Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНЫ эрх ашиг ба НАЙМАН ХУВИЙН хүүтэй ОС-ны ЗЭЭЛ

Ч.Болортуяа
2014 оны 9 сарын 16
iKon.MN

Зах зээлийн нийгэмд шилжээд 20 гаруй жилийн хугацаанд буюу 2012 оныг хүртэл орон сууцны урт хугацаатай буюу ипотекийн зээлтэй иргэдийн тоо 30 орчим мянга байв. 

Харин өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сараас НАЙМАН хувийн хүүтэй орон сууцны зээл гарснаас хойш энэ тоо 60 орчим мянга буюу нэг жилийн дотор хоёр дахин нэмэгджээ. 

Хөгжингүй орнуудад орон сууцны зээлтэй иргэд нь дийлэнх хувийг эзэлдэг бол манай улсад цөөнх хувийг эзэлж байгаа нь чамлалттай.

Монгол улсын нийт өрхийн тоо 768 мянга байна. Үүний НАЙМ орчим хувь нь энэхүү найман хувийн хүүтэй зээлд хамрагдаад байна. 

Найман хувийн хүүтэй зээлийг зогсох уу, үгүй юу гэдэг эргэлзээ хүмүүст их байдаг. Тэгвэл энэ хөтөлбөр Улаанбаатар гэр хороололгүй болтол, цаашлаад орон сууцанд амьдрах хүсэлтэй орон нутгийн иргэдийн хэрэгцээ дуустал үргэлжлэх ёстой хөтөлбөр билээ. Үүнийг албаны хүмүүс итгэлтэй баталсаар байна. 

Нийслэлчүүдийн хувьд 2013 оны байдлаар 180 мянган өрх гэр хороололд амьдарч байна. 

Улаанбаатарт үүсч байгаа олон асуудлын ундарга нь төлөвлөлтгүй бий болсон гэр хорооллоос үүдэлтэй.  Утаа, хөрсний бохирдол, ундны усны бохирдол, тоосжилт, хотын өнгө үзэмжээс эхлээд нийслэлчүүдийн нийтлэг эрх ашигт нөлөөлдөг олон зүйл бий. 

Тиймээс ч бид бүгдээрээ гэр хорооллын дахин төлөвлөлт, найман хувийн зээл зэрэг улс орны нийтлэг эрх ашигтай холбоотой энэхүү хөтөлбөрийг дэмжин, урагшлуулах хэрэгтэй билээ. 

Арилжааны банкууд энэ оны долоодугаар сард нийт 1440 зээлдэгчид 77.4 тэрбум төгрөгийн ипотекийн  зээл шинээр олгосноор банкуудын ипотекийн зээлийн үлдэгдэл 2492.1 тэрбум төгрөг, нийт зээлдэгчдийн тоо 59756-т хүрчээ.

Ипотекийн зээлийн үлдэгдэл (Банкны эх үүсвэр, бусад эх үүсвэр, жилийн өсөлтийн хувиар):

Хулганаа график дээр чирж дэлгэрэнгүй мэдээллийг харна уу. 

Долоодугаар сарын байдлаар ипотекийн зээлийн үлдэгдлийн 97.7 хувь нь төгрөгийн зээл, 2.3 хувь нь гадаад валютын зээл байна.

Банкуудын ипотекийн зээлийн үлдэгдлийн нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”(ОСИСТТБХ)-ийн хэрэгжилттэй холбоотойгоор 2013 оноос эхлэн эрс нэмэгдсэн байна.

Ипотекийн зээлийн үлдэгдлийн ДНБ-д эзлэх хувь:

Олон гэр бүл орон сууцны зээлтэй болох нь дээр ярьсанчлан нийслэлчүүдийн эрх ашигт хамаатай нөгөөтэйгүүр "Уул уурхай нь уначихаар бид бүх зүйлээ тавиад туучихаж болохгүй. Найман хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээлийг яагаад төлбөрийн тэнцлийн ийм хүндрэлийн үед эхлүүлсэн бэ. Товчхондоо энэ бол нэг талаас урт хугацааны хуримтлалын бодлогын эхлэл, нөгөө талаас төлбөрийн тэнцлийн хүндрэлийн үед хуримтлал хийж байгаа иргэдээ дэмжсэн, тэдний хуримтлал хийх сэдлийг нэмэгдүүлсэн, хуримтлал хийж байгааг нь урамшуулсан, тэр хэрээр төлбөрийн тэнцлийн хүндрэлээс болж учирч байгаа ачааллыг нь зөөлрүүлсэн арга хэмжээ болсон. 

20 жилийн хугацаанд банкны системийн олгосон нийт орон сууцны ипотекийн зээлийн үлдэгдлийг ДНБ-тэй харьцуулахад хэзээ ч 6 хувиас хэтэрч байгаагүй. ​Тэгвэл одоо ганцхан жилийн дотор 14 хувь болоод байна. Тэр хэрээр дундаж давхаргын хуримтлал өсч, хуримтлал хийдэг өрхийн тоо эрс нэмэгдлээ" гэж Монголбанкны Ерөнхий эдийн засагч С.Болд дурдсан билээ. 

Нийт зээлдэгчийн өсөлт:

Хулганаа график дээр чирж дэлгэрэнгүй мэдээллийг харна уу. 

Иргэд орон сууцны зээлтэй болсноор ажлын байраа тогтвортой хадгалах, ажилгүй иргэд нь ажилтай болох зэрэг нийгэм, эдийн засагт олон эерэг өөрчлөлтийг бий болгосоор ирснийг хөгжингүй орнууд аль хэдийнэ туршаад ирсэн. 

Монголд ч мөн залуус өөрийн гэсэн өмчтэй болохын тулд тогтвортой ажил хөдөлмөр эрхэлж, нийгмийн дундаж давхарга аяндаа нэмэгдэх зэрэг олон давуу талтай. 

Ипотекийн зээлийн үзлдэгдэл эх үүсвэрээр:

Нийт ипотекийн зээлийн үлдэгдлийн:

  • 42.0 хувь нь 16-20 жил, 
  • 28.1 хувь нь 11-15 жил, 
  • 16.4 хувь нь 6-10 жил, 
  • 3.7 хувь нь 1-5 жилийн хугацаатай байна.

Ипотекийн зээл хугацааны ангиллаар:

2014 оны зургаадугаар сарын байдлаар банкуудын ипотекийн зээлийн үлдэгдлийн 76.7 хувийг Улаанбаатар хотод, 23.3 хувийг хөдөө орон нутагт олгосон ипотекийн зээл бүрдүүлж байна. 

Уншигч та бүхэн ИПОТЕКИЙН зээлтэй холбоотой тулгарч байгаа нийтлэг асуултуудын талаар ЭНД дарж унших боломжтой.