Зураг
Зураг
Индэр    
2017 оны 1 сарын 18
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

130 МЯНГАН ЭРЭЛТИЙН ЭСРЭГ 80 МЯНГАН НИЙЛҮҮЛЭЛТ БАЙНА

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

УТААГҮЙ УЛААНБААТАРЫН ТӨЛӨӨ - 

  Ерөнхийлөгч сэтгүүлчдийг дуудаж утааны эсрэг юу ч хийхгүй байгаа талаар загнасан уулзалт саяхан болсон доо. Угтаа Ерөнхийлөгч маань утааны эсрэг иргэдийн эсэргүүцэл идэвхжсэнтэй холбоотойгоор Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн (ҮАБЗ) хурлаас гарсан Зөвлөмжийг танилцуулах байх гэж бодож хэвлэлийнхэн очсон. Харамсалтай нь, төрийн тэргүүний маань сэргэлэн зан нь дэндэж өөрийгөө жаал магтаж, өрөөлийг ч доош хийгээд амжсан даа. 

За энэ ч дүүрч. Хамгийн гол нь ҮАБЗ-ийн Зөвлөмж одоо иргэдийн тэмцээд байгаа ганц утаа ч биш Улаанбаатарын хөрсний бохирдол түүнээс улбаалсан усны аюулгүй байдал гамшгийн хэмжээнд хүрснийг хүлээн зөвшөөрчээ.  

Агаар, Хөрс, Ус.  

Энэ гурван зүйлийн гамшгаас гарах арга шийдлүүдийг хаа, хаанаа эрэлхийлсээр буй. Зөвлөмжид ч тодорхой нэг зүйлийг тусгасан нь төр захиргааны байгууллага болоод их, дээд сургуулиудыг нүүлгэн шилжүүлэх тухай байв. Энэ бол нэг шийдэл үү. Шийдэл. 

Одоо Засгийн газар болоод нийслэлийн удирдлагын зүгээс өвлийн улирал байгаатай холбогдуулан авч байгаа арга хэмжээнүүд нь ч ихэвчлэн агаарын бохирдлын эсрэг буюу гал унтраасан арга хэмжээнүүдийг санал болгож байна. 

Харин урт хугацаандаа яах вэ гэдэг ШИЙДЭЛ огт яригдахгүй байгаа нь гайхшрал төрүүлсээр байгаа юм. 

Үнэхээр Улаанбаатарчуудыг нүүлгэн шилжүүлэх үү?

Эсвэл эрчим хүчний асуудлаа шийдээд л шөнийн цахилгааны хэрэглээг хөнгөлснөөр асуудал шийдэгдчих үү. Шөнийн тоолуурыг тэглэж буй нь нэгдүгээрт, агаарын бохирдлыг хэдэн хувиар бууруулах, хэдэн янданг устгах вэ гэдэг тодорхойгүй ажил. Хоёрдугаарт, энэ нь өнөөх, ус, хөрсний бохирдлын гамшгийг давхар шийдэж байна уу. 

Үгүй. 

Тэгвэл дээрх гурван асуудлыг гурвууланг нь давхар шийдсэн дэлхий дээрх шалгарсан ганц арга бол мэдээж, иргэдийг орон сууцжуулах явдал. 

Үүний зэрэгцээ зарим төвлөрсөн нэгжүүдийг задлах, тэр нүүлгэн шилжүүлэлт, орон нутаг, бүсчилсэн хөгжлийг дэмжих хөтөлбөрүүд давхар хэрэгжүүлэх ёстой байх. 

Харин Улаанбаатарт үлдэх хэдэд тулгамдаж буй гурван гамшгийг арилгах арга бол ердөө л иргэдийг орон сууцжуулах гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Үгүй бол амьдарч байгаа газар нь нөгөөх халуун, хүйтэн ус, цахилгааны найдвартай эх үүсвэрээр хангах, эргүүлээд бохирыг нь татах явдал. Гэхдээ айл бүрт үзүүүлэх энэ үйлчилгээ өртөг харьцангуй өндөр учраас нийтийн орон сууц л хамгийн зөв шийдэл. 

Тэгвэл өнгөрсөн хугацаанд бидний гайхуулаад байдаг ипотекийн зээлд хамрагдсан 80 мянган зээлийн хэдэн хувь нь хэдэн янданг устгав. 

