0/16
Зураг

iKon.mn сайт 2016 онд Монгол Улсад болсон ОНЦЛОХ 16 ҮЙЛ ЯВДЛЫГ НЭРЛЭЖ байна.

-Дахин нийтлэв-

Зураг

Гурван СОНГУУЛЬ

Зураг

ГУРВАН СОНГУУЛЬ ДАВАВ

УИХ-ын сонгуулийн өмнөхөн буюу 2016 оны тавдугаар сарын 5-нд Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар 2016 оны УИХ-ын сонгууль тус бүр нэг мандаттай 76 тойргийн зарчмаар явагдахаар болов. 

Энэ удаагийн сонгуулийн бас нэгэн онцлог нь аймаг, нийслэлийн сонгууль зэрэг явагдсан бөгөөд УИХ-ын сонгуульд 12 нам, гурван эвсэл, бие даагч нийт 498 нэр дэвшигч өрсөлдсөн байна. Мөн энэ сонгуульд хамгийн олон буюу 69-н бие даагч бүртгүүлсэн нь бас нэгэн онцлог байв. Ингээд МАН 65, АН 9, МАХН 1, бие даагч 1 гэсэн харьцаатай сонгуулийн эцсийн дүн гарав.

Нийслэлийн ИТХ-д 286 нэр дэвшигч 45 тойрогт өрсөлджээ. Үүнээс МАН 34, АН 11 тойрогт ялалт байгуулсан байна.

Аравдугаар сарын 19-нд товлогдсон орон нутгийн сонгуульд АН-ынхан найдвар тавьж байсан ч өмнөх сонгуулиас дорвитой өөрчлөлт гарсангүй. Нийт 21 аймаг, 330 сум, 9 дүүргийн 104 сум, 2 аймаг, 3 дүүрэгт ялалт байгуулсан юм. 

Зураг

МАН-ын үнэмлэхүй ЯЛАЛТ

Зураг

ЯЛАЛТ БАЙГУУЛСАН МАН СОНГУУЛИЙН АМЛАЛТААСАА УХАРЧ ЭХЛЭВ

   Иргэдээ ядуурлаас аварч
   Эдийн засгаа хямралаас гаргаж
   Эх орноо өрнөөс салгаж
   Төрийн дампуурлыг засч
   Тэгш журамт, баян хүчирхэг

   МОНГОЛОО ЦОГЦЛООЖ ЧАДНА гэсэн уриатай сонгуульд оролцсон МАН энэ жилийн УИХ, НИТХ, ОРОН НУТГИЙН гэх гурван сонгуульд дарааллан ялалт байгууллаа. 

Зарим нь МАН-ын энэ амжилтыг тэдний сайных биш АН-ын муугийнх байлаа гэж хүртэл ярих нь бий. Гэхдээ 2016 оны улстөрийн амьдралын онцлох үйл явдалд яах аргагүй МАН-ын дараалсан ялалтуудыг нэрлэж болно. 

Харин улс орныг өрнөөс салгана гэсэн тэдний амлалт хэрэг дээрээ худлаа байсныг 2017 оны Монгол Улсын төсөв 2 их наяд төгрөгийн алдагдалтай батлагдсанаар илчлэгдлээ. Бусад амлалтаа биелүүлэх эсэхийг ирэх дөрвөн жилд харах л үлдлээ.

Зураг

АН “АМЬД” ГЭДГЭЭ ЗАРЛАВ

Зураг

АН ЯЛАГДЛЫН БОДИТ ШАЛТГААНАА ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ ЧАДАХ УУ

Хамгийн сүүлд Их хурлаа хэзээ хийсэн нь тодорхойгүй, намын ажилтнууд нь хүртэл барин тавин хугацаа хэлдэг байсан АН-ынхан удаан хүлээлгэсэн VI Их хурлаа арванхоёрдугаар сарын 6, 7-нд албан ёсоор хийв. 

Энэ Их хурлаас намын даргын асуудлыг хэлэлцэхгүй нь тодорхой болсон тул гол хүлээлт үндсэн дүрмийн шинэчлэл байв. Гэвч намын даргын “Хоёрхон өдөрт 1,210-хан хүн намын шинэчлэлийг хийх боломжгүй байлаа” гэсэн тайлбартайгаар дүрмийн шинэчлэлийг батлахаа хойшлуулаад байгаа юм. 

