Ч.Анар: Бид Филиппин, Индонезэд хиймэл оюун ашиглаж шинэ үеийн банкны үйлчилгээ нэвтрүүлэх гэж байна

Ч.Болортуяа
2018 оны 2 сарын 22
iKon.MN
Ч.Анар: Бид Филиппин, Индонезэд хиймэл оюун ашиглаж шинэ үеийн банкны үйлчилгээ нэвтрүүлэх гэж байна

Монголоос төрсөн старт-ап "Анд Глобал" компанийн үнэлгээ 30 сая ам.долларт хүрлээ гэх агуулга бүхий мэдээллийг бид өнгөрсөн аравдугаар сард Форбес сэтгүүлээс уншиж байсан билээ. 

Харин өчигдөрхөн тус компанийн охин компани болох ЛэндМН ББСБ Монголын Хөрөнгийн Биржийн 2018 оны анхны IPO хийж хувьцааны захиалгаа авч эхлээд байна.

Зах зээлийн нийт үнэлгээ нь 27.8 тэрбум төгрөгт хүрээд буй ЛэндМН-ийг анх санаачлан, үүсгэн байгуулсан "Анд Глобал"-ийн Гүйцэтгэх захирал Чинбаатарын Анарыг бид "Өглөөний хүн" буландаа урьж ярилцлаа.

Ч.Анарын хувь хүнийх нь ажил, амьдралын түүхийг тэр бүр хүмүүс мэдэхгүй. Мөн Монголоос бараг анх удаа Зүүн Азийн хүн ам ихтэй, хурдацтай хөгжиж буй орнууд руу чиглэсэн далайцтай бизнесийг эхлүүлж байгаа "Анд Глобал"-ийн түүхийг та бүхэнд танилцуулж байна.

Тэд Филиппиний зах зээлд нэвтэрч энэ зунаас эхний бүтээгдэхүүн, үйлчилгээгээ гаргах гэж байгаа бол удахгүй Япон, Индонез руу үйл ажилллагаагаа тэлэхээр төлөвлөжээ.

iKon.mn сайтын шинийг санаачлагч, бүтээгч, хөдөлмөрч, манлайлагчдын цуврал “Өглөөний хүн” үргэлжилсээр…

Ярилцлагын зочин: Ч.АНАР @ChinbaatarANAR
Ярилцсан: Ч.БОЛОРТУЯА   @Bolort
Гэрэл зургийг: Б.БЯМБА-ОЧИР  MPA.mn

НЭГ. Филиппинд бид хиймэл оюун ухаан дээр суурилсан дэвшилтэт олон үйлчилгээг нэвтрүүлэх боломж бүрдэж байна

 

- “Анд Глобал” компанийг үүсгэн байгуулах, бизнесийн гол санааг хэн анх гаргасан тухайгаас яриагаа эхэлье.

- Технологийн платформ хийе гэдэг санаа минийх байв. 

Энэ санааг О.Болдбаатар найз маань микро санхүүгийн хэрэгсэл байх ёстой гэж баяжуулсан.

Үүнийгээ бид технологийн тусламжтайгаар нэвтрүүлэхийн тулд дэлхийн нэртэй математикчдын нэг, Математикийн ухааны мастер, доктор Ү.Отгонбаяр, мөн Мобикомд ажиллаж байсан монголын сод програм хангамжийн инженерийн нэг, мастер П.Отгонбаяр гэж залуу мөн “Шинэ Монгол” сургуулийн захирал, доктор П.Наранбаяр гэсэн таван хүн нийлж энэ ажлыг эхлүүлсэн.

Анхны санаа маань нэлээд өөр байлаа. Японд зээлийн эх үүсвэр их байдаг бол Зүүн Өмнөд Азийн хөгжиж буй орнуудад мөнгөний эрэлт их байдаг. Улстөр, нийгэм эдийн засаг, хууль эрх зүй, соёлоосоо хамаараад эдгээр оронд мөнгө орж ирэх урсгал үүсдэггүй. Тиймээс ч Японд байгаа мөнгөний урсгалыг улстөр, эдийн засгийн хамааралгүйгээр Монгол руу болон Зүүн Өмнөд Азийн улсууд руу оруулах механизм бий болгоё гэж эхэлсэн юм.

Ингэх явцдаа бид хиймэл оюун ухаан дээр суурилсан технологи боловсруулсан. Харилцагчийг яаж хурдан хугацаанд таньж мэдэх вэ буюу найз нөхөд хоорондоо мөнгө зээлэхдээ ямар нэгэн барьцаа хөрөнгө, орлого хамаарахгүйгээр зөвхөн итгэлцэл дээр үндэслэж мөнгө зээлдэг. Яг энэ сэтгэхүйг бид хиймэл оюунаар шийдсэн гэсэн үг. Бизнесээ АНД гэж нэрлэсэн нь ч ийм учиртай. Дээрээс нь энэ компанийг найз нөхдүүд нийлж байгуулсан.

Хамгийн гол нь бид ямар нэгэн ашиг сонирхол гэхээсээ үзэл бодлоор нэгдсэн хүмүүс. Монголчууд хийж чаддаг гэдгийг харуулъя, ингэхдээ хиймэл оюун ухааны технологийг ашиглая гэж зорьсон.

- ЛэндМН -ийг тусад нь охин компани болгосон учрыг тайлбарлахгүй юу?

- Бидний хувьд эхний ээлжинд технологи л хийсэн. Тэр технологио зах зээлд батлан харуулахын тулд санхүүгийн бүтцийг, бүтээгдэхүүнийг өөрсдөө бий болгож тусад нь бизнес болгосон гэсэн үг.

Шалтгаан нь ч тодорхой. Монголчууд хиймэл оюун ухаанаар дэлхийд гарна гэхээр хүлээж авах хүн үгүй.

Эсрэгээрээ мөн дотооддоо гэхээр манай банк санхүүгийн салбар ч технологийг үнэлэх үнэлэмж тийм ч сайн биш. Тиймээс ч энэ бэрхшээлийг өөрсдөө давах шаардлага гарсан. Бусдад итгүүлж, үнэмшүүлэх гэж цаг алдаж байснаас өөрсдөө хийгээд харуулъя гэж зорьж банк бус санхүүгийн байгууллага худалдаж аваад бүтцийн өөрчлөлт хийгээд явсан нь анх финтек буюу financial technology компанийг бий болгосон гэсэн үг.

Монгол залуусын хувьд хэчнээн сайн зүйл хийвч үнэлэгддэггүй учир бид өөрсдөө бүтээгдэхүүн гаргахаар шийдсэн нь маш зөв шийдвэр байсан 

Харин одоо харж байхад олон улсад өрсөлдөхдөө ч санхүү болон технологийн компани гэж явах нь зөв юм байна гэж харж байгаа. Яагаад гэхээр бид  санхүүг нь ч, технологийг нь ч хийж чадаж байна. Бид нар өөрсдөө  “A True FinTech Company” гэж тодорхойлоод байгаа юм.

