2019 оны 7 сарын 29
Хулгайч нар сүлжээ болж, бүлэглэл үүсгэж, бүр цагдаагийнхны ивээлд орчихож. Ингэж хардах хангалттай жишээ, өчнөөн баримт дуулдаж байна. Сүлжээ, мафи шахуу болсон хулгайч нарын гарт хамгаа тавиад тууж байгаа хоёр хэсэг бий. Нэг нь малчид, нөгөө нь тариаланчид. Тодотгож хэлбэл Монгол гэдэг улсын хүнсний аюулгүй байдлыг нуруундаа үүрч яваа хоёр том салбарынхан хулгайчдын хөлд байдгаа барж эхэлжээ. Бүр тодруулж хэлбэл мал, үр тариа, хүнсний ногооны хулгайн бүлэглэл бий болсон байна. Бүлэглэл болж нэгдсэн хулгайч нар айлын бариатай гэр, хадлан тэжээл, зуух, янзан, цахилгааны утас, айлын өвөлжөөний хашаа гээд авахгүй юм байдаггүй гэж малчид толгой сэгсэрцгээж байна. Хурдан мориныхон бүр аргаа бараад мориныхоо хүзүүнд JPS зүүдэг болчихож.