Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/08-НД НИЙТЛЭГДСЭН

МАРТ 8: Монгол эмэгтэйн тухай ОНЦЛОХ АРВАН баримт

ikon.mn
2018 оны 3 сарын 8
iKon.MN
 

Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийн мэнд хүргэе. iKon.mn уг өдрийг тохиолдуулан МОНГОЛ ЭМЭГТЭЙ ГЭЖ ХЭН БЭ? цуврал нийтлэлээ та бүхэнд хүргэсэн билээ. Тэгвэл цуврал нийтлэлдээ дурдагдсан шилдэг арван баримтыг өнөөдөр нийтэлж байна. 

Уг нийтлэлд Монгол эмэгтэйчүүдийн бие, гэр бүл, эрүүл мэнд, гэрлэлт, ажил хөдөлмөр, улс төрийн оролцоо гээд бүхий л талыг хамарсан чухал баримтууд орсон болно. Мэдээллийг Үндэсний Статистикийн Хүрээлэн болон гадны томоохон судалгааны байгууллагуудын олон нийтэд ил болсон мэдээллээс шүүж бэлтгэв. 

1. Монгол эмэгтэйн өндөр, жин

2. Монгол эмэгтэй хэдэн настайдаа гэрлэдэг вэ?

3. Монгол эмэгтэйн сарын дундаж цалин хэд вэ?

4. Монгол эмэгтэй хэд насалдаг вэ?

5. Монгол эмэгтэй хэдэн хүүхэдтэй вэ?

6. Монгол эмэгтэй ямар боловсролтой вэ?

7. Монгол эмэгтэйн царай төрх ямар вэ?

8. Монгол эмэгтэйчүүд хаана амьдардаг вэ?

9. Монгол эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо ямар түвшинд байна вэ?

10. Монгол эмэгтэй гэж хэн бэ? гэх асуултад МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮД юу гэж хариулсан бэ?


I. МОНГОЛ ЭМЭГТЭЙН ДУНДАЖ ӨНДӨР 157.7 см

Юун түрүүнд бид Монгол эмэгтэйн дундаж өндрийн тухай мэдээллийг олохоор хайж эхэллээ. Гадны судалгааны байгууллагуудын гаргасан тоо энд огтлолцож байв.

Монгол эмэгтэйн Дундаж өндөр: 157.7 см 

ДЭМБ-аас гаргасан судалгаатай танилцахыг хүсвэл ЭНД дарна уу

Энэ нь тийм ч намхан эсвэл өндөр гэсэн үзүүлэлт биш байлаа. Дэлхийн хамгийн өндөр эмэгтэйчүүд Герман, Австри зэрэг орнуудад байдаг бөгөөд тэдний дундаж өндөр нь 168 см ажээ.

Тэгвэл хамгийн намхан нь Болив эмэгтэйчүүд бөгөөд дундаж өндөр нь 142 см гэсэн үзүүлэлт гарчээ. 

Ойролцоох бүс нутгийн улсуудтай харьцуулбал

 

 

МОНГОЛ ЭМЭГТЭЙН БИЕИЙН ДУНДАЖ ЖИН

Дундаж биеийн жингийн тухай мэдээлэл дэлхийн бусад орнуудын хувьд байгаа хэдий ч Монгол эмэгтэйчүүдийн биеийн жингийн мэдээлэл хомс байв.

Монгол эмэгтэйн биеийн дундаж жин нь 59.4 кг гэсэн тоо байна. Энэ нь ДЭМБ-аас гаргасан судалгаа юм.

II. МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ГЭРЛЭЛТИЙН ДУНДАЖ НАС 24.2

 

 

 

Доорх графикт гэрлэлтээ бүртгүүлсэн иргэдийн тухай сүүлийн 10 жилийн мэдээлэл байна. Мэдээллээс харахад Монгол эмэгтэйчүүд 20-29 насандаа хамгийн их гэрлэдэг байна. 

/ГЭРЛЭЛТЭЭ БҮРТГҮҮЛСЭН ХҮНИЙ ТОО/

 

 

Бүр нарийвчилбал 20-24 насандаа гэрлэсэн эмэгтэйчүүдийн тоо жин дарж байгаа юм. 2010 онд хийгдсэн хүн амын тооллогоор Монгол эмэгтэйчүүдийн гэрлэлтийн дундаж нас 24.2 гэж гарсан байна.  Харин Хятад эмэгтэйчүүдийнх 23.89, Япон эмэгтэйчүүдийнх 29.3, Өмнөд Солонгос эмэгтэйчүүдийнх 29.8 байна. 

Дэлхийд хамгийн орой гэрлэдэг эмэгтэйчүүдтэй улс Швед, Исланд зэрэг юм. Тэдний эмэгтэйчүүдийн гэрлэлтийн дундаж нас нь 33 байна.  Харин АНУ-ын эмэгтэйчүүдийн гэрлэлтийн дундаж нас 27.

