Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

Их талын нүүдэлчид Торгоны замаар...

Г.Номин, iKon.mn
2015 оны 8 сарын 21
iKon.MN
 

Монгол-Хятадын хамтарсан археологийн төслийн 10 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “ИХ ТАЛЫН НҮҮДЭЛЧИД БА ТОРГОНЫ ЗАМ” үзэсгэлэнгийн нээлт Үндэсний түүхийн Музейд боллоо.

Монгол-Хятадын хамтарсан археологийн судалгааны төслийг 2004 оны 10 дугаар сард Монгол Улсын Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн, Монголын Үндэсний музей, БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Соёлын өвийн товчоо, Соёлын өв, археологи судлалын хүрээлэнтэй хамтран “Монгол нутаг дахъ эртний нүүдэлчдийн соёл иргэншлийн хайгуул, малтлага судалгаа” төслийн гэрээг байгуулж, 2005 оноос хамтарсан судалгааг эхлүүлсээр өдгөө 10 жилийг үджээ.

Төслийн хүрээнд Монгол Улсын нутагт явуулсан Монгол-Хятадын хамтын ажиллагааны чухал хэсэг бол эртний Уйгурын хаант улсын язгууртнуудын бунхант булш болон тахилгын байгууламжийн судалгаа юм. Судалгааны багийнхан өмнө нь судлагдаагүй “Дөрвөлжин” хэмээх археологийн дурсгалын бүтэц, зохион байгуулалт, түүний учир утгыг тайлж, Уйгуруудын бүтээсэн дурсгал болохыг тогтоон Монголын төдийгүй Төв Азийн эртний судлалын ухаанд шинэ хэрэглэгдэхүүн, шинэ мэдлэгийг оруулж ирснээрээ шинжлэх ухаан, танин мэдэхүйн ач холбогдолтой судалгаа болжээ. 

ХУНДЫН ХООЛОЙН ТАВДУГААР ДӨРВӨЛЖИН

2008 онд Монгол-Хятадын судалгааны анги Архангай аймгийн Хотонт сумын Хундын хоолойд археологийн малтлага явуулжээ.

Бадам цэцэг нь дорнын ард түмний дунд амар амгалангийн бэлгэдэл болдог.

Судалгааны баг Хундын хоолойн долоон дөрвөлжингийн хамгийн том нь болох 5-р Дөрвөлжинд малтлага хийж, малтлагын үр дүнд тоосгон бунхан илэрч, бунханы дотор хананд зурсан туурган зураг илэрсэн нь нэн сонирхолтой юм. 

Зургийн үндсэн сэдэв нь цэцэг, ургамлын дүрст хээ бөгөөд улаан хүрэн, цагаан, хар өнгийн будгаар бадам цэцгийг олон давтамжтайгаар дурсэлжээ. Бадам цэцэг нь дорнын ард түмний дунд амар амгалангийн бэлгэдэл болдог. Тухайн зураг өнгө будгийн зохицол, дүрслэлийг харвал ихээхэн ур чадвартай үйлдсэн болох нъ ажиглагдана. Уг зураг нь тухайн үеийн дүрслэх урлаг, уран зургийн түвшинг харуулах биет дурсгал болж байна.

 
 
 
 
 

Хамтарсан археологийн төслийнхөн хоёр улсын нутагт буй нэг цаг үед холбогдох археологийн дурсгалын харьцуулсан судалгааг хийх, түүний дотор Уйгурын язгууртны бунхант оршуулгын дурсгалыг он цагийн хувьд зэрэгцэн оршиж байсан хятадын Тан улсын хаад язгууртны оршуулга, тахилгын байгууламжтай харьцуулан судлах шинэ бололцоог нээж өгч байна.

Мөн уг судалгааны хүрээнд Уйгурын язгууртны бунхант булшнаас гадна Хүннү, Сяньби, Жужан, Хятан зэрэг Монголчуудын өвөг дээдсийн байгуулсан төр улсуудын үед холбогдох зарим дурсгалыг малтан судалж сонирхолтой үр дүнд хүрчээ. Ялангуяа урьд нь Монгол Улсын нутгаас илэрч олдоогүй Сяньби, Хятан нарын булшийг илрүүлж, тэдний оршуулгын зан үйл, эдийн боловсрол, ертөнцийг үзэх үзэлтэй холбогдох шинэ эх хэрэглэгдэхүүнүүдийг судалгааны эргэлтэд оруулж, нийтэд толилуулж байна. Жужаны хаант улс 150 гаруй жил оршин тогтносон боловч тэдний үлдээсэн археологийн болон эд өлгийн ямар нэг дурсгал одоо болтол дэлхийн хаанаас ч илэрч олдоогүй ажээ. 

