Уншиж байна ...

Афганистаны цорын ганц дипломатч эмэгтэй алт хууль бусаар хил давуулсан дуулианы улмаас огцорлоо

Т.Давааням, ikon.mn
2024 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг

2021 онд Талибаны дэглэм төрийн эрхийг авахаас өмнө Энэтхэг улсын Мумбай хотод ерөнхий консулаар томилогдсон Закиа Вардак өөрийгөө Афганистаны цорын ганц эмэгтэй дипломатч гэдэг байв.

Өнгөрсөн долоо хоногт тэр Дубай хотоос Мумбайд ирэхдээ тус бүр нь нэг килограмм жинтэй 25 ширхэг алтан гулдмай хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байгаад саатуулагдсаныг Энэтхэгийн хэвлэлүүд мэдээлсэн юм.

Тэгвэл Вардак өчигдөр буюу Бямба гарагт албан тушаалаасаа огцорч байгааг Х хуудсаараа мэдээлжээ.

Мэдэгдэлдээ тэр нисэх буудалд болсон явдлын талаар болон хууль бус алтны талаар огт дурдаагүй байна.

“Афганистаны дипломат албаны цорын ганц эмэгтэй хүний хувьд би энэ байр сууриа хадгалахын тулд дэмжлэг, туслалцаа авах ёстой байтал намайг зайлуулах зорилготой зохион байгуулалттай ажиллагааны золиос болсондоо маш их харамсаж байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд би зөвхөн өөрийнхөө төдийгүй миний гэр бүл, ойр дотны хүмүүсийн эсрэг чиглэсэн олон тооны халдлага, гүтгэлэгтэй тулгарах боллоо” гэж Вардак мэдэгджээ.

Тэрбээр өөрт тохиолдсон зүйлийг Афганистаны нийт эмэгтэйчүүдэд тулгарч буй “нийгмийн хүнд сорилтуудын нэг” гэж тодорхойлсон байна.

Одоогоор Талибаны засгийн газар Вардакын мэдэгдэлтэй холбогдуулан ямар нэг тайлбар өгөөгүй байгаа юм.

Вардак Афганистаны өмнөх засгийн газрын үед гадаадад томилогдсон бөгөөд Талибаны засгийн газар байгуулагдахад тэдэнтэй үргэлжлүүлэн хамтран ажиллаж байжээ.

 

Эх сурвалж: Associated Press