үнэн хэрэгтээ OTT үйлчилгээ үзүүлэгчид зөвхөн Mобинетээр тогтохгүй маш олон байдаг ч зөвхөн Мобиком Группийн үйлчилгээний эсрэг нийтлэл гаргасан байсан. Үүнийг тайлбарлахын тулд ТВ сувгийг ОТТ технологиор явуулахад тусгай зөвшөөрөл шаардагдах уу, үгүй юу гэдэгт гол асуудал нь оршиж байгааг хэлэх нь зүйтэй болов уу. Тус нийтлэлд төрийн бодлого, зохицуулалтын байгууллага Мобинетын шинэ үйлчилгээ, шинэ технологийг дэмжиж байгаад гомдолтой буйгаа илэрхийлсэн гэж ойлгосон. Мэдээж, Монгол гэлтгүй аль ч улсын Засгийн газар, бодлогын байгууллага шинэ технологийг хязгаарлах бус дэмжих болно. Энэ нь Мобинет, Мобиком Группийг дэмжиж буй хэрэг бус, харин зах зээлд нэвтэрч буй бүхий үл үйлчилгээ эрхлэгчийн шинэ технологийн нэвтрэл, өсөлт цаашлаад салбарын хөгжлийн дэмжиж буй гэж ойлгож байна.

Болж буй үйл явдлын талаар тайлбарлавал та бүхний мэдэж байгаачлан MNB, Mongol HD гэх мэт ТВ сувгийг IPTV, Satellite гэх мэт технологид тулгуурлан дамжуулахын тулд тусгай зөвшөөрөл шаардагддаг. Жишээлбэл: IPTV технологийн хувьд Юнивишн ХХК, Скаймедиа ХХК хоёулаа тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. Харин OTT үйлчилгээ нь интернэт сүлжээнд суурилсан байдаг. Уг төрлийн үйлчилгээнд өмнө нь тусгай зөвшөөрөл шаарддаггүй байсан ба одоо ч тусгай зөвшөөрлийг хэрхэх тухай зохицуулалт нь тодорхой гараагүй байна.

2020 оны 7 дугаар сарын 1-нд УИХ-аас Өргөн нэвтрүүлгийн тухай шинэ хууль баталсан. Энэхүү хууль батлагдахаас өмнө буюу тусгай зөвшөөрөл шаардахгүй гэсэн бодлого, зохицуулалттай байхад нь бид VOO ОТТ үйлчилгээ буюу Контент болон ТВ суваг дамжуулах үйлчилгээг нэвтрүүлсэн.

Мэдээж, тухайн үедээ бид үйлчилгээгээ эхлүүлэхээс өмнө Харилцаа Холбоо Мэдээллийн Технологийн Газар болон Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос холбогдох мэдээлэл, тодруулгыг авч нарийн шалгаж байж үйлчилгээгээ нэвтрүүлсэн. Өөрөөр хэлбэл, Мобиком, Мобинет шиг том компани зах зээлд гэнэт нууцаар үйлчилгээгээ гаргачихна гэж байхгүй шүү дээ. Энэ төрлийн үйлчилгээнүүд үргэлж тодорхой шалгуур тусгай зөвшөөрөл, эсвэл зохицуулалт шаардаж байдаг. Энэ туршлага дээрээ үндэслэн бид ХХМТГ болон ХХЗХ-ноос холбогдох тодруулгыг авсны үндсэн дээр хуулийн хүрээнд тус үйлчилгээг 2020 оны 4 дүгээр сард зах зээлд нэвтрүүлсэн.

Хэдийгээр тухайн үед хязгаарлаж журамласан ямар ч зохицуулалт байгаагүй, мөн ХХМТГ болон зохицуулагч байгууллагын хувьд манай үйлчилгээнд ямар ч хууль болон эрх зүйн асуудлууд гаргаагүй байхад одоогийн IPTV үйлчилгээ эрхлэгчид өрсөлдөөний болон зохицуулагч байгууллагуудад бидний эсрэг гомдол гаргасан. ХХМТГ, ХХЗХ болон Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөөх Газарт нийт 10 орчим удаа гомдол гаргасан санагдаж байна.

