Зураг
Зураг
0/18
Зураг

iKon.mn 2018 оны 18 ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫГ НЭРЛЭЖ байна.

Зураг

1. "Чанар" шалгасан гамшигт үзэгдлүүд

Зураг

Энэ зун үе үе орсон аадар бороо нийслэл төдийгүй орон нутгийн зам, дэд бүтэц, цахилгааны шугам, орон сууцны барилгуудын чанарыг шалгаж, олон тэрбум төгрөгийн хохирол учруулав.

Нийт 19 аймгийн 46 байрлалд 195 км урт авто зам, замын байгууламжид НОЦТОЙ ЭВДРЭЛ үүссэн. Зөвхөн 30 жилийн настай алдарт Дарханы зам л гэхэд 10 тэрбумын хохирол учруулсан бол манай улсын экспортын гол гарцыг холбогч Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн замыг 5.1 тэрбум төгрөгөөр зассан. Мөн Баян-Өлгийн аймгийн 800 гаруй айл усанд автаж, 4,000 орчим иргэн орон гэргүй болсон.

Зураг

Байгалийн гамшиг үүгээр дууссангүй. Дорноговь аймгийн Айраг сумын нутагт Улаанбаатар-Сайншанд чиглэлд явсан суудлын 286-р галт тэрэг үерийн улмаас замаас гарч, ОХУ-аас тусламж гуйхаас аргагүйд хүрсэн. Түүнчлэн улс тунхагласны баярын өдөр 30 м/сек-ээс хүчтэй шуурга болсноор ОХУ-аас эрчим хүч татдаг шугамын гурван тулгуур унаж, баруун дөрвөн аймгийн 52 сум цахилгаангүй болж, 27 барилгын дээвэр, 200 гаруй айлын гэр хийсэв.

Гамшгаас үүдсэн хамгийн том хохирол нь 70 гаруй хүний эрдэнэт амь байлаа.

Зураг

2. Монгол Улс хүүхдүүдийнхээ эсрэг дайн зарлав

Зураг

Томчуудын хайхрамжгүй, дутуу дулимаг, хариуцлагагүй үйлдлийн золиосыг олон хүүхэд амиараа төллөө. Цахилгааны утас унжсаар байсныг мэдсэн ч арга хэмжээ аваагүй эмийн сангийнхнаас болж 11 настай хүү цахилгаанд цохиулж амь насаа алдсан бол түүнтэй чацуу бас нэгэн хүү сургуулийнхаа гаднах хөлбөмбөгийн талбайд тоглож байхад нь хаалганы хөндлөвч төмөр толгой дээр нь унаж, амийг нь авсан харамсалтай хэргүүд гарлаа.

Мөн томчуудын зугаа цэнгэлийн золиос болж, үдшийн бүрэнхийд, НУУЦ-аар зохион байгуулсан “Дүнжингарав” хурдан морины уралдаанаар 16 хүүхэд унаж, гурав нь хүнд хэлбэрийн гэмтэл авав.

Зураг

Мөн “Очир төв” гэх зочид буудлын өрөөнд 13-хан настай бяцхан охиныг “араатнууд” хэрцийгээр хүчирхийлж, амь насыг нь хохироосон хэргийг сая нэг эцэслэн шийдэв.

Хэргийг үйлдсэн хоёр этгээдэд бүх насаар нь хорих ял оноосон билээ.

Гэвч амиа алдсан алдрай бяцхан үрс аав, ээждээ эргэж ирэхгүй нь харамсалтай.

Зураг

3. Улаанбаатар УНТРАВ

Зураг

“Дулааны цахилгаан станц-IV”-д гэмтэл гарсны улмаас есдүгээр сарын 15-ны 10.00 цагийн орчмоос Улаанбаатар хот тэр аяараа цахилгаангүй болов. Азаар өвөл болоогүй байсан тулдаа хот хөлдөж, нийслэлчүүд осгосонгүй. Гэвч олон эмнэлэгт эрсдэл үүссэн. Эмнэлгүүд эрчим хүчний нэмэлт нөөцөөрөө амь залгуулсан. Эрчим хүчний салбарын сайд нь “Дөрвөн цагийн турш галлаж байж генераторыг дахин ажиллуулсан. Усан цахилгаан станцтай байсан бол товчлуур дараад л болох байсан” гэсэн тайлбар хийсэн.

Харин хариуцлагын талаар нэг ч их ярьсангүй, цахилгаангүй байсан цагуудад зогссон ААН, байгууллагуудын алдагдлыг ч тоосонгүй тэгсгээд өнгөрөв.

