Зураг
Зураг
Индэр    
2017 оны 3 сарын 13
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

Дэлхийг сөрөх МОНГОЛ НҮҮРС

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

НЭГ. ТАНЫ САЯ ТӨГРӨГ ХААЧСАН БЭ?

Тодруулбал, Олон Улсын Валютын Сангаас Монголд "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэхээр тохирсон мэдээлэлтэй зэрэгцэн “Таван Толгой” (ТТ) орд газрын хөрөнгө оруулалтын гэрээ болоод тус газар орчмын дэд бүтцийг цогцоор нь шийдэх төмөр замын асуудал зэргийг 2019 оноос хэрэгжүүлэхээр хойшлуулсан мэдээ гарав.

Энэ талаар сэтгүүлчдэд Сангийн сайд Б.Чойжилсүрэн “2017, 2018 онд том төслүүд хэрэгжихгүй байх эрсдэлтэй” гэж үзэж ийм шийдвэрийг гаргасан тухайгаа ярьжээ.  

Ингэснээр ойрын хугацаанд шийдэгдэнэ хэмээгдэж байсан ТТ төсөл талаар болж таны эзэмшиж буй 1,072 хувьцаа “амилах” цаг улам бүр хойшлов. 

Үндсэндээ Ухаа худаг дахь төмөр замын асуудлыг хэлэлцэж эхэлснээс хойш найман жилийг ардаа үджээ. Тэгвэл энэ хугацаа 10 жил болон уртсах болов. 

Биднийг ийнхүү бэмбэгэнэж байх зуур дэлхийн нүүрсний зах зээлд томоохон өөрчлөлтүүд явагдаж, нүүрсний үнийн ирээдүй улам бүр эргэлзээтэй болсоор байна. 

 “Манай экспортод гаргаж буй нүүрсний үнэ Австралийн нүүрсний үнээс хэд дахин бага. Энэ нь мэдээж, ложистик болон нүүрсний чанараас улбаатай. Гэхдээ манай үнийн динамик нь хугацааны хувьд хоцрогдолтой ч их, бага хэмжээгээр олон улсын үнийг дагаж хөдөлдөг. Иймд олон улсын нүүрсний таамаг мэдээж ач холбогдолтой.

Таваарын ханш их тогтворгүй. Жишээ нь 2016 оны нүүрсний үнийн өсөлт нь цэвэр БНХАУ уурхайн ажиллах өдрийг 330-аас 276 болгож бууруулсан, үр ашиг муутай уурхайнуудыг хаасантай шууд холбоотой. Харин есдүгээр сараас эхлэн нийлүүлэлтийг өсгөснөөр нүүрсний үнийн ханш эргээд буурахад хүргэсэн. 

Дээрх шиг таатай нөхцөл байдал үүсэхгүй л бол нүүрсний үнэ цаашид бууна гэж харж байгаа” тухай зах зээлийн хандлага, судалгаа, шинжилгээний Эгүлэ Капиталийн шинжээч Б.Батхишиг мэдээллээ.

Бараг л 2017 он гарахаас өмнө юу юугүй шийдэгдэх нь гэж хүлээж байсан ТТ төслийг хамгийн цаад тал нь энэ жилийн наадмын өмнө/хойно шийднэ гэх хүлээлт салбарынхан дунд нь байсан нь ийнхүү лөөлөө болов. 

ХОЁР. МОНГОЛЫН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН 85 ОРЧИМ ХУВИЙГ КОКСЖИХ НҮҮРС ЭЗЭЛЖ БАЙНА

Дэлхийд жилдээ ойролцоогоор 7.6 тэрбум тонн нүүрсний хэрэгцээ шаардлагатай байдаг бол үүний 50 хувийг Хятад дангаараа хэрэглэж байна. Гэхдээ Хятад тэргүүтэй дэлхийн нүүрсний топ хэрэглэгчид энэ төрлийн хэрэглээгээ бууруулсаар байна. 

Хэдийгээр Энэтхэг, Вьетнам, Индонез зэрэг Азийн хурдацтай хөгжиж байгаа улсуудад маш их эрчим хүчний эрэлт бий болж байгаа нь урт хугацаандаа эрчим хүчний нүүрсний эрэлт нэмэгдэх хандлагатай ч нөгөө талд дэлхийн нүүрсний гол хэрэглэгч Хятад болон Америкийн эрчим хүчний нүүрсний хэрэглээ тогтмол буурч буй. Энэ нь цэвэр эрчим хүч хөтөлбөртэй холбоотой. 

Европ ч нүүрснээс зоригтойгоор татгалзаж эхэлж байна. 

Монголын хувьд нүүрсний экспортын 85 орчим хувийг нь коксжих нүүрс эзэлж байна. 