Мэдээж ипотекийн зээл гэдэг нь зөвхөн гэр хорооллын иргэдэд зориулсан хөтөлбөр биш ч жилээс жилд өсөн тэлж тэр нь Улаанбаатарыг гамшгийн хот болгосон иргэдэд зориулсан орон сууцны дорвитойхон хөтөлбөр үгүйлэгдсээр буйг бид сүүлийн 10-20 жилд баталлаа.

Олон айлыг орон сууцтай, түүнийгээ дагаад ажлын байр хадгалах, хуримтлалдаа хөрөнгө оруулалт хийх зэрэг давуу талыг олгож буй орон сууцны найман хувийн зээлийн хөтөлбөртэй хэн ч маргахгүй биз. Харин үүний хүртээмж, арга замыг хэрхэн сайжруулах вэ?

 “Шинэ орон сууцны борлуулалт 2015 онтой харьцуулахад 15 хувь буурсан” тухай “Тэнхлэг зууч” ХХК-ийн захирал Д.Должинсүрэн мэдээлэл өгчээ. Үүнээс үзвэл одоогийн найман хувийн орон сууцны зээлийг авах иргэд шавхагдсаар буйг илэрхийлнэ. Юу гэхээр бидэнд шинэ моргейжийн хөтөлбөр хэрэгтэй болжээ. 

 ХЭН ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙГ ХЭН АВЧ БАЙНА ВЭ?

Статистикийн Хороо (ҮСХ) хувь хүн хэчнээн жил хөдөлмөрлөж байж орон сууцны зээлтэй болох боломжтой талаар сонирхолтой судалгаа хийжээ. 

Өрхийн нэг гишүүний жилийн цалингийн хэмжээн дээр дэвшүүлсэн таамаглалд үндэслэн тооцоход иргэдийн жилийн дундаж цалин 10.4 сая төгрөг байна. Хамгийн өндөр цалинтай гурван салбарт уул уурхай, олборлох салбар; олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагааны салбар; мэргэжлийн, шинжлэх ухаан болон техникийн үйл ажиллагааны салбар орж байна. Уул уурхай, олборлолтын салбарт ажиллагсдын жилийн дундаж цалин 24.4 сая төгрөг байгаа бол хамгийн бага цалин авдаг хэсэг бол зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны салбарынхан байгаа юм. 

Тооцооллоор өрхүүд улсын дунджаар 9.7 буюу бараг 10 жил хөдөлмөрлөсний дараа өөрийн гэсэн орон сууцтай болохоор байна

Хамгийн богино хугацаанд орон сууцтай болох өрхийн гишүүдийн ажилладаг салбараар:

  1. уул уурхай, олборлох салбар /4.2 жил/,
  2. олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагааны салбар /5.7 жил/,
  3. мэргэжлийн, шинжлэх ухаан болон техникийн үйл ажиллагааны салбар /7 жил/ гуравдугаарт орж байна.

Харин хамгийн урт хугацааны дараа орон сууцтай болох өрхийн гишүүдийн ажилладаг салбарт:

  1. зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбар /14.9 жил/,
  2. хүн хөлслөн ажиллуулдаг өрхийн үйл ажиллагааны салбар /14.3 жил/,
  3. урлаг, үзвэр, тоглоом наадмын салбар /12.5 жил/ эрэмбэлэгдэж байна.

ҮСХ-ны энэхүү судалгааг Монголын Ипотекийн Корпорациас хийсэн найман хувийн зээлд хамрагдсан иргэдийн судалгаа ч нотолно. Юу гэхээр нийт зээлдэгчийн 82.14 хувь нь 30 ба түүнээс дээш насныхан эзэлж байна.

График 1, Нэгдсэн хөрөнгийн багц дахь үндсэн зээлдэгчийн нас

Харин 30 хүртэлх насныхан 17.86 хувийг эзэлж байгаа нь залуучуудад зориулсан бага хувийн, бага метр квадраттай, урьдчилгаа бага шаардсан орон сууцны төрөл бага байгааг гэрчилнэ. 

