Зураг
Зураг
Индэр    
2018 оны 4 сарын 26
Зураг
МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн багш, "Сэтгүүл зүйн тухай ярилцъя"

Хуурамч мэдээний үр нөлөөг сэтгэл зүйтэй холбон тайлбарлах нь

Дэлхий даяараа яагаад хуурамч мэдээнд “живж” буйг, энэ нь шийдвэр, сонголтод хэрхэн нөлөөлж буйг олон судлаач судалж байна. Тэдгээрийн дундаас хуурамч мэдээний үр нөлөөг сэтгэл зүйтэй холбон тайлбарласан судалгааг Баруун Австралийн Их Сургуулийн Сэтгэл судлалын сургуулийн дэд профессор Уллгиш Экер тэргүүтэй судлаачид хийсэн нь тун сонирхолтой болжээ. 

Уллгиш Экер нарын дүгнэснээр хуурамч мэдээ нь хүний санах ойд нөлөөлдөг тул хуурамч мэдээ шүү хэмээх анхааруулга хүлээн авсны дараа ч шийдвэр гаргахад нөлөөлдөгөөрөө маш аюултай үр нөлөөтэй байна. Бүр хүмүүс тухайн хуурамч мэдээний талаарх залруулгад итгэж, санаж байгаа тохиолдолд хүртэл шүү. 

Хүмүүс эргэн тойрныхоо мэдээллийг дараах тодорхой тохиолдолд илүү ойлгодог, сонирхдог: нэгдүгээрт эгэл бус (ховор) үйл явдал, хоёрдугаарт сөрөг үйл явдал. Өөрөөр хэлбэл хүмүүс оюун санааны хувьд дэлхийн загварчлалыг баримтлахыг эрмэлздэг бөгөөд цогц загварыг илүүд үздэг. Тиймээс эргэн тойронд нь юу болж буйг мэдэх хүсэл эрмэлзэлтэй байдаг аж. Энэ бол сайн зүйл.

Харамсалтай нь өнөөгийн нийгмийн мэдээллийн асар том давалгаанууд болон хязгаарлагдмал нөөцөөс (цаг хугацаа, чанартай мэдээлэлд нэвтрэх боломж, мэдлэг туршлага, үнэн бодит мэдээлэл хүлээн авах эрмэлзэл) болоод хувь хүн аливаа үйл явдлын талаарх бүхий л нотолгоог яг таг, бодитойгоор эргэцүүлэх боломжгүй байна. Ийм нөхцөлд хүмүүс хьюрстикт (сурах, нээлт хийх, асуудлыг шийдвэрлэхдээ өмнөх туршлагадаа үндэслэдэг оюун санааны богино холбоос) ордог бөгөөд шийдвэр гаргахад нь дараах нөхцөлүүд нөлөөлдөг байна.

  • Энэ миний энэ зүйлийн талаарх өмнөх ойлголттой хэр таарч байна вэ? 
  • Энэ миний итгэл үнэмшилтэй хэр нийцэж байна вэ? 
  • Итгэж болох бусад хүмүүс энэ талаар юу гэж бодож байна вэ? 

Хьюристикт орохын гол асуудал нь таны болон бусдын итгэж буй мэдээлэл буруу бол яах вэ гэдэг асуудал юм. 

 

Хэдхэн хоногийн өмнө Фэйсбүүк сүлжээний нэг хэрэглэгч хуурамч мэдээг хүмүүс хэрхэн хүлээж авдагийг туршиж үзжээ. Тэрээр хаана гэдэг нь мэдэгдэхгүй уурхайн газарт олон зуун машин шоргоолж шиг завгүй ажиллаж буй видеог шэйрлэхдээ “Бурхан минь, Цаана чинь Оюу толгойг 2037 оноос наана ухаж дуусгахаар хэдэн зуун техник өдөр шөнөгүй ажиллаж, баяжмал зөөж байна.

Авлигачид, гадны гар хөл бологчид тэдэнд Дубайн гэрээ гэгчээр монголчуудын ноогдол ашиг авах хугацааг 2037 он хүртэл хойшлуулж 100% ухаж, цөлмөх бололцоог олгожээ” хэмээгээд нэлээд зай авсны дараа хамгийн доод хэсэгт нь “Ингэж л хуурамч мэдээ тарааж, хутган үймүүлдэг байхдаа. Энэ бол тест шүү” хэмээн бичжээ. Түүний постын дор хууртагдах шахлаа шүү гэж сэтгэгдэл бичсэн (постыг бүрэн уншсан) олон хүмүүс байсан ч бичлэгийг 25 удаа шэйрлэсний бараг дийлэнх нь шууд итгэсэн буюу хуурамч мэдээ гэсэн анхааруулгагүйгээр цааш түгээжээ. Энэ видео удалгүй Монголын Фэйсбүүк сүлжээнд газар авсан. Тухайлбал, туршигчийн постоос салаалан түгээгдсэн видеог хэдхэн минутын дараа “Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн” фэйсбүүк группт оруулсанд 566 хариулал үзүүлж, 21 хүн сэтгэгдэл бичиж, 5,495 удаа группээс цааш түгээжээ.