Зураг

4. Хамгийн залуу гавьяат "төрөв"

Зураг

УДБЭТ-ийн балетын гоцлол бүжигчин О.Анужин 23 насандаа Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор шагнуулж, хамгийн залуу гавьяат болон 2018 оны түүхэнд бичигдэж байна. Найман настайдаа энэ урлагт хөл тавьсан тэрбээр “Korea international ballet competition” олон улсын А зэрэглэлийн балетын тэмцээнээс 2018 онд алтан медаль хүртсэн билээ.

О.Анужин 2016 онд БНСУ-д болсон дээрх тэмцээнээс хүрэл медаль хүртсэн нь мөн Монгол Улсын түүхэнд шинэ хуудас нээсэн юм. Түүнээс өмнө 1981 онд зууны манлай бүжигчин С.Оюун л балетын олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан билээ.

Зураг

5. Хүний аминд хүртлээ гажуудсан төрийн алба

Зураг

Зам, тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар ажлын байрандаа архидан согтуурч нэгнийхээ аминд хүрсэн гэх харамсалтай хэрэг наймдугаар сард гарсан билээ. Тодруулбал, ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн ажлын байран дээрээ амь насаа алдсан хэрэгт ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал холбогдож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, шүүхийн шатанд шилжүүлээд байна. 

Харин ажлын бус өдөр газрын дарга нар болон амралтаа авчихсан байсан талийгаачийг хуралд дуудсан салбарын сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл нар ёс зүйн хариуцлага хүлээж, албан тушаалаасаа чөлөөлөгдөв.

Зураг

6. Эрүүл мэндийн хичээл эргэн “ирсэн нь”

Зураг

Ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийн хөтөлбөрөөс 2014 онд хасагдаад байсан Эрүүл мэндийн хичээлийг 2018 оны есдүгээр сарын 1-нээс оруулахаар болсон юм. Хамгийн чухал хэдий ч хөтөлбөрөөс гээгдсэн эл сэдвийг өмнө нь "Хүн ба нийгэм", "Биологи", "Биеийн тамир" зэрэг хичээлтэй хавсран оруулдаг байсныг санаж байгаа байх.

Харин энэ жилээс орж буй Эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөрийг илүү боловсруулж, үндсэн зургаан сэдвийн хүрээнд хүүхдүүдэд боловсрол олгож байна. Эрүүл мэнд эрхэм чухал бөгөөд өвчнөөс урьдчилан сэргийлэх ач тусыг уг хичээлээр олгохыг зорьж буй. 

Зураг

7. Бүртгэлийн багц хууль хэрэгжиж эхлэв

Зураг

УИХ-ын хаврын чуулганы ээлжит хуралдаанаар Улсын бүртгэлийн багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталж, 5 бүлэг, 24 зүйлтэй шинэ хуулийг XI.1-нээс мөрдөж эхлэв. Тус хууль хэрэгжиж эхэлснээр иргэний үнэмлэхний чип, хурууны хээ, тоон гарын үсэг зэргээ ашиглан улсын бүртгэлийн үйлчилгээг цахимаар авах боломжтой болсон.

Түүнчлэн уг хуулийн хүрээнд www.burtgel.mn цахим үйлчилгээний системийг ажиллуулж эхэлсэн. Тус сайтаас улсын бүртгэлийн 23 төрлийн лавлагааг авахаас гадна нэрийн сан, хаягийн сан, хуулийн этгээдийн болон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн талаарх мэдээллийг үзэх боломжтой болсон нь төрд буй өгөгдлүүдийг нээлттэй болгох шинэчлэлд томоохон хувь нэмэр оруулсан үйл явдал болов.

Зураг

8. Аргаа барсан багш, эмч нар ажил хаяв

Зураг

Өнгөрсөн оноос улбаатай эрүүл мэнд, боловсролын салбарынхны цалингаа нэмүүлэх тэмцэл энэ жил үргэлжилсэн. Гэхдээ төрөөс дорвитой шийд гаргаагүйд бухимдсан багш, эмч нарын тэмцэл хурцдав. Багш нар хичээлийн шинэ жилийн эхний хоёр долоо хоног ажил хаяж, Төв талбайд суулт зохион байгуулсан бол эмч нар үсээ хүртэл хусаж, долоодугаар сарын 5-наас бүх шатны эмнэлэг ажил хаяхаа зарласан билээ.

Улмаар дээрх салбарынхны цалинг 2019.01.01-нээс ажлын ачаалалд нь тохирсон шатлалаар, 20 хүртэл хувиар нэмэх шийдвэр гаргасан юм. 