Мэдээжийн хэрэг зах зээлд үйлчилгээ хүргэж буй одоогийн тоглогч нар зах зээлээ хамгаалах үүднээс шинээр нэвтрэгсдэд хаалт, боолт хийхийг оролдоно гэдгийг ойлгож байгаа ч нөгөө талаараа энэхүү үйлдэл нь Монголын зах зээлийн өсөлт, технологийн хөгжлийг удаашруулна гэдэгт би 100 хувь итгэлтэй байна. Өөрөөр хэлбэл дээрхтоглогч нарын шинэ технологийг хязгаарлах үйлдэл нь хэрэглэгчдийг уламжлалт технологи, уламжлалт хэрэглээ, үйлчилгээнд нь гацааж буй хэрэг юм.

Хэрэглэгчид маань үнийн ялгаа, өртгийн ялгааг мэдэлгүй өнгөрнө гэдэг нь харамсалтай. Чухал нь гэвэл 2020 оны 7-р дугаар сарын 1-нд Өргөн нэвтрүүлгийн тухай хууль батлагдсанаас хойш ОТТ буюу интернэтэд суурилсан үйлчилгээ нь анхаарал татсан сэдэв болсон юм. Учир нь уг хуульд ТВ сувгийг шинэ технологи буюу ОТТ технологиор хүргэх асуудлын талаар нарийвчлан тусгаагүй. Хуульд тодорхойлон заагаагүйгээс шалтгаалан өөр өөр байр суурь гарч, хэлэлцүүлэг өрнөнө гэдгийг бид бүрэн ойлгож,  нээлттэй хандаж байгаа.

Гэвч дээр дурдсан үйлчилгээ эрхлэгчид нь хууль, тогтоомжийг өөрсдийн өнцгөөс харж дүгнэн ХХМТГ, ХХЗХ болон ШӨХТГ-т дахин дахин гомдол гаргаж байгаад харамсаж байна.

ХХМТГ буюу бодлогын байгууллага хууль батлагдан гарсны дараа дээрх үйлчилгээ эрхлэгчдийг оролцуулсны үндсэн дээр энэ чиглэлд тодорхой бодлого гаргасан. Өөрөөр хэлбэл ТВ сувгийг ОТТ технологиор хүргэх нь шинэ төрлийн үйлчилгээ тул Өргөн нэвтрүүлгийн тухай хууль, дагаж мөрдөх журмын тухай хуулийг баримтлан хууль хэрэгжихээс өмнө үйлчилгээ нэвтрүүлсэн үйлчилгээ эрхлэгчдийн эрх хэвээр хадгалагдана гэж уг бодлогод дурдсан. Хэрэв ХХЗХ уг төрлийн үйлчилгээнд тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэвэл хууль болон бодлогод заасны дагуу хууль хүчин төгөлдөр болохоос өмнө үйлчилгээгээ зах зээлд нэвтрүүлсэн байгууллагад тусгай зөвшөөрлийг шууд олгоно гэж ойлгож байна.

Хууль хэрэгжиж эхэлсэн цагаас хойш бараг нэг жил өнгөрсөн ч одоогийн байдлаар ХХЗХ-ноос тусгай зөвшөөрөл олгох талаар тодорхой зохицуулалт, шийдвэр өнөөдрийг хүртэл гараагүй байна. Зах зээлд цаашдаа юу болохыг бид одоогоор хэлж мэдэхгүй. Хэрэв тусгай зөвшөөрөл шаардлагатай гэвэл бид зохих бодлого, зохицуулалтын дагуу авна, хэрэв хэрэггүй гэж үзвэл тусгай зөвшөөрөл авахгүй хууль, дүрэм журмаа л дагах болно.

-OTT бол интернэтэд суурилсан видео үйлчилгээг хэлдэг. Таны бодлоор ийм үйлчилгээ тусгай зөвшөөрлөөр зохицуулагдсан байх ёстой юу, эсвэл үгүй юу?