Яг энэ асуудлаар бид их удаан буюу хоёр жил орчим маргасан. Юу гэхээр бид үндсэндээ технологийн компани юм уу, санхүүгийн компани юм уу гэж маш их маргадаг байсан. Нэг тийш болгох нь яагаад ярвигтай байсан бэ гэхээр компанийн засаглал, соёлын хувьд технологи, санхүү гэх энэ хоёр салбар маань асар их ялгаатай.

Манай компанийн санхүүгийн тал дээр гэхэд Монголын болон дэлхийн банк санхүүгийн салбарын шилдэг мэргэжилтнүүд ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, хоёр салбарыг аль алийг нь тойглож зохицуулж явах нь зөв юм байна гэж бодсон.

Технологийн ихэнх компаниуд ашиг нэг их олдоггүй ч үнэлгээ нь л өсөөд байдаг шүү дээ. Энэ асуудлыг том, том сангаас хөрөнгө оруулалт авч шийддэг боловч Монгол залуусын хувьд хэчнээн сайн зүйл хийвч үнэлэгддэггүй учир бид өөрсдөө бүтээгдэхүүн гаргахаар шийдсэн нь маш зөв шийдвэр байсан гэж бид одоо ярилцлдаг. Зөв байсан нь бидний гадагшаа хийж байгаа үйл ажиллагааны өргөжүүлэлтээс ч харагдаж байна.

- Монголоор дүүрэн шахуу л старт-ап компани хийе, яаж хийх үү, дэлхийд гаръя гэж ЯРЬСАН залуус байна. Хамгийн гол нь яг зориглоод хийгээд үйлдэл болгоод цааш бага багаар ахина гэдэг тэр бүр хүний хийх алхам байдаггүй. Амжилт олох нь ч цөөхөн. Та бүхний хувьд олон улс дахь үйл ажиллагаа төсөөлж байснаас ч их өргөжжээ. Үүнд юу нөлөөлөв. Үүсгэн байгуулагчдын дундаж насыг нэмж бас асуумаар байна?

- Хийе гэж ярьдаг нь дүүрэн байна гэдэг үнэн. Бид өнөөдөр хорин хэдтэй залуус биш. Өөрсдийгөө бид хор нь гарчихсан хүмүүс гэж хоорондоо ярьдаг юм.

Бүгд хүн удирдаад үзчихсэн, хүний дор ажиллаад үзчихсэн. Баг босгоод компанийг босгож ч үзсэн, унагаж ч үзсэн. Мөнгөтэй байж үзсэн. Мөнгөгүй ч байж үзсэн. Тодорхой хэмжээнд тал талын туршлагатай, салбар салбартаа танигдчихсан хүмүүс байсан нь өнөөдрийн бидний ажил амжилттай яваан үндэс гэж боддог.

Дундаж нас 40 орчим юм уу.

- Монголд хэд хэдэн финтек бизнес хийж байгаа компани бий гэж ойлгож байгаа. Та бүхний гол ялгааг юу гэж тодорхойлох вэ. Гадаад зах зээл рүү гарж байгаа тань давуу тал уу?

- Бидний хамгийн гол ялгаа бол баг. Монголд залуус хувийн амбиц ихтэй. Миний хувьд олон жилийн турш ажиглаж ирсэн зүйл бол чадварлаг залуус маань багаар ажиллах чадвар маш муу. Том зорилгын төлөө том амбицтайгаар зориглож хийж чаддаггүй.

Тийм ч учраас энэ сэтгэлгээний буруу ойлголтыг эвдэж чадаж буй хамт олон багаа л би онцолж хэлнэ.

Бидний хийсэн технологийг чадвартай баг зургаан сарын дотор хуулж чадна. Гэхдээ хиймэл оюун ухааны технологийг Монголд байтугай дэлхийд ч үнэ цэнэтэй чадвар учраас үүнийг амархан хуулахгүй.

Тэгэхээр бидний хамгийн том давуу тал гадаад зах зээл дэх зорилго гэхээсээ нэг алсын хараатай, нэг үзэл бодлоор нэгдсэн баг маань хамгийн том ялгарал, давуу тал.

ЛэндМН-ийн анхны санаа, ууган бүтээгдэхүүн учраас бид их тойголж явдаг

- Та бүхэн бизнес санаагаа ажил болгох үед буюу анх хэчнээн хүн өнөөдөр хэд болж үржив?

- Бүр анхны санаа гэвэл Болдбаатар бид хоёр л ярилцаж зогсож байгаад энэ санааг олсон. Харин өнөөдрийн байдлаар Монголд 90, гадаадад 100 гаруй хүн буюу нийт 250 орчим ажилтантай болсон байна.

Хүмүүс биднийг зөвхөн ЛэндМН –ээр хараад байдаг. ЛэндМН-ийн хувьд бидний анхны санаа, ууган бүтээгдэхүүн учраас бид их тойголж явдаг.

Гэтэл бид өнөөдөр Филиппинд банк худалдаж аваад шинэ үеийн банкны үйлчилгээ нэвтрүүлэх гэж байна.

Монголд бид олон бүтээгдэхүүн гаргасан ч гэсэн лиценз, хууль эрх зүйн орчноос хамаараад зөвхөн жижиг зээл өгч байгаа. Харин Филиппинд бид хиймэл оюун ухаан дээр суурилсан дэвшилтэт олон үйлчилгээг нэвтрүүлэх боломж бүрдэж байгаа.

Мөн Японд үйлчилгээ гаргахаар судалж байна.  Индонезэд ч мөн Филиппин шиг шинэ үеийн банк стратегиар ажиллах гэж байна.

- Анхны хөрөнгө оруулалт татсан түүхээсээ хуваалцахгүй юу. Эхний хөрөнгө оруулалт болох нэг сая долларыг дотоодоосоо татсан гэж ойлгосон. Харин үлдсэнийг нь Японы нэр бүхий хөрөнгө оруулагчдаас татсан мэдээлэл Форбес сэтгүүлд гарсан шүү дээ.

- Тийм ээ. Монголоос эхний ээлжинд нэлээд томоохон хөрөнгө оруулагчид орж ирсэн. Гэвч итгэл үнэмшил нь сайн төрж өгөхгүй байсаар зарим нь гарч явсан.

Анхны хөрөнгө оруулалтын хувьд ямар үндэслэлээр татдаг вэ гэхээр ердөө л итгэлцэл байдаг.

Өмнө нь энэ залуучууд юу хийж байсан юм бэ гэдгийг маань мэддэг хүмүүс хөрөнгө оруулалт өгсөн. Монгол, Японоос бид анхны хөрөнгө оруулалтаа татсан гэсэн үг.

- Япончуудтай холбогдсон туршлагаасаа хуваалцахгүй юу. Тэдэнд итгэл хэрхэн төрүүлсэн гэсэн үг вэ?