Их хурлаас олон нийтийн хүлээсэн шиг дорвитой өөрчлөлт гараагүй ч хамгийн чухал нь “АН амьд байгаа шүү” гэсэн мессэж байв. Мөн тэд өөрсдийн ялагдлын шалтгаанаа бодитоор дүгнэж хүлээн зөвшөөрөв үү гэх асуултын тэмдэг хариултаа олж чадсангүй бололтой...

Зураг

С.Зоригийн хэрэг

Зураг

С.ЗОРИГИЙГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГ 18 ЖИЛИЙН ДАРАА ...

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хэрцгийгээр хөнөөсөн хэрэг 18 жилийн дараа мөрдөн байцаалтаас шүүх рүү шилжлээ. 

Ямартай ч нэгэнт товлогдсон шүүх хуралд гурван хүнийг яллагдагчаар татсан нь тодорхой болоод байгаа. Хуулийн байгууллагаас энэ хэргийг улс төрийн аллага биш гэж үзсэн ч шалгах явцдаа төрийн нууцтай холбоотой олон асуудлыг хөндсөн учир нууцын зэрэглэлд хамруулаад байгаа билээ. 

Шүүх хурал болдгоороо болоод өнгөрнө. Харин хэргийн жинхэнэ буруутныг олж шийтгэж чадах болов уу... 

Зураг

АСЕМ

Зураг

УЛС ТӨРИЙН ОЛИМП МОНГОЛД 

Ази, Европын 50 гаруй улсын төрийн өндөр дээд хэмжээний зочдыг хүлээн авсан 11 дэх удаагийн АСЕМ-ийн уулзалт Монголд амжилттай зохион байгуулагдлаа. 

Долоодугаар сарын 15-16-нд буюу хоёр өдрийн турш үргэлжилсэн уг арга хэмжээний үеэр нэгдсэн хоёр хурал, бэсрэг наадам болсон юм. 

АСЕМ-ийн уулзалтыг дагасан сайн, муу олон мэдээлэл гарсан ч Монголчууд улс төрийн олимп гэгддэг томоохон арга хэмжээг амжилттай зохион байгуулж чадсан билээ. 

АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад 21 тэрбум төгрөгийг зарцуулав. 

Зураг

Ташкентын уулзалт

Зураг

ЭДИЙН ЗАСГИЙН КОРИДОР БАЙГУУЛАВ

Гурван жилийн өмнө болох эсэх нь ч тодорхойгүй байсан хөрш гурван улсын уулзалтын үр дүн зургаадугаар сарын сүүлээр Ташкент хотноо гарав.

Узбекистаны нийслэл Ташкент хотноо болсон ШХАБ болон Бриксийн гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засгийн коридор болох 32 төсөл хэрэгжүүлэхээр баталсан нь хөрш улсуудын хамтын ажиллагаа өргөн хэмжээнд өрнөх суурийг тавьсан юм.

Уг 32 төсөл эрчим хүч, зам тээвэр, хүмүүнлэг, анагаах ухаан, ХАА гээд олон салбарыг хамарч байна. 

Зураг

Далай ламын айлчлал

Зураг

X БОГД МОНГОЛД МЭНДЭЛЧИХСЭН ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРСЭН

Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам арваннэгдүгээр сарын 18-21-ний өдрүүдэд манай улсад айлчилсан. Энэ нь түүний Монголд хийсэн ес дэх айлчлал байв. 

Түүний айлчлалыг Гандантэгчинлэн хийдээс цэвэр шашны зорилготой гэдгийг онцолсон ч уг айлчлалыг эсэргүүцэж байсан БНХАУ манай улстай хийхээр төлөвлөөд байсан дөрвөн ч уулзалтаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байна.

XIV Далай лам айлчлалынхаа төгсгөлд "X Богд Монголд мэндэлчихсэн байгаа шинж тэмдэг илэрч байна. Одоогоор нарийн тодруулах үйл явц, мэдээллийг хэлэх боломжгүй. Хүүхэд их жаахан байгаа. Тэгэхээр том болохоор нь тодорхой хэлж болно" хэмээгээд буцсан юм.