-Мобиком Группийн хувьд бид үргэлж холбогдох хууль, дүрэм журмыг дагадаг. Тиймээс хэрэв бодлого зохицуулалтын байгууллагаас ТВ үйлчилгээг ОТТ технологиор дамжуулахад тусгай зөвшөөрөл шаардана гэвэл бид 100 хувь дагах болно. Энэ бол бидний бат зогсож буй байр суурь. Гэсэн хэдий ч дэлхийн зах зээлийг ерөнхийд нь авч үзвэл ОТТ үйлчилгээнд тусгай зөвшөөрөл шаарддаггүй. Зарим хүмүүс магадгүй ОТТ үйлчилгээг сайн мэдэхгүй байгаа байх. Хамгийн ойр жишээ гэвэл Amazon Prime, Netflix болон Apple TV нь дэлхийн томоохон гурван тоглогч. Мөн Youtube интернэт сүлжээг ашиглаж контент хүргэдэг, эсвэл хэрэглэгчид нь хүргэдэг гэвэл илүү зохилтой байх. Сүүлийн үед өргөн нэвтрүүлгийн томоохон телевизийн компаниуд хүртэл Youtube live сувгаар мэдээгээ дамжуулдаг болж байна. Энэ ч мөн ОТТ үйлчилгээ. Хэрэв тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тэд эдгээр супер мега тоглогчдоос ч мөн Монголд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл шаардаад эхлэх үү? Үгүй л болов уу. Тиймээс би хувьдаа ОТТ үйлчилгээнд тусгай зөвшөөрөл шаардах хэрэггүй л гэж үзэж байна.

Нэмж хэлэхэд, би энэ талаар хүчтэй дуугармаар байна. OTT нь Монгол дахь интернэт (HBB) орчныг цаашид хөгжүүлэх асар их боломжийг бий болгоно. Ерөнхийдөө ОТТ буюу интернэтэд суурилсан ТВ болон видео стрийминг үйлчилгээ нь интернэтийн өндөр чанар, хурдтай байх байна. Энэ ч утгаараа ОТТ нь зах зээлд дэлгэрч, олон хүн үүнийг хэрэглэж эхэлбэл жамаараа интернэт орчны хөгжлийг хурдасгах болно. Тэгвэл энэхүү трендийг хэн ч хааж боох ёсгүй. Учир нь энэ бол  Монголын ирээдүйд чухал нөлөө үзүүлнэ.

Зураг

Зарим хэсэг нь стратегийн нууцтай хамааралтай болохоор хэрэглэгчдэд VOO, Мобинетийн зүгээс барих гэнэтийн бэлэг хэвээрээ байгаасай гэж хүсэж байна

-Манай ORI шиг үйлчилгээг тусгай зөвшөөрөлтэй байх ёстой, эсвэл үгүй гэсэн хоёр талд хуваагдчихсан байдаг. Миний хувьд хэрвээ Youtube, Facebook watch, Amazon Prime, Apple TV-гээс Монгол тусгай зөвшөөрөл нэхэж чадахгүйгээс хойш, нэхэхгүйгээс хойш Монголын үндэсний компаниудаасаа тусгай зөвшөөрөл нэхэх нь шударга бус, тэгш бус хандаж байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, хэрвээ Apple TV Монголд орж ирээд үйл ажиллагаагаа явуулъя гэхэд Монголын төр, ХХЗХ ч юм уу тусгай зөвшөөрөл асуухад тэр компаниуд Монголыг сонирхохгүй, орхиод л гараад явна. Энэ тохиолдолд хэн хохирох вэ гэхээр Монголын үзэгчид л хохирно. Тэгэхээр энэ төрийн байгууллагууд Монголынхоо компаниудыг дэмждэггүй юм аа гэхэд ялгаварлан гадуурхаж болохгүй гэсэн байр суурьтай байна.

-Тийм шүү, бүрэн санал нийлж байна.

-Бид цаашид VOO үйлчилгээнээс юу хүлээх вэ? Та бүхний хэтийн төлөвлөгөө цаашдын зорилго ямар байх вэ?

-Зарим хэсэг нь стратегийн нууцтай хамааралтай болохоор хэрэглэгчдэд VOO, Мобинетийн зүгээс барих гэнэтийн бэлэг хэвээрээ байгаасай гэж хүсэж байна. Өмнө нь дурдсанчлан зөвхөн зах зээлд төдийгүй хэрэглэгчдийн зүрх сэтгэлд нэвтрэхэд хамгийн чухал зүйл бол өвөрмөц байдал юм. Өвөрмөц байдал нь контентын төрөл болон сэтгэл татах чадвараас үүсдэг. VOO үйлчилгээний хувьд байгуулагдаад нэг жил өнгөрч байгаа болохоор салбартаа бол бид жаахан хүүхэд л гэсэн үг. Тийм ч учраас бидэнд олон төрлийн өвөрмөц контент оруулахад хязгаарлагдмал хугацаа байсан хэдий ч олон олон хэрэглэгчид, дэмжигчдийн ачаар энэхүү 1 жилийг амжилттай давж чадлаа. Тиймээс бидний дараагийн үе шат бол олон төрлийн өвөрмөц контентуудыг хүргэх, нэвтрүүлэх явдал юм. Энэ бол маш чухал.