Коксжих нүүрсний хувьд арай өөр дүр зураг харагдаж байна. Энэ нь гангийн үйлдвэртэй шууд холбоотой. 

Гангийн үйлдвэрлэлийн 50-иас дээш хувийг Хятад бүрдүүлдэг. 

"Хятад дэд бүтцийн салбарт нэлээд хөрөнгө оруулалт хийх төлөвтэй. Жишээ нь, шинэ бүс нутгуудад метроны шугам, төмөр замын салбартаа  800 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийхээр хүлээгдэж байна. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч дэд бүтцийн салбараа хөгжүүлэхээ мэдэгдсэн нь түүхий эдийн үнэд нааштай мэдээлэл болсон. 

Гэхдээ энэхүү зах зээлийн таатай байдлыг угтан АНУ, Австралийн коксжих нүүрс олборлогчид хэдийнээ олборлолтоо нэмэгдүүлэхээр зэхэж бу​й нь энэ онд уг төрлийн нүүрсний олборлолтыг багагүй өсгөхөөр байгаа" талаар Эдийн Засгийн Судалгаа, Эрдэм Шинжилгээний Хүрээлэнгийн (ERI) судлаач Б.Мөнх-Ирээдүй “Нүүрсний экспортын зах зээлийн судалгаа”-гаа танилцуулахдаа дурдсан юм. 

Монголын нүүрсний зах зээлийн талаарх ERI-ийн судалгааг бид дараах байдлаар инфографикт буулгалаа. 

2015 оны тоо баримтуудад: 

  • Монгол Улсын нийт экспортын 11.9 хувийг нүүрс эзэлж байна.
  • Жилд 23.9 сая тонн нүүрс олборлож үүнээс 10.4 сая тонныг нь дотооддоо хэрэглэсэн байна. 6.7 сая тонныг нь гэхэд дулааны цахилгаан станцууд хэрэглэжээ. 
  • Нүүрс угаах хоёр үйлдвэр бий. 2015 онд энэ хоёр угаах үйлдвэр нийт 2.6 сая тонн нүүрс угааж экспортложээ.
  • Нийт өрхийн нүүрсний хэрэглээ 0.5 сая тонн.
  • Бусад аж ахуйн нэгжийн хэрэглээ 0.6 сая тонн.
  • Нийт нүүрсний экспортийн 96.8 хувийг Хятад руу экспортлосон.
  • Хятад улс 2015 онд 48 сая тонн коксжих нүүрс импортлосон бол үүний 10.9 хувийг Монгол Улсаас импортложээ. 

ИНФОГРАФИК: МОНГОЛ ба НҮҮРС

 

 

ГУРАВ. АМЖИЛТ ҮЛ ОЛОХ СӨРСӨН “БАЗАА”

“Хятад уул уурхайн бүтээгдэхүүний 10 хувийг л импортолж байна. Энэ 10 хувь дотор нь олон улс өрсөлдөж буй. Энэ дотроос том дүнгээр л бид үмхэж авах ёстой. Ингэхийн тулд бидний бий болгосон дэд бүтэц нь хаана байна, бидний өрсөлдөх чадвар ямар байна вэ гэдгийг бодох хэрэгтэй. Тиймээс цогц байдлаар энэ асуудлыг шийдэх ёстой.

Уурхайг нь төмөр замтай нь хамт шийдэх ёстой. Тийм учраас Хятадын талын оролцоо тодорхой түвшинд гарцаа байхгүй байна аа гэсэн үг.  Бид ард түмнийхээ итгэлийг унагаахгүй гэрээ хэлцлийг шийдээд явчихна” гэж  ТТ төслийн ажлын хэсгийн ахлагч, Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн сайд Ц.Дашдорж өнгөрсөн сард ярьж байлаа. 

Гэвч ТТ төслийг ийнхүү зогсоов.

Иргэн Б.Баяр, Л.Наранбаатар, Ч.Ганхуяг нар “Одоогийн арга барилаараа ажиллавал ТТ-н үр ашигтай олборлож  болох нөөц нь 8 жилийн дараа дуусахаар байна” гэх ноцтой мэдээллийг танилцуулсан. Гэхдээ энэхүү мэдээллийг “Эрдэнэс- Таван толгой” ХК-ийн  гүйцэтгэх захирал Д.Ариунболд үгүйсгэсэн юм. Тэрбээр ““Тавантолгой” компани 2010 оны ТЭЗҮ-ийн дагуу л олборлолтоо хийж байсан. 0 давхаргын нүүрсэндээ хүрэх болоогүй. Сорчилсон гэдэг бол үндэслэлгүй мэдээлэл. Хэдэн тоо дурдъя. 2016 онд Эрдэнэс “Тавантолгой” компани 7.8 сая тонн коксжсон нүүрс олборлосон. Энэ жил 12 сая тоннд хүргэх төлөвлөгөөтэй.