- Японоос хөрөнгө оруулалт татна гэдэг маш хэцүү ажил. “Шинэ Монгол” сургуулийн захирал П.Наранбаярын 20 жилийн хөдөлмөр, итгэл, үзэл бодол нь зөв байсны л үр дүн болов уу. Бидний хувьд Япон хөрөнгө оруулагчидтайгаа нэг жилийн турш хэлцэл хийж эцэст нь хөрөнгө оруулалт татаж чадсан. Гэхдээ бид хөрөнгө оруулалт хийе гэсэн бүхэнтэй хамтарч ажиллаагүй. Харьцангуй урт хугацаанд том зорилготой байсан учраас ашиг гэхээсээ илүү нийгмийг өөрчилье, залуусаа дэмжье гэсэн үзэл бодолтой хөрөнгө оруулагчидтай хамтарсан. Монгол, Японы аль, аль талынх нь хөрөнгө оруулагчид яг л ийм алсын зорилго, бодолтой хүмүүс байгаа.

Ямар ч мөнгөгүй явсан мөртөө хамтарч ажиллая гэсэн бүхэнтэй нэгдэж, нийлээгүй л гэсэн үг.

- Монголын мэдээлэл, технологийн салбарыг олон улсад үнэлдэггүй талаар та ярьсан. Тэгтэл Япончууд яагаад бидэнд итгэв. Япончуудтай бид технологийн салбарт арай өөр харилцаатай байна уу. Тухайлбал хиймэл оюун ухааны чиглэлээр Монголд 400 инженер бүхий томоохон компанийг “Дэнцү”-ийн хөрөнгө оруулалттай "Дата Артист" байгуулж байна. Тэд яагаад Монголчуудыг үнэлэв?

- Энэ давалгаа одоо л үүсч байна. Хамгийн том нь өөрийн тань хэлж буй “Дата Артист” компанийн жишээ.  Амарсанаа маань Японд очоод илүү үр дүн гаргаад л одоо энд компани байгуулах гэж байна. Энэ үйл явц том нөлөө үзүүлж байна.

Хоёрдугаарт, сэтгэхүйн ялгаа. Монголчуудын хувьд орчныг нь бий болгож чадвал илүү задгай, бүтээлч сэтгэлгээтэй ажиллаж чаддагийг Япончууд ажиглаж харж хамтын ажиллагаа үүсгэж байгаа болов уу.

Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд, Япончууд Монголыг л онцолж ойшоож байна гэж ойлгох нь өрөөсгөл ойлголт. Тэд Филиппин, Камбож руу маш их хөрөнгө оруулалт хийж, маш их хүмүүсийг ажиллуулж байгааг санах хэрэгтэй.

ХОЁР. Хүмүүс биднийг Анар, Болдоо, Баярсайхан гэж л хараад байдаг боловч санхүү талыг маань Монгол гэлтгүй олон улсын шилдгүүд хариуцан ажиллаж байна

 

- Филлипин дэх бизнесийн талаар ярилцая. Тэнд 60 жилийн түүхтэй банк худалдаж аваад ажиллуулж байгаа гэж ойлгож байгаа. Энэ ажил яг хэзээнээс, хэрхэн эхэлсэн тухайгаас ярихгүй юу?

- “Анд Глобал”-ийн охин компани болох “Анд Системс” гэж байгаа. Мөн бүх санхүүгийн бүтээгдэхүүнийг толгойлдог холдинг компани бий. Банк, банк бус санхүүгийн байгууллагуудаа удирддаг гэсэн үг.

“Анд ФСЖ” компанийг хоёр хүн голлон удирдаж байна. Нэгийнх нь нэрийг одоогоор зарлахад арай эрт байна. Олон улсын томоохон “тоглогчдын” нэг банкир хүн бий. Нөгөөх нь Хасбанкыг анх үүсгэн байгуулалцаж байсан, Дэлхийн Банканд ажиллаж Монголын банкны салбарын орчинг цэгцлэхэд хувь нэмэр оруулсан Роберт Катэр гэж хүн бий. Мөн Хасбанкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Бат-Очир гэж шилдэг банкир бий. Эдгээр баг маань банкны талын нарийн судалгаа, бүтэц, ажлуудаа хариуцан хийдэг.

Хүмүүс биднийг Анар, Болдоо, Баярсайхан гэж л хараад байдаг боловч санхүү талдаа Монгол гэлтгүй олон улсын шилдгүүд хариуцан ажиллаж байна.

Олон улсад санхүүгийн бизнес өөрөө маш нарийн зохицуулалттай учраас мэргэжлийн баг л ажиллах шаардлагатай.

Бидний хувьд технологийн давуу тал байна. Харин энэ боломжоор уламжлалт банк санхүүгийн байгууллагыг яаж өөрчилж болох вэ гэдгийг харсан, зурсан. Тиймээс ч энэ салбарыхантай хамтарч ажилладаг гэсэн үг.

- Филиппин дэх үйл ажиллагаа одоо ямар шатанд явж байгаа вэ?

- Одоо бүтээгдэхүүн туршилтын үе шат дээрээ явж байна.

Филиппинд хэдийгээр хууль эрх зүйн боломжтой ч технологийн хөгжлөөрөө манайхаас муу. Жишээ нь, банк хоорондын гүйлгээ нь гурав хоног болдог байх жишээтэй.

- Өдий хүртэл яагаад энэ байдал нь өөрчлөгдөөгүй юм бол?

- Хамгийн наад зах нь, үндэсний бүртгэлийн систем нь маш түвэгтэй. Нэг хүн гэхэд 16 төрлийн бүртгэлтэй. Үндэсний нэгдсэн бүртгэлийн код гэж байхгүй. Одоо л энэ төрлийн шинэчлэлээ дөнгөж  хийж эхэлж байна.

Маш том улс. Маш хурдацтай хөгжиж эхэлж байгаа. Улстөр, эдийн засаг болон арал улс гэдэг утгаараа банкны нэгдсэн дэд бүтцийн систем хийхэд өндөр өртөгтэй.

Тэгэхээр энэ бүгдийг бид улс нь шийдэхээс өмнө шийдэх асуудал тулгарч байна.

- Энэ зах зээл рүү нэвтрэх гүүрийг яаж олов?

- Филиппин тийм ч амар бидний өмнө хаалгаа нээгээгүй. Өмнө нь Камбожид үйл ажиллагаагаа эхлэх гээд 2017 оны долоодугаар сард бүр нээлтээ хийхээр төлөвлөөд аппликейшн маань гэхэд Англи, Кхмер хэл дээр бэлэн болоод систем нь туршигдаад бүх юм болчихсон байсан. Гэтэл улстөрийн сонгуультай нь холбоотойгоор популист шийдвэр гараад тухайн орны банк санхүүгийн салбар нь огцом уналтанд орж хамтрагч маань шинэ төсөл дэх хөрөнгө оруулалтаа зогсоох хэмжээнд очсон. Энэ үеэр маш олон гадаадын хөрөнгө оруулалт зогссон.

 

-  Хэр хэмжээний хохирол хүлээсэн бэ?

- Мэдээж маш их зардал гарсан. Гэхдээ маш их зүйл сурсан.

- Филиппиний банктай хамтарсан танай шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ хэзээ гарна гэсэн үг үү?