Ингэснээр бид одоогийн IPTV үйлчилгээ болон хиймэл дагуулын телевизийн үйлчилгээ эрхлэгчдээс ялгарал бий болгохыг зорьж байна. Одоо зах зээл дээр ORI, контент бүтээгч, мөн үйлчилгээ хүргэгч платформ нь өндөр мэргэжлийн түвшинд үйл ажиллагаа явуулж байна. Контент бүтээгчийн хувьд танай хамт олон маш өвөрмөц сэтгэл татам контентоор хангаж байна гэж би хардаг. Энэ ч утгаараа энэ жил Мобиком Групп контент бүтээгч нартайбизнесийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж, контент, кино, ОАК, бусад арга хэмжээнүүдийг хамтран бүтээхийг эрэлхийлж байна. Иймэрхүү төрлийн энтертайнмент контентыг бид илүү их санал болгохыг хүсэж байна. Ингэснээр бид Монголд байгаа мега гол тоглогчдоос тодорхой ялгааг гаргаж чадна гэж бодож байна.

-Яг үүн дээр маш олон контент бүтээгч нар их сайхан нээлттэй хүлээж авах гэж бодож байна.

-Олон үнэ цэнтэй асуулт асуусанд баярлалаа. Харин би танаас олон хүн сонирхож байгаа болов уу гэдэг үүднээс асуулт асуумаар байна. Таны хувьд контент бүтээгч, мөн Монголын хамгийн олон үзэгчтэй телевизүүдийн нэг Mongol HD сувгийг эзэмшдэг. Энэ ч утгаараа бид танайхтай хамтран танай контентыг VOO-гээр дамжуулан хүргэхийг хүсэж байгаа. Нөгөө талаараа танайх ч мөн ORI гэх ОТТ үйлчилгээтэй болохоор ихэнх хүмүүс энэ хоёр нэг салбарын өрсөлдөгчид юм биш үү гэж бодож магадгүй юм. Харин миний хувьд бид OТТ өрсөлдөгчид бус, шинэ технологи, шинэ хөгжлийг нэвтрүүлэхээр зорьж буй хамтрагчид гэж боддог. Энэ талаар та юу гэж бодож байна?  

-Ер нь бол VOO ORI хоёрыг өрсөлдөгч нар гэж харах байх. Гэхдээ миний хувьд одоохондоо бид нар хоорондоо өрсөлдөгч болж амжаагүй, байх ч ёсгүй гэж бодож байгаа. Учир нь Монголын контент үйлдвэрлэгч нар өнөөдөр хамтраад гаднаас орж ирж байгаа контентыг л орлох хэмжээний контентуудыг бүтээх хэрэгтэй. Сайн контент бүтээхэд маш их цаг хугацаа ордог. Одоогоор хэн хэгэн контент үйлдвэрлэгч нь яг цэвэр өөрийн хүчээр ийм сайн топ контент үйлдвэрлэхэд хэцүү байгаа учраас хамтраад нэг баг болох хэрэгтэй. Хүмүүс гадны контентуудыг дэндүү их үзэж байна гэж дургүйцдэг. Тийм бол гадны контентыг хориглох биш, орлуулах хэрэгтэй. Гадны контентыг орлуулна гэдэг маань тэд нараас дутахгүй чанартай контентуудыг үйлдвэрлэх ёстой, ингэж үйлдвэрлэхийн тулд маш их хүн хүч цаг хугацаа ордог. Тийм учраас үүн дээр Монголын контент үйлдвэрлэгчид хамтраад ажиллах ёстой гэж боддог.

Дараагийн асуултаа үргэлжлүүлэн асууя. Мобикомыг зөвхөн харилцаа холбооны компани гэж ойлгодог цаг ард хоцорч байх шиг байна. Мобиком компани өнөөдрийг хүртэл харилцаа холбооны цогц үйлчилгээ үзүүлэгч компани болчихлоо. Групп компанийн зүгээс энэ шинэ технологиуд ашиглан үйлчилгээнүүдээ хооронд нь холбож, хэрэглэгчдэдээ үнэ цэн бий болгох тал дээр хэрхэн ажиллаж байгаа вэ?