Жилд 10-12 сая тонн коксжсон нүүрс олборлох тохиолдолд Тавантолгойн ордыг дор хаяж 70-80 жил ашиглах тооцоо бий. Энэ бол зөвхөн коксжсон нүүрсний тухайд. Цаана нь 0 давхаргын гэгдэх 1.3 тэрбум тонн нүүрсний нөөц бий. 0 давхаргад хүрэхэд хоёр жилийн хугацаа бий гэдэг тооцоо судалгаа гарсан. Тэр үед Угаах үйлдвэр барьж ашиглалтад оруулах, үр өгөөжийг нь нэмэгдүүлэх ойрын хугацааны төлөвлөгөөг манай мэргэжилтнүүд боловсруулж байгаа.

Хэдэн жилийн дараагаас Угаах үйлдвэрээ ашиглалтад оруулна. Дахин хэлэхэд, Таван толгой нүүрсний нөөц нь найман жилийн дараа дуусна гэдэг бол ташаа мэдээлэл. Таван толгойн ордоос гадна, цаана нь арвин нөөцтэй өөр хэд хэдэн орд бий гэдгийг ч дурдъя. Нөөцийн хувьд шавхагдашгүй” хэмээн ярьжээ. 

Сүүлийн үед БНХАУ компаниудаа дэлхийн тоглогч болгохоор зорин ажиллаж байгаа. Үүний томоохон жишээ болж, Рио Тинто Авсртали дахь Хантер хөндийд орших хүрэн нүүрсний бизнесээ БНХАУ-ын компани болох Яанкоалд 2.45 тэрбум ам.доллараар зарахаар болсон.

Энэ нь гэхдээ манай улсын нүүрсний зах зээлд том нөлөө үзүүлэхгүй. Учир нь Монголын нүүрсний экспортын дийлэнх хувийг коксжих нүүрс эзэлдэг. Үүнд голлон эрчим хүчний буюу хүрэн нүүрсний тухай яригдаж байна. Мөн цаашлаад БНХАУ дэлхийн нүүрсний 50 орчим хувийг дангаар үйлдвэрлэж, хэрэглэдэг тухай дээр дурдсан. Нийт хэрэглээнийхээ ердөө 5-10 орчим хувийг л гаднаас импортоор авдаг. Үүнийхээ 10 хүрэхгүй хувийг Монголоос импортолдог буюу бид тус зах зээлд том тоглогч биш.

“ТТ болон Шиньхуагийн хэлцэл нь манайд нэн шаардлагатай хэмээн манай байгууллага үзэж байна. Хэрэв бид энэхүү хэлцлийг нааштайгаар шийдэж чадвал БНХАУ-ын засгийн газрын зүгээс нүүрсний салбартаа томоохон дэмжлэгтэй болно. Учир нь Шиньхуа нь олон улсын томоохон тоглогч болох боломжтой, компаниудын нэг. Өмнө нь дурдаж байсанчлан БНХАУ томоохон компаниудаа ихээр дэмжиж байгаа. 13-р таван жилийн төлөвлөгөөндөө хүртэл нүүрсний үйл ажиллагаа явуулдаг компанийн тоог 2020 гэхэд хоёр дахин багасгана гэсэн байсан. Үндсэндээ том, үр ашигтай, байгаль орчинд ээлтэй уурхайнуудтай болох зорилт дэвшүүлээд байна” гэж шинжээч Б.Батхишиг ярив. 

Хэдийгээр дэд бүтцийн салбарууд дахь хөрөнгө оруулалт үргэлжилж байгаа ч  Хятадын хувьд нийт нүүрсний нийлүүлэлт 2017-2018 онуудад тасралтгүй буурах таамагтай байна. 

График 2, Дэлхийн нүүрсний хэрэглээ ба таамаглал,


Ийм хүлээлт дор манай ТТ-н хөрөнгө оруулалтын төсөл улам бүр хойшилсоор байх нь зөв үү?

Дээрээс нь, ТТ хөрөнгө оруулалтын төсөл өдийд ямар байдалтай үргэлжилж байгаа, чухам яагаад 2019 он хүртэл энэ төслийг хойшлуулах болсон тухай мэдээллийг эрх баригчид 1,072 хувьцаа эзэмшигчдэд тодорхой өгөхгүй байсаар л байна. 

Дэлхий нүүрснээс татгалзсаар л. Харин бид нүүрсээ хадгалсаар л ...