Орон сууцны зээлд хамрагдсан иргэдийн дийлэнх нь буюу тэн хагас нь (50 хувь) нь 30-40 насныхан байна. Энэ нь зүйн хэрэг. Учир нь эдгээр насны иргэд нь тодорхой хэмжээний хуримтлал бий болгож, ажил хөдөлмөрийн хувьд харьцангуй тогтворжсон үе учраас Монголын нөхцөлд бол зээлд хамрагдах хамгийн боломжтой хэсгийнхэн ажээ. 

Харин 40 наснаас дээш болох тусам орон сууцны зээлэнд хамрагдалт буурч байгааг та график 1 -ээс харж болно. 

Тэгэхээр энэ хэсэг хүмүүст зориулсан ипотекийн шинэ бодлого үгүйлэгдсээр байна. Өөрөөр хэлбэл заавал шинээр гэр бүл болж өрх тусгаарлаж байгаа гэхээсээ илүү хашаа байшинд олон жил амьдарч буй 40 -ээс дээш насныханд зориулсан хөтөлбөр яагаад байж болохгүй гэж.

Ер нь төр засгийн зүгээс орон сууцны зээлийг бага, дунд орлоготой, гэр хороололд амьдардаг иргэдэд зориулсан, ангилсан, томоохон, дорвитойхон хөтөлбөр бий болгож л ГУРВАН ГАМШГААС бид аврагдах боломжтойг би биш дэлхий өөрөө нотолжээ. Тэгвэл бидэнд ямар боломж байгаа вэ?!

БИД АНХААРАЛТАЙ АЖИГЛАСААР Л БАЙХ УУ?

     2016 оны аравдугаар сард  672,  арваннэгдүгээр сард нь 1,072 зээлдэгчид ипотекийн зээл олгожээ. Үүнээс үзвэл ипотекийн зээл сард 600-1,000 өрхөд олгогдсоор байна. Гэвч эдгээрийн чухам хэчнээн нь гэр хороололд оршин сууж байгаад энэхүү зээлд хамрагдаж орон сууцтай болов гэх судалгаа олдсонгүй. 

Дээрээс нь гэр хорооллын өрх орон сууцанд орлоо ч тэдний амьдарч байсан бууринд дахиад л нэг өрх залгуулан галаа түлж амьдарна. 

Тэгвэл яг хашаа гэр/байшинг орон сууцаар солих буюу гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд ойролцоогоор долоон мянган айлын орон сууц ашиглалтанд орно гэсэн төлөвлөгөө байсан ч эдгээрийн чухам яг хэд нь хашаа байшингаа сольж орон сууцанд орсон бэ гэх тоо 100 хувь эцэслэгдээгүй байна.  

Монголбанк, Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хамрагдах орон сууц, Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүд болох Багануур, Багахангай, Налайх, нийслэлийн шинэ суурьшлын бүс, 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц  худалдан авсан 1,570 зээлдэгчийн 64.3 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийн хүүг 8%-иас 5%-д шилжүүлээд байгаа талаар 2016 оны наймдугаар сарын 7-нд мэдээлж байжээ.

1,570 гэдэг чамлахаар чанга атгах тоо ч энэ маягаар бол өнөөх гэр хорооллын 219 мянга орчим өрх дахин төлөвлөлтөөр ч, орон сууцны зээлээр ч орон сууцжих боломж маш бага байна.
 
Шинэ орон сууцны нийлүүлэлт “Тэнхлэг Зууч” ХХК-ний судалгаагаар 2016 оны есдүгээр сард Улаанбаатар хотод хэрэгжиж буй 415 төслийн 87,881 айлын орон сууц байгаа бөгөөд үүнээс:

  • Захиалга авч буй 281 төслийн 42,113 айлын сууц
  • Захиалгаа зогсоосон 35 төслийн 8,210 айлын сууц
  • Захиалга авч эхлээгүй 99 төслийн 37,558 айлын сууц тус тус байна.

Улаанбаатарын нийт өрхийн 218.7 мянга буюу 58.1 хувь нь гэр хорооололд, 157.8 мянган өрх буюу 41.9 хувь орон сууцны хороололд оршин сууж байгаа бөгөөд үүн дээр нэмээд дахиад наян мянган орон сууц ашиглалтанд орох нь. 