- Одоогоор тэнд 170 орчим манай хүн ажиллаж байна. Энэ зунаас гэхэд бичил зээлийн үйлчилгээ маань эхний ээлжинд зах зээлд гарна гэж төлөвлөж байна.

- Индонезийн хувьд үйл ажиллагаа ямар үе шат дээр явж байгаа гэсэн үг вэ?

- Бид одоо хамтрагчаа сонгоно. Филиппинтэй яг адилхан зарчмаар ажиллана. Бид юун түрүүнд эхний ээлжинд Филлипинд нэлээн төвлөрч хэд хэдэн бүтээгдэхүүн үйлчилгээ гаргана. Гэхдээ үүний зэрэгцээ Индонез дэх судалгаа маань үргэлжилж л байх юм.

 Бидний өмнө 100 сая хэрэглэгч үүдээ нээж байна

- Онлайн орчинд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргахаас халширдаг нэг шалтгаан бол бүртгэлийн систем. Гэтэл Филиппины бүртгэлийн асуудал Монголтой харьцуулахгүй том бэрхшээл байна шүү дээ.

- Тийм ээ. Монголтой харьцуулахад хамаагүй хүнд. Зүгээр албан бичгийг бичиг хэрэг нь бүртгэхэд хоёр долоо хоног болдог байх жишээтэй.

Филиппинчүүдийн соёлын ялгаанаас болоод ажлын явц нь асар удаан. Гэхдээ бидний өмнө 100 сая хэрэглэгч үүдээ нээж байна шүү дээ.

- Японд ямар бүтээгдэхүүн гаргана гэсэн үг вэ. TechStar Japan компанитай хамтарч байгаа гэсэн мэдээлэл байсан.

- Японы хувьд шал өөр зах зээл. Ямар ч бизнес орох зайгүй болчихсон зах зээл. Тиймээс ч Япончууд өөрсдөө дотооддоо гэхээсээ илүү Зүүн Өмнөд Азийн зах зээл рүү их орж байна.

Бид сөрж орж байгаа шалтгаан нь стратегийн ач холбогдлыг тооцож байгаа. Дээрээс нь бид нар өөрсдөө Японы хөрөнгө оруулалттай компани.

Бас нэг сонирхолтой жишээ нь, манай Монгол ажилчдын дийлэнх нь “Шинэ Монгол” сургуулийн төгсөгчид. Ажил хийж чадаж байгаа, чадварлаг боловсон хүчинг “Шинэ Монгол” сургууль гарцаагүй бэлдэж чадаж байна. “Шинэ Монгол” сургуулийг төгсөөд Японд сурч ирсэн залуус манай техникийн багийн ихэнхийг бүрдүүлж байна. Японд тодорхой хэмжээнд хэцүү ч бид боломж байна гэж харж байгаа. Яагаад гэхээр Япон залуус тэндээ бүтээлчээр шинэ зүйл хийх хандлага нь буурчихсан байгаа энэ үе нь бидэнд боломж юм болов уу гэж харж байна.

- Филиппин дэх ажилчид чинь дандаа гадных гэж ойлголоо. Зөв үү?

- Тийм ээ. Дийлэнх нь Филиппинчүүд. Мөн америкчууд бий. “Анд Системс”-ээс найман хүн тогтмол ирж очин ажиллаж байна.

Японд одоо тав орчим Монгол хүн мөн ажиллаж байна.

ГУРАВ. MACHINE LEARNING

 

- Хэрэглэгчийг таниад зээл олгох үйл явцыг хиймэл оюун ухаанаар тооцоолж байгаа гэж ойлгоод байгаа. Энэ технологийн нарийн учир холбогдлыг та нэг тайлбарлаж өгөхгүй юу?

- Хэрэглэгчийг таних тал дээр эрсдлийн бодлогын үнэлгээ буюу Credit scoring, FICO зэрэг уламжлалт технологиуд байдаг. Монголд банкууд энэ системийг дөнгөж нэвтрүүлж эхлэх гэж байгаа. Монгол Улс өөрт нь credit score систем байхгүй. Credit reporting -ийн систем ч байхгүй. Зөвхөн зээлийн мэдээллийн сан л гэж байдаг.

Банкууд тус бүртээ үүнийг хийх гэж оролдож байна.

Би найзыгаа үнэлээд байгаа тэр сэтгэхүйг хиймэл оюун бүрдүүлж байна

Анх бид энэ төслийг хийхээр ярьж байхад Монгол төдийгүй олон улсын олон банк санхүүгийн төлөөлөлтэй уулзаж танилцуулахад ямар ч боломжгүй гэлцдэг байв. Харин ганцхан хүн л ойлгож, зөвлөсөн нь Худалдаа Хөгжлийн Банканд олон жил ажилласан Оюунаа гэж эмэгтэй юм. Оюунаагийн зөвлөгөөгөөр бид FICO уламжлалт арга дээр нэмэх нь уламжлалт бус plus alternative data гэдэг аргачлал буюу хэрэглэгчийн эргэн төлөх чадварыг нь тооцоолдог уламжлалт системийг боловсруулсан. Мөн бидний хамгийн гол давуу тал болох хэрэглэгчийн зээлээ эргэн төлөх чадвараас гадна эргэн төлөх хүслийг тооцоолох хиймэл оюун ухаан бүтээсэн явдал юм.

- Хүслийг хиймэл оюун ухаан дээр тооцоолно гэсэн үг үү?

- Тэгнэ.  Өөрөөр хэлбэл, та бид хоёр арван жилийн найзууд байлаа гэхэд энэ хүн ажил хийдэггүй, цалин авдаггүй ч гэсэн миний мөнгийг эргүүлээд өгчих хүн гэдгийг нь мэддэг учраас мөнгө зээлчихдэг. Гэтэл банк бол ажилгүй, орлогогүй хүнд хэзээ ч зээл өгөхгүй. Тэгэхээр би найзыгаа үнэлээд байгаа тэр сэтгэхүйг хиймэл оюун бүрдүүлж байна гэсэн үг. Уламжлалт банкны систем үүнийг хийж чадахгүй шүү дээ.

Зарим хүний хувьд өндөр орлоготой, мөнгөтэй хэрнээ мөнгөө эргэн төлдөггүй. Тиймээс ч зарим хүн манай үйлчилгээнд гомдол гаргадаг. “Би ийм өндөр орлоготой байхад танайх яагаад зээл өгөхгүй байна вэ” гэж ирдэг. Энэ нь бидний хийсэн хиймэл оюун ухаан маань тухайн хүнийг зээлээ эргэн төлөх хүсэлгүй хүн гэж тодорхойлсон гэсэн үг.

Одоогоор бид нэг зээлийн шийдвэр гаргахад 5,000 орчим дата ашигладаг.

