Уншиж байна ...

ПАРИС 2024: Дүрвэгчдийн багийн бүрэлдэхүүнийг зарлалаа

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 5 сарын 3
IKON.MN
Зураг зураг
Olympic

Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ) дүрвэгчдийн багийн бүрэлдэхүүнийг зарлалаа. Энэ удаагийн олимпод 11 улсын 36 тамирчин спортын 12 төрөлд оролцохоор болжээ.

Дүрвэгчдийн багийг 2016 оноос хойш олимпод оролцуулах болсон билээ. Бразилын олимпод 10 тамирчин дүрвэгчдийн багаа төлөөлсөн бол Токиогийн наадамд 26 болж нэмэгдсэн юм.

Энэ талаар ОУОХ-ны тэргүүн Томас Бах "Дэлхий даяар тархан амьдарч буй дүрвэгчдийг төлөөлөх багийг танилцуулж байна. Та бүгдийг Парист тамирчин хүний тэсвэр хатуужлыг харуулна гэдэгт найдаж байна. Бид хамтдаа 100 сая дүрвэгчдэд итгэл, найдварын мессэж илгээх болно. Олимпыг дэмждэг бүх иргэнийг дүрвэгчдийн багийг дэмжинэ гэдэгт найдаж байна" гэж ярьжээ.

Багийн бүрэлдэхүүнийг сонгохдоо Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын дүрвэгчдийн асуудал эрхэлсэн Дээд Комиссар (UNHCR)-ын баталгаажуулсан шийдвэрийн дараа спортын амжилтыг нь харгалзаж үзсэн байна. 

Ихэнх тамирчныг ОУОХ-ны эв нэгдлийн хөтөлбөр сангаас ивээн тэтгэсэн бөгөөд мөн олимпын дүрвэгсдийн сангаас зарим зардлыг гаргахаа мэдэгджээ.

 

Эх сурвалж: Olympics.org