2019 оны 5 сарын 29
Divide et impera гэсэн латин үг хүний түүхэн дахь магадгүй хамгийн цуутай улс төрийн зарчмын нэг байх. Разделяй и властвуй, Divide and rule гэх мэт орос, англи орчуулгыг нь олон хүн сонсохоороо нэг болоо биз. Энэ хэллэгийг хуучны улс төр, философийн орчуулгын ном бүтээлд монголоор Хуваагаад захир гэсэн байх нь харагддаг. Ингэхээр нэг бүтэн биетийг хэсэг бүлэг субъект олон хэсэгт хуваагаад тус тусдаа эзэмших гэж байгаа мэт дүр бий болно. Гэтэл хэлц үгийн утга нь бүр эсрэгээр, тухайлбал нэгэн цул биетийг биентэйгээ зөрчилдсөн олон хэсэг болгон салгачихаад нийтэд нь захирбал хялбар гэсэн санаа юм. Үүнийг Хагаралдуулаад захир гэж орчуулбал илүү дөхөм болох болов уу.