Харамсалтай нь, 2010 оноос орон сууцны хорооллын өрхийн тоо 40 гаруй мянгаар нэмэгдсэн ч энэ хооронд гэр хороололд амьдрагсдын харьцаа ердөө хоёр хувиар буурчээ.  2010 онд 60.1 хувь, 2015 онд 58.1 хувь нь гэр хороололд амьдарч байна. Өөрөөр хэлбэл, таван жилийн хугацаанд 40 мянган айлын орон сууц ашиглалтанд орсон ч орон сууц, гэр хороололд амьдарсдагийн харьцаанд ердөө хоёр хувийн өөрчлөлт оржээ.

Үндэсний Статистикийн Хорооны орон сууцтай холбоотой хийсэн судалгаанаас нэгэн сонирхолтой тоог онцолж харвал, хүн ам, орон сууцны 1969 оны тооллогын үр дүнгээр улсын хэмжээнд нийт 252.3 мян.өрх тоологдсоноос 82.4 хувь нь гэрт, 17.6 хувь нь байшинд амьдардаг байжээ. Харин хотод амьдардаг өрхийн 93.5 хувь байшинд, 6.5 хувь гэр хороололд амьдардаг байсан байна. Харин хөдөөд энэ үзүүлэлт эсрэгээрээ 6.5 хувь нь байшинд, 93.5 хувь нь гэрт амьдардаг байжээ.

Хэрвээ хотод амьдардаг гэр болон байшинтай өрхийн харьцаа 1:9 байна (1969 оны үеийн гэр байшинтай өрхийн харьцаанд үндэслэн тооцоолбол) гэж үзвэл өнөөгийн хотын гэр хороололд амьдардаг 130.0 мянган өрхийг төрөл бүрийн байшин, сууцаар хангах шаардлагатай байгааг тэд танилцуулсан байна. Харин нөгөө талд  барилгын салбарыг дэмжээд өгвөл 80 мянган айлын орон сууцыг барих нөөц бололцоо байгааг бид харлаа. 

Харин одоо энэ эрэлт, нийлүүлэлтийг уулзуулсан бодлого, хөтөлбөр л бидэнд хэрэгтэй мэт. 

Нөгөө талд “Улаанбаатар хотын гэр хороололд 200 гаруй мянган айл өрх байдаг. Эдгээр айл бүгд газартай. Газартай хүн хамгийн баян. Тэгэхээр тэд орон сууцныхаа 30 хувийг хангалттай төлөх хэмжээний хөрөнгөтэй гэсэн үг” гэж Mongolian Property Management Group ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Ариунжаргал ярив.

Энэ гэхдээ шинэ зүйл биш. Үе үеийн засаг захиргаад бас энэ саналыг ярьсаар ирсэн. 

Гэхдээ ажил хэрэг болж зоригтой шийдэл хийсэн нь цөөхөн. Нэрт эдийн засагч Эрнандо де Сото Монголд ирээд эдийн засаг сайжруулах үнэлгээ хийгээд манай улсад албажаагүй эд хөрөнгө их байдаг, үүнийг бүртгэлжүүлээд эдийн засгийн эргэлтэд оруулах юм бол маш их ашиг олох боломжтой гэсэн дүгнэлт гаргасан байдаг.

Гэр хороололд тулгараад байгаа ядуурлыг бууруулахын тулд иргэдийг өмчтэй болгож түүнийг нь баталгаажуулах шаардлагатайг судлаач Б.Оргил ярьж байв.

Иргэдийг өмчтэй болгож улмаар тэднийг орчин үеийн орон сууцаар хангаж болохуйц шийдэл биднийг хүлээсээр л байна. 

Харин энэ засгийн газрын үед буюу улстөрийн түүхэн боломжит энэ л үед балар эртний хэв маягаараа амьдарч буй Монголчуудыг өнөө эринд авчирж өгөх хөтөлбөр л бидэнд хэрэгтэй байна. 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2017 оны нэгдүгээр улиралд багтаж Засгийн газар гурван төрлийн гамшгаас салах хөтөлбөрийг урт, дунд, богино хугацааны ангилалтай танилцуулж УИХ-д оруулна гэсэн. 

Тэгвэл дэлхийд аль хэдийнээ бодоод олчихсон зүйлийг бид дахин дахин бодсоор байх уу.  

Чойжоо сайдын хэлдгээр анхааралтай ажигласаар л байх уу?!