Уншиж байна ...

Австрали, АНУ-ын иргэд Мексикт сураггүй алга болсны дараа гурван хүний цогцос олджээ

Т.Давааням, ikon.mn
2024 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Мексикийн Баха Калифорниа мужид амарч байсан Австралийн ах дүү хоёр, тэдний найз АНУ-ын иргэн гурав өнгөрсөн долоо хоногт сураггүй алга болсон юм.

Серфингээр хичээллэдэг тэд Мексикийн баруун хойд Баха Калифорниа мужийн далайн эргийн Энсенада хотын ойролцоо амарч байжээ.

Тэгвэл тэдний амарч байсан газраас холгүй гурван хүний цогцос олдсон тухай АНУ-ын Сан-Диего хот дахь Холбооны Мөрдөх Товчооны салбар Баасан гарагт мэдээлсэн байна.

Мексикийн эрх баригчид Номхон далайн эргийн өндөр хадан хясаан дээрээс хүмүүсийн цогцсыг өргөгчөөр татан гаргаж буйг харуулсан гэрэл зургийг үзүүлжээ.

Цогцсууд олдсон Санто Томас гэдэг газар нь Энсенада хотоос зүүн хойд зүгт 45 км зайтай оршдог юм байна.

зураг
 

Баха Калифорниа мужийн эрх баригчид жуулчид сураггүй алга болсон хэргийн мөрөөр гурван мексик хүнийг баривчлан шалгаж байгаагаа Пүрэв гарагт мэдээлсэн юм.

Тэд АНУ-ын Холбооны Мөрдөх Товчоо, Австрали, АНУ-ын консулын газруудтай хамтран ажиллаж байгаа ажээ.

“Мехико хот дахь Австралийн элчин сайдын яам Австралийн Холбооны Цагдаагийн газар болон Мексикийн эрх баригчидтай сураггүй алга болсон хоёр иргэнийхээ мөрөөр нягт хамтран ажиллаж байна” гэж Австралийн гадаад хэргийн яам мэдэгджээ.

Баха Калифорниа муж үзэсгэлэнтэй сайхан далайн эрэгтэйгээсээ гадна зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүд үйл ажиллагаа явуулдаг Мексикийн хамгийн аюултай бүс нутгуудын нэг юм.

2015 оны арваннэгдүгээр сард Австралийн өөр хоёр серфингийн тамирчин Мексикийн баруун хойд Синалоа мужийн нутагт аялж явахдаа гэмт хэрэгтнүүдэд алагдаж байжээ. Тэдний шатаасан цогцос сүүлд олдсон юм.

2023 оны гуравдугаар сард зүүн хойд Мексикийн Матаморос хотод орон нутгийн картелийн гишүүд АНУ-ын дөрвөн иргэнийг хулгайлснаас хоёр нь алагдаж байжээ.

Мексикийн холбооны засгийн газар 2006 онд хар тамхины картелийн эсрэг дайн зарласнаас хойш тус улс даяар 450,000 гаруй хүн алагдаж, 100,000 орчим хүн сураггүй алга болсон байна.

 

Эх сурвалж: AFP