Гэхдээ уламжлалт банк, банк бус санхүүгийн байгууллага зээл өгөхдөө бүрдүүлдэг мэдээллээс бид найм дахин бага дата хэрэглэгчээс авдаг. Тухайлбал, бид танаас хэзээ ч энэ зээлээ юунд зарцуулах гэж байгаа вэ, энэ бичиг баримтынхаа хуулгыг авчир, гэр бүлийн орлого чинь хэд вэ, нийгмийн даатгалын дэвтрийг чинь асуудаггүй, цагдаа, хорооны тодорхойлолт хэзээ ч авдаггүй шүү дээ. Эдгээр мэдээллээс бид хэд дахин бага мэдээлэл авдаг мөртлөө тухайн хувь хүний зан чанар дээр нь үндэслэж тооцооллоо хийдэг гэсэн үг.

Бидний удахгүй шинэ гаргах гэж буй бүтээгдэхүүн ямар ч баталгаат орлогогүй буюу тамхи ширхэглэж зардаг хүнд зээл өгнө. Тэр хүн хамгийн гол нь зээлээ эргэн төлөх хүслээ тодорхойлж чадаж байгаа нь давуу тал болно.

Банк ч бай бусад хүн түүнд зээл олгохгүй байгаа учраас тэр хүн орлогоо нэмэгдүүлж чаддаггүй. Гэтэл тэр хүн амьдрах гээд хичээж байгааг бас зээлээ эргэн төлөх ёс зүйг нь үнэлэх хэрэгтэй шүү дээ.

 

- ЛэндМН –ийн үйл ажиллагаа эхэлснээс хойш та бүхний ажлыг олон газар хуулбарлах гэж оролдсон гэсэн. Бусдад гүйцэгдэхгүй байх баталгаа юунд байна вэ?

- Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сараас хойш манай аппыг хуулбарлаж эхэлсэн найман компани байсан. IT-ийн салбарт ажиллаж байгаа хүмүүстэй ямар нэгэн байдлаар ихэнхтэй нь л холбоотой учраас тэд нар маань өөрсдөө ирж ярьж байна. Танайхыг дурайгаад хуулаад хийгээд өгөөч гэсэн компаниуд манайд захиалга өгч байна гэх юм. Хүмүүс бидний хийж байгаа ажлыг зүгээр нэг апп гэж харах нь бий.

Апп гэдэг бол зүгээр л интерфэйс шүү дээ. Энэ апп-ийг хэн ч хийж чадна гэдэг үнэн. Энэ апп бидний гол нөү хау ерөөсөө биш. Цаана нь банкны систем, хиймэл оюун ухаан ажиллаж байгаа нь гайхамшиг юм.

Хараад байхад хуулж байгаа хүмүүс бид яг юу хийх гэж зориод байгаа амин сүнсийг нь олж харж чадахгүй байна.

Гэхдээ эдгээр хүн тэгж харж байгаа нь магадгүй бидэнд сайн хэрэг болов уу (инээв).

- Танайд бүх мэдээллээ өгөх нь мэдээллийн аюулгүй байдал талаасаа найдвар, хамгаалал хэр вэ?

- Манай харилцагчийн датаг гэхэд хэн ч харах эрхгүй. Бидэнд зээлийн эдийн засагч ч байхгүй. Ганцхан тохиолдолд мэдээллийг хардаг нь тухайн зээл чанаргүй болоод хугацаа хэтэрч байгаа тохиолдолд харилцагчтай холбогддог.

Бидний хувьд харилцагчийн мэдээлэл нууцлал гэдэг хамгийн өндөр ач холбогдол өгдөг хэсэг. Манай machine learning training хийхийг гэхэд anonymous дата ажилладаг.

Зээлийн эдийн засагч маань хиймэл оюун ухаан гэсэн үг. Түүнээс 30-100 мянган хэрэглэгчийн датаг хүн суугаад боддог зүйл байхгүй.

Уламжлалт санхүүгийн системд бол хүн сууж байдаг шүү дээ.

Бидний технологи санхүүгийн салбарын эрсдлийг бууруулж өгч байгаа давуу талтай

- Арилжааны банкуудын хувьд кредит картуудыг гаргаад эхэлсэн. Эхэлж авахдаа бичиг баримт цуглуулахаас бусдаар бол харилцагч хэрэгцээтэй үедээ тодорхой хугацаанд хүүгүй зээл авчих боломжтой болчихсон. Зээлийн картуудтай хэрхэн өрсөлдөх вэ?

- Кредит карт хэрэглэгч сигменттэй бид нэг талаар давхцаж байгаа. Гэхдээ бид зөвхөн нэг төрлийн л бүтээгдэхүүн гаргасан байгааг хэлэх хэрэгтэй. Одоо бид жижиг дунд бизнес эрхлэгч рүү гарна. Лицензний улмаас зарим үйлчилгээгээ Монголд нэвтрүүлж чадахгүй байна. Тиймээс ч түүнийгээ гадаадын зах зээлд нэвтрүүлээд явж байна. Нөгөө талаас бид  хэзээ ч кредит карт авч чадахгүй байгаа хүмүүст хүрч байна.

Кредит картын систем маань өөрөө өртөг ихтэй. Өртөг ихтэй байна гэдэг маань тухайн банк тэр өртгийг заавал нэг үйлчилгээндээ шингээж өгч байгаа л гэсэн үг.

Мөн бид кредит карт авч чадахгүй байгаа хэрэглэгчдэд хүрч байна гэдэг маань нийтлэг утгаараа банк, санхүүгийн хэрэглэгчдийн баазыг нэмэгдүүлж байна. Тухайн хүнийг зээлийн түүхтэй болгож байна гэсэн үг шүү дээ. Энэ нь цаашлаад банк санхүүгийн байгууллагуудад хэрэглэгч бэлдэж өгч, санхүүгийн салбарын эрсдлийг бууруулж өгч байгаа давуу талтайг салбар анзаарах ёстой.

- Зээлийн мэдээллийн санд хар жагсаалтад орсон иргэдэд өршөөл үзүүлдэг нь финтекүүдэд сөрөг үр дагавартай буюу эрсдэл нэмдэг гэдэг. Энэ талаар таны бодол ямар байдаг вэ?

- Өршөөл үзүүлдэг нь улстөрчдийн популист шийдвэрийн нэг л дээ. Дахиж ийм шийдвэр гарах үндэслэлгүй байх. Энэ өршөөл үзүүлэх зүйл нь санхүүгийн системийг нурааж байгаа үйлдэл юм.

Өршөөл үзүүлнэ гэдэг нь өөрөө эрсдэл нэмнэ гэсэн үг. Эрсдэл ихэснэ гэдэг өөрөө зээлийн хүү улам л өснө.

Гэхдээ нөгөө талд манайд зээлийн үнэлгээний систем байхгүй учраас 200, 300 төгрөгийн зээлийн хугацаа хэтэрсэн, үлдэгдэл байсан зээлүүдийг цэвэрлэсэн гэж ойлгоод байгаа. Энэ нь үндсэндээ Монголд зээлийн систем хөгжөөгүй байгаагийн илрэл л дээ.

- Банк санхүүгийн байгууллагаас зээл авч чадахгүй байгаа хэсэгт зээл олгож эхлэх нь та бүхний хувьд нийгмийн хариуцлагат ажил байсан тухай хэлж байсан. Тэгвэл старт-ап компанийн хувьд энэ нь хэтэрхий өөдрөг, эрсдэлтэй зорилт биш гэж үү?