Дөрвөлжингийн ойр орчим байгуулсан 20 гаруй булшнаас олдсон олдворууд

2006 онд хамтарсан судалгааны анги Архангай аймгийн Хотонт сумын нутаг Хундын ам хэмээх газар орших Дөрвөлжинг малтан судлахын тулд уг дурсгалын хэрмийн дотор буюу түүний ойр орчимд байгуулсан хэсэг булшийг малтан судлах шаардлагатай болжээ. Уг Дөрвөлжингийн ойр орчим байгуулсан 20 гаруй булшнаас 8-н булш нь XIII-XV эууны үед холбогдох бөгөөд Монгол булшнаас гардаг олдвор хэрэглэгдэхүүнүүд илэрсэн байна. 

Малтлагын үеэр наймдугаар булшнаас хөмөглөж оршуулсан, дунд насны эмэгтэй хүний оршуулга илэрсэн бөгөөд алтан товч бүхий бараан өнгийн дээлтэй, хоёр төрлийн алтан ээмэг, муухан хадгалагдсан үйсэн богтаг малгай бүхий гайхамшигтай нарийн хийцтэй алтан цох чимэглэл илэрчээ

Үйсэн богтаг малгайн үлдэгдэл дөрөв болон зургаадугаар булшнаас мөн илэрсэн байна. 

 
 
 
 
 

ДОМГИЙН АМЬТНЫ ДҮРСЛЭЛТЭЙ ВААР

2009 онд Монгол-Хятадын хамтарсан судалгааны ангийн судлаачид Архангай аймгийн Хотонт сумын Өвөрхавцалын амны зургаадугаар Дөрвөлжингийн малтлагаар илрүүлжээ. Ийм дүрслэлтэй шавар чимэглэлийн хагархай өмнө нь хэдэнтээ олдож байсан боловч хамгийн сайн хадгалагдсан, харьцангуй бүтэн нь уг олдвор болно.

Саарал өнгөтэй, нарийн ширхэгтэй шавраар ур хийц сайтай үйлдсэн, шатаалт сайтай. Түрэг угсаатнууд тахилын онгон, шүтээний сүмийн барилгын чимэглэлд догшин ширүүн төрхтэй, үлгэр домгийн сүрлэг амьтад болон чулуун арслан зэргийг үйлдэн тавьдаг байжээ. Энэ нь барилгыг чимэглэхийн сацуу шүтээний газар муу муухай зүйлийг оруулахгүй, хөөн зайлуулах гэсэн утга агуулгатай ажээ. Өвөрхавцалын амны зургаадугаар Дөрвөлжингөөс гарсан энэхүү үзмэр нь урт төвгөр эвэр, түрэмгий догшин нүдтэй, хурц соёо бүхий сүрлэг амьтны дүрслэл бөгөөд Уйгурын нийслэл Харбалгас, ОХУ-ын Тувагийн Порбажын зэрэг VIII-IX зууны үеийн уйгурын хот суурингаас олддог байна.

Уг олдвор нь Түрэгийн үеийн барилгын чимэглэл болоод Хятадын Тан улсын чимэглэлүүдээс өвөрмөц ялгаатай ажээ. Энэ чимэглэлийг сүмийн барилгын багана, дээврийн уулзвар хэсэгт байршуулдаг байсан бололтой.

 
 
 
 
 

10 жилийн хугацаанд илэрч олдсон олдворуудаас дээжлэн 200 орчим үзмэрээс бүрдсэн “ИХ ТАЛЫН НҮҮДЭЛЧИД БА ТОРГОНЫ ЗАМ” үзэсгэлэн ирэх  аравдугаар сарын 9-нд хүртэл үргэлжлэх юм байна.

Гэрэл зургийг Г.Өнөболд /mpa.mn/