Зураг

Эрдэнэтийн 49%

Зураг

“ЭРДЭНЭТ”-ИЙН 49 ХУВЬ ГЭДЭГ МАРГААНТАЙ СЭДЭВ БИЙ БОЛОВ

Сонгуулийн өмнөх өдөр буюу зургаадугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг “Эрдэнэт үйлдвэр 100 хувь Монгол Улсын мэдэлд шилжлээ” хэмээн мэдэгдсэн билээ. Монголын хувьд стратегийн чухал ач холбогдолтой “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Оросын талын 49 хувийг хэн, хэзээ худалдаад авчихав гэдэг асуулт урган гарч, маргаан хэлэлцүүлэг одоо ч үргэлжилсээр байна. 

Асуултын хариу нь Худалдаа Хөгжлийн Банкны хөрөнгө оруулсан “Монголын Зэс Корпораци” хэдий ч томоохон улс төрчид энэ наймаанд оролцсон гэх асуудал намжаагүй байгаа юм.  

Зураг

ТАТВАРЫН буцаан олголт

Зураг

МОНГОЛЧУУД ТАТВАРАА ТӨЛЖ, АЗТАН БОЛСООР...

Монголчууд анх удаа төлсөн татвараасаа тодорхой хувийг эргүүлэн авахаар тусгасан НӨАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэв. 

Хуулийн хэрэгжилтийн хүрээнд иргэд сугалаатай баримтаар сар бүр азаа үзэж, хамгийн сүүлд хоёр ч залуу 100 сая төгрөгийн эзэн болжээ. 

НӨАТ-ын бүртгэлийг ийнхүү сайжруулснаар далд эдийн засагт эргэлдэж буй хэдэн тэрбум мөнгөнөөс төр татвар авч, эдийн засгийнхаа хүчин чадлыг бодитоор тооцох боломжтой болох юм. 

Зураг

(0.6) ДЕФЛЯЦИ

Зураг

ТҮҮХЭНДЭЭ АНХ УДАА ДЕФЛЯЦИТАЙ НҮҮР ТУЛАВ

Өмнө нь инфляци биднийг айлгадаг байсан бол энэ жил бид дефляци гэдэг шинэ асуудалтай нүүр тулгарав. Монголын эдийн засаг энэ жилийн наймдугаар сарын сүүлээр -0.6 хувийн инфляци буюу дефляцитай гарсан юм. 

Дефляцийн гол шалтгаан нь мах, хүнсний ногооны үнийн уналт байсан тухай Монголбанкнаас тайлбарласан билээ. Монголын эдийн засгийн содон үзэгдэл дефляци ямартай ч гурван сар гаруй үргэлжлэв.

Зураг

ТӨГРӨГИЙН ХАНШ 40% СУЛРАВ

Зураг

ЧИНГИС ХААНЫ ЗУРАГТАЙ МОНГОЛ ТӨГРӨГ “ОД” БОЛОВ

Монгол төгрөг дэлхийн хамгийн сул валютаар нэрлэгдэж, Чингис хааны зурагтай 20 мянган төгрөг дэлхийн хэвлэлээр од болов. 

Арваннэгдүгээр сарын 10-ны өдөр хүлээлтээс үүдсэн шок төгрөгийн ханшид хөөсрөлт үүсгэж ам.доллартай харьцах ханш нь өдөрт 100 гаруй төгрөгөөр огцом унасан юм. 

Энэ жилийн хувьд төгрөгийн ханшийн сулрал УИХ-ын сонгуулиас хойш эрчтэй мэдрэгдэж, хагас жилийн дотор 40 орчим хувиар унаад байна. 

Зураг

-47 градус

Зураг

ХАМГИЙН ХҮЙТЭН АРВАННЭГДҮГЭЭР САР ТОХИОВ

Сибирийн хүйтэн агаар арваннэгдүгээр сарын 18-наас манай нутгийн хойд хэсгээр түрж, 19-21-нд Монголын ихэнх нутгаар байрласан тул 19-нөөс бүх нутгаар эрс хүйтэрч шөнөдөө зарим голын сав газраар -42-47 градус хүрсэн.

Энэ нь сүүлийн 10 жилд тохиолдоогүй хамгийн хүйтэн өвөл биш, хамгийн хүйтэн арваннэгдүгээр сар хэмээн албаныхан онцолж байлаа. 