- Бид энэ бизнесийг хийж эхлэх анхны зорилго нь өөрөө нийгмийн хариуцлага байсан. Яагаад гэхээр банкны үйлчилгээ авч чадахгүй байгаа хэсэг чинь мөнгө хүүлэгчид, ломбард зэргээс маш өндөр хүүтэй зээл авч байна. Уламжлалт санхүүгийн системээс ч тэнд зүсээ хувиргаад ажиллаж байгаа. Нөгөө талаар банкны бус харилцагчдын зээлийн өртөг өндөр байхаас ч өөр аргагүй. Эрсдэлтэй учраас.

Дээрээс нь механик буюу гар процесс их байна аа гэдэг маань л өртгийг өндөрсгөдөг.

Тэгэхээр бидний хувьд технологийн тусламжтайгаар эрсдлийг бууруулж байгаа учраас дата баяжих тусам өртөг буураад л явна гэсэн үг.

Манай компанийн үндсэн зорилт нь улстөр орохгүйгээр бид залуучуудыг өөрчлөхийн тулд ямар нэгэн байдлаар хийж болдог юм байна гэдгийг харуулах гэж гарч ирсэн.

Манай зээлийн хүүг өндөр байна гэх нь бас бий. Гэтэл энэ байгууллага өөрсдөө сайн дурын байгууллага биш, хэрэв төрийн бус байгууллага байсан бол цаашид залуус маань өсч хөгжих боломж бага байсан учраас компанийн засаглал сонгосон.

Бид санхүү талдаа ч, технологи талдаа ч супер санаа гаргачихсан ч юм хийж үзээгүй хүүхдүүд биш.

“Анд Глобал” гэдэг нэрийг англиар бичиж эсрэг талаас нь уншвал DNA гэж уншигдана. Өөрөөр хэлбэл бид энэ DNA-ээ алдахгүй гэсэн үг.

- Бидний ярианд үе үе гарч байгаа технологи ба уламжлалт санхүүгийн салбарын үл ойголцлын талаар асуумаар байна. Монгол төдийгүй гадны олон банкиртай та хамтарч нэг баг болж байгаа талаар ярилаа. Эдгээр хүнтэй хэрхэн ойлголцов?

- Нээлттэй чөлөөтэй сэтгэж чаддагуудтай нь л хамтарч ажиллаж байна. Бидний хувьд олон банк санхүүгийн хүмүүстэй хамтарч ажиллаж байсан.

Уламжлалт банк санхүүгийнхэн маань бүгдээрээ хоцрогдсон биш. Ялангуяа Монголд дижитал банк руу олуулаа орсон. Өөрчлөлтийг хийх ёстойг ойлгоод явж байгаа олон банк, санхүүгийн салбарынхан бий.

Алсын ирээдүйгээ хардгууд нь аль хэдийнээ судалгаагаа хийгээд бид финтекүүдэд цохиулах юм уу, хамтрах юм уу гэдэг дээрээ аль хэдийнээ бодлогоо тодорхойлоод хийгээд старт-ап худалдаж авах нь аваад явж байгаа.

Уламжлалт санхүүгийн салбарын засаглалын тогтолцоонд үүнийг хүлээн зөвшөөрөх нь өөрөө маш хэцүү.

Гэхдээ энэ сэтгэхгүй гурван жилийн дараа гэхэд бүрэн байхгүй болно л доо. Энэ хугацаанд ирээдүйн өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч чадсан банк санхүүгийн байгууллага л үлдэнэ.

- Яг одоо хамтран ажиллаж байгаа дотоодын банкууд байна уу. Филиппинд хэрэгжүүлж байгаа шиг?

- Бидний хувьд бүх банканд харилцагчийг нь бэлдэж өгч байна. Яг хамтын ажиллагаа дээрээ олон банк, банк бус санхүүгийн байгууллагатай ажиллах тухай яригдаж байгааг хэлэх хэрэгтэй. Гэхдээ эцсийн шийдвэр гаргах болоогүй байна. Өөрөөр хэлбэл засаглалын зөрүү гэдэг зүйл хамтын ажиллагаанд хүндрэлтэй байдаг. Манай компанийн хувьд шийдвэр өнөөдөр гарлаа гэхэд маргааш нь ажил болоод эхэлчихдэг. Уламжлалт, том компаниудын хувьд жилийн төлөвлөгөөгөө батлаад ТУЗ-өөрөө орж шийдэгдэх зэрэг нь маш хүндрэлтэй. Соёл, засаглалын зөрүүнээс үүдэж бидэнд хүндрэл учрах вий гэсэн болгоомж байгаа.

- Одоо “Анд Глобал”-ын хувьд анхны хөрөнгө оруулалтаараа ажиллаж байгаа. Зөв үү?

- Тийм. Бид хоёроос гурван жилийн дараагаас зардлаа нөхөж эхэлнэ. Харин ЛэндМН-ийн хувьд арай өөр. Аль хэдийнээ ашигтай ажиллаад эхэлчихсэн.  Технологийн энэхүү давуу талыг харилцагчдад хүртээх зорилготой. Бүх тоо баримт одоо нээлттэй болчихлоо.

ЛэндМН орлого, үр дүнгийн таамаглал, сая төгрөгөөр (ЛэндМН Үнэт цаасны танилцуулгаас ашиглав)

Орлогын тайлан 2017' 2018T 2019T 2020T 2021T 2022T
Хүү ба түүнтэй адилтгах орлого  1,005.0  7,925.6  11,746.7  16,724.7  21,279.9  27,257.8
Хүүгийн зардал -41.3 -640.0 -2,216.7 -3,766.7 -5,093.3 -6,117.4
Зээлийн эрсдлийн сангийн зардал -78.3 -284.4 -480.2 -438.8 -778.3 -971.0
Цэвэр хүүгийн орлого  885.6  7,001.2  9,049.8  12,519.1  15,408.3  20,169.4
Цалин -268.3 -559.9 -648.1 -767.6 -981.1 -1,202.2
Бусад зардал -460.4 -907.7 -819.4 -958.0 -1,056.1 -1,170.3
Системийн засвар үйлчилгээний зардал -90.2 -702.3 -1,005.1 -1,087.9 -1,002.6 -1,101.3
Нийт үндсэн ҮА-ны зардал -818.9 -2,170.0 -2,472.5 -2,813.5 -3,039.9 -3,473.8
Татварын өмнөх ашиг 66.7 4,831.3 6,577.3 9,705.6 12,368.4 16,695.6
Татвар -6.7 -757.8 -1,194.3 -1,976.4 -2,642.1 -3,723.9
ЦЭВЭР АШИГ  60.0  4,073.4  5,383.0  7,729.2  9,726.3  12,971.7

 

 

ДӨРӨВ. 19 настайдаа өөрийн орлогоо 15 дахин бууруулж Цахилгаан холбоо компанид инженерээр орж байлаа

 

- Таны хувьд үүрэн холбооны G-Mobile -ийг үүсгэн байгуулалцсан. Энэ компаниа яагаад орхих болов?