III. МОНГОЛ ЭМЭГТЭЙН САРЫН ДУНДАЖ ЦАЛИН 772.9 МЯНГАН ТӨГРӨГ

 

Үндэсний Статистикийн Хүрээлэнгийн гаргасан судалгаагаар 2015 оны байдлаар манай улсын иргэдийн дундаж цалин 836.9 мянган төгрөг байна. 
Дундаж цалин ийм байгаа ч эрэгтэй, эмэгтэйчүүдийн дундаж цалинд бараг 130 мянган төгрөгийн зөрүү харагдлаа. 

/АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН АЖИЛЛАГЧДЫН САРЫН ДУНДАЖ ЦАЛИН/

 

IV. МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮД ХЭД НАСАЛДАГ ВЭ?

 

Бидэнд сайн, муу хоёр мэдээ байна.

Сайнаас нь эхэлбэл Монгол эмэгтэйчүүд эрчүүдээсээ бараг 10 жилээр урт насалдаг ажээ.  Эмэгтэйчүүдийн дундаж наслалт 2014 оны байдлаар 75.49 байхад эрчүүдийнх 65.91 байна.

Муу мэдээ нь гэвэл Монгол эрчүүд, эмэгтэйчүүдийн дундаж наслалт хол зөрөөтэй байгаа асуудал юм. Гэхдээ Япон эмэгтэйчүүдийн дундаж наслалт 86 байдгийг бодвол Монгол эмэгтэйчүүдэд дундаж наслалтаа нэмэгдүүлэх “шунал” байж болох нь.

ДУНДАЖ НАСЛАЛТ, улсын дүн, хүйсээр /Эмэгтэй/

 

V. МОНГОЛ ЭМЭГТЭЙ ХЭДЭН ХҮҮХЭДТЭЙ ВЭ?

Энд нэгэн сонирхолтой тоог танд харуулах гэж байна. Эргэцүүлэн бодвол социалист нийгэмд Монгол эмэгтэйчүүдийн “Их төрөлтийн үе” тохиосон бөгөөд 8-10 хүүхэдтэй айл жирийн үзэгдэл байлаа.

Монгол Улс 1963 оны тооллогоор 1,017,100 хүн тоолсон нь хамгийн хурдтай өсөлтийн үе байсанажээ. Энэ үед улс орон тайван цагтай золгосон тул бүтээн байгуулалтын ажил ид өрнөж, хүн амыг эрүүлжүүлэх нэгдсэн бодлого хэрэгжүүлж байсантай холбоотой.

Дэлхийн улсуудын хүн ам, эрүүл мэнд, хөрөнгө чинээний тухай өргөн хэмжээний дата ашиглан тооцоолдог Gapminder сайтын мэдээллээс харвал: Монгол эмэгтэйн хүүхдийн тоо /дунджаар/

 

Хүн ам 1979 оноос хойш жилд дунджаар 45 мянгаар өссөн байна. Ингэж явсаар бид 2015 онд Монгол Улсын бахархал гурван сая дахь иргэнээ өлгийдөн авсан билээ.

Улсаас төрсөн эхчүүдэд олгогддог тэтгэмж, хүүхдийн сурах орчих, тоглох тоглоомын талбайгаар бид ДУТААГҮЙ. 1960 онтой харьцуулахад шүү.

ГЭВЧ…

2002-2005 онд жилд дунджаар 9,000 эмэгтэй, харин 2014 оны байдлаар 18,145 эмэгтэй ҮР ХӨНДҮҮЛСЭН.

Үүнээс гадна хорвоод мэндэлсэн үрээ харч чадаагүй 25 эмэгтэй төрөхийн улмаас амь насаа алджээ.  Дэлхий дээр жил бүр 208 сая жирэмслэлт бүртгэгдэж байгаагийн 41 хувь буюу 85.2 сая нь хүсээгүй жирэмслэлт байна. Харин манайд 1,000 амьд төрөлтөд 247 үр хөндөлт ногдож байгаа нь олон улсын жишигтэй харьцуулахад ӨНДӨР гэж ЭМЯ-ны мэргэжилтэн үзжээ.

VI. МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮД ЯМАР БОЛОВСРОЛТОЙ ВЭ?

 
 

Өнөөгийн нийгэмд ажил олгогчид "Та дээд боловсролтой юу" гэдэг асуултыг хамгийн эхэнд тавьдаг.

Тэгвэл дээд боловсрол эзэмшиж байгаа эрэгтэй, эмэгтэйчүүдийн тооны харьцааг 2000 оноос 2014 оныг хүртэлх байдлаар харьцуулсан судалгаанаас үзэхэд жилийн жилд эрэгтэйчүүдээс илүү эмэгтэйчүүд ДЭЭД БОЛОВСРОЛ эзэмшдэг аж.

Тухайлбал, 2014 оны судалгааны үр дүнд 135 дээд боловсролтой эмэгтэйд 100 дээд боловсролтой эрэгтэй ОНОГДДОГ гэсэн тоо үзүүлэлт гарчээ.

