Зураг
Зураг
Индэр    
2017 оны 2 сарын 8
Зураг
Нийгмийн сэтгэлзүйн аналитик артикл туурвигч, Хүмүүнлэгийн сэтгэл судлаач

Сэтгэлгээний ядуурал бидний Монголыг мөхөөх вий

Зураг

Бид чөлөөт нийгэмд шилжээд 26 жилийн нүүрийг үзжээ. Нийгэм чөлөөт ил тод байх хэрэг байсан уу гэвэл мэдээж тийм гэх байх. Гэтэл энэ нийгэм нэг хүлээснээс ангижарсан мэт нийгмийн олон давхраажилт хөгжил гэдэг шинэ гарцыг эрэлхийлсээр туйлдаа хүрчээ. “

Хөгжил” гэж хэн бүхний ялангуяа улстөрчдийн ярих дуртай сэдэв төдий л болж. Бид аз жаргалын үнэлэмж, амьдралын баяр баяслыг мэдрэмж бус хэмжих нэгж, тоолох төгрөг, эдлэх, хэрэглэх хэрэгцээ мэтээр харж нүдээ сохлоод удаж байна. Энэ бүхэн одоо өөр шатанд гарсан.

Бид чөлөөт тогтолцооны ачаар нийгмийн орчинд нэгнээ дарамталдаг байсан бол өнөөдөр сүлжээнд, бидний харахгүй олон мянган үелзэл, мэдээллийн шуурганд эрх дураараа хүчиндүүлж, хүчирхийлж, зарим талаар жүжиглэж, өөртөө байхгүй бие хүнийг хүсэмжлэн цэнхэр туяат шилэн дэлгэцийн цаана өөрийгөө “Эго”-гоо хооллож бүтээж байна. Энэ бол сүйрэл.

Нийгмийн болох бүтэхгүй бүхий л зүйлийг эзэнжүүлмээр байна. Хүүхдээ хаядаг аав, хүүхдээ тамладаг эх, иргэдээ хуурдаг засаг, өөрөөрөө байдаггүй бие хүн, өлсөж, зүдэрч ядуу байгаа шалтгаанаа бусдын буруу мэтээр ойлгодог бодгаль, тэдгээр хүмүүс, хүн гэдэг замба тивийн алдрыг хүртэхээс ч ичим тэд нарыг эрх үүргийг эзэнжүүлмээр байна.

Гудамж талбай, лифтэнд, мөн түүнчлэн нийгмийн орчинд бид эрээ цээрээ алдсаар л. ..

Цагаан сар дөхөж тэтгэвэрийн зээл өгөгдөж эхэлж, мөнөөх насны хишиг гэж мөнгө тараалт ч эхэллээ. Арилжааны банкны оочер дийлдэхээ ч байж. Тэнд үймсэн түмэн, бухимдсан хүмүүс тоолж барамгүй их байна. Өнөөдрийг аргацаасан хэрэглээг шүтсэн засаг түүнийг хавлаж авах ард иргэд. Бид бэлэнчлэх сэтгэлгээ, 5, 10 төгрөгөөр өнөөдрийн өлөө дарж яг ийм л амьдралын хэв маягаар хэр удаан явах юм бэ?

Бид өөрсдөө л сонгосон, мөнгө, боломж амласан болгоныг дэмжсэн. Эцэст нь нийгэмдээ сэтгэл гундуу, ханамжгүй иргэн болж байна. Цагийн аясаар хийсэн хамхуул шиг л байдал ноёлоно. Ядуу байгаа шалтгаан нь хувь хүнийх байж болох зарим талаар тогтолцоо, улсыг авч яваа бодлого гажуудалтай байгаа боловуу. Аль аль талыг барихыг хичээнэ. Сүүлийн үед хандив тусламж гуйх иргэд их боллоо.

Мэдээж боломгүй болоод хандаж байгаа боловч нөгөө талаар эрүүл саруул атлаа хөдөлмөрлөхгүй, зүтгэе гэж бодохгүй байх шиг.

2007 онд Танайд хоноё нэвтрүүлгээр Тунгалаг гэх ажилсаг, амьдралын төлөө зүтгэсэн мундаг эмэгтэйн хэлсэн үгийг олон хүн мэднэ. “Ямар ч ядарсан хүнд савангын мөнгө олддог” гэж тусламж авч буй хүмүүс дунд оромжоо цэвэрлэх сэдэл ч үгүй хүн байх юм. Ядуугийнх, сэтгэлгээний л хямралд орж гэж оношлох юм. Эцэстээ энэ улс хүн капитал бус хаа нэгтээгээс орж ирэх ашиг, үтэр түргэн зарж борлуулах бодит биет зүйлийг л хардаг боллоо. Дэлхий хаашаа явна вэ? Мөнгө зөвхөн хэрэглээ түүнийг олох, зарцуулах ухаан сэтгэлзүй хэр бэлтгэлжилттэй байна вэ.

Сэтгэлгээний ядуурал бидний Монголыг мөхөөх вий. Гарц заавал зовиуртай байдаг монголд хэзээ ухаалаг засаг тогтох юм бэ. . .