Зураг

9. Монголын төр хүн хулгайлах хэрэгт хардагдсан нь

Зураг

2018.07.27-ны өдөр Монгол-Туркийн хамтарсан сургуулийн захирал Вэйсел Акчай гэрийнхээ гаднаас хулгайлагдсан хэрэг гарав. Яг энэ явдалтай зэрэгцэн дипломат шуудан хүргэхээр ирсэн гэх Туркийн тусгай үүргийн TT4010 онгоц “Чингис хаан” ОУ-ын нисэх буудалд газардсан нь "Вэйсел Акчайг Туркийн тал хууль бусаар авч явах нь" гэсэн хардлага төрүүлсэн. Энэ хэргийг хэвлэл мэдээллийнхэн олон нийтийн анхааралд хүргэснээр Монгол Улс буюу ГХЯ, ЗТХЯ, ИНЕГ, ХХЕГ болон ГЕГ-н холбогдох албаныхан нисэх буудалд яаралтай ажиллаж, ардчилсан, хүний эрхийг хамгаалдаг улс болохоо олон улсад харуулж чадсан юм. Туркийн тусгай үүргийн онгоц 21:25 цагт УБ-аас хөөрч, Вэйсел Акчай шөнийн 01:40 цагт Эрүүгийн цагдаагийн газраас гарч ирсэн билээ.

Зураг

10. Их баривчилгаа

Зураг

АТГ 2018.04.09-нд Ерөнхий сайд асан С.Баярыг “Оюу толгой”-н гэрээ, офшор данс, Ч.Сайханбилэгийг “Дубайн гэрээ”-тэй холбогдуулан саатуулж, улмаар тэднийг яллагдагчаар татсан нь нийгэмд шуугиан тарьсан юм. Ийн тэднийг шүүхийн шийдвэрээр нэг сар цагдан хорих хугацаанд С.Баярын хууч өвчин сэдэрсэн бол Ч.Сайханбилэг яаралтай хагалгаанд орох шаардлагатай болсон тул эмнэлэгт хүргэгдсэн.

Хожим тэднийг прокуророос үргэлжлүүлэн хорих санал шүүхэд хүргүүлсэн ч шүүх С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих шийдвэр гаргасан юм.

Зураг

Энэ хэрэгтэй холбогдуулан Сангийн сайд асан С.Баярцогт, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан, ТЕГ-ын дарга асан Б.Ариунсан, ТЕГ-ын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга асан Б.Бадрал нар мөн хоригдсон ч хэрэг эцэслэгдээгүй 2019 онтой золгож байна.

Зураг

11. Д.Гантулга ба Д.Мурат

Зураг

УИХ-ын гишүүд хүчин, бэлгийн дарамт, танхайн хэрэгт холбогдож, булайгаа дэлгэв.

Хамгийн залуугаараа УИХ-ын гишүүний сэнтийд заларсан Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдож, “Үгүй” хэмээн нэлээд гүрийж, дотуур хувцсаа өмссөн, өмсөөгүй байсан тухайгаа  ярьсан ч эцэст нь өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөхөд хүрсэн билээ. 

Харин фэйсбүүк месенжерээс эхлэн олон нийтийн цахим сүлжээгээр нэг Д.Мурат гишүүний бэлгийн дарамтын хэрэг ил тархсан хэдий ч Нийслэлийн Прокурорын газраас танхайн хэргээр яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд хүргүүлсэн байдаг. Шүүхээс уг хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаад байна.

Зураг

12. Хөрөнгийн зах зээлийн 30 жилийн түүхэн дэх дээд амжилт

Зураг

Жил хүрэхгүй хугацаанд 5 хувьцаа шинээр бүртгэгдэж, хоёр бонд гарсан нь 2018 оны онцлох үйл явдал байв. Өнгөрсөн оны III улиралд хувьцааны данс шинээр нээлгэсэн 10,689 хүн бүртгэгдсэн бол энэ тоо жилийн дараа 60,526 болж нэмэгджээ. Хувьцааны арилжаа 18.4 тэрбум төгрөг байсан нь 2018 оны III улирлын байдлаар 75.4 тэрбум төгрөгт хүрч идэвхжсэн. Үнэт цаас арилжааны 80 орчим хувийг дангаар эзэлдэг байсан ЗГҮЦ гарахгүй байгаа үед шүү дээ.

ХЗЗ-ийн нийт үнэлгээ өдгөө 2.35 их наяд төгрөгт хүрч өнгөрсөн оныхоос 13%, 2015 оноос хойш 200% өсөөд байна. 