- Хувийн зүгээс мөнгөн хөрөнгө оруулалт хийгээгүй учир хөрөнгө оруулагчидтайгаа ойлголцоогүй. 

- Анхнаасаа хөрөнгө оруулалтаа тооцоогүй гэсэн үг үү. Явцын дунд тохиролцоонд хүрээгүй гэсэн үг үү?

- Энэ өөрөө их урт түүх л дээ. Гэхдээ G-Mobile-ийг байгуулалцсан биш би байгуулсан хүн нь юм. Харин хөрөнгө оруулалтын хувьд Жем-ийн Ц.Цэрэнпунцаг гарьд итгэж хөрөнгө оруулалт хийгээд явсан. G-Mobile анхны Монголын буюу үндэсний үүрэн холбооны компани ч хамгийн их золиослогдсон компани.

Операторуудын хувьд хамгийн их хүн амтай буюу ашигтай газрууддаа эхлээд үйл ажиллагаагаа эхлүүлдэг. Гэтэл бидний төслийг бойкотлохын тулд орон нутагт сүлжээгээ оруулсаны дараагаар төв рүү орох нөхцөл тавьсан.

Тэгэхээр анхны хөрөнгө оруулалт маш өндөр болж ирж зөрчлүүд үүсч эхэлсэн.

Миний хувьд энэ компанийг өөрөө байгуулаад, анхны ажилчдыг өөрөө авч байсны хувьд бидний анх зорьж байснаас одоо зорилго нь шал өөр болсон.

Үүрэн холбооны оператор уг нь бид байгуулаагүй юм. Шал өөр дэд бүтцийг хийж явсан. Үүнийг зарим хөрөнгө оруулагч үүрэн холбооны оператор гэж ойлгоод үүрэн холбооны бизнес хийгээд байгаа нь жаахан харамсалтай

- Өөр гэдгийг та илүү тодруулахгүй юу?

- Үүрэн холбооны операторууд дэд бүтцийн тал дээр давхардсан хөрөнгө оруулалтууд маш их хийгддэг. Нэг уулын орой дээр бүгд нэг нэг цамхаг барьдаг. Давхардсан хөрөнгө орууллалт гэсэн үг. Шилэн кабель татах зэрэг маш өндөр зардал тэнд явж байдаг.

Банкуудаар тайлбарлавал баахан олон ATM байдагтай адилхан. Гэтэл энэ давхардсан хөрөнгө оруулалтууд чинь бүгд гадагшаа гарч байна. Эргээгээд энэ бүх өртөг харилцагч, хэрэглэгчийн халааснаас гарч байдаг. Тэгэхээр энэ байдлыг шийдэх нь G-mobile-ийн эхний зорилго байсан. Өнөөдөр 10 жил өнгөрчихсөн ч гэсэн хамгийн үр ашигтай технологи дэд бүтэцтэй нь G-mobile байгаа. Үүнийхээ давуу талыг өнөөдрийг хүртэл ашиглаж чадаагүй байна. Үндсэндээ миний зорилго виртуал оператор болох байсан гэсэн үг.

"25 настайдаа G-Mobile компанийг үүсгэн байгуулж байв"

- Энэ талаар операторууд олон жил ярьж байгаа. Бүгдээрээ ч энэ тухайгаа ярьдаг. Шийдэл ч хэлдэг. Тэгэээд л хамтардаггүй шүү дээ.

- Тийм.

- Та G-Mobile-аас гарчихаад эргээд энэ компанийг худалдаж авах гээд чадаагүй гэж байсан. Үнэн үү?

- Буцаж худалдаж авах гэж үзээд бараагүй шүү дээ. Энэ өнгөрсөн түүх өнгөрсөндөө л үлдэг.

- Та хэдэн жил G-Mobile -д ажилласан гэсэн үг үү. Ажиллуулсан гэх үү?

-  G-Mobile-ийн түүх нь их эрт эхэлсэн. Үйл ажиллагаа нь 2006 байна уу, 2007 онд эхэлсэн.

- “Анд Глобал”-ийг байгуулахаас өмнөх үе буюу дунд нь юу хийж байв. Хонконгийн гар утасны тоглоомын компанид ажиллаж байсан гэсэн. Энэ тухайгаа ярихгүй юу?

- “Анд Глобал”-ийг байгуулаад гурван жил л болох гэж байна. G-Mobile-аас гараад дундуур нь нэлээн их зүйл хийлээ.

Гадны компанид ч ажиллаж байлаа. Дотооддоо ч янз бүрийн зүйл хийж үзлээ.

Гэхдээ миний түүх тийм сонин гэж үү?

- Сонин байна.

- Тийм чухал гэвэл хэлье. Хийж үзээгүй ажил ховор шүү. Алт ухаж, 50 төгрөгний ундаа хийж зарж үзлээ. Гар утас зардаг байлаа. Ном хийдэг байлаа. Гар утсанд ая хийж, вебсайт ч хийдэг байв. Электрон худалдаа хийдэг байлаа. Системийн аюулгүй байдлын компани ажиллуулдаг байлаа. Монголд анх удаа MONEL-ийн дараагаар Smartbox гэж hardware хийж байлаа.

Үүнийг манай Монголын бүх банк ашиглаж байв. G networks, Нэтсофт гэж компани байгуулж байлаа.

Уул уурхайн компаниудын дата майнинг системийг боловсруулж өгдөг байлаа. Олон компанид техникийн зөвлөгөө өгдөг байв. Гадны тоглоом хөгжүүлэлтийн компанид төслийн ахлагч хийдэг байсан. Ингээд яривал галзуу хүн шиг л юм уу даа.

- Гадны тоглоом хөгжүүлэлтийн компани гэдэг Хонконгийнх мөн үү?

- Тийм. Энэ гэхэд маш урт түүхтэй. Бид нар Бразилд 12 хөгжүүлэгчтэй, Орост 3, Испанид 2 хөгжүүлэгчтэй байсан. Дараад нь Монголд ийм төрлийн компани байгуулаад хоёр жил гаруй өөрсдөө тоглоом хийх гэж нэлээн нүдээд бүтээгүй. Эндээс “Анд Системс”-ийн суурийг тавьсан даа.

- Smartbox -ийн түүхээр бол та аль эрт банкуудтай харилцаад эхэлсэн юм байна. Тийм үү?

- Тийм ээ. Балгансүрэн, Ганболд, CallPro-ийн Тулгаа гээд бид хэдийн өдөр шөнөгүй ажиллаж байсан төсөл.

G-mobile бол энэ төслөөс эхтэй. 2002, 2003 оны үед юм уу даа. Энэ Smartbox-ийг хийж байсан. Бидний хийж байсан ажил маань төхөөрөмж байсан учраас дунд нь зуучилж байгаа хүмүүс нь завшаад байдаг байлаа л даа. Тиймээс ч шийдэл санал болгох нь зөв гэдгийг Балгансүрэн дарга зөвлөж байв. Шийдэл гэхээр юу байхав гэхэд гуравдагч оператор гэж Балгаа дарга хэлсэн юм даг.