21 сэтгэгдлийн 6 нь хуурамч мэдээ гэдгийг сануулсан, 2 нь эргэлзсэн, үлдсэн нь итгэсэн агуулгатай байв. Харин видеог түгээсэн 5,500 орчим постын дийлэнхи нь хуурамч мэдээнд шууд итгэжээ. Бичлэгийг салаалан түгээсэн, татаж аваад шинээр оруулсан постууд зөвхөн энэ группээр тогтохгүй бөгөөд тоо толгойг гаргах боломжгүй. Энэ тохиолдолд видеонд итгэгчид хьюристикт орсон бөгөөд уул уурхайн асуудлаарх шийдвэр гаргахдаа энэ туршлагадаа тулгуурлах магадлал өндөр байна гэсэн үг.

 

Уншигч та энэ хуурамч мэдээтэй таарсан уу? Түгээсэн бол заавал залруулаарай.

Тэгвэл хуурамч мэдээг хүлээн авахдаа хьюристикт орохоос хэрхэн хамгаалах вэ? Энгийн хариулт нь мэдээж хүмүүст энэ бол хуурамч мэдээ шүү гэдгийг анхааруулах. Гэхдээ хуурамч мэдээг энгийнээр няцаах нь үр өгөөжгүй болохыг дээрх судлаачид тайлбарлаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, нэгэнт хуурамч мэдээг хүлээн авсан хүнээс зүгээр л “энэ худал шүү” гэж хэлээд хуурамч мэдээний нөлөөллийг нь эргүүлэн татах ямар ч боломжгүй аж. Үүнийг Экер тэргүүтэй судлаачид “мэдээллийн алдагдлын загвар”-аар тайлбарласан байдаг. “Мэдээллийн алдагдлын загвар”-ыг Монголын нийгмийн сүлжээн дэх дээр өгүүлсэн хуурамч мэдээний жишээгээр тайлбарлая. 

  • Эргэлзээтэй мэдээлэл: Оюу толгойг 2037 оноос өмнө ухаж дуусгахаар хэдэн зуун техник өдөр шөнөгүй ажиллаж, баяжмал зөөж байна. 
  • Татгалзал/Залруулга: Оюу толгойг 2037 оноос өмнө ухаж дуусгахаар хэдэн зуун техник өдөр шөнөгүй ажиллаж, баяжмал зөөж байна гэх бичлэг хуурамч болохыг тогтоожээ. 
  • Хэмжүүр: Ой дурсамж, дүгнэх замаар гаргасан учир шалтгаан, хувь хүний зан авирын хандлага хийгээд сонголт

Хэрэглэгчийн хуурамч мэдээний тухай ойлголтоос татгалзахыг шаардаж буй залруулга нь үр дүнд хүрэх магадлал ердөө 40 хувьтай байдаг байна. Хуурамч мэдээг хүлээн авсан хүмүүс татгалзалд хүрсэн бол тэдний ой ухамсар дах буруу ойлголтыг (myth) арилгаснаар ойлголтод хоосон орон зай бий болдог. Хүмүүс ойлголтын хоосон орон зайг тэвчдэггүй тул худал хуурмаг мэдээлэл ой дурсамжид оршсон хэвээр үлддэг бөгөөд буруу гэдгийг нь ойлгосон ч гэсэн шийдвэр гаргахдаа тэрхүү мэдээллээ ашигладаг байна. 

Тиймээс хуурамч мэдээний сэтгэл зүйн нөлөөг арилгахын тулд хүний ойлголтод бий болгосон хоосон орон зайг бодит баримтаар заавал нөхөх шаардлагатай. Үгүй бол хоосон орон зай өмнөх ойлголтоор дахин дүүрнэ. Энэ нь заавал дараах байдлаар хуурамч мэдээг залруулах ёстой гэсэн санаа юм. 

  • Эргэлзээтэй мэдээлэл: Оюу толгойг 2037 оноос өмнө ухаж дуусгахаар хэдэн зуун техник өдөр шөнөгүй ажиллаж, баяжмал зөөж байна. 
  • Татгалзал/Залруулга: “Оюу толгойг 2037 оноос өмнө ухаж дуусгахаар хэдэн зуун техник өдөр шөнөгүй ажиллаж, баяжмал зөөж байна” гэх бичлэг хуурамч болохыг тогтоожээ. Энэхүү бичлэг нь Оюу толгойнх биш Мьянмарын уурхайн бичлэг аж. 