Зураг

13. Банкуудын алдагдал 200 тэрбум, чанаргүй зээл 2 их наяд

Зураг

Энэ оны IX сарын төгсгөлд 42 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан банкууд X сарын төгсгөлд 200 тэрбум төгрөгийн алдагдал хүлээв. Үүнээс жилийн өмнө л 220 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байсан банкуудын алдагдал ийн огцом өссөн нь ОУВС-гийн шаардлагын дагуу Монголбанкнаас активын чанарын үнэлгээ хийсэнтэй холбоотой байв. Одоогоор өөрийн хөрөнгө хүрэлцээгүй банкуудад дахин санхүүжүүлэх хугацаа олгочихоод буй. Оны эцэст амжихгүй бол Монголбанк хувьцааны эрхийг нь авахаар хүлээгдэж байгаа.

Нөгөө талдаа, чанаргүй зээл XI сарын байдлаар 2.0 их наяд төгрөгт хүрсэн нь нийт зээлийн 12.4 хувьтай тэнцсэн. Өмнөх оны мөн үеэсээ 911 тэрбум төгрөг буюу 78.8%-иар чанаргүй зээл өссөн нь банкны салбарт томоохон цэвэрлэгээ явагдаж буйн илрэл биз ээ.

Зураг

14. Төсөв ашигтай ч улсын өр дахин 1.9 их наядаар нэмэгдэв

Зураг

2017 оны Төсвийн тухай хуулиар 2018 оны төсвийн орлогыг 7.2 их наяд төгрөг байхаар баталсан ч дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн ханшийн өсөлтийн үе таарснаар төсвийн орлогын гүйцэтгэлээр 9.035 их наяд төгрөг төвлөрүүлээд байна. Өөрөөр хэлбэл, төсөв 266 тэрбум төрөгийн ашигтай гараад байна. Төсөв сүүлийн зургаан жилд анх удаа ийнхүү эерэг гарахад татварын орлого маш том нөлөө үзүүлснийг дурдах хэрэгтэй. Арваннэгдүгээр сарын статистикаар төсвийн орлого 7.4 их наяд төгрөг болж, жилд 30% өссөний 81.4 хувийг татварын орлого бүрдүүлжээ.

Харамсалтай нь, УИХ 2019 оны төсвийг 1.9 их наяд төгрөгийн алдагдалтай баталж, Монгол Улсын өрийг ийм хэмжээгээр дахин нэмлээ.

Зураг

15. Шатахууны үнэ бүхний зовлон

Зураг

2018 он ам.долларын ханшийн рекорд жил болон өнгөрч байна. Оны эхэнд 2,448 төгрөгтэй тэнцэж байсан бол 2018.09.12-нд 2,497.65. Үүнээс хойш дээд амжилтаа удаа дараа ахиулж, БНХАУ нүүрсний импортоо хязгаарлах шийдвэр гаргасантай зэрэгцэн эрчтэй суларсаар өнөөдөр 2,638 төгрөгтэй нэг ам.доллар тэнцэж байна. 

Ханшийн уналттай зэрэгцэн 2018 оны эхнээс дэлхийн зах зээл дээр үнэ нь өсөж эхэлсэн газрын тосны ханш монголчуудын хэтэвчийг тэмтрэв. Засаг АИ92 шатахууныг литр тутамд нь 100 төгрөгөөр бууруулах шийд гаргасныг эс тооцвол 2018 онд онцгой энэ бүтээгдэхүүний үнэ 47%-аар нэмэгдсэн. Хэдий аравдугаар сараас дэлхийн газрын тосны ханшийн муруй доош чиглэсэн ч төгрөгийн ханшийн уналт шатахууны үнийг бууруулах боломж олгосонгүй.

Зураг

16. “Ждүчид” хэмээх түүх оршвой  

Зураг

ЖДҮХС-гаас төрийн өндөр албан тушаалтнууд зээл завшсан нь 2018 он төдийгүй Монголын улс төрийн түүхэнд хамгийн том скандалын нэг болов. Жилийн 3% хүүтэй, 2 хүртэлх тэрбум төгрөгөөр бизнес эрхлэгчдийг дэмжих, цаашлаад ажлын байр нэмэгдүүлэх учиртай энэ мөнгийг улстөрчид, тэдний хамсаатнууд тэрбумаар нь авч үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн боломжийг хулгайлж, хүсэл мөрөөдлийг үгүй хийсэнд олон нийт эгдүүцэж, энэ асуудал Засгийн газрыг огцруулах, УИХ-ыг тараах хэмжээнд хүрэв. Салбарын сайдаас нь гадна нэр бүхий гурван гишүүнээр эхэлсэн “Ждүчид”-ийн буухиа УИХ-ын 14 гишүүн, хоёр сайд, төрийн бусад яам, агентлагийн дарга нараар эгнээгээ тэлж, хамгийн сүүлд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн төрсөн дүүгээр үргэлжилснээр Засгийн газрын тэргүүн “Ждүчдийн Загалмайлсан эцэг”-ээр өргөмжлөгдөв.