VII. МОНГОЛ ЭМЭГТЭЙ ЯМАР ТӨРХТЭЙ ВЭ?

 

Глазгогийн их сургуулийн эрдэмтэд 2013 онд нэгэн сонирхолтой судалгаа хийсэн юм. Тэд орчин үеийн тоног төхөөрөмж ашиглан дэлхийн улс орнуудын хүмүүсийн дундаж царайг гаргасан билээ.

Дээрх зураг бол тэдний гаргасан МОНГОЛ ЭМЭГТЭЙН ЦАРАЙ ТӨРХ. Энэ царай бол олон зуун Монгол эмэгтэйн зургийг нийлүүлж, дунджилсан үр дүн.

VIII. МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮД ХААНА АМЬДАРДАГ ВЭ?

Үндэсний Статистикийн Хүрээлэнгээс гаргасан тоон мэдээллээр Монгол эмэгтэйчүүдийн гуравны хоёр нь хот суурин газар, үлдсэн гуравны нэг нь хөдөө орон нутагт амьдарч байна.

 

IX. ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН УЛС ТӨРИЙН ОРОЛЦОО НЭМЭГДЖЭЭ

Монгол эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо нэмэгдэж байгаа нь дараах графикаас харагдаж байна. Хамгийн сүүлийн үеийн буюу 2012 оны сонгуульд нэр дэвшигчдийн 32 хувь нь эмэгтэйчүүд байсан аж.

Энэ нь 1992 оноос хойш огцом өссөн үзүүлэлт юм.

/УЛСЫН ИХ ХУРАЛД НЭР ДЭВШСЭН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭЗЛЭХ ХУВЬ/

 

 

 

X. Монгол эмэгтэй гэж хэн бэ? хэмээх асуултад МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮД ЮУ ГЭЖ ХАРИУЛАВ...

 

 

Жүжигчин О.Цэнгэл "Тэсвэр тэвчээр, няцашгүй зүтгэл гэсэн яс хоёр чанар Монгол эмэгтэй хүн бүрийн цусанд оршдог. Үр хүүхэд, эр нөхөр, босгосон амьдралынхаа төлөө эцсээ хүртэл тэмцэж, тэвчих боломжгүй зүйл байсан ч бууж өгөлгүй шүд зуун тэмцэх чадвар бүх Монгол эхнэрүүдэд бий.

Тийм олон эмэгтэйчүүд өнөөдрийн Монгол Улсыг бүтээсэн юм"

 

"Мэгс Адвентүр" компаний захирал, аялагч, хүмүүнлэгийн ажилтан Э.Цэлмэг "Миний хувьд Монгол эмэгтэйчүүд үзэсгэлэнтэй, хүүхэд хөгшид хань ижилдээ халамжтай, уян зөөлөн, зочломтгой, ямар ч нөхцөл байдалд зохицох чадвартай санагддаг.

Эмэгтэйчүүд эхлээд өөрийгөө хөгжүүлэх, хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай байх, өөрийн үзэл бодол болон санхүүгийн талаар хэнээс ч хараат бус амьдарч чадах нөхцөлийг хангасны дараа хүний хань, үр хүүхдийн ээж болох нь ирээдүйн сайн сайхан амьдралын эхлэл юм.

Тиймээс "Суусан ухаантнаас, явсан тэнэг дээр" гэдэг шиг, аль болох олон хүнтэй ярилц, аль болох олон газар орноор яв. Энэ бүгдээс чамд хэрэгтэй зүйл заавал үлдэнэ"

 

Монголын Урлагийн Зөвлөлийн Урлаг ба хөгжлийн асуудал эрхэлсэн дэд захирал Б. Номинтуяа "Монгол эмэгтэйчүүдийн онцлог бидний туулж ирсэн нийгэм, итгэл үнэмшил, түүх соёлтой салшгүй холбоотой.

Бид бүгд өөр хоорондоо адилгүй ч Монгол эмэгтэй хүн ажил, амьдрал, өгч авахын тэнцвэрийг ухаарсан дайчин хийгээд гоо үзэсгэлэнтэй гэж би боддог".

 

Зохиолч Б.Эрхэмбаяр "Гадаад хүмүүсийн хэлж буйгаар, тэдний нүдээр монгол бүсгүйчүүд ази, европ холимог өвөрмөц сэтгэлгээтэй, харьцангуй бие даасан, боловсрол өндөртэй юм гэлцэхийг олонтоо сонсож байлаа.

Гоо үзэсгэлэн, бие галбир нь ч ердийн ази эмэгтэйчүүдээс өөр тэднээс харьцангуй өндөр агаад галбирлаг.

Би Монгол эмэгтэйчүүдийгээ тэгэхээр хатуу ширүүн байгаль цаг ууртайгаа зохицсон тэсвэр тэвчээртэй, хаана ч дасан зохицож амьдрах чадвартай, сэргэлэн золбоолог зан араншинтай бөгөөд өндөр ууланд ургадаг ааг амт ихтэй зэрлэг сонгино лугаа үзэсгэлэн гоо гэж боддог"

 

Бэлтгэсэн: Б.Бямбасүрэн, Э.Лхамзаяа

Гэрэл зургийг MPA.mn