Хоосон зайг бодит баримтаар нөхсөнөөр хуурамч мэдээнээс хамаарах хамаарал 40-өөс (татгалзал бий болсон үеийнхээс) 10 хувь хүртэл буурдаг аж. 

Хуурамч мэдээг залруулахдаа анхаарах ёстой гол алхмууд нь 

  1. Хуурамч мэдээг илчилж татгалзалд хүргэснээр ухамсарт ойлголтын зөрүү бий болго.
  2. Ойлголтын зөрүүг үнэн бодит баримтаар нөхөж өг. 

Татгалзлыг дээрх хоёр алхмаар амжилттай бий болгосон ч сөрөг үр нөлөө авчрах магадлалтай байдаг. Тэдгээр нь хүний сэтгэл зүйн хувьд танимхайрлаас үүсэх сөрөг үр нөлөө болон ертөнцийн тогтсон ойлголтын сөрөг үр нөлөө юм. Танимхайрлаас үүсэх сөрөг үр нөлөөг судлаач Шварц (2007) “Буруу ойлголтыг илчлэх нь түүнийг улам лавшруулж болно” хэмээн тайлбарласан байдаг. Өөрөөр хэлбэл хүмүүс танил зүйлдээ итгэж, санаж байдаг гэсэн үг. Тухайлбал, 

  • Хүмүүсийн дээрх худал мэдээллийн хүрээнд хүлээн авч болох мэдээлэл: Баялагийг цөлмөж буй нь Мьянмарын уурхайн бичлэг хэдий ч Оюу толгойнх ялгаагүй байгаа даа. 
  • Татгалзал: Худлаа. Оюу толгойн баялалийг тийм хурдаар зөөдөггүй. 
  • Энэ хооронд хүмүүсийн санаанд үлдэх ойлголт:  Ямар ч байсан Оюу толгойн баялагийг гадныхан мөлжиж байна. 

Танимхайрлын сөрөг үр нөлөөнд автахгүйн тулд татгалзал бий болгохдоо/ хуурамч мэдээний талаар мэдээлэхдээ баримтаар эхлэх ёстой: Оюу толгойн уурхайн олборлолт гэрээний дагуу явагдаж байна. Сошиалаар олон нийтийг бухимдуулсан тэрхүү бичлэг нь Монголын Оюу толгойнх биг Мьянмарын уурхайнх юм. Дараа нь буруу ойлголт гэдгийг онцлоод, хуурамч мэдээ гэдгийг нотлох ёстой:  Тэрхүү бичлэгийг Оюу толгойнх хэмээх буруу ойлголт бий болгожээ. Гэвч тэр нь бидэнд ердөө хамааралгүй хуурамч мэдээ байж. 

Ертөнцийн тогтсон ойлголтын сөрөг үр нөлөөний тухайд хэрвээ мэдээлэл хүлэээн авагч асуудлын талаар хэтэрхий хүчтэй итгэл үнэмшилтэй бол 

  • Тэд хуурамч мэдээ гэдэг нь илэрхий байсан ч итгэнэ
  • Тэд итгэл үнэмшлээ хамгаална
  • Хүмүүс тааламжгүй зөвтгөлийг хүлээн авахдаа дургүй байдаг (Прасад, 2009)
  • Татгалзал/Залруулга нь бүр хүчирхэг худал ойлголтыг бий болгох эрсдэлтэй (Экер&Ньям, 2017, Рэйфлер, 2010) гэсэн үг. 

Хуурамч мэдээг хуурамч гэдгийг ойлгуулахдаа сэтгэл зүйн энэ төрлийн сөрөг үр нөлөөг үүсгэхгүйн тулд хүчирхэг итгэл үнэмшилтэй хэсгийг тусад сонгон авч, тэдний ойлголтын хүрээнд тусгайлан залруулах явдал юм. 

Дүгнэлт. Хуурамч мэдээний талаар сэрэмжлүүлэхдээ (сэтгэл зүйн үр нөлөөг багасгахын тулд) дараах зүйлсийг анхаарах ёстой. 

  • Буруу ойлголтыг холбогдох өөр баримтаар сольж байж арилгана.
  • Баримтад төвлөр.
  • Сэрэмжлүүлэг, залруулгад буруу ойлголтыг давтах шаардлагатай бол заавал баримтаар эхэлж, худал хуурмаг зүйл гэдгийг анхааруулж, түүнийгээ батал.
  • Сэрэмжлүүлэг, залруулагад сайтар мэдээлэл өгөх, сайн дизайнтай график ашигла.
  • Энгийн үг хэллэгээр бич. 
  • Хүлээн авагчдын нийгмийн тогтсон ойлголтыг анхаар.
  • Радикал бус үзэлтэй олонхийг эхлээд сонго.