Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Шинэ санаагаа "МОНГОЛ БРЭНД" болгох боломж нээгдлээ"

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 3 сарын 4
iKon.MN
 

"Мэдээллийн технологийн үндэсний парк" нь "Шинжлэх ухааны парк" болж, албан ёсны нээлтээ өчигдөр хийлээ. Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, БСШУ-ны сайд Л.Гантөмөр болон холбогдох хүмүүс оролцлоо. 

Тус Паркийн зорилго: Монгол Улсын Засгийн газраас Их сургуулиудын судалгаа, боловсруулалтын ажлыг эрчимжүүлж, дэмжих зорилгоор одоогийн Мэдээллийн технологийн үндэсний паркийн суурь баазыг Шинжлэх ухааны паркийн зориулалтаар өөрчлөн дотооддоо технологи болон инновацид суурилсан компаниудыг олноор бий болгох цогц орчинг бүрдүүлэх юм:

Хариуцан ажиллах сургуулиуд: Монгол Улсын Их Сургууль болон Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулиуд, “Шинжлэх ухааны парк-Биотехнологи” /хуучнаар АРМОНО/ Хөдөө аж ахуйн их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургуулиуд хамтран шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн кластер хэлбэрээр хамтарч хөгжүүлэхээр боллоо. 

 

Нээлтийн үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "Бид улс төрийн хоёр нам нийлэхэд нийгэм даяар анхаардаг. 

Харин өнөөдөр үүнээс хамаагүй илүү АЧ ХОЛБОГДОЛТОЙ зүйлийн талаар ярих гэж байгаадаа их баяртай байна.

​Манай улс 1960-2000 он хүртэл 1,600 шинэ бүтээл, 2000-2015 он дуусал 2,686 шинэ бүтээлийг бүртгэж авч байж. Үүнээс харахад шинэ бүтээлийн нээлтүүд хоёр дахин ихэсжээ. Ашигтай загвар буюу боловсронгуй болгож чадсан нь 2000-2015 онд 3,036 загвар, бүтээгдэхүүний загвар 6,140 бүртгэгджээ. 

Өнөөдөр манай улсын хөгжлийг хангах ёстой био нано технологийн эх үүсвэр, нөгөө талдаа их дээд сургуулиудын эрдэмтэн, багш нар, оюутнуудтай нэгдэж, шинжлэх ухааны салбарт "СТАР АП" буюу анхны алхмаа эхлүүлэх гэж байна.

Гараа сайн бол улс орны МАРГААШ, ДАРААГИЙН АМЬДРАЛ ямар байх нь ойлгомжтой.

Энэхүү хөгжлийн чиг баримжааг хангасан үйл явдлын гэрч болж буй та бүхэн ч бас түүхийн шинэ хуудсыг бичиж байгаа юм шүү. Бид нарт БОЛОМЖ байна"

Л.Гантөмөр: Маргаашийн эдийн засаг бол МЭДЛЭГийн эдийн засаг

 

"Бид маш их баяртай байна. Засгийн Газраас дөрвөн их сургуулиудын дунд хоёр шинжлэх ухааны парктай болно гэсэн шийдвэр гаргасан.

Бид өнгөрсөн жилүүдэд их дээд сургуулиудад СУДАЛГААНЫ АЖИЛ хийх орчинтой болгох, судалгааны ажлуудыг эхлүүлэх, судалгааг хийх БОЛОВСОН ХҮЧИН бэлдэх тал дээр ажилласан

Харин өнөөдөр тус парк нээгдсэнээр олон залуус, оюутан, эрдэмтэн судлаачид НЭГ БАГ болж ажиллаж, өөрсдийн гаргасан шинэ санаагаа БҮТЭЭЛ, МОНГОЛ БРЭНД болгох боломж нээлттэй боллоо.

Түүнчлэн өнөөдөр БСШУЯ-наас "Бүтээлч оюутан" уралдааныг албан ёсоор зарлаж байна.

Та найзуудтайгаа эсвэл багштайгаа хамтарч шинэ БҮТЭЭЛ, БРЭНДИЙН САНАА гарган, уралдах бөгөөд яамны зүгээс 3,000,000 төгрөгийн ТЭТГЭЛЭГ олгоно. Мөн мастерт 5,000,000 төгрөг, докторт 10,000,000 төгрөгийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн. 

Бид залуус бүрийн гаргаж буй шинэ санааг дэмжиж, дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай МОНГОЛ БРЭНДИЙГ бий болгож, улмаар хамтдаа урагш алхах болно.

Өнөөдөр өөрийн эх орондоо өндөр түвшинд судалгаа хийх лабораторио, дэлхийн алдартай их дээд сургуулиудыг төгссөн боловсон хүчин, судалгаа хийж байгаа судлаачид байна.

Монголын оюутнууд төгсөөд юу хийх вэ гэж бодолгүй, өөрсдийн мэдлэгээрээ шинэ бизнес эхлүүлэх боломжийг бий болгохын төлөө бид явж байна.

Энэ нь цаашид "Мэдлэгийн үнэлэх ЭДИЙН ЗАСАГТАЙ, соёлтой ард түмэн болж чадна" гэлээ.

Парктай болсноор:

  • "Старт-ап" буюу шинээр компани байгуулахад шаардлагатай бүх төрлийн сургалт, зөвлөгөө авах
     
  • Монгол Улсын эрдэмтэн, судлаачдын мэдээлэл, эрдэм шинжилгээний ажлын тайлан, диссертацыг агуулсан оюуны сангаас авч ашиглах
     
  • Хөрөнгө оруулагч, бизнесийн хамтрагчаа олоход нь зуучлах
     
  • Паркийн сүлжээнд байгаа нээлттэй лабораториудыг ашиглах, туршиж үзэх
     
  • Өөрийн бий болгосон оюуны өмч, технологи, бүтээгдэхүүнээ хамгаалах, ашиглахтай холбоотой хууль эрхзүйн зөвлөгөө болон үйлчилгээг иж бүрнээр авах
     
  • Дэлхийн шилдэг хамтрагчид болох (MIT, TUS Park, Beijing Univ, Япон, Солонгос болон Европын холбооны шилдэг ИС-иудын консорциум зэрэг)-тайгаа ажиллах
     
  • Оюутан, эрдэмтэн судлаачид, залуу авьяасууд нэг дор төвлөрөх бөгөөд гадаад дотоодын бизнес эрхлэгчид, хувийн хэвшилтэй нээлттэй нягт хамтран ажиллаж бүтээгдэхүүн, технологийн хөгжүүлэлт хийж, БРЭНДЭЭ бүтээх боломж НЭЭЛТТЭЙ боллоо.

ФОТО: Гэрэл зургийг mpa.mn