Зураг

Тусгай сангуудаар дамжуулан улстөрчид, төрийн өндөр албан тушаалтнууд улсын төсвийг хэрхэн хувьдаа завшдагийн тод жишээ болов.

Энэ хэрэгтэй холбоотойгоор ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг давхар дээлээ тайлсан бол ЗТХ-ийн сайд Я.Содбаатар өргөдлөө өгөөд байна. Харин бусад нь ЖДҮХС-гийн дуулианаар эрдэнэ мэт дүүтэй байснаа мэдэж, зарим нь сэтгүүлчдээр “гуйлгаж” хүчээр уучлалт гуйсан ч энэ асуудал шалгагдсаар байна. Төрийн агентлаг, байгууллагын хэд хэдэн дарга, нэг дэд сайд ЖДҮХС-гаас авсан зээлээсээ болж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөв.

Зураг

17. УС, БОХИР, ГАЗРЫН ТОСны асуудлаа гадаадын хөрөнгө оруулалтаар шийднэ

Зураг

Дотроо зодоонтой ч Монголын улстөрчид эрх биш гадаад бодлогодоо төрийн залгамж чанараа хадгалж, өмнөх Засгийн газруудын үед эхлэлээ тавьсан Мянганы сорилтын сангийн хоёр дахь компакт гэрээг АНУ-д амжилттай баталгаажуулж, Улаанбаатарчуудын ундны усыг 100 жилээр баталгаажуулах 350 сая ам.долларын буцалтгүй тусламжаар хэрэгжих төслийн эхийг тавилаа. Мөн БНХАУ-ын хөнгөлөлттэй 300 сая ам.долларын зээлээр Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх асуудлыг эцэслэн шийдэв. 

Зураг

Энэ асуудал шийдэгдсэн нь Мянганы Сорилтын Сангийн Улаанбаатар хотын усан хангамжийг сайжруулах цогц хөтөлбөр дэмжигдэх суурь шалтгаан болсныг ажлын хэсэг онцолж байлаа. Түүнчлэн Энэтхэгийн нэг тэрбум долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд газрын тос боловсруулах үйлдвэр барих тохиролцоонд хүрэв. 

Монголчуудын НЕФТЬ боловсруулах үйлдвэртэй болох 6 ДАХЬ ОРОЛДЛОГО  бүтэх эсэх нь 2022 онд тодорхой болно.

Зураг

18. МАН-ын “зодоон” төрийн хямрал болов

Зураг

УИХ-ын дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, Хотын дарга Су.Батболд нарыг огцруулах шийдвэрийг МАН-ын Удирдах зөвлөл гаргаснаар МАН-ын зодоон ил болж, 64-ийн бүлэг 37 ба 27-гоороо хуваагдав.

Улмаар Д.Хаянхярваа тэргүүтэй, М.Энхболд зэрэг артай 27-ийн бүлэг Засгийн газрыг огцруулах асуудлыг оруулсан ч амжилтыг эс олж, У.Хүрэлсүхийн Засгийн газар УИХ-ын 40 гишүүний дэмжлэгээр байран дээрээ дэнжигнэн үлдлээ. ЖДҮХС ба “60 тэрбум”-ын хэрэгтэй холбогдсон хоёр талын зодоон өнөөдрийг хүртэл үргэлжилж, УИХ-ын нэгдсэн чуулган зургаан удаагийн хуралдаанаа хойшлуулж, эрх баригч намын зодоон төрийн хямрал руу хөтөллөө.

Зураг

Хэдийгээр Д.Хаянхярваа албан тушаалаасаа бууж, Су.Батболд өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн ч 37-ийн тал УИХ-ын дарга М.Энхболдыг өөрийн хүсэлтээр огцортол УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг бойкотлохоо мэдэгдээд байна.
 

Ингэж байтал УИХ-ыг тараах Ерөнхийлөгчийн саналыг гишүүдийн гуравны хоёроос дээш хувь нь дэмжвэл энэ УИХ тарах болзлоо хангах нь ээ.