Тухайн үед би 23 настай Цахилгаан Холбоо компанид инженер хйиж байв. Гэхдээ өөрөө бас хувийн компанитай. Балгансүрэн дарга манай хэлтсийн дарга байсан юм. Бид 15 минут ярилцаж суугаад л би тэгвэл гуравдагч операторыг байгуулна гэсэн чинь Балгансүрэн дарга “Тэг тэг. Хоёр сая доллар чинь байвал болно” гэдэг юм байна. Тэр үед л би G-Mobile-ийг байгуулна гээд л тэр өрөөнөөс гарсан. Энэ үеэс л G-mobile-ийн түүх эхэлсэн дээ. “Юнител”-ийн тендерт эхэлж ороод ялагдаж байв.

- G-mobile буюу өөрийн үүсгэн байгуулсан компаниа авч чадахгүй болохоор таныг сэтгэл зүйн хувьд маш их хямралд орсон гэдэг юм билээ. Тиймээс ч нэг хэсэг өөрийнхөө хоббиг хөөсөн гэсэн. Энэ үедээ Дакар Ралли 2015-д хүртэл очиж уралдсан гэдэг. 

- Хүнд өөрт заавал хобби гэж зүйл байх ёстой. Өөрийгөө амраадаг, тайвшруулдаг, сорьдог зүйл байх ёстой. Миний хувьд машин, мотоциклийн спортын хоббитой.

Машинаар бол олон улсын хэмжээний мастер. Харин сүүлд мотоциклийг нэлээд сонирхоод гүрийсээр байгаад Дакар Раллид гурван ч удаа хүсэлтээ өгч байж оролцсон. Ямар ч байсан оролцох, амьд гарах, барианд орох гэдэг зорилгоо биелүүлж чадсан.

 

- Одоо хоббигоо хөгжүүлж чадаж байна уу?

- Сүүлийн хоёр жил шинэ ажилдаа нэлээд анхаарал хандуулаад тийм ч сайн зав гаргаж чадахгүй байна. Одоо буудлага бас нэлээн сонирхоод байгаа шүү.

- Та G-Mobile-ийг 23 настайгаасаа бодож эхлээд хэдтэйдээ байгуулсан гэсэн үг үү?

- 25 настайдаа. Хоёр жилийн хугацаанд өөрийн бодсон компаниа байгуулах гэж их л гүйсэн дээ. Би өөрөө хөдөөний хүүхэд, аав, ээж маань хөдөөний хүмүүс. Таньж мэдэх хүнгүй үед Мөнхбат гэж одоо бурхан болчихсон ах маань л надад их итгэдэг учраас анх “Бридж” групп, Цэрэнпунцаг гарьдтай танилцуулж байлаа.

- Таны анхны ажлын гараа Цахилгаан Холбоо байсан гэсэн үг үү?

- Албан ёсоор гэвэл тийм юм уу даа. Тэрнээс өмнө бол олон зүйл хийсэн.

- Оюутан байхдаа гэсэн үг үү?

- Би оюутан байж ер үзээгүй.

- Тэгэхээр инженер гэдэг нь хаанаас олсон мэргэжил байх уу?

- Энэ өөрөө их түвэгтэй л дээ. Миний сургууль төгсөөгүй шалтгаан нь надад сертификат хэрэггүй байсан юм. Гэхдээ би өөрийнхөө сурна гэж бодсон зүйлээ жилийн дотор л бүгдийг сурчихдаг байсан. Холбоо мэдээллийн технологийн сургуульд сурч байхдаа ч гэсэн бүх шалгалтыг хамгийн өндөр оноогоор нь өгчихдөг байлаа. Дөрвөн сургуульд сурсан. Аль ч сургуулийнх нь диплом байхгүй. Гэхдээ надад хэрэгтэй байсан зүйлээ бүгдийг нь сураад авчихсан.

19 настайдаа ямар ч байсан Цахилгаан Холбоо компанид ажилд орж байлаа.

Гар утасны наймаа хийдэг, маш ашигтай ажилладаг байсан мөртлөө орлогоо 15 дахин бууруулаад л орж байв.

- 19 хүрэхээсээ өмнө гар утас зардаг байсан юм байна. Зөв үү?

- Алт ухна, ундаа хийнэ, гар утас зарна, виз гаргасан, ном хийсэн.

- Та хэдэн настайгаасаа бизнес хийж эхэлсэн гэсэн үг вэ?

- Чиний асуултууд нэг л байцаалт шиг болоод эхэллээ шүү. Миний цаг болохоо болилоо (Инээв).

- Технологийн салбарынханы амьдрал их нууцлаг ч их сонирхолтой олон түүхтэй байх нь их. Тийм учраас л асуугаад байна.

- Миний хувьд хүчээр л ил гарч байна. Ярилцлага өгөх, хүнд танигдах маш дургүй. Яагаад гэхээр олон жилийн хугацаанд энэ их бужигнааны тухай яривал олон хүний эрх ашиг хөндөгдөнө. Зарим хүний дургүй хүрнэ. Харин одоо миний цаг, царай хоёр миний мэдлийнх биш болчихоод байна. Энэ утгаараа л гүрийж байна даа.

- Гэхдээ өөр шиг чинь хүмүүс олонд ярьж байж араас чинь явах залуус алдааг чинь давтахгүй. Яагаад гэхээр таны болон танай хамт олны туулаад хийчихсэн, зарим зүйлийг болохгүйг нь нотолчихсон бизнес рүү яг араас чинь адил замаар хүмүүс яваад байна шүү дээ. Тухайлбал, тоглоом, монгол агуулгууд бүтээх тал дээр.

- Тэр бол зөв. В.Баярсайхан болон Силикон валлейд байгаа Монгол залуус нийлээд M Lab гэж нөхөрлөл байгуулж байна.

Монголоос өнөөдөр амжилттай старт-ап гарахгүй байгаа үндсэн шалтгаан бусдынхаа өмнөх алдааг давтаад байдагт бий.

- Тэгэхээр тань шиг хүмүүс ярих хэрэгтэй байгаа биз?

- Ярьсан ч шингээж авч чаддаггүй юм билээ. Энэ байдлаас үүдээд бид M Lab байгуулж байна.

Централ таурын 13 давхарын нэг жигүүрт тэр чигтээ энэ лаборатори байгуулагдана. 10 жил энэ тухай би бодсон.

Монголчууд бидэнд давуу тал байгаа ч маш их сул талууд бий. Энийг нэг системд оруулъя гэж олон жил бодсон төсөл маань энэ зунаас эхлэх учир нэлээн том шуугиан үүсэх байх гэж бодож байна.

 
Ярилцлагын зочин: Ч.АНАР @ChinbaatarANAR
Ярилцсан: Ч.БОЛОРТУЯА   @Bolort
Гэрэл зургийг: Б.БЯМБА-ОЧИР  MPA.mn
x