Зураг

МОНГОЛЧ ЭРДЭМТНИЙ XI ИХ ХУРАЛ

Зураг

МОНГОЛЫГ СУДЛАГЧИД НЭМЭГДСЭЭР...

Олон Улсын Mонголч Эрдэмтний Их Хурал 11 дэх удаагаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2016 оны наймдугаар сарын 15-наас 18-ны өдрүүдэд зохион байгуулагдав. 

Таван жил тутамд зохион байгуулагддаг уг хурлын анхны чуулган 1959 оны есдүгээр сард болж байсан түүхтэй бөгөөд энэ удаагийн чуулганд дэлхийн 29 орны 400 гаруй эрдэмтэн судлаачид оролцож, “Монгол хэл бичиг судлал”, “Монголын түүх судлал”, “Монголын соёл, утга зохиол судлал”, “Монголын нийгэм, эдийн засгийн судлал”, “Монголын гадаад харилцаа судлал” гэсэн таван салбарын хүрээнд хуралдсан юм.

Тус хуралдаанд оролцогчид жил ирэх бүр өсөн нэмэгдэж, Монголчуудыг сонирхон судлагч эрдэмтэн судлаач өдөр ирэх тусам олширч байгааг тод томруун харуулж байна.  

Зураг

Эмч нар олон улсад...

Зураг

АШУҮИС-ЫН “ХҮНИЙ ИХ ЭМЧ” ХӨТӨЛБӨР ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДӨВ

АШУҮИС-ийн Хүний их эмч бэлтгэх сургалтын хөтөлбөр олон улсад магадлан итгэмжлэгдэж 2016 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр гэрчилгээгээ гардан авав.

Тус хөтөлбөр магадлан итгэмжлэгдсэнээр АШУҮС-ийн суралцагч оюутнууд, төгсөгчид, эмч нар олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, гадаадын улс орнуудад ажиллах, мэргэжил дээшлүүлэх боломж бүрэн нээгдэж байгаа бөгөөд АШУҮИС дэлхийн жишигт хүрсэн сургалт явуулдаг болохыг харууллаа.

Зураг

"РИО 2016"

Зураг

ОЛИМПИЙН МӨНГӨН МЕДАЛЬ

Зуны олимпийн 31-р наадам Рио де Жанейро хотноо наймдугаар сарын 5-21-нд явагдаж өндөрлөсөн.

Манай улсын хувьд түүхэндээ байгаагүй хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй буюу 43 тамирчинтай энэ наадамд өрсөлдөж, жүдо бөхийн 57 кг-ын жинд Д.Сумъяа мөнгө, боксын 60 кг-ын жинд Д.Отгондалай хүрэл медаль хүртсэн. Ингээд багийн дүнгээр Монгол Улс 206 орноос 67-р байрт бичигдсэн юм.

Харин есдүгээр сарын 7-нд эхэлсэн паралимпд манай улсаас спортын таван төрөлд найман тамирчин оролцож, паурлифтингийн 88 кг-ын жинд Э.Содномпилжээ хүрэл, жүдо бөхийн 60 кг-ын жинд Б.Ууганхүү мөн хүрэл медаль тус тус хүртсэн нь энэ жилийн спортын салбарын онцлох үйл явдал болж байна. 

Зураг

ДУУЛИАН ДАГУУЛСАН “ТАЙЧИЛТ”

Зураг

“Рио 2016” наадамд манай бөх Г.Мандахнаран хүрэл медалийн төлөө барилдаж байхдаа буюу цаг дуусахаас өмнө баяраа тэмдэглэж эхлэв. Шүүгчид үүнийг нь оноогоо хамгаалсан гэж үзэн торгосноор өрсөлдөгч Узбекистаны бөх эцсийн мөчид ялалт байгуулсан билээ.

Шүүгчийн шийдвэрийг эсэргүүцсэн Монголын хоёр дасгалжуулагч дэвжээн дээр хувцсаа тайлан шидэлж, нүцгэн зогсон, дэлхийн томоохон хэвлэлүүдийн анхаарлыг татаж Монголын нэрийг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр АСЕМ-аас илүү гаргасан гэхэд буруудахгүй.

АВАРГА ШИГ БАРИЛД, МОНГОЛ ШИГ ТЭМЦ ... гэсэн бичигтэй богино цамц хүртэл худалдаанд гараад амжив.