-Энэ жил Мобикомын 25 жилийн ой тохиож байна. 25 жилийн өмнө Мобиком Корпораци анх үүсгэн байгуулагдаж, Монголд анхны үүрэн холбооны үйлчилгээг нэвтрүүлсэн. Иргэд оператор компанийн үйлчилгээг маш сайнаар, мөн талархалтайгаар хүлээн авсан гэж боддог. 25 жилийн энэ хугацаанд үүрэн холбооны үйлчилгээ нас биед хүрсэн гэж хэлж болно. Мэдээж, хэрэг ялгаатай үе шатууд бий. 2G, 3G, 4G, одоо бид 5G сүлжээг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Техникийн талаасаа ялгаанууд байгаа ч ерөнхийдөө 25 жилийн өмнө хэрэглэгчдийн хувьд энэ нь гайхшируулам үйл явдал байсан. Ингээд 25 жил өнгөрлөө, үүрэн холбооны үйлчилгээ нь нас биед хүрлээ. Хэрэглэгчдийг гайхшируулах дараагийн зүйл юу байх вэ гэдэг дээр бид эрэл хайгуул хийж байна. Гэхдээ зүгээр л хэрэглэгчдийг гайхшируулаад өнгөрөх биш Улаанбаатарын зах зээл, Монголчуудын аж амьдралд илүү их ойртохыг хүсэж байна. Тэр ч утгаараа зөвхөн үүрэн холбоо биш, өрхийн интернэтэд анхаарлаа хандуулж байна.

Өрхийн интернэт дангаараа бол зүгээр л нэг платформ, төхөөрөмж гэтэл бид хэрэглэгчийн сэтгэлийг хөдөлгөхийг хүсэж байна. Үүнийг бид VOO контент, стрийминг үйлчилгээгээр дамжуулаад хэрэглэгчдийн сэтгэлд хүрч ажиллах болно. Миний хувьд үүнийг маш чухал зүйл гэж үзэж байна.

Мөн VOO-гээс гадна MonPay апликейшн байна. Хэрэв жирийн л нэг гүйлгээний хэрэгсэл байвал үүнд сэтгэл хөдөлгөх зүйл байхгүй. Зүгээр л мөнгө төлөх, мөнгө хүлээн авах, кредит, дебит картнаас ялгаагүй гэсэн үг. Тэгвэл апликейшн бол өөр, мэдээлэл, купон, тоглоом, оноо цуглуулах хөтөлбөр, төрөл бүрийн үйлчилгээ зэрэг олон янзын үнэ цэнтэй зүйлсийг нэг дэлгэцэн дээр гарт тань атгуулдаг. Ингэснээр бид хэрэглэгчдэд сэтгэл хөдлөлийг мэдрэх боломжийг олгодог. 

 

Гол нь хэрэглэгчид болон нийгмийг илүү аз жаргалтай, илүү эерэг хандлагатай болгох нь хамгийн чухал. Үүний тулд бидэнд дан ганц 100 хувь сэтгэлд хүрэхүйц чанартай үйлчилгээ хүргэх нь хангалтгүй. Хэрэглэгчдээ баяр баясал, гүн сэтгэгдэл үлдээж, үнэ цэнийг бий болгохуйц зүйлийг бүтээвэл тэд маань хэн үүнийг нийлүүлсэн, хэн амьдралынх нь хамтрагч вэ гэдгийг тод санах болно. Бидний зорилго бол энэ. Тиймдээ ч зөвхөн үүрэн холбооны бизнес гэлтгүй хүмүүсийн аж амьдрал, нийгэмтэйгээ холбогдсон олон янзын бизнес платформыг аажмаар цогцлоохыг зорьж байна. Үүнийгээ цааш цаашдаа дижитал хувьсал, дижитал технологиор улам их эрчимжүүлсээр байх болно. Бидний хийж бүтээхийг зорьж байгаа зүйл бол энэ бүхэн.

-Үнэхээр сайхан сонсогдож байна. Бидний урилгыг хүлээн авч, нэвтрүүлэгт маань оролцсонд баярлалаа. Танд болон Мобикомын танай хамт олонд хамгийн сайн сайхныг хүсье. Дараа уулзталаа түр баяртай. Баярлалаа!

-Баярлалаа!

Ярилцлагын видео хувилбарыг эндээс хүлээн авна уу.

Please read the English version (Click here please)